Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 459

 

2022                11               07                                               137/ШШ2022/00459

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Д.Ц-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Т овогт Ө. У-т холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 16,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Ө.У, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Снар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Ц нь Ө.У 2021 оны 12 сарын 04-ны өдөр 7 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл зээлдүүлсэн мөнгөө төлөхөөр тохиролцсон хугацаа буюу 2022 оны 08 сар болоход зээлсэн мөнгөө төлөхгүй удаа дараа болсон. Иймд миний зээлдүүлсэн 7 сая төгрөгийг хүүтэй нь 16,550,000 төгрөгийг Ө.У гаргуулж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл таних У мөнгө зээлдүүлсэн. Тухайн үед нотариат ороод гэрээ байгуулж зээлье гээд надад итгэл төрүүлээд 7,000,000 төгрөг зээлээч гэж хэлсэн. 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Миний хувьд мөнгийг 2, 3 хувааж авсан. Би өөрөө ам бүл 6-лаа амьдардаг, 4 хүүхдийнхээ сургуулийн хэрэгслийг авах гэхээр амьдрал үнэхээр болохгүй байсан. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаад шийдвэрлүүлэх гэтэл У хүлээн зөвшөөрөөгүй учраас одоо ямар ч байсан 16,550,000 төгрөгийг авна. Надаас зээлсэн 7,000,000 төгрөгийг 01 дүгээр сарын 04-ний өдөр өгнө гээд өгөөгүй. Алдангиа 8 сараар тооцож авна. Анхнаасаа мөнгө зээлэхэд нь хүүтэй өгнө гэж хэлсэн. Миний араас гүйж, гуйж ирж авч байсан. Цувуулж хэдэн төгрөг өгсөн нь үнэн. Мөнгөө зээлдүүлсний төлөө өнөөдөр би өөрөө хохироод байж баймааргүй байна. Би өнөөдөр  алдангийг энэ байна гээд хувилж мэдэхгүй байна. Надад өмгөөлөгч авах боломж нь алга, улсын тэмдэгтийн хураамжийг арай ядаж төлсөн. Энэ хүнд 5 цаасаа өгчхөөд 3 удаа ажлын цагаа хомсдуулан байж шүүх хуралдаанд оролцох ёстой юм уу? би 7,000,000 төгрөгийг итгээд өгсөн дөө өөртөө харамсаж байна. Одоо тэгвэл хүү, алданги нэхэмжлэхээ больё. Буянаараа бол алданги нэхэмжлэхгүй 6,100,000 төгрөгийг бүтнээр нь яг одоо авмаар байна” гэжээ

Хариуцагч Ө.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө.У би 2021 оны 12 сарын 04-ны өдөр Д.Ц 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Гэвч тухай цаг хугацаанд ковид 19 халдварт өвчин гарсан тул хил хааж мөн хатуу хөл хорио тогтоож байсан учир үйл ажиллагаа ажиллахгүй байсан учраас  мөнгөө цаг тухайд нь өгч чадахгүй байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанд Д.Ц 2022 оны 01 сарын 04-ны өдөр 1,400,000 төгрөг,  2022 оны 02 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 сарын 01-ний өдөр 200,000 төгрөг,  2022 оны 04 сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 08 сарын 09-ны өдөр 50,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 4,700,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж багагдуулах болно” гэв.

Хариуцагч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их өрөнд ороод зээлээ төлөх ямар ч боломжгүй болчихсон юм аа. Намайг хүлээхийн хувьд зөндөө хүлээсэн. Би бага багаараа боломжоороо төлөөд явъя, ямар ч байсан найз нь асуудалгүй өгөөд байя гэж хэлсэн. Шүүхэд хандаад шүүхээр шийдүүлж авна гэж надад хэлсэн. Би 6,100,000 төгрөгийг ямар ч байсан төлнө. Харин өр зээлээсээ гарах юм бол гомдсон гомдлыг нь яаж ийж байгаад барагдуулна, намайг уучлаарай” гэв.

Хариуцагч Ө.У өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх У Ц нарын хооронд зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 7,000,000 төгрөгийг, алданги  нэхэмжлэх эрхгүйгээр барьцаагүй зээлсэн байна. Зээлийн гэрээний хувьд өгсөн, авсан зүйлд маргадаггүй. Төлж байсан төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 1,400,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 50,000 төгрөг гээд нийт 2,800,000 төгрөгийг төлсөн байна. Төлсөн мөнгөн дүнд зохигч нарын хувьд маргаангүй. Зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан байна. Үлдэх төлбөрийг 6,100,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан бичгээр зээлийн гэрээ  байгуулахдаа 1 сарын хүүтэй байгуулсан тул 1 сарын хүүг төлөх үндэслэлтэй байна. Зээлийн үлдэгдэл 6,100,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв” гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-2021 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар,

-хариуцагч Ө.У хариу тайлбар,

-нэхэмжлэгч Д.Ц тайлбар,

- Хариуцагч Ө.У Х банкны дансны хуулга 6 хуудас.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ө.У үндсэн зээл 7,000,000 төгрөг, түүний хүүд 9,550,000 төгрөг, нийт 16,550,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2021 оны 12 сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Ө.У нарын хооронд 2021 оны 12 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 7,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирсон байна.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх  үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа, эсхүл татгалзсан талаар тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд 7,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлж авсан, уг зээлийн хүүнд 1,400,000 төгрөг, үндсэн зээлээс 900,000 төгрөгийг тус тус төлсөн талаар тайлбар гаргаж, хариуцагчийн ХААН банкны дансны хуулга /6 хуудас/-ийг гаргаж өгсөн бөгөөд зохигчид энэ талаар маргаан гаргаагүй болно. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлжгч тал үндсэн зээл 7,000,000 төгрөг, түүний хүү, алданги 9,550,000 төгрөг, нийт 16,550,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч  тал зээлийн гэрээгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 7,000,000 төгрөгийг, алданги  нэхэмжлэх эрхгүйгээр барьцаагүй зээлсэн байна. Зээлийн гэрээ байгуулахдаа 1 сарын хүүтэй байгуулсан тул 1 сарын хүүг төлөх үндэслэлтэй байна. Хүү, алданги төлөхгүй, үлдэх зээлийн үндсэн төлбөр 6,100,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж мэтгэлцсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц хүү, алданги нэхэмжлэхээс татгалзсан болно.  

Иймд дээрх үндэслэл болон хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү болох 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У 112,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгохоор хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Т овогт Ө.Ур зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Д.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,450,000 /арван сая,дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У 112,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгосугай.

3. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.Ц