Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04299

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                     2022       10         18   

           101/ШШ2022/04299

 

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Я-н гаргасан,

 

Хариуцагч: О.У-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 86,841,126.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Я, өмгөөлөгч Ш.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие өөрийн найз Л.Наар дамжуулан О.Утой анх танилцсан ба тэрээр Баянзүрх дүүрэгт “А 8” гэх нэртэй найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан. Хариуцагч О.У нь 2021 оны 3 дугаар сард миний  дугаар руу залгаж мөнгөний хэрэг гараад, туслаач, найдвартай хүүтэй зээлээч тун чухал хэрэг гараад гэж надтай ярих үед надад мөнгө байгаагүй учир энэ тухайгаа тодорхой хэлсэн.

 

Энэ өдрөөс хойш гурав хоногийн дараа Л.Н, О.У нар манай гэрт ирээд зовлон ярьж намайг байр, машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавиад өгөөч, туслаач би дээр нь нэмээд хүү төлөөд буцаагаад өгнө гээд гуйгаад байсан учир миний бие О.Ут итгэж зөвшөөрсөн. Тэгээд миний бие хариуцагч О.Утой 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2022 оны 03-р сарын 31-ны өдөр хүртэл зээлгүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

 

Надад тухайн үед мөнгө байгаагүй боловч банк бус санхүүгийн байгууллагаас сарын 2.9 хувийн хүүтэй 20,000,000.00 төгрөгийг зээлээд  өөрт байсан мөнгөө нэмээд 33,500,000.00 төгрөгийг хариуцагч О.Уын “Х банк” ХХК дахь тоот данс руу шилжүүлж, үлдэгдэл 16,500,000.00 төгрөгт өөрийн өмчлөлийн Тоёота кровн маркийн 67-50 дугаартай автомашиныг бодож түүнд хүлээлгэн өгсөн бөгөөд уг автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгосон.

 

Гэвч хариуцагч О.У нь зээл авсан өдрөөс хойш 10 сарын хугацаанд үндсэн зээлээс 15,556,000.00 төгрөг, зээлийн хүүнд 29,085,000.00 төгрөг нийт 44,641,000.00 төгрөгийг төлсөн. Үүнийг тодохой бичвэл, 2021 оны 04 дүгээр сард үндсэн зээл 8,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 5,000,000.00 төгрөг нийт 13,000,000.00 төгрөг, 2021 оны 05 дугаар сард үндсэн зээлд 6,200,000.00 төгрөг, зээлийн хүүнд 4,200,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сард үндсэн зээлд 1,356,000.00 төгрөг, зээлийн хүүнд 3,580,000.00 төгрөг, 2021 оны 07 дугаар сард зээлийн хүүнд 2,063,000.00 төгрөг, 2021 оны 08 дугаар сард зээлийн хүүнд 3,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард зээлийн хүүнд 2,900,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сард зээлийн хүүнд 3,050,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард зээлийн хүүнд 2,852,000.00 төгрөг, 2021 оны 12 дугаар сард зээлийн хүүнд 1,200,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард зээлийн хүүнд 1,240,000.00 төгрөг, нийт 29,085,000.00 төгрөгийг төлсөн байна.

 

Бид, хариуцагчийг үндсэн зээлд 15,556,000.00 төгрөг төлсөн болон зээлийн хүүнд 29,085,000.00 төгрөг, нийт 44,641,000.00 төгрөгийг төлсөн талаар маргахгүй боловч хариуцагчаас 2,164,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа материал хүлээн авсан ба үүнээс 1,000,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг буцаан өгсөн.

 

Хариуцагч нь тухайн үед 50,000,000.00 төгрөгийн зээл надаас авахдаа хүнээс сарын 25 хувийн хүүтэй зээл аваад төлж чадахгүй байна, гэхдээ намайг 50,000,000.00 төгрөг зээлдүүлчихвэл ямар ч асуудалгүй буцааж төлнө гэж байсан тул миний бие итгэсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг сарын 10 хувь гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан атлаа одоо хэт өндөр байна гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Би, хариуцагчийг бодоо зээлийн хүүг сарын 6 хувь болгох талаар санал гаргаж байсан хэдий тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

 

Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 34,444,000.00 төгрөг, зээлийн хүү 14,694,600.00 төгрөг, алданги 18,139,000.00 төгрөг, нийт 67,277,600.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 8 нэрийн хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд дэлгүүртээ бараа татах, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор мөнгө хэрэг болоод н.Наранцацрал гээд таньдаг эгчээсээ асуусан чинь нэхэмжлэгч Ж.Ят миний тухай хэлж “......чи ч мөнгөө өсгөөд авчих, энэ охинд ...“ гэж хэлснээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү жилийн 10 хувь, зээлийн хугацаа нь 12 сар буюу нэг жил, эргэн төлөх нөхцөл нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өдрийн 500,000.00 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

 

Миний зүгээс зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сар хүртэл үндсэн зээлээс 15,556,000.00 төгрөг, зээлийн хүүнд 29,085,000.00 төгрөг буюу нийт 44,641,000.00 төгрөгийг төлсөн. Гэвч энэхүү гэрээг байгуулсан цаг үед улс орон даяар хүнд хэцүү нөхцөл байдал нүүрлэсэн цаг үе байсан. Дэлхий даяар шинэ төрлийн короновирусын өвчлөл цар тахлын хэмжээнд хүрч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоож үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдаа зогссон хүнд үе байсан.

 

Уг нөхцөл байдал 2 гаруй жил үргэлжилж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 66 дугаар тогтоолоор Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцласан. Ийнхүү 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний хооронд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй байсан нь дээрх тогтоолуудаар нотлогддог.

 

Би, хөл хүнд болчихсон 4 сартай байх үед буюу 2022 оны 02 дугаар сард нэхэмжлэгч Ж.Я нь намайг зээлийн төлбөрийг төлсөнгүй гэж дарамталж байгаад цагаан сарын өмнөхөн манай дэлгүүрээс бараа ачиж аваад явсан. Миний бие тэр үед хэрүүл шуугиан хийгээд яахав гэж бодоод эсэргүүцээгүй. Гэтэл манай дэлгүүрт ойролцоогоор 3,000,000.00 гаруй төгрөгийн бараа байсныг нэхэмжлэгч нь надад 1.4 сая төгрөгийн бараа л байна шүү гэж яриад тэрнээс хойш холбоо барилгүй алга болсон.

 

Тус нэхэмжлэлийн шаардлагад алданги 34,258,126.00 төгрөг, хүү 18,139,000.00 төгрөгийг тус тус төлөхөөр зээлийн тооцоолол гаргасан нь хэт өндөр үндэслэлгүй, мөн нийт 86,841,126.00 төгрөг төлөхөөр тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд 33,500,000.00 төгрөгийг шилжүүлсэнд тооцсон Харин Crown маркийн автомашин нь эд хөрөнгө тул хүү бодогдох боломжгүй. Тиймээс үндсэн зээл 33,500,000.00 төгрөг, зээлийн хүү 1 сарын 3,350,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай 40,200,000.00 төгрөг буюу нийт 73,700,000.00 төгрөгийг төлөхөөс 44,641,000.00 төгрөгийг бэлнээр, мөн 2022 оны 2 дугаар сард дэлгүүрээс авч явсан бараа буюу 3,000,000.00 төгрөгийг хасвал өнөөдрийг хүртэл нийт 47,641,000.00 төгрөгийг төлж барагдуулсан.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заажээ. Иймээс зээлийн гэрээний 3.4-т төлбөрийг өдөрт 500,000.00 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон тул 47,641,000.00 төгрөгийн төлөлтийн хувьд үндсэн зээл 33,500,000.00 төгрөгийг бүрэн төлсөн, зээлийн хүүнд 14,141,000.00 төгрөгийг төлсөн байна.

 

Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй ба 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хуулъ ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасныг тус тус үндэслэн бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ хугацааг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн гэж үзэхээр байх тул мөн иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

 

Миний үзэж байгаагаар нэг сарын 10 хувийн хүү гэдэг хямралын үед харьцангуй өндөр хүү бөгөөд бусдаас сарын 25 хувийн хүүтэй зээл авсан байгааг харгалзаж хүүг бууруулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь дэлгүүрийн хэвийн ажиллагааг алдагдуулж бүх барааг хууль бусаар авч явсанаас болж зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг үүгээр хэлэх нь зүйтэй..

 

Иймд, зээлийн хүүг багасгаж үлдэгдэл хүүний үлдэгдэл 26,059,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин автомашины төлбөр 16,500,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 592,155.00 төгрөг төлсөн баримт,
  2. Зээлийн гэрээ,
  3. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
  4. Оршин суугаа газрын лавлагаа,
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  6. Х банк” ХХК-ийн дансны хуулга,
  7. Зээлийн тооцоолол.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хариу тайлбар,
  2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

            ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ж.Яээс хариуцагч О.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,841,126.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний бие хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 34,444,000.00 төгрөг, зээлийн хүү 14,694,600.00 төгрөг, алданги 18,139,000.00 төгрөг, нийт 67,277,600.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид 16,500,000.00 төгрөгийг төлнө, зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа тул багасгах, ковид-19 цар тахлын улмаас орлогогүй байснаас төлж чадахгүй болсон тул хүүгийн хэмжээг бууруулах ёстой” гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Я нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч О.Утой зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 33,500,000.00 төгрөгийг дансаар, 16,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг зээлд оролцуулж өгсөн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 5 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Гэтэл хариуцагч О.У нь нэхэмжлэгч Ж.Яээс 33,500,000.00 төгрөгийг  авсан, харин 16,500,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, төрлийн бус нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл болох автомашин хүлээн авсан тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн 50,000,000.00 төгрөгийг өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Я нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлийн тоот улсын дугаартай тоёото кровн маркийн автомашиныг бусдад худалдан борлуулах эрхтэй итгэмжлэлийг хариуцагч О.Ут өгсөн, хариуцагч нь тус итгэмжлэлийг үндэслэн автомашиныг өөр этгээдэд худалдаж, олсон орлогыг өөртөө ашиглажээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Хэдийгээр хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн автомашиныг 16,000,000.00 гаруй төгрөгөөр худалдсан гэсэн боловч тэрхүү тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд зээлийн гэрээнд автомашиныг 16,500,000.00 төгрөгөөр тооцож авсан үйл баримтыг үгүйсгээгүй.

  

Иймээс нэгэнт хариуцагч нь 33,500,000.00 төгрөгийг  бэлнээр, мөн 16,500,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг худалдах авах зорилгогүйгээр хүлээн авч, улмаар бусдад худалдаж, олсон орлого /төгрөгт шилжүүлж/-ыг ашигласан байх тул зохигч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

        1. Тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, түүнчлэн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч нарын зээлийн хүүгийн талаарх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан тохиролцоо нь хуульд нийцсэн байна.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 50,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь хариуцагчийн эрх ашигт нийцэхгүй, хариуцагч нь тус зээлийн гэрээ байгууламаас өмнө өөр хүмүүсээс сарын 25 хувийн хүүтэй мөнгө зээлээд төлж чадахгүй байсан, тэгээд нэхэмжлэгчээс 50,000,000.00 төгрөгийг зээлсэн хэдий ч эдгээр зээлийн дарамтаас гарч чадаагүй тул зээлийн хүүг багасгах хүсэлтэй байна гэж маргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заажээ.

 

Тайлбарлавал, зохигч нарын тохирсон зээлийн хүүгийн хэмжээ нь үүссэн нөхцөл байдлын хүрээнд авч үзэхэд зээлдэгчийн эрх ашигт хохиролтой байх тохиолдолд тэдгээрийн хэн алинд нь хохирол учруулахгүйгээр шүүх зээлийн хүүгийн хэмжээг багасгаж болно. Ингээд зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч О.У нь бусдаас сарын 25 хувийн хүүтэй мөнгө зээлсэн боловч буцаан төлж чадахгүй байхад нь нэхэмжлэгч Ж.Я нь банк бус санхүүгийн байгууллагаас сарын 2.9 хувийн хүүтэй 20,000,000.00 төгрөгийг зээлж, хариуцагчид 50,000,000.00 төгрөгийг өдөр бүр 500,000.00 төгрөг төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн байна.

 

Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т тус тус зааснаар уг 50,000,000.00 төгрөгийн 1 сарын хүү 5,000,000.00 төгрөг, 12 сарын хүү 60,000,000.00 төгрөг бол, мөн гэрээний 3.6-д зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өдөр бүр 500,000.00 төгрөгийг төлнө гэсэн тохиролцооноос тооцвол хариуцагч нь нийт 181,000,000.00 төгрөг /үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 131,000,000 төгрөг/-ийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзаж зээлийн хүүг сарын 6 хувь болгохыг зөвшөөрч байжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус зааснаар зохигчид 50,000,000.00 төгрөгийг 131,000,000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэй зээлээгүй, харин сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон ба нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн хэмжээг хожим багасгах санал гаргаж байсныг харгалзан сарын 6 хувиар тогтоох нь тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэв.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч О.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж үндсэн зээл 50,000,000.00 төгрөгийг зээлийн хүүгийн хамт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулах үүргээ зөрчсөн байна. Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих зээл болон зээлийн хүүгийн хэмжээг тооцвол:

 

  •  Хариуцагч О.У нь 2021 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Ж.Ят 13,000,000.00 төгрөг төлснөөс 8,000,000.00 төгрөгийг үндсэн зээлд суутгасан ба тэрээр зээлийн хүүнд 3,000,000.00 төгрөг төлөх үүрэгтэй /50,000,000x6%=3,000,000/,
  • Хариуцагч О.У нь 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Ж.Ят 10,400,000.00 төгрөг төлснөөс 6,200,000.00 төгрөгийг үндсэн зээлд суутгасан ба тэрээр зээлийн хүүнд 2,520,000.00 төгрөг төлөх үүрэгтэй  /42,000,000x6%=2,520,000/,
  • Хариуцагч О.У нь 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Ж.Ят 4,936,000.00 төгрөг төлснөөс 1,356,000.00 төгрөгийг үндсэн зээлд суутгасан ба тэрээр зээлийн хүүнд 2,148,000.00 төгрөг төлөх үүрэгтэй /35,800,000x6%=2,148,000/,
  • Хариуцагч О.У нь 2021 оны 07 дугаар сард нэхэмжлэгч Ж.Ят 2,063,000.00 төгрөг төлснийг үндсэн зээлд суутгасан ба тэрээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд /8 сар/ зээлийн хүүнд 16,533,120.00 төгрөг, нийт 24,201,120.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /34,400,000x6%=2,066,640 /1 сарын хүү/ 2,066,640x8 сар=16,533,120.00 төгрөг.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч О.Уыг нэхэмжлэгч Ж.Ят мөнгөөр 44,641,000.00 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,164,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа материал хүлээн авсан ажээ. Үүнээс нэхэмжлэгч нь 1,000,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид буцаан өгсөн гэснийг хариуцагчийн зүгээс аваагүй гэж үгүйсгэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд зохигчид нэхэмжлэгч Ж.Яийг 2,164,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч О.Уоос хүлээн авсан гэсэн үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчид буцааж 1,000,000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өгсөн гэсэн өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 46,805,000.00 төгрөгийг төлсөн байна гэж үзэв /44,641,000+2,164,000=46,805,000.00/.

  

Иймд, хариуцагч О.Уын нэхэмжлэгч Ж.Ят төлсөн нийт 46,805,000.00 төгрөгөөс нэхэмжлэгчийн үндсэн зээлд суутган төлүүлсэн 15,556,000.00 төгрөгийг хасвал 34,444,000.00 төгрөг үлдсэн бөгөөд үүнээс төлөх ёстой зээлийн хүү 24,201,120.00 төгрөгийг хасвал 7,047,880.00 төгрөг үлдэж байх тул үүнийг үндсэн зээлээс хасахад 27,396,120.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

        1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг нэгэн адил хамаарах тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээл болон хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлөөгүй үндсэн зээл 27,396,120.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй.

 

Үүнийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 дүгээр сарын 01ий өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 76 хоногийн алдангийг тооцоход 10,349,680.00 төгрөг болсон /27,396,120x0.5%=136,900 төгрөг /1 өдрийн алданги/, 136,900x76=10,349,680 төгрөг/.

 

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл 27,396,120.00 төгрөг, алданги 10,349,680.00 төгрөг, нийт 37,745,800.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан талаарх тайлбараа баримтаар нотолсонгүй.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар “Ковид-19” цар тахал тархсан эсэхийг нотлох шаардлагагүй боловч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд түүнд уг хүндэтгэн үзэх нөхцөл байдал сөргөөр нөлөөлсөн гэдгээ тодорхой хэмжээгээр нотлох ёстой юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 37,745,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,531,800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч О.Уоос 37,745,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ят олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,531,800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,155.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 346,679.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР