| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/00417/И |
| Дугаар | 137/ШШ2022/00460 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2022/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т б-ы /УБД: ..., РД: ..../,
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөөгч: Т б -ын Б-ийн Б /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Т овогт Ө-ын У /РД: ..., утас .../-т холбогдох
Кредит картын зээлийн үндсэн төлбөрийн өр 3,499,483.23 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,103,484.78 төгрөг нийт 4,602,967.01 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2022 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагч Ө.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Зээлдэгч Б.У нь Т б-ы 2018 оны 06 сарын 11-ний өдөр ... тоот шийдвэрээр 4,500,000 төгрөгийг сарын 2, 3 хувийн, жилийн 24, 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай кредит картын зээл авсан. Зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2021 оны 12 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 4,602,968.01 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Ө.У-ээс кредит картын зээлийн үндсэн төлбөрийн өр 3,499,483.23 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,103,484.78 төгрөг, нийт 4,602,968.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У нь Т б-ы салбараас 2018 оны 06 сарын 11-ний өдөр ... тоот шийдвэрээр 4,500,000 төгрөгийг сарын 2, 3 хувийн, жилийн 24, 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай кредит картын зээл авсан. 2021 оны 12 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүй. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 4,602,968.01 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Ө.У-ээс кредит картын зээлийн үндсэн төлбөрийн өр 3,499,483.23 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,103,484.78 төгрөг нийт 4,602,968.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
2018 оны 06 сарын 11-ний өдөр ... тоот гэрээ байгуулсан 1 жилийн хугацаатай 4,500,000 төгрөгийн буюу кредит картын зээл хийсэн. Үүнээс 1 жилийн хугацаанд картын зээлийг зохих ёсны дагуу хэрэглэж хугацаа дуусахад үндсэн зээлийг төлж чадаагүй болно. Үүнээс хойш корона гараад зээлийн хүү явсаар их болсон. 2021 оны 12 сарын 23-нд 2,899,000 төгрөг төлсөн болно. Үүнийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй. Төлж чадаагүй хугацааны хүүг хасаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т б-аас 4,500,000 төгрөгийн кредит картын зээл авсан. Миний хийсэн мөнгө зөвхөн хүүгээс хасагдаад байсан байна лээ. Сүүлд 2021 оны 12 сарын 23-нд төлсөн 2,899,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцож, хүү, торгуулийг цуцалж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас:
-Т б-ы итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 05-07/
-2018 оны 06 сарын 11-ний өдрийн ... дугаартай кредит карт эзэмших гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт /хх-ийн 08-10/
- Ө.У-ийн кредит картын хуулга /хх-ийн 29-33/
Хариуцагч талаас:
-Шүүх хуралдаанд Ө.У-ийн Т б-ы харилцах дансны харилцагчийн хуулга гаргаж өгсөн болно.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч Т б-ы нь хариуцагч Б.У-тэй 2018 оны 06 сарын 11-ний өдөр ... тоот шийдвэрээр 4,500,000 төгрөгийг сарын 2, 3 хувийн, жилийн 24, 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай кредит картын зээл олгож, хариуцагч нь 2021 оны 12 дугаар сараас хойш график зөрчигдөн хугацаа хэтэрсэн, төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 4,602,968.01 төгрөг үлдсэн тул шүүхэд нэхэмжлэл гарган шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөөгүй.
1 жилийн хугацаанд картын зээлийг зохих ёсны дагуу хэрэглэж хугацаа дуусахад үндсэн зээлийг төлж чадаагүй, корона гарч зээл төлөөгүй, 2021 оны 12 сарын 23-нд 2,899,000 төгрөг төлсөн. Төлсөн 2,899,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, хугацаа хэтэрсэн хүүг хасуулахаар маргасан.
Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ө.У нь Т б-ны 2018 оны 06 сарын 11-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийн сарын 2, 3 хувийн, жилийн 24, 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ашигласан зээлийн дүнгээс 20 хувиар төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан нь кредит карт эзэмших гэрээ /хх-ийн 08/, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч нь 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөөлгүй хугацаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 жил 2 сарын хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 2.5.1-д “бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь”, 2.5.2-т “бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь”, 2.7.1-д “ашигласан зээлийн дүнгээс 20 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн гүйлгээний хүү, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр”, 2.7.2.-т “банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг дуустал” төлбөр төлөх хугацааг тогтоосон, 3.8-д “банк төлбөрийн гүйлгээг хугацаа хэтрүүлсний шимтгэл, хүүгийн төлбөр, шимтгэл хураамж, бэлэн гүйлгээ, бэлэн бус гүйлгээ гэсэн дарааллаар гүйцэтгэх бөгөөд хэрэв өмнөх тооцооллын үеүдэд төлбөрийн үйлдэгдэлтэй тохиолдолд өмнөх тооцооллын үеүдийн төлбөр дээрх дарааллын дагуу эхэлж төлөгдөх зарчмыг баримтална” гэх нөхцөлүүдийг гэрээний талууд зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан байна.
Хариуцагч Ө.У нь 2021 оны 12 сарын 23-нд төлөгдсөн 2,899,000 төгрөгийг үндсэн зээлийн өрнөөс хасуулж тооцох, зээлийн хүү, торгуулийг цуцлуулах тайлбараа шүүхэд ирүүлсэн боловч тайлбарынхаа үндэслэлээ нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Ө.У-ийн төлсөн гэх 2,899,000 төгрөгийг гэрээний 3.8-д зааснаар зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэлд тооцон авсан нь кредит дансны хуулга /хх-ийн 32/-аар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн данснаас гэрээнд заагдаагүй данс хөтөлсний шимтгэл гэж олон удаа мөнгө авч байсан байна. Үүнийг тодорхой хэмжээний төлөлтүүд хийж байсан гэж үзэхээр байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн хуулга нь хариуцагч Ө.У-ийн харилцагчийн дансны хуулга байх бөгөөд энэ дансаар хариуцагч нь кредит картын зээлийн төлөлтийг хийхээс гадна бусад гүйлгээг хийж байсан нь тогтоогдож байна. Иймд уг данснаас гарсан шимтгэл, хураамж нь зөвхөн кредит карттай холбоотой гэж ойлгох боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэлийг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд коронавируст цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцааг үгүйсгэх, цаашлаад хариуцагчийг зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүх зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн өр 3,499,483.23 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,103,484.78 төгрөг, нийт 4,602,968.01 төгрөгийг хариуцагч Ө.У-ээс гаргуулж нэхэмжлэгч Т б олгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88,597.49 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 88,597.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Ө.У-ээс үндсэн зээлийн төлбөр 3,499,483.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,103,484.78 төгрөг, нийт 4,602,968.01 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б-ы олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,597.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-ээс 88,597.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б