Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2022/00055/И |
Дугаар | 134/ШШ2022/00086 |
Огноо | 2022-05-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 134/ШШ2022/00086
2022 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 134/ШШ2022/00086 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .......... аймгийн ...........сумын ...... дугаар баг, ..... дүгээр байрны ....... тоотод оршин суух, Б овогт Д-ийн М /РД:........, утас: ............../
Хариуцагч: .......... аймгийн ....... сумын ......... дугаар баг, ....... дугаар байрны ........ тоотод оршин суух, О овогт Ж-ын О /РД:........., утас: .........../
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 292 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Ж.О түүний өмгөөлөгч Э.С
Иргэдийн төлөөлөгч: Ё.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ж.Од холбогдуулан гэм хорын хохиролд 4 542 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 250 000 төгрөгөөр багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ......аймгийн .........сумын ..... дугаар баг, ........ байрны ....... тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 02 сарын 22-ны өглөө 06 цаг орчим тус байрны .... давхрын ......тоотын айлаас ус алдаж гал тогооны өрөө, унтлагын өрөө, зочны өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсаж, унтлагын болон зочны өрөөний ханын обой хөндийрөн ховхорсон. Мөн унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, коридорын пракетан шал товойн хөөн гарч ирсэн. Коридор, гал тогоо, ариун цэврийн өрөөний гэрэл цахилгаан ажиллагаагүй болж үнэгэн малгай, булган оруулгатай туулайн шуба усанд автан дахин хэрэглэх боломжгүй болсон. Dell маркийн нөүтбүүк усанд автан ажиллагаагүй болсон эд хөрөнгийн хохирол учирсан. Тухайн ус алдаж байх хугацаанд манайхан гэр бүлээрээ Улаанбаатар хотод байсан ба ус алдсан тухай мэдээ авсан даруй хотоос гарч Говьсүмбэр аймагт ирсэн. Миний бие хохирлын үнэлгээг хийлгүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ашидбилгүүн ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч н.Доржпүрэвт дуудлага өгч, нөхцөл байдлыг үзүүлэн хэмжилт хийлгүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ашидбилгүүн ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээний тайлантай танилцахад материалын зардал 1 532 600 төгрөг, ажлын хөлс 1 424 000 төгрөг, тээврийн зардал 150 000 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээг 3 106 600 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон. Ашидбилгүүн ХХК-аас үнэлгээний хариу гармагц миний нөхөр Г.Б хариуцагч Ж.Од утсаар танилцуулан тохиролцох гэсэн боловч төлж чадахгүй, шүүхэд өг гэсэн хариу өгсөн. Иймд миний эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан хариуцагч Ж.Оээс хохирлын үнэлгээ 3 106 600 төгрөг дээр үнэлгээний ажлын хөлс 186 000 төгрөг, Dell маркийн нөүтбүүк 1 250 000 төгрөг буюу нийт 4 542 600 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас нөүтбүүкийн 1 250 000 төгрөгөөс татгалзаж, багасгаж байна гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүмбэр сум 3-р баг, 4-р байр 129 тоот орон сууцны өмчлөгч нь миний бие мөн хэдий ч тус орон сууцыг 2020 оны 04 дүгээр сараас Л.Э нь хөлслөн амьдарч байсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөөний 06 цагт уг орон сууцанд ус алдахад Л.Э эзэмшиж байсан. Л.Э манай орон сууцанд амьдарч байхдаа нийт 1 420 000 төгрөгний засвар хийж, орон сууцныхаа хөлснөөс суутгуулсан. Анх уулзахад л сэргэлэн цовоо, арчаатай, хоёулхнаа амьдардаг хүмүүс байсан учраас 100 хувь орон сууцаа даатгаад засвар хийх шаардлагатай бол хөлснөөсөө суутгаад явж байгаарай гэж хэлсэн. Иймээс би өөрийн орон сууцны ямар эд анги муудаж байгааг мэдэх боломжгүй юм. Мөн УСДУ 06 цаг 45 минутад усыг хаасан гэсэн. Над руу 08 цагийн үед ярьсан. Манай хүүхдүүд 09 цаг 09 минутад хаалгыг эвдэж ороход ус хаагдаагүй, алдаж байсан. Усыг эрт хаагаагүйгээс энэ олон айлд хохирол учирсан гэж бодож байна. Иймд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь миний бие биш, УСДУ-гаас надад мэдэгдсэн үеэс би өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авсан. ...Мөн Ашидбилгүүн ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Слесарь У.Бат-Эрдэнэ, хөлслөгч Л.Э нар нь үүрэг хариуцлагаа биелүүлээгүй юм болов уу гэж бодож байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс “Ашидбилгүүн” ХХК-ийн ДХҮ-122/3299 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Говьсүмбэр аймгийн УСДУ ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, дуудлагын тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 116 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаартай тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б-д олгосон итгэмжлэл зэргийг,
хариуцагчаас байр хөлсөлж хөлслүүлж байсан үеийн тооцоо, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны дансны хуулга, Дулааны эрчим хүч хэрэглээний халуун, хүйтэн усаа хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, СД-ны бичлэг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр гэрчээр У.Б, Л.Э, Т.А, Т.Н, А.Б, П.Б, Э.Э нарыг асуусан мэдүүлэг, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, Юнител ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/4526 тоот албан бичиг, дуудлагын баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Ж.Оийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсаны улмаас миний өмчлөлийн орон сууцанд 4 542 600 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэсэн ба шүүх хуралдааны явцад 1 250 000 төгрөгөөр шаардлагаа багасгаж, 3 292 600 төгрөг нэхэмжилсэн.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“Ус алдах үед өөрийн орон сууцыг Л.Эд хөлсөлж байсан, шаардлагатай эвдрэл гэмтлийг засаад хөлснөөсөө хасахыг зөвшөөрсөн. Мөн ус алдсаны дараа УСДУ-ийн ажилтан У.Б буруу шугамыг хааснаас болж цаг хугацаа алдаж, их хэмжээний ус 1 давхар хүртэл гоожсон” хэмээн хэргийн жинхэнэ хариуцагч биш, гэм буруугүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Ашидбилгүүн” ХХК-ийн ДХҮ-122/3299 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургууд, Говьсүмбэр аймгийн УСДУ ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, дуудлагын тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дугаар баг .. дүгээр байрны ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч У.Б, Л.Э, Т.А, Т.Н, А.Б, П.Б, Э.Э нарын мэдүүлэг, Юнител ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/4526 тоот албан бичиг, дуудлагын баримт, СД-ны бичлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч Ж.Оийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 129 тоот орон сууцны мухрын өрөөний паарны хий авагч эвдэрснээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ус алдаж, нэхэмжлэгч Д.Мийн өмчлөлийн 2 давхарын 116 тоотод гэм хорын хохирол учиржээ.
4.2.129 тоот орон сууцыг тухайн үед Л.Э хөлслөн амьдарч байсан боловч эзгүй байсан талаараа мэдүүлсэн.
4.3.Тухайн орцны 3 давхарын айл болох 121 тоотоос анх ус алдсан тухай дуудлагыг УСДУ ОНӨААТҮГазарт өглөөний 06 цаг 27 минутад утсаар мэдэгдсэн. Улмаар сантехникийн ажилтан У.Б 06 цаг 45 минутад подволын хэсэгт усыг хаасан талаар тодорхойлж, гэрчийн мэдүүлэг өгсөн.
4.4.Гэвч ус алдсан шугамыг хаагаагүй болох нь гэрч Т.А, Т.Н, А.Б, Э.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон.
5.Талууд ус алдсан, улмаар гэм хорын хохирол учирсан талаар маргаагүй, хариуцагч нь ус алдахад миний зүгээс гэм буруугүй, хөлслөгч Л.Э, дулааны шугам хариуцдаг эрх бүхий байгууллагын ажилтан У.Б нар гэм буруутай. Мөн хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнээр хийлгэсэн нь тодорхойгүй гэж маргана.
6.Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3. “Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.”,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.”Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;” 13.2.4.“өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх;”, 13.2.5.”гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах;”, 13.2.6.”сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх;”
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4.”дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх;”, 148.2.7.”энэ хуулийн 148.2.4, 148.2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах.”
497.1.”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510.1.”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг орон сууцны өмчлөгч Ж.Оээс шаардах эрхтэй.
Учир нь, хариуцагч Ж.О нь дээрх хуульд заасан журмын дагуу орон сууц өмчлөгчийн хувьд тухайн орон сууцны халаалтын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд бусдад хөлслүүлсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Харин дээрх хуульд зааснаар өөрийн орон сууцыг эзэмшигч этгээд бусдын орон сууцанд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх бөгөөд зөрчил гаргахгүй байх буюу ус алдуулахгүй байх нөхцөлийг хуулийн дагуу орон сууц өмчлөгч бүрдүүлнэ.
Харин гэм хорын хохирол учрахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Хэрэгт авагдсан “Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан мэдээллүүд бүрэн тусгагдсан байх тул “тусгай зөвшөөрөлгүй” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд, үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирол 3 106 600 төгрөг, шинжээчийн зардал 186 000 төгрөг нийт 3 292 600 төгрөгийг хариуцагч Ж.Оээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Мт олгож шийдвэрлэв.
7.Иргэдийн төлөөлөгчийн “байр хөлслөгч Л.Э, сантехникийн ажилтан У.Бат-Эрдэнэ нар хариуцлага хүлээнэ” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Д.М нь, хариуцагч Ж.Оийг орон сууцны өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээнэ гэж түүнд холбогдуулан шаардлага гаргасан бөгөөд хамтран хариуцагч татах хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд дээрх хүмүүстэй холбоотой үүргийн харилцаанд шүүх дүгнэлт хийхгүй, зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэр гаргана.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 362 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 67 632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Ж.Оээс гэм хорын хохиролд 3 292 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 632 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67 632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА
Д.НАРАНЦЭЦЭГ