| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0227/э/ |
| Дугаар | 0247 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 0247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Т.Э-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 1725001100042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ***** ХХК-д оосорлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Э овогт Т-ийн Э- /РД: хх*******/
Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эхнэр З.С-г сүмд явж бурханд итгэж байна гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай эхнэр бараан захын хажуу талд байдаг сүмд явдаг. Хамгийн сүүлд уураа тэвчихгүй гар хүрсэн нь үнэн. Дахиж гар хүрэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн хувьд маргах зүйлгүй, эхнэрийн гар хөл рүү нь 4-5 удаа цохисон. Уг нь урьд нь хэлж байсан. Намайг бодох юм уу, сүмээ бодох юм уу гэснээс маргасан. Манай гэр бүлд сүмээс өөр маргаан үүсдэггүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч З.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Э- гэртээ согтуу орж ирээд чиний амьдрал чамд хэрэгтэй юм уу, сүм чинь чамд хэрэгтэй юм уу гээд уурласан. Би урдаас нь сүмд явна надад хэрэгтэй гэж хэлэхэд Э- над руу уурлаж хэвтэж байхад миний хөл рүү 2-3 удаа гараараа цохиод байсан. Би өөрөө тархины мэс засалд орсон болохоор толгой руу цохиж магадгүй гэж бодоод орноосоо босоод жижиг өрөө рүү ороход Э- араас орж ирээд үгийн зөрөөгүй нүүр гар хөл хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 649 дугаартай дүгнэлтэнд:
1. З.С-гийн биед зүүн нүний зовхи, баруун шуу, зүүн бугуй, зүүн хөл, нуруу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,
-Т.Э-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-22 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 07 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 1-20 тоот гэртээ эхнэр З.С-г сүмд явж бурханд итгэж байна гэсэн шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч З.С-гийн “...Э- над руу уурлаж хэвтэж байхад миний хөл рүү 2-3 удаа гараараа цохиод байсан. Би өөрөө тархины мэс засалд орсон болохоор толгой руу цохиж магадгүй гэж бодоод орноосоо босоод жижиг өрөө рүү ороход Э- араас орж ирээд үгийн зөрөөгүй нүүр гар хөл хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн нүний зовхи, баруун шуу, зүүн бугуй, зүүн хөл, нуруу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 649 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч З.С- нь Т.Э-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА