Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 126/2016/0029/З |
Дугаар | 221/MA2017/0058 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/MA2017/0058
Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Нямдэлгэр нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор О.Амарсайханд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайханы гаргасан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 36-07/65 дугаар “Цалингийн зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, үндэслэлгүй дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүх захиргааны актын зөвхөн хууль зүйн үндэслэлийг шалгах, өөрөөр хэлбэл шүүх зөвхөн тус актын үндэслэл болох “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж үзсэн үндэслэл нь хууль ёсны эсэхийг шалгах ёстой байсан. Д.Нямдэлгэр миний хувьд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан болохоос багш ажилчид ямар ч ажлын үр дүн, амжилт гаргаагүй байхад үндэслэлгүйгээр багш ажилчдад амжилт гаргасан мэтээр ур чадварын нэмэгдэл, цалингийн урамшуулал олгосон зүйл огт байхгүй. Мөн сургалтын байгууллагын тухайн жилийн цалингийн санд батлагдсан ур чадварын нэмэгдлийн санд нь багтаан ур чадварын нэмэгдлийг олгодог бөгөөд энэ л батлагдсан төсөв санд нь багтаан сургуулийн багш ажилтанд ур чадварын нэмэгдлийг олгосон. Тухайн сургуулийн захиргаанаас багш ажилчдаа урамшуулах, ур чадварын нэмэгдлийг олгохдоо ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийг огт үндэслэдэггүй. Сургуулийн захирал тухай бүр нь дангаар шийдээд тушаал гаргаад л урамшууллаа олгоод явдаг байдал хэвшиж тогтсон, заншил болсон зүйл. Би энэ байдлыг нотлох үүднээс урд өмнө нь сургуулийн захирлын гаргасан тушаалуудыг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүгч ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаас хассан. Улсын байцаагчийн тухайн актаар намайг төсөвт хохирол учруулсан, батлагдсан төсвийг зориулалтаар нь зарцуулаагүй гэж үзсэн үндэслэл тогтоогдоогүй, намайг хэзээ хэрхэн яаж, ямар байдлаар төсөвт хохирол учруулсныг, зориулалтаар нь зарцуулаагүй гэх байдлыг нотолж чадаагүй. Би сургуулийнхаа амжилтын төлөө нөр их хүч хөдөлмөрөө зарцуулж, багш хамт олноо нэгтгэж хамтарч ажилласны дүнд 2012 онд Чандмань бүсийн олимпиадад амжилттай оролцон ажлаа дүгнүүлж чадсан учир ур чадварын нэмэгдэл, урамшуулал авах эрхтэй болсон. Тэгээд ч хөдөө орон нутгийн тэр тусмаа сумын сургуулийн хэдэн багш ажилчид маш хүнд нөхцөлд ажилладаг, бид өөрсдийн бор зүрхээрээ өөрсдийгөө хөгжүүлж ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж байж энэ амжилтыг гаргасан. Улсын байцаагчийн энэ актыг үндэслэн Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас намайг ажлаа өгөхийг шаардаж, ажлаас халах шийдвэр хүртэл гаргасан байгаа бөгөөд энэ байдал нь намын хэт явцуу үзэл суртлаар хандаж, миний идэх хоолноос минь хумслан салгаж байгаад би гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайханы гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх тухай” 36-07/65 дугаар актаар Д.Нямдэлгэрийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр 454.631 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Нямдэлгэр дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ “улсын төсөвт хохирол учруулаагүй, олимпиадад оролцож амжилт гаргасан багш ажилчид болон өөрийгөө урамшуулсан нь байгууллагын дотоод журамд нийцсэн, би улсад 11 жил ажилласан тул цалингийн шатлал ахиулсан нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан, хариуцагч “захиргааны ерөнхий акт гаргах хүн өөртөө зориулаад ур чадварын нэмэгдэл олгосон нь хууль зөрчсөн, тухайн сумын Засаг даргадаа танилцуулаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой” гэж маргасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Д.Нямдэлгэр нь тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар үндсэн цалингийн 20 хувийн урамшуулал олгохоор, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар 2 сарын хугацаатай ур чадварын нэмэгдэл олгохоор, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар цалингийн шатлал ахиулахаар шийдвэрлэснийг Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4.2-т заасан “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, …зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам” зэргийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,
Д.Нямдэлгэр дээрх тушаалуудаар сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн урамшил олгосон бус ур чадварын нэмэгдэл олгосон байх ба ийнхүү ур чадварын нэмэгдэл олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” зэргийг баримтлах учиртай.
Дээрх журмын 2-т “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 4-д “Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно”, 6-д “Багш, ажилтны ур чадварыг үнэлэхдээ дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтална” ...Албан тушаал: Сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нь “Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан тэмцээнд оролцож, дүүрэг, аймаг, нийслэл, улсад гаргасан амжилт” гэж, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 12 жилийн сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 16.1.8-д Олимпиад, уралдаан, тэмцээнд амжилт гаргасан багш нарт ур чадварын нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох хувь хэмжээ зэргийг зааснаас үзвэл олимпиад, бүсийн ур чадварын уралдаанд амжилттай оролцсон 8 багш, сургалтын менежер Д.Нямдэлгэр, Д.Содномпил нарт ур чадварын нэмэгдэл олгосныг Төсвийн тухай хуулийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн гэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/54 дүгээр захирамжаар тус сургуулийн захирал Ё.Давааг ажлаас чөлөөлж, сургуулийн захирлын үүргийг түр хугацаагаар сургалтын менежер Д.Нямдэлгэрээр хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэсэнтэй холбоотой бус сургалтын менежерийн албан үүргийг гүйцэтгэсэнтэй холбоотой ур чадварын нэмэгдэл олгох, сургалтын менежерийн цалингийн шатлал ахиулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тухайн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын гүйцэтгэх ажлын чиг үүрэгт хамаарч байна.
Гэтэл анхан шатны шүүх “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 10-т заасан “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд... ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг аймгийн Боловсрол соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирлыг... томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ” гэдгийг зөрчиж өөртөө зориулан тушаал гаргасан гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шалгуур үзүүлэлтийн 9-д зааснаар “сургалтын менежерт ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн байгууллагын ерөнхий менежерийн тушаалаар шийдвэрлэх” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.
Хэдийгээр сургалтын менежер, багш нарт ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээгүй, тийм дүгнэлт гаргуулаагүй нь буруу ч энэ нь “батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” зөрчил гаргасан гэх үндэслэл болж чадахгүй.
Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайханы 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх тухай” 36-07/65 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “тус сургуулийн багш, ажилчид ямар ч амжилт гаргаагүй байхад ур чадварын нэмэгдэл олгосон зүйл байхгүй, тухайн жилийн цалингийн санд ур чадварын нэмэгдлийн батлагдсан төсөвт нь багтаан багш, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгосон, зориулалтын бусаар ашиглаагүй, төсөвт хохирол учруулаагүй” гэх гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Нямдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайханы 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Цалингийн зардал төлүүлэх тухай” 36-07/65 дугаартай актыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нямдэлгэрийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН