Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 142/шш2022/01427

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 28 142/ШШ2022/01427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Н -ийн нэхэмжлэлтэй, /утас: /,

Хариуцагч:О.Ү /-д холбогдох, /утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Н

Хариуцагч О.Ү

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Н нь О.Ү гийн хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 466006245 тоот данснаас хариуцагч О.Ү гийн Хаан банкны 5094189524 тоот дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед О.Ү нь миний гэр бүлийн хүн болох Б.Хишигбатаар дамжуулан яаралтай мөнгө олоод өгөөч, өөрөө боломжгүй бол өөр хүнээс ч хамаагүй яаралтай олоод өгөөч гэж гуйсны дагуу би таньж мэддэг, эхнэртэй минь найзалж нөхөрлөдөг, хамт ажилдаг болохоор нь итгээд 500 000 төгрөгийг өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд эргүүлэн өгөөгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч О.Ү гаас 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Х нь 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр надад 500 000 төгрөгийг өгөхдөө нөхөр Г.Н гийн данснаас шилжүүлсэн байна. Миний бие нь Б.Х-ын нөхөр Г.Н тэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй учраас энэ мөнгийг би буцаагаад Б.Х-ын Хаан банкны 5217026766 дансанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 660 000/ зургаан зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлсэн тул дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч Г.Н гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-4/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-11/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШЗ2022/03895 дугаартай шүүгчийн захирамж /хх-32-33/, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сөрөг нэхэмжлэл /хх-34-35/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/747 дугаартай Хаан банк ХХК-ийн албан тоот /хх-16/, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1274 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-17/ зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Г.Н нь О.Ү гийн хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 466006245 тоот данснаас хариуцагч О.Ү гийн Хаан банкны 5094189524 тоот дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед О.Ү нь миний гэр бүлийн хүн болох Б.Хишигбатаар дамжуулан яарачтай мөнгө олоод өгөөч, өөрөө боломжгүй бол өөр хүнээс ч хамаагүй яаралтай олоөд өгөөч гэж гуйсны дагуу би таньж мэддэг, эхнэртэй минь найзалж нөхөрлөдөг, хамт ажилдаг болохоор нь итгээд 500 000 төгрөгийг өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд эргүүлэн өгөөгүй байгаа тул О.Ү гаас 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэж тодорхойлсон.

2. Хариуцагч О.Ү нь нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ: ...Б.Х нь 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр надад 500 000 төгрөгийг өгөхдөө нөхөр Г.Н гийн данснаас шилжүүлсэн байна. Миний бие нь Б.Х-ын нөхөр Г.Н тэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй учраас энэ мөнгийг би буцаагаад Б.Х-ын Хаан банкны 5217026766 дансанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 660 000/ зургаан зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлсэн тул дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, банкны дансны хуулга, бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Г.Н гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 466006245 тоот данснаас хариуцагч О.Ү гийн Хаан банкны 5094189524 тоот дансруу 500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тус банкны хуулгуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5. Талуудын хооронд Иргэний Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч О.Ү нь нэхэмжлэгч Г.Н гийн эхнэр Хишигбатаар дамжуулан мөнгө зээлэх хүсэлт гаргасан нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд Г.Н нь 500 000 төгрөгийг О.Ү гийн Хаан банкны дансанд буюу түүний өмчлөлд шилжүүлсэн тул хариуцагч уг мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

6. Иймд О.Ү гаас 500 000 төгрөг гаргуулан Г.Н д олгох үндэслэлтэй байна.

7. Харин О.Ү нь Хишигбатад шилжүүлсэн гэх мөнгийг түүнээс нэхэмжлэх эрх нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч О.Ү гаас 15 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ү гаас 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА