| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/04738/И |
| Дугаар | 101/ШШ2022/04081 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/04081
| 2022 10 07 | 101/ШШ2022/04081 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Г.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,926,306.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээлдэгч Г.А нь “Т” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1102020 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 1102020-01 дугаартай цахим зээлиин дэд гэрээг тус тус байгуулж, нийт 1,548,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Гэвч тэрээр зээл авсан өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 250 хоног хугацаа хэтэрсэн ба үндсэн зээлийн үлдэгдэл 1,548,000.00 төгрөг, зээлийн хүү 356,252.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,554.85төгрөг, нийт 1,910,806.90 төгрөг төлөхөөр байна.
Манай компанийн зүгээс зээлдэгч Г.Аийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан хэдий ч зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна. Иймд, хариуцагч Г.Аөөс 1,926,306.09 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-иас хариуцагч Г.Аөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,926,306.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн уг хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иймээс тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 4-7 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс банк бус санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд бусдад зээл олгохыг зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.А нь уг 1,548,000.00 төгрөгийг “Т” ХХК-иас “самсунг А32” болон “редми 9Т” маркийн гар утас худалдан авах зорилгоор зээлсэн гэсэн ба тус компаниас барааны мөнгөний нэхэмжлэх болон бараа хүлээлгэн өгсөн тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актанд тусгагдсанаар хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь “Т” ХХК-нд хариуцагч Г.Аийн зээлсэн 1,548,000.00 төгрөгийг шилжүүлснээр зээлдэгч нь дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авчээ /х.х-ийн 20, 22 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч Г.А нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч тал гэрээний зүйл болох нийт 1,548,000.00 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчдын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч буюу хариуцагч Г.А нь 1,548,000.00 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 2.80 хувийн хүүтэй ашиглаж, зээлийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна /х.х-ийн 17 хуудас/.
Тодруулбал, хэдийгээр хариуцагч буюу зээлдэгч нь зээлийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч сар бүрийн 25-ны өдөр үндсэн, зээлийн хүүнд 91,000.00 төгрөгийг тогтмол төлсөөр 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 77,520.48 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч Г.А нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс түүнд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 1,548,000.00 төгрөг, зээлийн хүү 356,252.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,554.85 төгрөг, нотариатын зардал 15,500.00 төгрөг, нийт 1,926,306.09 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс татгалзаж буй эсэх талаар тайлбар өгөөгүй.
Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.
Талуудын байгуулсан дэд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т тус тус зааснаар 1,548,000.00 төгрөгийг сарын 2.80 хувийн хүүгээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 250 хоногийн зээлийн хүү нь 356,252.05 төгрөг болж байх тул хариуцагч Г.А нь үүнийг нэхэмжлэгч “Т” ХХК-нд үндсэн зээлийн хамт төлөх ёстой /1,548,000x2.80%=43,344 /1 сарын хүү/. 43,344x12=520,128 /1 жилийн хүү/, 520,128:365=1,425 /1 өдрийн хүү/, 1,425x250=356,252.05/
Харин нэмэгдүүлсэн хүү болох 6,554.85 төгрөгийн хувьд зохигч нар гэрээгээр тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тодруулбал, хэдийгээр талуудын байгуулсан цахим зээлийн эрх нээлгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.5-д “нэмэгдүүлсэн хүү гэж ...............................20 хувьтай тэнцэх хувь хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийг хэлнэ” гэж зохицуулсан байх боловч энэ нь зөвхөн нэр томьёоны тайлбар ажээ.
Өөрөөр хэлбэл, зохигчдын байгуулсан дэд зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэдэн хувь болохыг тухайлан заагаагүй, цахим зээлийн эрх нээлгэх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх агуулгыг дэд гэрээнд тусгасан боловч тэрхүү нэр томьёоны тайлбараар зээлдэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг ногдуулсан гэж үзэхгүй тул нэмэгдүүлсэн хүү 6,554.85 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК нь нотариатч Б.Таар шүүхэд нэхэмжлэл өгөхтэй холбогдуулан нотлох баримтуудыг гэрчлүүлэхэд 15,500.00 төгрөгийг төлсөн байна. Зүй нь, хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол зээлдүүлэгчээс ийм хэмжээний зардал гарахгүй байсан ажээ /х.х-ийн 25, 26 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,919,752.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,554.85 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР