Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/04240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батцэцэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Цариг 14-02 тоот хаягт оршин суух Амгаланбаатарын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* Энхтайваны өргөн чөлөө, А******* ХХК-ийн байр, 102 тоот хаягт байрлах А******* ХХК /*******/-нд холбогдох,

Гэм хорын хохиролд 3,882.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Т*******, С.Н******* нараас приус 20 маркийн ******* УНА улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалда, худалдан авахаар тохиролцсон.

Г.Т*******, С.Н******* нар нь уг автомашиныг А******* ХХК-иас зээлийн гэрээгээр худалдах авсан байсан бөгөөд миний бие дээрх автомшиныг худалдаж авахдаа урьдчилгаа 5,500,000 төгрөгийг Г.Т*******, С.Н******* нарт төлж үлдэгдэл 6,000,000 төгрөгийг А******* ХХК-нд төлөхөөр тохиролцсон.

Энэхүү тохиролцооны дагуу миний бие 2018 оны 7 сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 сарын 20-ны өдрийн хооронд Хаан банкны 5 тоот данснаас 7 удаагийн гүйлгээгээр А******* ХХК-нд 3,882,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Г.Т*******, С.Н******* нар нь А******* ХХК-нд зээлийн үлдэгдэл, хүү алданги 1,803,553 төгрөг төлөөгүйгээс уг автомашиныг хураан авч худалдан борлуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх автомашиныг худалдан авч байгаа талаараа А******* ХХК-нд утсаар ярьж мэдэгдсэн төдийгүй өөрийн Хаан банкны дансаар *******гаас машины мөнгө гэсэн утгатай С.Н*******ийн зээлийн гэрээний төлбөрийг төлж байсан.

Гэвч А******* ХХК нь С.Н*******той байгуулсан Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээгээр дээрх автомашиныг бусдад худалдахыг хориглосон, бусдад худалдах талаар зөвшөөрөл өгөөгүй атлаа С.Н*******ийн өмнөөс гуравдагч этгээд зээлийн гэрээ-ний үүргийг гүйцэтгэж байгааг мэдсээр байж зогсоогоогүй, санаатайгаар гэрээгээ зөрчиж, С.Н*******ийн гэрээний үүргийг хангуулах ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэгч А.*******гаар 3,882,000 төгрөг төлүүлж, хохирол учруулсан.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 3,882,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2017 оны 11 сарын 20-ны өдөр 447 дугаартай зээлийн гэрээг иргэн С.Н*******той байгуулсан.

Энэ гэрээний дагуу гэрээний дугаараар төлбөр төлөгдөж орж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс цаанаа яаж тохиролцсон хэн төлбөр төлөөд байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд хамааралгүй. 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс зээлийн төлөлт графикийн дагуу төлөгдөхгүй болж зөрчил гарсан. Ингээд байгууллагын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдсоны үндсэн дээр Дөлгөөн гэх хүний эзэмшлээс тээврийн хэрэгслээ авч, хуульд заасны дагуу худалдан борлуулсан. Сүүлийн 7 удаагийн төлөлт болох 3,882,000 төгрөг төлөгдсөн бөгөөд манай байгууллагатай нэхэмжлэгч А.******* нь уулзаж, ярилцсан гэрээ байгуулсан зүйл байхгүй.

Эдгээр хүмүүс яаж тохиролцсон талаар бидэнд мэдэх зүйл байхгүй бөгөөд бид нэхэмжлэгчид хохирол учруулаагүй. Нэхэмжлэгч нь С.Н*******оос худалдаж авсан автомашиныг манай байгууллагын нэр байсан зээлтэй байсан талаар мэдэж байсан байж яагаад манай байгууллагтай уулзахгүйгээр, гэрээ байгуулж мөнгө төгрөг өгсөн нь ойлгомжгүй байна.

Гэрээ байгуулсан хүмүүстэйгээ асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан тохиолдолд гэж байгаа. Маргаан бүхий 3,882,000 төгрөгийн хохирлыг манай байгууллага учруулсан үндэслэл шалтгаант холбоо байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүнэлтэд: Гомдол гаргагч тал нь ямар ч хариуцлагагүй, удаа дараа хууль бус зүйл хийсэн. Барьцаанд байгаа машиныг бусдаас худалдаж авсан. Хариуцагч талд мэдэгдээгүй, хариуцагчаас машин аваагүй. Энэ машинаа бас бусдад худалдсан гээд нэхэмжлэгч буруу зүйл хийсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үнийг буцаан төлөх үндэслэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс, өөрийн Хаан банкны дансны хуулга, 2021 оны 3 сарын 3-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 5 сарын 10-ны өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00223 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж,

Хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашин зарах мэдэгдэх хуудас зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хэнтий аймгийн шүүхийн тамгын газраас 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд тусгагдсан бичгийн баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 3,882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүргийг С.Н*******ийн өмнөөс гуравдагч этгээд гүйцэтгэж байгааг мэдсээр байж мэдээлэл өгөөгүй, зогсоогоогүй, С.Н*******ийн гэрээний үүргийг хангуулах үүднээс түүний өмнөөс төлбөрийг төлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 3,882,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлж байна.

3.Хариуцагчаас 447 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,882,000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй ба харин иргэн С.Н*******той байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөгдөж байсан. Нэхэмжлэгчид хариуцагчийн зүгээс хохирол учруулаагүй гэж маргасан.

4.Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Хариуцагч А******* ХХК болон иргэн С.Н******* нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр №447 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 27-30 дугаар тал/

Дээрх гэрээгээр С.Н******* нь А******* ХХК-нд 8,500,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна.

6.Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...С.Н*******, Г.Т******* нараас дээрх автомшиныг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 5,500,000 төгрөгийг тэдгээр төлсөн ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг А******* ХХК-нд төлөхөөр тохиролцож, энэ тохиролцооны дагуу А******* ХХК-нд 3,882,000 төгрөгийг төлсөн. Харин С.Н*******, Г.Т******* нар нь зээлийн үндсэн төлбөр, алдангид 1,803,553 төгрөг төлөөгүйгээс хариуцагч А******* ХХК нь автомашиныг хураан авч худалдан борлуулсан... гэж тайлбарласан.

7.Мөн нэхэмжлэгч А.******* нь иргэн С.Н*******, Г.Т******* нарт холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 10-ны өдрийн 00223 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С.Н*******, Г.Т******* нараас 5,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, 275,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 73-75 дугаар тал/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.******* нь бусадтай байгуулсан хэлцлийн үндсэн дээр хариуцагч А******* ХХК-нд 3,882,000 төгрөг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

8.Тодруулбал, нэхэмжлэгч А.******* нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу С.Н*******, Г.Т******* нартай тохиролцсон хүсэл зоригийн үндсэн дээр А******* ХХК-нд 3,882,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн буюу бусдын нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх амь нас, эрүүл мэнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь гэм хор учруулагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардах бөгөөд үйлдэл гаргасан этгээдийн зүгээс хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа буюу аливаа этгээдийн эрх ашгийг хохироосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байхыг ойлгоно.

10.Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан түүний эзэмшлийн дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг А******* ХХК-ийн өмчлөлд байгааг мэдэж байсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 3,882,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

11.Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөвхөн өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын улмаас учруулсан хохирол гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж, талууд энэ хүрээнд мэтгэлцсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон шаардлага үндэслэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн тул гэрээний үүрэг болон үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

12.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн гэм буруугаас бусдад хохирол учруулсан болон тухайн хохирол шаардах эрх бүхий харилцаа тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д зааснаар үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13.Мөн Иргэдийн төлөөлөгчийн ...нэхэмжлэл гаргагч тал нь ямар ч хариуцлагагүй, удаа дараа хууль бус зүйл хийж барьцаанд байгаа машиныг бусдаас худалдаж авсан. Хариуцагч талд өөрөө мэдэгдээгүй, хариуцагчаас машиныг аваагүй байж бусадтай тохиролцсоны дагуу мөнгийг төлж байсан. Энэ машинаа бас бусдад худалдаж байгаа нь өөрийх нь буруу. Иймд хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үнийг буцаан төлөх үндэслэл байхгүй... гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А******* ХХК-иас 3,882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                      З.БАЯРМАА

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Н.САРАНГҮН