2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1980

 

 

                                   

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2510 01963 0603  дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******** суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ********* дүгээр хороо, ****** тоотод оршин суух,

урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022  оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, *********.**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “..хадам ээжийн бие муу байхад нь хүргэж өгч байгаад байрныхаа зогсоолд тавих үедээ согтуу байж байгаад машинтай мөргөлдсөн. Архины эмчилгээ хийлгэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Миний буруу. Хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү ...” гэв.

 

Эрүүгийн 2510019630603 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас: Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн ЗЦХэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн ахлагч ******* 2025.03.12-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.81% (хавтаст хэргийн 14 тал), эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал), ******.*********.***********)-ийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/5847 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 38-39 дэх тал), яллагдагч *******“...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 251001963 0603  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *********** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/5847 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 27 дугаар хороо, Туулын гудамж Говь кашмерийн зүүн замд, Тоёота приус маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,81%-ийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ ****** жолоодож явсан ******** улсын дугаартай Audi маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд 2,688,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн ЗЦХэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн ахлагч ******** 2025.03.12-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.81% (хавтаст хэргийн 14 тал), эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

***** овогт ************)-ийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал),

Онцгой үнэлгээ Авто машин техникийн үнэлгээний тайлангаар ******** тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,500,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 188,000 төгрөг гэх үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ******* “....тэр өдөр нөхөр ******* хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ********* тоот гэр рүүгээ харих гээд манай нөхөр миний эзэмшлийн машиныг жолоодон говийн зүүн талын замаар явж  байхад урдаас урсгал сөрөөд нэг машин ирээд манай машиныг хүчтэй мөргөсөн, буугаад нөгөө машин дээр очиход мөргөсөн машины жолооч 50 гаран насны эрэгтэй хүн машинаасаа буугаад шууд зугтаасан тухайн үед манай нөхөр араас нь хөөгөөд барьж авсан...машинд үнэлгээ хийлгэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

2025  оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 000754 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

Асап сангийн  лавлагаа (хавтаст хэргийн 61-91 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч ******** улсын дугаартай авто машинд эвдрэл гэмтэл учирсан бол нэхэмжлэх зүйл байхгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ******** машинаа засуулж авсан, гомдол саналгүй гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал),

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/5847 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

яллагдагч **********“...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж улмаар уг зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж хууль тогтоогч тайлбарлажээ.

Шүүгдэгч ****** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/5847 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох  эрхээ 1  жилийн хугацаагаар хасуулсан болох нь ****** овогт *********)-ийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/5847 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг баримтуудаар  тус тус нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч ****** 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 29 минутад Тоёота приус” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоход эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хавтаст хэргийн 13-14 дэх тал) тусгай багаж буюу драгер ашиглан согтуурлын зэргийг нь шалгасан байх ба амьсгал дахь спиртийн агууламж нь 2,81% гарсныг тэмдэглэл болон гэрэл зургаар баталгаажуулсан нь хуульд заасан шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш хэмжээтэй промиль илэрсэн тул ******** согтуурсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч ******** үйлдлийг прокуророос  зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Эрүүгийн 2510019630603 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ****** эзэмшлийн ***** улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэлд учирсан ба ******* зүгээс  нэхэмжлэх зүйл байхгүй талаар мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* Audi маркийн тээврийн хэрэгсэлд 2,500,000 төгрөгийн хохирол учирсан ба ***** зүгээс ********* Audi маркийн машинаа засуулж авсан, гомдол саналгүй талаар мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Харин иргэний нэхэмжлэгч ******** Audi маркийн тээврийн хэрэгслийн үнэглээг 188,000 төгрөгөөр тогтоолгосон байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч   ( нэг зуун наян найман мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...”, шүүгдэгчээс “...эрүүл мэндийн байдал муу, нуруу өвчтэй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж  өгнө үү...”  санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

Шүүгдэгч ******** бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн эрүүл мэндийн байдал муу нуруу өвддөг гэх боловч /энэ талаар баримтгүй/, ямар нэг орлогын эх үүсвэргүй байхад торгох ял шийтгэлийг оногдуулах нь түүний хувийн байдалд тохирохгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж шударга ёсны зарчмыг хуульчилсан ба шүүгдэгч ********* эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулаагүй болно.

Мөн урьд хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний нийгэмд аюултай зан төлвийн илрэл тул түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хувийн байдал, согтолтын зэрэг улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 ( гурав) жилийн хугацаагаар хасаж,  6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч ******* 188,000  ( нэг зуун наян найман мянга) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ****** олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

 7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ