| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00351/И |
| Дугаар | 139/ШШ2022/00425 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 139/ШШ2022/00425
| 2022 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 139/ШШ2022/00425 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р баг, Цахиурт гэх газар оршин суух, Тавин овогт Дондогбазарын Цэмбэлдулам /ЗЕ85080602/,
Нэхэмжлэлийн шаардлага: 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00351/И индескстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк нь Д.Цэмбэлдуламд холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч Голомт банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Голомт банк нь Дондогбазар овогтой Цэмбэлдуламтай 2017.08.23-ны өдөр ЗГ5215104285 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Зээлдэгч нь хариуцагчтай 2018.02.13-ны өдөр ЗГ5215104285 гэрээгээр зээлийн дүнг 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай болгон нэмэлт гэрээнд өөрчлөлтийг оруулсан. Зээлдэгч нь хариуцагчтай 2020.12.31-ний өдөр ЗГ5215104285 гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, дуусах хугацааг 2022 оны 10 сарын 30-ны өдөр болгон нэмэлт еөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2022.10.30-ны өдөр дуусах боловч 2,410,526.89 төгрөгийг 421 хоногийн хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Зээлийн үлдэгдэл 2452776, 75 төгрөг, хүү 694680, 25 төгрөг, 34218, 46 төгрөг нийт нэмэгдүүлсэн хүү 3181675, 46 төгрөг байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Д.Цэмбэлдуламаас ЗГ5215104285 тоот зээлийн гэрээний үүрэгт 3181675, 46 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3.Хариуцагч Д.Цэмбэлдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дондогбазар овогтой Цэмбэлдулам нь зургаан хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэй мөн төрөөд хоёр хонож байгаа тул 10-р сарын 04-ний шүүх хуралдаанд очиж чадахгүй болсон учир зээлийн гэрээний үүрэгт 3181875, 46 төгрөгийг Голомт банкинд сар бүрийн 25-ны өдөр болгон 300000 төгрөгөөр хувааж төлж байх хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг минь шийдэж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк ХХК нь Д.Цэмбэлдуламтай 2016 оны 08 сарын 23-ны өдөр 5215104285 дугаартай зээлийн гэрээгээр 4 сая төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Энэхүү гэрээнд 2018 оны 02 сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 2 сая төгрөг нэмж олгон 48 сарын хугацаа болгож өөрчилсөн. Мөн 2020 оны 12 сарын 31-ний өдөр зөвхөн хугацаанд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний дуусах хугацааг 2022 оны 10 сарын 30-ны өдөр болгон өөрчилсөн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 2410525,89 төгрөгөөр зээлийн эргэн төлөх үүргээ зөрчиж байгаа учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн 2022 оны 06 сарын 09-ний өдөр хариуцагчид гэрээний хугацааг 12 сарын 30-ны өдөр дуусна. Нийт 2138952,52 мөнгийг 373 хоногийн хугацаанд зөрчиж байна. Төлж барагдуулна уу гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 2452676,75, хүү нь 694680,25, нэмэгдүүлсэн хүү 44218, нийт 3181675,46 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, 2075377 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-р хуудас/, Голомт банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 5-р хуудас/, Голомт банкны тусгай активын захирал Б.Энхтүвшингийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 18/04-52022/1163 дугаартай итгэмжлэл олгох тухай тоот /хэргийн 6-р хуудас/, 5215104285 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хэргийн 7-р хуудас/, 2018 оны 02 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 8-9 хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн ЗГ5215104285 дугаартай зээл болон барьцааны гэрээ /хэргийн 10-р хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн зээл эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 11-р хуудас/, 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 18/04-42022/0298 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 12-р хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 5215104285 дугаартай хүү тооцооллын хүснэгт /хэргийн 13-15 хуудас/ баримтуудыг, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 28-р хуудас/ шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Голомт банк нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний 3.3.3-т Дараах тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээл авахтай холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн болон зээлдэгчээс банкинд өгсөн мэдээлэл, баримт бичиг хуурамч болох нь тогтоогдсон, банкны эсрэг хууль бус үйл ажиллагааа явуулсан гэж заажээ. Талуудын байгуулсан гэрээний дээрхи заалтаар банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг буцаан дуудах буюу нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2075377 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-р хуудас/, Голомт банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 5-р хуудас/, Голомт банкны тусгай активын захирал Б.Энхтүвшингийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 18/04-52022/1163 дугаартай итгэмжлэл олгох тухай тоот /хэргийн 6-р хуудас/, 5215104285 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хэргийн 7-р хуудас/, 2018 оны 02 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 8-9 хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн ЗГ5215104285 дугаартай зээл болон барьцааны гэрээ /хэргийн 10-р хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн зээл эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 4-р хуудас/, 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 18/04-42022/0298 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 12-р хуудас/, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 5215104285 дугаартай хүү тооцооллын хүснэгт /хэргийн 13-15 хуудас/ баримтуудаар Голомт банк болон Д.Цэмбэлдулам нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Д.Цэмбэлдулам нь Голомт банк ХХК-нд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 300000 төгрөгөөр Голомт банкинд төлж гэрээний үүргийг биелүүлэх тайлбарыг гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлага 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөгийг хариуцагч Д.Цэмбэлдуламаас гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 65857 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Цэмбэлдуламаас 65857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Тавин овогт Дондогбазарын Цэмбэлдулам /ЗЕ85080602/-аас 3181675, 46 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан Голомт банкинд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65857 /жаран таван мянга найман зуун тавин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэмбэлдуламаас 65857 /жаран таван мянга найман зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ