Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Т.Энхсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Энхсайханд холбогдох эрүүгийн 1725001100042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д оосорлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 1-20 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Эрээн хажуу овогт Толягийн Энхсайхан /РД: ФБ 76082271/

 

Шүүгдэгч Т.Энхсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эхнэр З.Сувдааг сүмд явж бурханд итгэж байна гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Энхсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай эхнэр бараан захын хажуу талд байдаг сүмд явдаг. Хамгийн сүүлд уураа тэвчихгүй гар хүрсэн нь үнэн. Дахиж гар хүрэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн хувьд маргах зүйлгүй, эхнэрийн гар хөл рүү нь 4-5 удаа цохисон. Уг нь урьд нь хэлж байсан. Намайг бодох юм уу, сүмээ бодох юм уу гэснээс маргасан. Манай гэр бүлд сүмээс өөр маргаан үүсдэггүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч З.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  2017 оны 07 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Энхсайхан гэртээ согтуу орж ирээд чиний амьдрал чамд хэрэгтэй юм уу, сүм чинь чамд хэрэгтэй юм уу гээд уурласан. Би урдаас нь сүмд явна надад хэрэгтэй гэж хэлэхэд Энхсайхан над руу уурлаж хэвтэж байхад миний хөл рүү 2-3 удаа гараараа цохиод байсан. Би өөрөө тархины мэс засалд орсон болохоор толгой руу цохиж магадгүй гэж бодоод орноосоо босоод жижиг өрөө рүү ороход Энхсайхан араас орж ирээд үгийн зөрөөгүй нүүр гар хөл хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 649 дугаартай дүгнэлтэнд:

1. З.Сувдаагийн биед зүүн нүний зовхи, баруун шуу, зүүн бугуй, зүүн хөл, нуруу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

 

-Т.Энхсайханыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-22 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Энхсайхан нь 2017 оны 07 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 1-20 тоот гэртээ эхнэр З.Сувдааг сүмд явж бурханд итгэж байна гэсэн шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч З.Сувдаагийн “...Энхсайхан над руу уурлаж хэвтэж байхад миний хөл рүү 2-3 удаа гараараа цохиод байсан. Би өөрөө тархины мэс засалд орсон болохоор толгой руу цохиж магадгүй гэж бодоод орноосоо босоод жижиг өрөө рүү ороход Энхсайхан араас орж ирээд үгийн зөрөөгүй нүүр гар хөл хэсэг рүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн нүний зовхи, баруун шуу, зүүн бугуй, зүүн хөл, нуруу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 649 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Т.Энхсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч З.Сувдаа нь Т.Энхсайханаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Энхсайханыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Энхсайханд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Т.Энхсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА