Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/558

 

 

 

 

 

 

      2021          6               2                                       2021/ДШМ/558                                               

                                                                                                            

С.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Х.Энхжаргал,

бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Дд холбогдох эрүүгийн 2103000000038 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Борнууд овогт С.Д, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шар доктор ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Тоёота приус-20” загварын 75-98 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Хмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борнууд овогт С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч С.Дд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д /РД:ГЙ94102217, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай/-өөс 47,016 /дөчин долоон мянга, арван зургаа/ төгрөг гаргуулж хохирогч М.Х /РД:ШЖ87071120/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 15- 537 тоот/-д олгож, хохирогч М.Х өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн 2103000000С38 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт жолоочийн №2007139 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Хохирогч М.Х давж заалдах гомдолдоо: “...Би 2021-оны 1 дүгээр сарын 29-ны өглөө 7 цаг 30 минутын орчим Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид шинжилгээ өгөх гэж очоод, шинжилгээгээ өгчихөөд төв замын явган хүний гарцтай газраар зам гарах гээд машин байна уу гэж хоёр талаараа хараад зам хөндлөн гарсан эхний машин зам тавьж өгсөн, дараагийн эгнээнд явж байсан машин зам тавьж өгсөн,гурав дахь эгнээний машин ч зам тавьж өгсөн чигээрээ зам хөндлөн гарах гэтэл гурав дахь эгнээгээр маш хурдтай машин гарч ирээд намайг дайрсан. Авто ослын улмаас эрүүл мэндээрээ нөхөж болшгүй хохирол учраад байна. Би одоо 7 сар гарантай жирэмсэн эрүүл мэндийн шаардлагаас арга буюу эмчийн зөвлөснөөр хийсвэр хийлгэж хүүхдээ гаргах гэж байгаа, гэмтсэн хөл минь бүрэн эдгээгүй суга таягтай гишгэж явж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан бие сэтгэл санааны хүнд байдалтай байна. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний дүрэм журмыг илтэд ноцтой зөрчиж осол гаргасан жолооч Дөлгөөнөөс эрүүл мэндэд учирсан хохирлоо бүрэн гаргуулж аваагүй, бие чинь ямар байна гэж нэг ч удаа асуугаагүйд нь маш их гомдолтой. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн №1190 дугаартай дүгнэлтээр М.Хгийн зүүн шилбэний гадна дотор хавчаар ясны хугарал, зүүн тохой зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тодорхойлсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хохирогч миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зүүн шилбэний гадна дотны хавчаар ясны хугаралтай хүнд өвдөлт шаналал зовуурьтайгаар хагалгаанд орсон. Мэс засал хийсэн эмч нар танд хийсэн мэс ажилбар бол хөнгөн, хүндэвтэр хагалгаа биш. Тулах эрхтэн төмөр суулгасан цаашид байнгад зовуурьтай үргэлжлэх хүнд гэмтэл гэж хэлсэн тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчид учирсан хавчаар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн дүгнэлт зөв хийсэн, үндэслэл бүхий тогтоол болсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт болох автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг жолооч хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа гаргуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

            Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг хөдөлбөргүй тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно.

Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж байгаа хэлбэр бөгөөд шүүх холбогдогчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болох эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулсны эцэст хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийдэг.

Мөн хохирогч М.Хгийн зүгээс явган хүний гарцаар гарч байхад маш хурдтай машин давхин ирж мөргөсөн тухай мэдүүлдэг бөгөөд хэргийн газрын үзлэг, зургаас үзэхэд машин тормос дарсан хэрнээ зогсолгүй гарцнаас цааш гарч замын цементен хашлагыг давж зогсох үйлдэл хийсэн байхад хурд хэтрүүлсэн эсэх талаар огт шалгаагүй байна.

Хохирогчийн эрүүл мэнд бүрэн сайжраагүй, хор уршиг арилаагүй байхад түүнд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн талаархи үнэлэлт дүгнэлт тодорхой бус байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Дд холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Дд холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорт очтол С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ