| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00352/И |
| Дугаар | 139/ШШ2022/00424 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 139/ШШ2022/00424
| 2022 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 139/ШШ2022/00424 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р баг, Толь бригадад оршин суух, Хайрхан овогт Ичинхоролын Болорчулуун /ЗД70102316/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг, Таргат гэх газар оршин суух, Дүдээрий овогт Ёндонсүрэнгийн Отгонтуяа /ЗД82091802/-д холбогдох 3300000 /гурван сая гурван зуун мянган / төгрөг гаргуулах тухай 139/2022/00352/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч И.Болорчулуун, хариуцагч Ё.Отгонтуяа нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.И.Болорчулуун нь Ё.Отгонтуяад холбогдуулж 3300000 /гурван сая гурван зуун мянган / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч И.Болорчулуун нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. И.Болорчулуун миний бие 2022 оны 05 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн иргэн Ё.Отгонтуяад 4000000 төгрөг зээл хаачихаад маргааш өгье гэхээр нь зээлдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 700000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 3300000 төгрөгийг өгөхгүй зугтаад худлаа яриад байгаа тул зохих журмын дагуу шүүхээр гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
3. Хариуцагч Ё.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн иргэн энэ хүнээс 4000000 төгрөг авсан нь үнэн болноо. Түүнээс 700000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 3300000 төгрөгийг ажил хийгээд ямар ч байсан төлж барагдуулна. Бөөнөөр нь төлж чадахгүй учир ажлынхаа цалингаас сард 500000 төгрөгөөр төлөх болно. Ямар ч байсан бүгдийг төлж барагдуулна гэжээ.
4.Нэхэмжлэгч И.Болорчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Отгонтуяа өнөөдөр малчны зээл хаачихаад маргааш буцаагаад өгье гэж хэлээд надаас 4 сая төгрөг авсан. Нилээн хэд хоносны дараа төлж чадахгүй гэж хэлсэн. Ямар нэгэн аргаар төлөөд өг гэж удаа дараа хэлсэн. Тэгээд 700000 төгрөг төлсөн түүнээс хойш өгөөгүй. Сүүлдээ сураггүй болсон чинь нүүгээд явсан байсан. Одоо 3300000 төгрөг нэхэмжилж байна. Хүүгээ өөрөө төлж байгаа учраас мөнгөө бөөнөөр нь авах хүсэлтэй байна. Сарын 500000 төгрөгөөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Хариуцагч Ё.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тогоочийн туслах ажил хийдэг. Сард 1100000 төгрөгийн цалин авдаг. Сарын 500.000 төгрөгөөр төлөх саналтай байна. 2022 оны 05 сарын 20-ны өдөр банкны зээлтэй байсан учраас И.Болорчулуун ахаас 4 сая төгрөгийг зээлж авсан. Тэгээд банкнаас нэмж зээл авах гэсэн чинь багийн дарга малын тоог хасаж тоолсон байснаас болж ахиж зээл олгогдох боломжгүй болсон юм. Суман дээр хийх ажил олдохгүй болохоор урагшаа явж ажил хийж зээлээ төлөх зорилготой явсан гэв.
6.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, И.Болорчулууны иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, Ичинхоролын Болорчулууны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хуудас/, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 13-р хуудас/ баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И.Болорчулуун нь Ё.Отгонтуяагаас 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: хариуцагч нь 4000000 /дөрвөн сая / төгрөгийг зээлсэн, 700000 /долоон зуун мянган/ төгрөгийг төлсөн. Үлдэх 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3. Хариуцагч Ё.Отгонтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг сар бүр 500000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг гаргасан байна.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ичинхоролын Болорчулууны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хуудас/ баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4000000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс 700000 төгрөгийг үлдсэн үлдэх 3300000 төгрөгийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл болох зээл авсан эсэх талаар маргаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сар бүр 500000 төгрөгөөр сар бүр төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагчаас 3300000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Болорчулуунд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудад зээлийн харилцаа үүссэн байна. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч хариуцагч тал маргахгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Ичинхоролын Болорчулууны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хуудас/ баримтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Отгонтуяагаас 67750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Дүдээрий овогт Ёндонсүрэнгийн Отгонтуяа /ЗД82091802/-аас 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж, Хайрхан овогт Ичинхоролын Болорчулуун /ЗД70102316/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 /жаран долоон мянга долоон зуун тавин / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Отгонтуяагаас 67750 /жаран долоон мянга долоон зуун тавин / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Болорчулуунд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ