Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/02459

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 01 181/ШШ2022/02459

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Д.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, Т.Б-д холбогдох

Гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн Д.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхээ нь 2019.06.24-ний өдөр Т.Батмягмартай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн 2018.12.25-ны өдөр импортолж гаалиар оруулж ирсэн суудлын зориулалттай, ZVW---------4 арлын дугаартай хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдаж, тухайн өдрөө түүнд автомашиныг шилжүүлэн өгсөн. Т.Батмягмар нь автомашины үнийг төлөхгүй намайг хохироож байна.

Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, автомашины үнэ 15,500,000 төгрөгийг Т.Батмягмараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Батмягмар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болсон тус тээврийн хэрэгслийг 2019.06.24-ний өдөр Шинэ-22 авто захаас машин үзэж яваад Өлзий гэх хүнтэй уулзан худалдаж авахаар тохирсон. Худалдаж авахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багт байрлах өөрийн өмчлөлийн 6000 мкв газраар солихоор харилцан тохиролцсон улмаар тэр өдрөө машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. 2019.06.26-ний өдөр би тус тээврийн хэрэгслийг "Тайгын булаг ХХК-д барьцаалан зээл авсан. Гэтэл түүнээс 2 хоногийн дараа надад машин худалдсан Өлзий гэх залуу над руу залган япон захирлууд ирэх гэж байна таны машиныг түр тооллогод оруулаад буцаагаад авчраад өгье гэж надад хэлээд миний машиныг аваад явсан. Түүнээс хойш би Өлзий гэх залуутай холбогдох гээд чадахгүй өдийг хүрлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Д.Энхээгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Д.Энхээ болон Т.Батмягмар нарын хооронд байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Тоёото прусс маркийн 09-** У** улсын дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Т.Батмягмарыг эрэн сурвалжилсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02326 дугаар шийдвэр, Т.Батмягмарын оршин суугаа хаягийг тогтоосон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 26иб3/797 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас Т.Батмягмарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн Тайгын булаг авто ХХК болон Т.Батмягмар нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн Тайгын булаг авто ХХК болон Т.Батмягмар нарын хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07/817 дугаар албан бичиг, Тайгын булаг авто ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/2-038 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхээ нь хариуцагч Т.Батмягмарт холбогдуулан гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Батмягмар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, автомашиныг Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багт байрлах өөрийн өмчлөлийн 6000 мкв газраар солихоор тохиролцсон, автомашиныг буцаагаад авсан гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Д.Энхээ нь Т.Батмягмартай 2019.06.24-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн 2018.12.25-ны өдөр гаалиар оруулж ирсэн суудлын зориулалттай, ZV--4 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 5 хуудас/

Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Худалдагч Д.Энхээ нь 2019.06.24-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авагч Т.Батмягмарын өмчлөлд ZV-4 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн байна.

Т.Батмягмар нь Д.Энхээгээс худалдаж авсан автомашинаа Тайгын булаг авто ХХК-тай 2019.06.26-ны өдөр Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулан автомашиныг Тайгын булаг авто ХХК-ийн нэр дээр шилжүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн Тайгын булаг авто ХХК болон Т.Батмягмар нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн Тайгын булаг авто ХХК болон Т.Батмягмар нарын хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 19-22 хуудас/

 

2.2. 2019.06.24-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд автомашины үнэ 15,500,000 төгрөгийг 2019.06.24-нд төлж дуусгана гэж, Төлбөр тооцоо дууссан гэж бичигдсэн. /хавтаст хэргийн 5 хуудас/

Талууд автомашины үнийг 15,500,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй.

 

Хариуцагч Т.Батмягмар нь автомашины үнийг төлсөн эсэх, төлөх эсэх талаар маргаж, автомашиныг Өлзий гэх хүнтэй Төв аймгийн Алтанбулаг сумын 2 багт байрлах өөрийн өмчлөлийн 6000 мкв газраар солихоор харилцан тохиролцсон, автомашиныг буцаагаад авсан гэж тайлбарласан.

 

2.2.а. Т.Батмягмар бусдад газраа шилжүүлсэн өргөдөл газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022.09.21-ний өдрийн 07/817 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54 хуудас/

Мөн гэрч Ж.Ө шүүх хуралдаанд Д.Энхээ машинаа зарахаар тавьсан учраас би машиныг нь хүмүүст үзүүлж байхад Т.Батмягмар ирж үзээд авахаар сонирхсон, Т.Батмягмар нь машины үнэд анх газар өгье гэсэн санал гаргаад бид газрыг нь очиж үзээд авах боломжгүй гэдгээ хэлсэн. Т.Батмягмар автомашины үнэ 15,500,000 төгрөгийг төлөөгүй. гэрээний загвараар гэрээг байгуулсан бөгөөд төлбөр тооцоо дууссан гэх үг бичээтэй байсныг засварлаагүй байна. гэж мэдүүлсэн.

Эдгээрээс үзэхэд хариуцагч Т.Батмягмарыг автомашины үнэ 15,500,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.2.б. Хариуцагч Т.Батмягмар нь автомашины үнэд газар шилжүүлэн өгсөн, үнэ төлсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

2.2.в. Тайгын булаг авто ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн 22/2-038 дугаар албан бичгээр тухайн байгууллага нь 09-** У** улсын дугаартай, ZV-4 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг хураан авч, иргэн Т.Б-_н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Энхээг автомашинаа буцаан авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 55 хуудас/

Иймд хариуцагч Т.Батмягмараас автомашины үнэ 15,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхээд олгох үндэслэлтэй байна.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Батмягмараас 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхээд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Энхээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батмягмараас 235,450 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхээд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА