Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00975

 

 

 

“АР” ХХК, Т.БО нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00716 дугаар шийдвэртэй “АР ” ХХК, Т.БО нарын нэхэмжлэлтэй “ИКУН” ХХК-д холбогдох, 33  000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.БО ,  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.БО шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Т.БО би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “АР ” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “АР ” ХХК нь “ИКУН” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг талаас компанийн 80 хувийн хувьцааг шилжүүлэх, нөгөө талаас хөрөнгө оруулалт хийх замааар үйл ажиллагаа явуулахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг компанийн гүйцэтгэх захирлаар Лин Шин И-г томилсныг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгэж авсан. Улмаар “ИКУН” ХХК нь хамтын ажиллагааны гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй байсны улмаас компанийн нэр дээр авсан тусгай зөвшөөрөл хүчингүй болох, үнэгүйдэх эрсдэл үүсээд байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаж, “АР ” ХХК-ийн 80 хувийн хувьцааг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр буцаан авсан. “АР ” ХХК-ийн 80 хувийн хувьцааг аваад удаагүй байтал “ЛЭ ” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэл болох 33 000 000 төгрөгийг “АР” ХХК-иас нэхэмжилсэн. Учир байдлыг тодруулан үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “АР ” ХХК болон “ЛЭ ” ХХК-ийн хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд “АР ” ХХК-ийг төлөөлж Лин Шин И, нөгөө талаас Г.Н, Ц.М нар гарын үсэг зурсан байдаг. Гэтэл “ИКУН” ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцаа шилжүүлэгч тал нь ямар нэгэн өр төлбөргүй компанийн эрх шилжүүлэхээр тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар “ЛЭ ” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 33 000 000 төгрөгийг “ИКУН” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Т.БО ын нэхэмжлэлд дурдсан “ЛЭ " ХХК-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулах үед Т.БО өөрөө байлцсан төдийгүй, 80 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг үүднээс “ИКУН” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Лин Шин И нь гарын үсэг зурах шаардлагатай гэж үзэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Т.БО нь өөрөө “ЛЭ ” ХХК-ийн захирал Г.Н болон Ц.М нарыг дагуулан ирж, танилцуулж гэрээ байгуулахад зуучилсан. Өөрөөр хэлбэл, Т.БО нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” хийгдэх үед уг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 33 000 000 төгрөг байгаа талаар мэдэж байсан. “ЛЭ ” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зориулалт нь “АР ” ХХК-ийн эзэмшлийн XV-20222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг М\/-20841 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохтой холбоотой төлбөр болно. Энэ тусгай зөвшөөрөл одоо “ИКУН” ХХК-тай огт холбоогүй бөгөөд “АР ” ХХК-ийн нэр дээр байдаг болно. “ЛЭ ” ХХК болон “АР ” ХХК-ийн хоорондын төлбөрийн тооцоо нь “ИКУН” ХХК-д хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.БО , “АР ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИКУН” ХХК-д холбогдох, 33 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АР ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.БО давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч тал “АР ” ХХК-ийн 80 хувийн хувьцааг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсны дараагаар уг компани нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “ЛЭ ” ХХК-д 33 000 000 төгрөгийн өр төлбөртэй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар “АР ” ХХК нь “ЛЭ ” ХХК-д 33 000 000 төгрөгийн өр төлбөртэй болох нь нотлогдохгүй байна” гэж мөн “ ... “ЛЭ ” ХХК-иас “АР ” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 33 000 000 төгрөгийг нэхэмжлэх” нь “АР ” ХХК-ийг “ЛЭ ” ХХК-д 33 000 000 төгрөгийн өр төлбөртэй гэдгийг нотлохгүй юм” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн хийсэн дүгнэлт нь дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Үүнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “АР ” ХХК болон “ЛЭ ” ХХК-ийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд “АР ” ХХК-ийг төлөөлж Лин Шин И, нөгөө талаас Г.Н, Ц.М нар зурсан байдаг. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 33 000 000 төгрөгийг “АР ” ХХК-иас шаардаж байгаа.

2. Энэ 33 000 000 төгрөгийн өр төлбөр “АР ” ХХК дээр үүссэн байгаа гэдэг фактад талууд маргаагүй /шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн гаргасан хариу тайлбараар нотлогдоно/ бөгөөд энэ ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хэн хариуцах ёстой талаарх маргаан өрнөсөн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “АР ” ХХК болон “ЛЭ ” ХХК-ийн хооронд хийгдсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-д тухайн үед компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байсан “ИКУН” ХХК-ийн захирал Лин Шин И гарын үсэг зурсан бөгөөд тухайн гэрээ байгуулагдсан хийгээд, үлдэгдэл төлбөр байгаа гэдэг дээр талууд маргаагүй.

3. Энэ маргааны агуулга бол “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу компанийн хувьцааг шилжүүлэхэд доголдолтой эд хөрөнгө, эрх шилжүүлсэн тул тухайн доголдлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага байсан. Талууд “Хувыдаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлж буй компани нь гуравдагч этгээдэд өр төлбөртэй бол хувьцаа болон эрх шилжүүлж буй тал болох “ИКУН” ХХК хариуцахаар гэрээнд тодорхой заасан. Тухайлбал: 2018 оны 6 дугаар сарын 19-ий өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1.2-т “Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх: үгүй” гэсэн байдаг бол, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”ний 3.2-т “Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, блансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалт, мөн гэрээний 3.3-т “Хувьцаа худалдагч тал компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон мэдсээр байж нуун дарагдуулсан бол үүнтэй холбогдон гарсан хохирлыг бүрэн хариуцна” гэж заасан, мөн тус гэрээний 3.6-т “...Бусад өр төлбөр гарвал Монгол улсын хуулийн этгээд болох “ИКУН” ХХК нь хариуцна” гэж заасан.

4. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан. Гэтэл “ЛЭ ” ХХК-иас удаа дараа утастаж Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж байсан улмаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “33 000 000 төгрөгийн нэхэмжлэх”-ээ явуулсан. Дээрх хуульд заасан доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг нотолно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дэх хэсэгт “ Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байна. “ЛЭ ” ХХК нь “АР ” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан болох, үүний дагуу 33 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, “ЛЭ ” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу нотлогдож байна.

Гэтэл шүүгч нотлох баримтуудыг дутуу үнэлж, шийдвэр гаргасан байх бөгөөд маргааны агуулга, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “АР ” ХХК, Т.БО нар нь хариуцагч “ИКУН” ХХК-д холбогдуулан 33 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ИКУН” ХХК нь Т.БО той 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-г тус тус байгуулж, Т.БО нь “АР ” ХХК-ийн 80 хувийн хувьцааг 80 000 төгрөгөөр “ИКУН” ХХК-иас худалдан авахаар тохиролцож, “АР ” ХХК-ийн дүрэмд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “...компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Т.БО ” гэж бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 15, 18-19 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Т.БО нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “АР ” ХХК-ийн хувьцаа худалдаж авсны дараагаар уг компани нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ЛЭ ” ХХК-д 33 000 000 төгрөгийн өр төлбөртэй, худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой” гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасан.

 Талуудын хоорондын гэрээний зүйл нь “ “АР ” ХХК-ийн 80 хувийн хувьцаа” байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.” гэж тус тус заадаг. Нэхэмжлэгч талын худалдан авсан хувьцааны эрхийн талаар аливаа гуравдагч этгээдээс шаардлага гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас доголдолтой эд хөрөнгө гэж үзэх боломжгүй.

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.6 дахь хэсэгт “... өр төлбөр гарвал “ИКУН” ХХК хариуцна” гэж тохиролцож, хариуцагч нь өр төлбөр үүссэн тохиолдолд хариуцах талаар үүрэг хүлээсэн байна. Энэхүү гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор учирсан хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй. Иймээс шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн гаргаагүй үндэслэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй. Харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой шаардлага гаргах эрхэд нь энэ шийдвэр саад болохгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                               ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                      Б.НАРМАНДАХ