Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03928

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                  2022       09            29   

           101/ШШ2022/03928

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Т сөхны гаргасан,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

            Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2,473,785.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 73 дугаар байрны тоот хаягт оршин суугч хариуцагч Б.Б нь 2014 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Манай сууц өмчлөгчдийн холбооны хурлаас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 30,245.00 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 32,950.00 төгрөг, 2020 оны 03 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал сар бүр 38,950.00 төгрөгөөр тогтоосон ба хариуцагч нь 2,460,985.00 төгрөгийг төлж барагдуулаагүй.

 

Иймд, хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,460,985.00 төгрөг, нотариатын зардалд 12,800.00 төгрөг, нийт 2,473,785.00 гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Манай СӨХ нь оршин суугч нартаа тогтмол санхүүгийн тайлан, үйл ажиллагаагаа танилцуулж ирсэн ба хариуцагчийн хариу тайлбарт дурдсан шиг орцны болоод гадна талбайн цэвэрлэгээ, харуул хамгаалалт сайтай.

Бид оршин суугч нартаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тэдгээрт мэдэгдэж, банкаар дамжуулан төлүүлдэг. Хэрэв урьд өмнөх саруудын төлбөрийг төлөөгүй байх юм бол суутгадаг. Хариуцагч Б.Б-ийн хувьд бага хэмжээний төлбөрийг төлснийг суутгасан” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2,473,785.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч “Т” СӨХ нь оршин суугчдын сар бүр төлөх төлбөрийн зарцуулалт, төлбөрийн задаргааг надад огт танилцуулдаггүй, тайлангийн хурал хийдэггүй, цэвэрлэгээ муу хийдэг, эвдэрч гэмтсэн зүйлийг цаг тухайд нь засварлаж янзалдаггүй зэрэг байнгын дутагдал гаргадаг. Энэ талаар СӨХ-ны удирдлагад хэлж сануулж шаардаж ирсэн боловч ямар нэгэн үр дүнтэй арга хэмжээ авдаггүй.

 

Жишээ дурдаж хэлэхэд орцонд орон гэргүй согтуу хүмүүс орогнож бие зассан байсантай олон таарсан. Мөн орон сууцны доор байрлах гараажид цэвэрлэгээг огт хийдэггүй, тоос шороондоо дарагдсан, золбин муур үүрэлсэн байдалтай байна. Үүнээс гадна тус гараажид зөвшөөрөлгүй айл өрхийг амьдруулах, хиншүү хярвас гаргах зэргээр бид бүгдэд тав тухгүй байдал үүсгэж байна. Эдгээр зөрчил дутагдалаа арилгасан тохиолдолд "Т" СӨХ-тэй тусгайлан гэрээ байгуулан төлбөрийг цаашид төлж болно. Харин энэхүү нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй. Оршин суугч хүний хувьд юунд хэдэн төгрөгийн төлбөр төлж хариу үйлчилгээ авч байгаагаа тодорхой мэдэх эрхтэй билээ. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлан хавсаргах гэсэн боловч банкны барьцаанд эх хувиараа хадгалагдаж байгаа тул лавлагааг гаргаж өгч байаа.

 

Мөн хариуцагчаар татагдсан миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул тус иргэний хэргийг нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн дагуу нарийвчлан хэлбэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг анхааран үзэж хариуцагч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү.

 

Нэмж хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нотариатын хураамж 12,800.00 төгрөгийг хариуцагч миний бие ямар үндэслэлээр төлөх үүрэгтэй болохоо ойлгохгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 54,531.00 төгрөг төлсөн баримт,
  2. Төлбөрийн нэхэмжлэх,
  3. “Т СӨХ-ны ТУЗ-ын хурлын тогтоол,
  4. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, дотоод журам.

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

  1. Хариу тайлбар,
  2. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

  1. “Т “СӨХ-ны ТУЗ-ийн хурлын тогтоол, төлбөрийн задаргаа.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч Б.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 2,473,785.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хариуцагчаас тус шүүхэд бичгээр гаргасан тайлбараа нэхэмжлэгчийг орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг зохих ёсоор хангаагүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлын танилцуулдаггүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэж маргасан. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоонд 95 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

 

Энэхүү баримтаас үзвэл нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Г.Г-ийг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр томилсныг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр бүртгэсэн ба тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, 71, 72, 73, 74 дүгээр байрыг тус тус хариуцдаг эсэх талаар зохигчид маргаагүй.

           

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3“сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь ийнхүү хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймд, уг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Г нь төлөөлөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

  1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан “Т банк” ХХК-ийн баримтаар хариуцагч Б.Бэс 2014 оны 02 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 2,460,985.00 төгрөгийг нэхэмжилж байгаа ажээ.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийг 2014 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 2,460,985.00 төгрөгийг төлөөгүй” гэсэн боловч нэхэмжлэлд дурдсан болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Б нь 2014 оны 2, 3 дугаар сар, 2015 оны 06 дугаар сар, 2016 оны 5 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байна.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж зааснаас гадна 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан.

 

            Тодруулбал, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар заавал гишүүнчлэлтэй тус холбооны эрх барих дээд байгууллага болох бүхий гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгчийн тайлбараар 2014 оны 2 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл 30,245.00 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 32,950.00 төгрөг, 2020 оны 3 дугаар сараас 38,950.00 төгрөгөөр тус тус гишүүдийн төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосон үйл баримттай хариуцагч Б.Б-ийн зүгээс маргаагүй.

 

             Гэвч хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоог орон сууц, автозогсоолын ойр орчмын талбайн хогийг цэвэрлэдэггүй, үйл ажиллагааны тайлан, зардлын талаар танилцуулдаггүй, засвар, үйлчилгээг маш муу хийдэг гэж маргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2 болон 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгчийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг танилцуулдаггүй, орон сууц, автозогсол, орцны цэвэрлэгээ муу, харуул хамгаалалт байдаггүй, тоос шороондоо дарагдсан, согтуу хүмүүс орогнодог” гэх тайлбараа баримтаар нотлохгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн, аль эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд орон сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд энэ талаар гомдол гаргах, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй болон холбооны үйл ажиллагааг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, мөн 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй билээ. Иймд, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоонд 2,460,985.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч Б.Бд холбогдуулан нотариатын үйлчилгээний зардалд 12,800.00 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн нотариатч н.Хужаа нь нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоонд нотариатын үйлчилгээний төлбөрт 12,800.00 төгрөгийг “Х банк” ХХК дахь  тоот дансанд төлөхийг шаардсан нэхэмжлэх хүргүүлжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь тус төлбөрийн нэхэмжлэхийн дагуу нотариатчид 12,800.00 төгрөгийг бэлнээр, эсхүл бэлэн бусаар төлсөн баримтыг хэрэгт өгөөгүй, уг төлбөрийн нэхэмжлэх нь бодитоор төлсөн гэдгийг нотолсон баримт биш юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,460,985.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Бэс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 2,460,985.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,531.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 54,326.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР