| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0916/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
2025 01 20 2025/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Бэд холбогдох эрүүгийн 2411 01437 1148 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт С.Б, регистрийн дугаар ................................,
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчийн арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ...........................урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ........................ Ж.Ог байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Зодсоноо хүлээн зөвшөөрч байна, цаашид архинаас татгалзана, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Огийн “ ...Бтэй 2004 оноос хойш хамт амьдарч байгаа эхнэр, нөхөр хоёр. Дундаасаа 5 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б гаднаас архи уугаад ирэхээр нь би хүүхдийн баяраар согтуу хүний хажууд байхгүй гэж бодоод хүүхдүүдээ аваад найзындаа очиж хоносон. Тэгээд 6 сарын 2-ны өдөр үдээс хойш буюу гэртээ ирсэн чинь Б гэрт байсан 25 кг будааг зараад архи аваад уучихсан 06 сарын 03-ны өдөр ч гэсэн архи уугаад согтуу байгаад байсан. Хаана зарснаа ч хэлэхгүй байсан. Тэгээд л тэр өдрөө мөн маргааш нь байхдаа хэл ам хийгээд намайг хэлэх хэлэхгүй хүн амьтан сонсохын эцэсгүй үгээр хэлдэг. Тэгээд шөнө хэвтэж байсан чинь миний баруун хөлийн булчин руу гараараа шууд зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь би тэсэлгүй цагдаад дуудлага өгсөн. Яг тэр үедээ нэг их гэмтэл байгаагүй болохоор нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ЗШ/455 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/244 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/711 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Илтгэх хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Шүүгдэгч С.Бийн “...би уг нь бол нэг их гар хүрч үзээгүй. Миний том 2 хүү намайг дуугүй бай гэхэд нь дуугүй л болдог болчихсон. Урьд нь бол гар хүрдэг байсан. Гэхдээ цус нөжинд нь холилттол зодож үзээгүй. Үглээд байхаар нь ганц нэг зузаан маханд нь цохидог байсан ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 244 дүгээр Чигэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 711 дүгээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо Хувьсгалчдын Г-751 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.Ог байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Огийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ЗШ/455 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/244 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/711 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, Илтгэх хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэсэн хүндрүүлэх шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн хуулийн үйлчлэлд хамаарах ... хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.
Шүүгдэгч С.Б болон хохирогч нар нь дээрх хуульд зааснаар эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект тул шүүгдэгч С.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Ж.Ог байнга буюу 3 ба түүнээс удаа зодсон / Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/244 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/711 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүгдэгчийн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Бийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
шүүгдэгч С.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс “...Хэргийн материалтай танилцахад гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хувийн байдлын тухайд 5 хүүхэдтэй. Эхнэр нь ажил хийдэггүй. Хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Сүүлийн үед согтууруулах ундааны зүйлийг их хэрэглээд ийм зүйлд холбогдсон. Миний үйлчлүүлэгч 60 хоногийн баривчилгаанд яваад ирэхдээ юм ойлгоогүй байсан боловч сая 7 хоног хоригдохдоо маш их зүйлийг ухаарсан гэдгээ надад хэлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс 7 сарын хорих ял оногдуулж байна. Миний үйлчлүүлэгч нь урьд өмнө эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд мөн ажил төрөл хийж өөрийгөө өөрчлөх боломжоор хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү. Өмгөөлөгчийн саналыг боломжгүй гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч С.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох”-оор заасан.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Бийн нийт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба түүнд шүүх хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ