| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 184/2019/00467/и |
| Дугаар | 890 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 890
“Т ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэртэй “Т ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.У-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11 066 380.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагваринчин, хариуцагч Д.У, өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Алтаншагай, Д.У нар 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Т ХХК” ХХК-аас өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл болох 5 619 537 төгрөг дээр нэмэлт зээл 4 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 6 дугаар сараас зээлийн эргэн төлөлтөө хийхгүй алга болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсан бөгөөд үндсэн зээлдэгч О.Алтаншагай нас барсан нь баримтаар тогтоогдсон. Иймд үндсэн зээлдэгч нас барсан тул хамтран зээлдэгч Д.У-ас үндсэн зээлийн төлбөр 6 734 372.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3 757 924.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 571 083.56 төгрөг, нотариатын зардал 3 000 төгрөг, нийт 11 066 380.95 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 012.09 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр О.Алтаншагай нь 2014 оноос хойш бидэнтэй хамт амьдраагүй. Биднээс тусдаа амьдарч байхдаа Т ХХК ХХК-аас зээл авч сургалтын төлбөрөө төлөхөөр болж надад хамтран зээлдэгч хэрэгтэй байна, намайг гарын үсэг зураад хамтран зээлдэгчээр ороод өг гэж гуйсны дагуу би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. О.Алтаншагай нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд Т ХХК ХХК нь түүнийг нас барснаас хойш нэг ч удаа чи зээл төлөх ёстой гэж хэлж шаардаагүй. Би оршин суугаа хаягаа өөрчилсөн зүйл байхгүй. Сарын орлого бага амьжиргаанд хүрэлцдэггүй тул уг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 246.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч нь Д.У-ыг Барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн үүргийг хамтран хүлээхээр гэрээгээр тохирсон хэмээн үндэслэж байна. Барьцаат зээлийн гэрээний 2.2.2-т “Банк зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн 104800646109 тоот харилцах данснаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх ба тухайн дансанд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ”, 2.4.5-д “Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.2.1-т заасан зээл буцаан төлөх хуваарьт хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авахыг үүгээр хүлээн зөвшөөрч байна” гэж тохирчээ. Энэхүү тохиролцооноос үзэхэд гэрээнд “зээлдэгч” буюу “барьцаалуулагч” гэж тодорхойлогдсон О.Алтаншагай нь анхны үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд хариуцагч Д.У нь зээлдэгчтэй ижил түвшний үүрэг гүйцэтгээгүй байна гэж дүгнэсэн нь хариуцагч Д.У нь 2014, 2015 оны Барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг зохицуулсан 3 дугаар зүйлийн 3.2.3 “Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд бүрэн төлөх”, 3.3 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хариуцагч Д.Уянгын хамтран хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн байхад шүүх бүрэлдэхүүн “Д.У нь зээлдэгчтэй ижил түвшний үүрэг гүйцэтгээгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Зээлийн гэрээгээр тогтоогдож байгаа үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй байна. Шүүх шийдвэрийн мөн хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх, 2 дахь хэсэгт зээлийн хувийн хэрэг нь зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн ашиглалт шалгасан материал, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг бүрдүүлбэртэй байхыг шаардсан. Хариуцагч Д.У-ыг О.Алтапшагайн нэгэн адил зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч мөн болохыг тодорхойлох дээр дурдсан баримт хэрэгт авагдаагүй байна” гэж шүүх дүгнэсэн нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө” гэсэн нь хариуцагчийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөгдөөгүй нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөгдөх хууль эрх зүйн хангалттай үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.У нь зээлдэгчийн нэгэн адилаар үүрэг хүлээх талаар 2014 оны Барьцаат зээлийн гэрээ болон 2015 оны Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 “Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх”, 3.3 “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэсэн нөхцөлтэй гэрээнд хариуцагч Д.У нь гарын үсэг зурсан байгаа нь хариуцагчийн үүрэг тодорхойлогдоход хангалттай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Т ХХК” ХХК нь хариуцагч Д.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 066 380.95 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч тус зээлээс мөнгө аваагүй, нас барагч, нөхөр О.Алтаншагайгийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, уг хүнтэй хамт амьдраагүй удсан гэх үндэслэлүүд заан маргажээ. /хх.25/
2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Т ХХК” ХХК нь О.Алтаншагай, Д.У нартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 7 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулжээ. /хх.41-42/ Уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр талууд дахин Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 5 619 537 төгрөг дээр нэмж 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн байна. /хх5-6/ Уг гэрээнд талууд, түүний дотор хариуцагч Д.У мөн гарын үсгээ зурсан байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Иймд дээрх зээлийн гэрээнүүдэд хариуцагч Д.У нь О.Алтаншагайгийн хамт зээл буцаан төлөх үүргийг хамтран хариуцахаар зөвшөөрч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
Хариуцагч Д.У нь татгалзлынхаа үндэслэлийг уг хэлцлээр зээл төлөх үр дагаврыг ойлгоогүй гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэл муутай байна. Учир нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн иргэн өөрийн үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай буюу хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах бүрэн чадамжтай гэж үзнэ. Хариуцагчийн хувьд уг зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурахад бусдын зүй бус дарамт, шахалт, хууран мэхлэлт зэрэг нөлөөлөл байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд зээлийн гэрээний зээлдэгчийн хувьд хариуцагч Д.У нь О.Алтаншагайгийн хамт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна. Гэрээнд үндсэн зээлдэгч гэж бичигдсэн О.Алтаншагай нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх.17/
Түүнчлэн, хариуцагч Д.У нь О.Алтаншагайг зээлийн мөнгийг хүлээн авсан гэж тайлбар гаргасан нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлдэгч О.Алтаншагайд зээлийн мөнгөн хөрөнгийг “Т ХХК” ХХК-аас шилжүүлсэн гэх үйл баримтын хувьд талууд маргаагүй болно. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Т ХХК” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дах хэсэгт зааснаар хамтран зээлдэгчийн нэг болох О.Алтаншагайд мөнгийг шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “Т ХХК” ХХК нь хариуцагч Д.Уас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсэгт зааснаар зээл төлөх үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй.
Харин нэхэмжлэгч банк нь шүүхэд нэхэмжлэлээр 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг үндэслэж зээлийн төлбөрийг шаардахдаа өмнөх зээлийн үлдэгдэл болох 5 619 537 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр О.Алтаншагай, Д.У нарт 4 000 000 төгрөг олгосон гэх нөхцөл байдал зохигчдын хэн алины тайлбар, тухайн өдрийн зээлийн гэрээний 2.1.1-т өмнөх зээлийн үлдэгдэл 5 619 537 төгрөг гэж бичсэн байгаагаар нотлогдож байна. /хх.5-6/ Иймд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бодитой олгогдсон 4 000 000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.
Хэрэгт авагдсан 104800690742 тоот зээлийн дансны хуулгаар /хх.39-40/ 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр авсан 4 000 000 төгрөгийн зээлээс зээлдэгч тал үндсэн зээл, хүүгийн хамт нийт 3 863 940 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул дээрх зээлийн дүн буюу үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 1 440 000 төгрөгөөс зээлдэгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд зээл, хүүнд төлж байсан эргэн төлөлт 3 863 940 хасч тооцвол 1 576 060 төгрөгийн үлдэгдэлтэй болно.
Харин 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөг зээлснээс 5 619 537 төгрөг төлөгдөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, үүнийг хариуцагч талаас няцаасан тайлбар, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гаргаагүй болно.
Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн болон 2015 он 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэлд нийт 7 195 597 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Уас гаргуулах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уас зээлийн гэрээний үүрэгт 7 195 597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 3 870 783.95 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “хариуцагч Д.Уас 130 079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 192 012 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ж.ОЮУНТУНГАЛАГ