Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/шш2022/01204

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 21 142/ШШ2022/01204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э О ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг албадан чөлөөлөхөд гарсан зардал 27 466 567 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З Л С Б нь Э О ХХК-д холбогдуулан Газрыг албадан чөлөөлөхөд гарсан зардал 27 466 567 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э О ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах өргөтгөл хийх зориулалтаар Э Ц Д ТӨХК-д эзэмшүүлсэн 4 378 м2 газрыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эзэмшиж байсан. Тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлж байсан боловч газрыг чөлөөлөөгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э О ХХК-ийн сендвичин барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх тухай Орхон аймгийн З Д А/658 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Э Ц Д ТӨХК, Орхон аймаг дахь Цагдаагийн газар хамтран 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Э О " ХХК-ийн сендвичин барилгыг буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ ажилд ажиллах хүч, техник хэрэгслийн зардал 20 303 417 төгрөг, хөлсний техник хэрэгслийн зардал 6 390 000 төгрөг, НӨАТ орсон дүнтэй нийт 27 466 567 төгрөгийн зардал гарсан байна. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-д зааснаар Э О ХХК-аас газар албадан чөлөөлөх ажлын зардал 27 466 567 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. ХариуцагчЭ О ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Э О " ХХК нь Орхон аймгийн З Д 2008-10-28-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Баянцагаан багийн нутаг дэвсгэрт /барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар "Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн зүүн урд талд 1.500 м2 талбай бүхий газрыг олгосноор газрын үнэнд 9.0 сая төгрөг төлөөд 2009-2010 ондоо 2 үйлдвэр нэг сендвичин барилга барьж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Орхон аймгийн З Д 2010-04-12-ны өдрийн 127 дугаартай захирамжаарЭ О ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байсан учир /хуучин нэрээр/ Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2014-03-19-ний өдрийн хурлаараа хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан 14 дугаартай шийдвэр гаргасан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахиж хэн нэгэн нотлох хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл Орхон аймгийн З Д 2020-04-02-ны өдөр А/207 дугаартай захирамжаараа Дулааны цахилгаан станцын зүүн талд 4.378 м2 талбай бүхий газрыг өргөтгөл хийх зориулалтаар "Э Ц Д " ТӨХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамжилжээ...

2а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд: ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбар гаргасан.

3. Нэхэмжлэгчээс: Э Ц Д ТӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/241 дугаартай Орхон аймгийн З Д С.Б хандсан албан тоот /хх-3/,Э О ХХК-ийн сэндвичэн барилгыг нураах ажилд гарсан зардлын товчоо /хх-4/,Э О ХХК-ийн сэндвичэн барилгыг задлаж буулгасан тухай тайлан /хх-5-9/,Э О ХХК-ийн сэндвичэн барилгыг буулгах ажилд ажилласан ажилчдын цагийн тооцоо /хх-10-12/, нэхэмжлэх /хх-13/, Орхон аймгийн З Д захирамж /хх-14/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаартай Орхон аймгийн З Д захирамж /хх-27/, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-28-41/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр: Орхон аймгийн З Д 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгох тухай захирамж /хх-55-56/, Орхон аймгийн З Д 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж /хх-57/, Орхон аймгийн З Д 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Агаарын шугамын зурвас тогтоох, газар эзэмшүүлэх тухай захирамж, зургийн хамт /хх-58-59/, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн а/3873 дугаартай албан бичиг /хх-60/, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2а/593 дугаартай Газар чөлөөлүүлэх тухай албан бичиг /хх-61/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Орхон аймгийн З Д нэхэмжлэлээс 4 126 841 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 23 339 726 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Э О ХХК нь З Д захирамжийн дагуу газрыг чөлөөлөөгүй тул Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Э Ц Д ТӨХК, Орхон аймаг дахь Цагдаагийн газар хамтран 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Э О " ХХК-ийн сендвичин барилгыг буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ ажилд ажиллах хүч, техник хэрэгслийн зардал 20 303 417 төгрөг, хөлсний техник хэрэгслийн зардал 6 390 000 төгрөг, НӨАТ орсон дүнтэй нийт 27 466 567 төгрөгийн зардал гарсан. Иймд Э О ХХК-аас газрыг албадан чөлөөлөхөд гарсан зардал 27 466 567 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж хэн болохыг тодорхойлсон. З Д нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. ЗДТГ-т ямар хохирол учирсан юм, харин 4 126 841 төгрөгийн зардал аваарийн сангаас гарсан болох нь нотлогдож байна, энийг л шаардах эрхтэй гэж үзэж байна... гэсэн.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Орхон аймгийн З Д 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамжаар: ...Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн зүүн талд 1500 м2 газрыг 5 жилийн хугацаагаарЭ О ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

5.Э О ХХК нь өөрийн эзэмшиж байсан дээрх газар дээрээ сендвичээр барилга барьсан бөгөөд уг газрыг чөлөөлөхөөр Орхон аймгийн З Д 2020 он 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамж гарсан болох нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 25 дугаар шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

5а.Э О ХХК нь Орхон аймгийн З Д 2020 он 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамж, Орхон аймгийн З Д Э О ХХК-ийн сендвичин барилга, газрын чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаар захирамжуудыг... илт хууль бус болохыг тогтоолгохоор Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 25 дугаар шийдвэрээр ...Орхон аймгийн З Д 2020 он 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/207 дугаар захирамж, Орхон аймгийн З Д Э О ХХК-ийн сендвичин барилга, газрыг чөлөөлж, албадан буулгах тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/658 дугаар захирамжыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

5б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд уг үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй.

5в.Э О ХХК нь Орхон аймгийн З Д 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар захирамжаар 1500 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй бөгөөд дээр зааснаас илүү хэмжээний газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр эзэмшиж, газар эзэмших эрх үүсээгүй газар дээр барилга, байгууламж барьж ашиглаж байсан нь тогтоогдсон бөгөөд аймгийн З Д уг газрыг чөлөөлөхөөрЭ О ХХК-д хугацаатай мэдэгдэл өгч байсан байна. Үүнд: Э Ц Д ТӨХК-ийн зүүн талд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 4255 м.кв газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг аймгийн З Д 2020 оны 01/602 дугаартай албан бичиг, мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай албан бичиг /Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн/ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаартай албан бичиг /шуудангаар хүргүүлсэн/-үүдээр нотлогдсон болон нь захиргааны хэргийн шүүхийн 25 дугаар шийдвэрт тусгагдсан байна. /хх-ийн 88 ард тал/

5г. ИнгээдЭ О ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул Орхон аймгийн З Д 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/658 дугаар захирамжаар газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэж, уг газрыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байгаа.

6. Газрыг чөлөөлөхдөө Э Ц Д -с 27 466 567 төгрөгийн зардал гарснаас ажиллах хүч, техник хэрэгслийн зардал 20 303 417 төгрөг, хөлсний техник хэрэгслийн зардал 6 390 000 төгрөг, НӨАТ орсон дүнтэй нийт зардал гарсан бөгөөд Орхон аймгийн З Д тамгын газрын аваарын сангаас 4 126 841 төгрөг гаргасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.

6а. Орхон аймгийн З Д тамгын газрын аваарын сангаас 4 126 841 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдсон.

6б. Харин Э Ц Д ТӨХК-с гарсан гэх зардлуудын хувьд нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн зардлыг хэдийд, хэнд, ямар дансанд, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн, мөн НӨАТ гэдэг нь ямар учиртай юуны нөат болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбарлаж чадахгүй байна.

6в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна.

6г. Түүнчлэн Орхон аймгийн З Д Э Ц Д ТӨХК-с гарсан зардлыг яагаад нэхэмжилсэн нь тодорхойгүй, тухайн байгууллагыг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 джгаар зүйлийн 26.2.Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн мэтгэлцээн үндэслэлтэй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч байгууллагаас төлөгдсөн баримтаар нотлогдож буй зардлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

6д. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдсон хэмжээ буюу Орхон аймгийн З Д аваарын сангаас гарсан 4 126 841 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 23 339 726 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчЭ О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 80 979 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4. дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагчЭ О ХХК-иас 4 126 841 төгрөг гаргуулан Орхон аймгийн З Д /С.Б /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 339 726 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хуульп зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчЭ О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 80 979 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА