| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 148/2022/00489/И |
| Дугаар | 134/ШШ2022/00157 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2022/00157
| 2022 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 134/ШШ2022/00157 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г
Хариуцагч: Ц.Ж
Хариуцагч: Э.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 41 307 109 төгрөг 83 мөнгө гаргуулах тухай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хариуцагч Ц.Ж, Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч ................ нарт холбогдуулан зээлдэгч .................. нартай байгуулсан зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 25 491 409.92 төгрөг, зээлийн хүү 15 302 456.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513 239.94 төгрөг, нийт 41 307 109.83 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч .................. нар нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.Ц-тай ЗГ4325107822 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 27 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1123 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлийн үлдэгдэл 25 491 409.92 төгрөг, зээлийн хүү 15 302 456.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513 239.94 төгрөг, нийт 41 307 109.83 төгрөг төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч ................ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч огт ахиц гараагүй ба зээлийн төлөлтийг хийлгүй гэрээг ноцтой зөрчсөөр байгаа. 2022 оны 01 дүгээр сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хамтран зээлдэгч ................. оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3403 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Банкны зүгээс хамтран зээлдэгчийн оршин суугаа хаягийг тогтоолгох зорилгоор тус шүүхэд хүсэлт гарган ................ эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Манай талаас эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл харилцагч нь 2018 онд зээл аваад хугацаа хэтэрч, 2020 онд манайхтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Сар болгон 1 000 000 төгрөг төлөөд явъя гэдэг байдлаар эвлэрсэн байсан. Тэгээд төлөөгүй. Шүүхийн шийдвэр гарахаас нааш банкны хүүг зогсоох боломжгүй байдаг учраас эртхэн хүүгээ зогсоосон нь дээр гэж бодож байна. Харилцагч 2018 онд зээл авахад өндөр хүү тооцогдсон гэж ярьж байна. Өндөр хүүтэй зээлийг ХААН банкнаас авсан байсан. Манайх зээлийн хүүг бууруулж, харилцагчийг шилжүүлж авсан. Хугацаа хэтэрч эхэлснээс хойш манай байгууллагаас удаа дараа харилцагчтай холбогдож, зээлээ төл, ямар нөхцөл бололцоо байна вэ гэж холбогдож байсан. Харилцагч нар өөрсдөө хүүгээ зогсоолгох тухай арга хэмжээ авсангүй. Сэтгэл гаргасангүй. Одоо мөнгөн дүнгээс хасуулах гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Зээлдэгч нарын өөрсдийнх нь буруугаас болж өндөр хүү бодогдсон байгаа. Харилцагч талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.Ц-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээг цуцлахгүйгээр уригдсан тал ингэж төлнө гээд график байгуулсан. Эвлэрлийн гэрээн дээр .................. өөрөө гарын үсэг зурсан. Өөрөө ярихдаа эвлэрүүлэн зуучлал миний хуулийн мэдлэггүй байдлыг ашиглаж хүчээр зуруулсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээг өөрт нь өгсөн байх ёстой. Эвлэрэх эрхийг нь олгосон хэдий манайхаас өмнө нь эвлэрч үзсэн байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч ................. хаяг дээрээ байгаагүй гэдэг шалтгаанаар татгалзсан юм байна лээ. Тэр захирамжаар эрэн сурвалжлуулахад хаяг дээрээ байсан учраас дахин нэхэмжлэл гаргасан. Банк ингэж хөөцөлдөөд байгаа нь харилцагчаа бодоод, хүүгээ зогсоох гээд явж байгаа. Эвлэрэх юм бол зээлийн хүү зогсохгүй. Хүү нь цаашид нэмэгдээд явах учраас хүүгээ зогсоосон нь дээр байх гэж бодож байна. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй. Цалингийн зээл нь хэн авч хэрэглэсэн гэдэг зориулалт байхгүй. Тухайн харилцагч нь юунд ч ашиглаж болно. Манай зүгээс хяналт тавиад байх шаардлага байдаггүй. Хариуцагч ................. нь 2018 онд зээл авахдаа өөрийн эрх, үүргээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Одоо зээл нь хугацаа хэтэрсэний дараа хамтран зээлдэгчээс хасуулах боломжгүй. Харилцагч нарын гарын үсэг нь бүрэн зурагдсан байгаа. Гарын үсэг зурагдсан учраас 2023 он хүртэл хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Миний хувьд зээл, үндсэн зээл, торгуулийн хүүг бууруулах боломжгүй. Надад эрх нь байхгүй. Нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Тухайн үед харилцагчийн зээлийн хугацаа хэтрэлт 1123 хоногтой байсан. Өнөөдрийн байдлаар 1 244 хоног болсон байна. Үндсэн зээлээс хүү бодогдоод нэхэмжилж байгаа 41 307 109 төгрөг дээр хүү нэмэгдээд өнөөдрийн байдлаар 43 081 000 төгрөг болсон байна. Энэ хооронд байгаа зөрүүг л хасаж өгч болно. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2 000 000 төгрөгийн хүү нэмж бодогдсон байна. Энэ хүүг л хасах боломжтой.
Коронавирус нь 2020 оны 11 дүгээр сард гарсан. Зээлдэгч нар нь 2019 он буюу ковид гарахаас өмнө зээл төлөлтийн хэтрэлттэй байсан. Түүнээс хойш төлөх боломж байсан ч төлөөгүй. Ажлаа хийж байгаад ковид гарсан үед ажил хийх боломжгүй болоод халагдсан байсан бол манай зүгээс арга хэмжээ авах боломж байсан. 2020 онд банкны зээлдэгч нартаа бүгдэд нь зээлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байсан. Зарим ажилгүй болсон зээлдэгч нарынхаа үндсэн зээл, хүүг хойшлуулах арга хэмжээ авч байсан. Тэр нь бараг 2 жил үргэлжилсэн байх. ............... хувьд угаасаа ковид гарахаас өмнө хугацаа хэтэрсэн байсан учраас ямар ч боломжгүй гэж үзэж байна. Банкны зээлдэгч нарт хамаатай хууль бол гараагүй. Монгол банкнаас өөрсдөө санхүүжүүлж олгодог зээл болох ипотекийн 6 болон 8 хувийн зээл дээр тийм зохицуулалт хийж царцааж байсан. Цалингийн зээлийг банкиуд өөрсдийн эх үүсвэрээс гаргадаг зээл учраас цалингийн зээл дээр хүүг нь тэгж багасга гэдэг шийдвэр гараагүй. Харилцагчаа бодоорой гэдэг зүйлийг хэлж байсан. Ковидоос шалтгаалаагүй, өмнө нь хугацаа хэтрэлттэй байсан хүмүүсийг эртхэн шүүхээр яваад хүүг нь зогсоох арга хэмжээ аваарай гэдэг байр суурьтай байсан. Энэ нь эргээд бодоход харилцагчаа бодсон шийдвэр. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийг хойшлууллаа гэж бодоход хүү бодогдоод явж байгаа. Одоо бодогдож байгаа үеийн хүүн дээрээ хойшлуулсан үеийн хүү дахиад төлөгдөх хэрэгтэй болно гэсэн үг. Тухайн үед хүүгээ хойшлуулж байсан бүх хүмүүс одоо хойшлуулсан хүүгээ давхар төлөөд явж байгаа. Түүнээс биш ................. хэлээд байгаа шиг хүүг хасаж өгөх арга хэмжээг ямар ч харилцагч дээр авч байгаагүй. Эртхэн шүүхээр шийдүүлээд шийдвэр гарах юм бол банкны хүү зогсдог. Эвлэрэх юм бол банкны хүү зогсохгүй. Яг өнөөдрийн байдлаар 43 081 000 төгрөг болсон байна. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахад 41 307 109 төгрөг байсан
Иймд зээлдэгч ................ нартай байгуулсан зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 41 307 109,83 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэв.
2. Хариуцагч ................ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2018 оны 10 дугаар сард энэ зээлийг авсан нь үнэн. Уг зээлийг авах үед ажилтай байсан болохоор 2019 оны 03 дугаар сар хүртэл зээлээ хугацаанд нь төлж байсан. Тухайн үед хашаа, байшингаа хүнд хулхидуулаад дээр нь аавын бие тааруу байгаа учраас ажлаасаа чөлөө авах гэсэн боловч чөлөө өгөөгүй учраас ажлаасаа гарч аавыгаа харсан. Тухайн үед цалингийн зээлээ хийх боломжгүй, бөөн асуудалтай байсан учраас Н.Ц-ийн эдийн засагчтай байнга холбоотой байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр очиход хүү зогсдоггүй гэж мэдээгүй. Буцаад зээл төлөлтийн графикт орох гэсэн боловч амьдралын бололцооноос болоод орж чадаагүй. Хэт их асуудалтай байсан учраас асуудлаасаа гарч чадаагүй учраас зээл төлөлтөө ингэж удаасан. Хүүг эрт зогсоох боломжтой байсан, бид нарын хариуцлагагүйгээс болсон гэж байна. Тэр нь хуулийн мэдлэггүйгээс болсон гэж бодож байна. Анх эвлэрүүлэн зуучлалд хандахад 1 000 000 төгрөг гэж хэлээгүй. 3 000 000 төгрөгийн төлөлт хий гэж загнасан. Би хуулийн мэдлэг байхгүй болохоор би ингэж төлж чадахгүй. Аавын бие муу байгаа, хашаа байшингаа алдсан байгаа нөхцөл байдлуудаас болоод төлж чадахгүй байна гэдэг шалтгаанаа хэлсэн. Гэтэл бид нар чиний зовлонг сонсоод байх шаардлага байхгүй, ажлаа хийж байна. Тийм болохоор чи 3 000 000 төгрөгийн төлөлтөө хий гэж хэлсэн. Анх эвлэрүүлэн зуучлал дээр очиход хүү зогсоно гэж бодсон. Гэтэл хүү зогсоогүй байсан. Дахин намайг Сэлэнгэ аймагт дуудахаар нь очсон. Тэр үед би ТЭЦ-4-т туслах хийдэг, 360 000 төгрөгийн цалин авдаг байсан. Хэнгэрэг хагархай, нуруу суулттай байгаа болохоор уурхайдаа буцаж орж чадахгүй байгаа. Би банкнаас дуудах болгонд очдог байсан. Намайг хотод дуудахад нь хуулийн хүнээс зөвлөгөө авсан. Хотод уулзахад 38 000 000 төгрөг болсон байсан. Сүүлд Сэлэнгэ аймагт очиход 41 000 000 төгрөг болсон байсан. Голомт банкнаас гуйж байгаа зүйл нь миний амьдралын бололцоог харж үзэж, хүүг нь бууруулаад өгөөчээ гэж гуйж байна. Аав минь амьд сэрүүн байхдаа ээж, дүү хоёрыг минь асраад, халамжлаад явчихдаг байсан учраас миний үүрэх ачаа хөнгөхөн байсан. Дөнгөж гэр бүл болоод, амьдралаа зохиох гээд хашаа, байшин авсан боловч хүнд хулхидуулчихсан. Байраа бид нарт зарчихаад 7 хоногийн дараа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан байсныг нь хэдэн сарын дараа мэдсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас байшинг хураана гэж орж ирсэн. Байшингаа алдахгүйн тулд ахын машиныг буцааж, банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэгээд банк бус санхүүгийн байгууллагад байшингийн зээл, машины зээл, Голомт банкны зээл гээд гурван зээлийг маш их хэмжээгээр төлөх болсон. Хажуугаар нь аавын бие муудаад, харвалт өгчихсөн, би асарч байсан болохоор зээлээ төлж чадаагүй. Одоо хүү зогссон нөхцөлд чадах чинээгээрээ ажил хийж байгаад төлнө. Би бусад хүн шиг алга болоогүй, байнга холбоотой байсан. Улс орон даяар 0 зогсолт хийсэн байсан учраас ажил хийх боломжгүй байсан. Монгол улс өөрөө хэвийн журамдаа бараг энэ оны 3, 4 сараас орж байгаа. Хэрвээ надаас шалтгаалах зүйл байсан бол би хүлээн зөвшөөрөх байсан. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэдэг талаас нь харгалзаж үзээчээ. Ковид гарах үед хэдэн сарын хугацаа хэтрүүлсэн байсан. 2020 оны дундуур хэдэн сарын төлөлт хийсэн боловч үндсэн төлөлт биш хүүндээ төлөгдсөн. Тэгэхээр нь би хүүг нь зогсоох хэрэгтэй юм байна гэж бодоод дуудсан цаг бүрт нь очиж байсан. Амьдрал хэцүү байгаа ч хэдэн сарын дараа гайгүй болчих байх гэж бодож байна. Ээж маань хэт өндөр даралттайн улмаас ажил хийдэггүй, дүү маань төрөлхийн харвалтын улмаас унаж татдаг, байнгын хүний хараа хяналтанд байдаг. Миний бие бага насны 3 хүүхэдтэй, бага хүү 1 ой 2 сартай учир эхнэр маань ажил хийх боломжгүй гэртээ суудаг. Мөн дэлхий нийтээрээ цар тахал гарч ковид-19 өвчний улмаас 2 жил хөл хорионд орж ажил хийх боломжгүй байсан тул зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй. ................. мөн уучлал гуйж байна. Энэ зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй. Хамаатан садан ч биш, хамт ажиллаж байхдаа гуйж байгаад хамтран зээлдэгчээр оруулж байсан. Бусдаас дутахгүй амьдрах гэж байр байшин авах гээд гуйж байгаад хамтран зээлдэгчээр оруулсан. Тухайн үед эдийн засагчид нь ................. эхнэр уурлаж байсан. Би гуйсаар байгаад л оруулж байсан. Голомт банкнаас хүүгээ л бууруулж өгөөч гэж гуйж байна. Говьсүмбэр аймагт хүний хувийн авто машин засварын газарт сарын 650 000 төгрөгийн ажил хийж амьдарч байна. Тийм боловч хичээл зүтгэл гарган зээлээ төлж барагдуулах болно гэв.
3. Хариуцагч ................ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүүг нь бууруулж өгнө үү гэж хүсэж байна. Н.Ц-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан боловч зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учир би зээлийг төлөх боломжгүй. ............... гуйлгаар цалингийн зээлийн батлан даагч болж гарын үсэг зурсан. Зээл авч хэрэглэсэн .............. нь уг зээлийг төлж барагдуулах ёстой. Тухайн үед зээл авахад нь хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг гэдгийг танилцуулж байсан. Уг нь хамаатан садан, төрөл төрөгсөд нь батлан даадаг юм байна лээ. Би Голомт банкны эдийн засагчаас нь .................. батлан даачихаад асууж байсан. Бид хоёр хамаатан садан биш. Зүгээр найзууд тийм болохоор батлан дааж болох юм уу гэж асуухад болно гэж байсан гэв.
4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ4325107822 дугаар зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2022/03403 дугаар захирамж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 148/ШШ2022/00318 дугаар шийдвэр, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар,
5. Хариуцагч нараас: ............... нарын хариу тайлбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 592, 678, 679 дүгээр тодорхойолт, ............... Н.Ц-ийн дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч Ц.............. нарт холбогдуулан зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 41 307 109.83 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... Зээлдэгч ............... нар нь Н.Ц-тай зээл болон барьцааны гэрээ байгуулан 27 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан ба зээлээ төлөхгүй 1123 хоног хугацаа хэтрүүлсэн тул хариуцагч нартай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 41 307 109.83 төгрөгийг гаргуулна гэжээ.
4. Хариуцагч ............... “... Үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин зээлийн хүү маш өндөр болсон тул миний амьдралын бололцоог харж үзэж, хүүг нь бууруулж өгөхийг банкнаас хүсч байна ...” гэж тайлбарласан.
Хариуцагч ............ “... Би энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, би өөрөө ээж, аав, эхнэр, хүүхдээ асран хамгаалдаг, давхар зээлтэй ...” гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗГ4325107822 дугаар зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Н.Ц-ийг төлөөлж Сэлэнгэ салбарын захирал .................. зээлдэгч .............., хамтран үүрэг гүйцэтгэгч ............ нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ4325107822 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авчээ.
7. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, харин хариуцагч .............. нь би зээл аваагүй, гарын үсэг л зурсан гэж маргана.
Харин гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчийн гэрээний үндсэн зээл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 41 307 109.83 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй болно.
8. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,
452 дугаар зүйлийн 452.2.-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...”,
453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ... төлөх үүргийг хүлээнэ”,
Зээлийн гэрээний 3.1.1-д “...төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.
Үндсэн зээл, зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлагын хэлбэр юм.
Нэхэмжлэгч Н.Ц-иас зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч ............. сануулж байсан, мөн хариуцагч нь зээлээ төлж чадахгүй тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, 1123 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-д зааснаар зээл болон барьцааны гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иймд, зээлдэгч нь хууль болон зээлийн гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч ............... нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 41 307 109 төгрөг 83 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д ”Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Ц.Жаргалцогт, хамтран зээлдэгч ................. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох...”, 242.11.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ................. шаардсаныг буруутгах үндэслэлгүй, зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй ба хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.
10. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 485 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 364 485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ийн хариуцагч ............... нартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ4325107822 тоот зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч .........., ........... нараас зээлийн гэрээний үүрэгт 41 307 109.83 /дөчин нэгэн сая гурван зуун долоон мянга нэг зуун есөн төгрөг, наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 485 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. нараас 364 485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА