Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/04375

 

 

 

 

 

 

 

 

                              2022        10          21

            101/ШШ2022/04375

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Ц” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “М” ХХК /рд:/-д холбогдох,

7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ч.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь М ХХК-тай 2019 оны 2 сарын 18 өдөр сайт, АРР зохиох ажлыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 5,000,000 төгрөг , хөлсийг бартер хэлбэрээр төлөхөөр тохирсон. Бартер хэлбэр гэдэгт Энхүүд ББСБ-аас захирал М-ны 29,000.000 төгрөгөөр авч буй машины урьдчилгаа болох 5,000.000 төгрөгийг захиалагч талаас төлөхөөр тохирч манай зүгээс мөнгийг төлсөн болно.

Ингээд гэрээнд заагдсан ажлаа хийхгүй байсан тул манай зүгээс удаа дараа шаардаж албан тоот хүртэл явуулсан. Ингээд манай байгууллагад огт хүлээлгэж өгөхгүй байсан. Гэтэл манай талаас сайт, аплекейшн зохиох ажлын хөлсөнд нь 5,000.000 төгрөг төлсөн байхад бусдаар хийлгэхээр тохирсон байсан. Тухайн хүнээс аваарай гэж хэлсэн. Манай Ай ти инженер тэр залуугаас нь сайт АРР-аа авъя гэхээр би юу гэж өгөх вэ надад 100.000 өгсөн, өөр мөнгө өгөөгүй гээд өгөөгүй. Захирал М-нд нь хандахаар би танд буцаагаад өгье гэхэд нь итгэж хүлээсэн боловч өгөхгүй зугтаад байсан. М нь би өгнө гээд байсан тул захирал М гэх иргэнд нь холбогдуулж шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч миний бие хувь хүнээрээ аваагүй компани авсан гэж хэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулсан.

Мы зүгээс манай байгууллагад ямар ч аплекейшн сайт хүлээлгэж өгөөгүй, худал ярьж өдийг хүрсэн болно. Иймд М ХХК-аас сайт аплекейшн зохиох ажлын хөлсөнд төлсөн 5,000.000 төгрөг, гэрээний 6 дахь хэсэгт заасны дагуу 0,2 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 2,500.000 төгрөг, нийт 7,500.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Бид 2 таван саяар тохироод апп болон сайт гэж 2 ажил хийх байсан. Сайтаа эхлүүлээд л орхисон. Апп бол хийгдээгүй. Ажлыг хүлээлгэж өгөөгүй. Гэрээ өөр дүнтэй байгаа нь андуураад 27.5-р хийгээд засаж 29 гэж гэрээ хийсэн юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас 7 500 000 төгрөг гаргуулна. Утга нь 2019.2.18-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хөлс нь 5 сая бөгөөд хөлсийг бартераар төлөхөөр тохирсон. Энэ нь хариуцагчийн захирлын 29 саяын машины урьдчилгааг 5 саяар төлөхөөр  тохирсон. Гэтэл хариуцагч уруу ярихад өөр хүнээс аваарай гэсэн. Гэтэл тэр хүн нь надад 100 000 төгрөг л өгсөн гээд ажлыг хүлээлгэж өгөөгүй. Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь төлнө гэсэн боловч төлөөгүй. Улмаар хувь хүнээр нь нэхэмжлэл гаргасан боловч би хувиараа аваагүй гэж хэлдэг. Хариуцагч нь ажлаа хийсэн гэдэг боловч ямар нэг зүйл хүлээлгэж өгөөгүй. Иймд өгсөн мөнгө болон 50 хувиар тооцож нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 29 саяын машины үнийн талаар маргаагүй. Ажил хүлээлгэж өгсөн баримтгүй. Хүлээлгээд өгсөн бол ийм маргаан үүсэхгүй байсан юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цд 2019 оны 3 сард гэрээний хийн гэрээний дагуу ажлаа хийж байхад авто машины сайт хийх байтал орон сууц зардаг сайт болгоно гээд бид хүсэлтийг гэрээний дагуу хийж дуустал шууд зээл хянадаг сайт болгоё гэсэн бөгөөд энэнээс үүдэн маргаан үүссэн. Уг сайтыг tsolmon.car.mn нэртэй анх домэйн эрхийг авсан ба сайт бэлэн болон бид Цолмонд 18 ш pass code-той хүлээлгэн өгсөн. Уг сайтын домэйн эрх 3 сарын хугацаатай байдаг харагдахгүй. Уг сайтыг би эзэмшдэггүй учир мэдээлэл харилцаа холбооны газраас та бүхнийг Ц эгчийн утасны дугаар компани регистрээр хайж өгөхийг хүсье. Гарч ирнэ. Уг гэрээний төлбөрийг 5 сая гэсэн бартер хэлбэрээр Ц анх унаж байсан Toyota harrier-тай манай ажлын хүн болох Б-аар дамжуулан ирж уулзсан. Энэ машиныг зээлийг нь төлөөд авчих, тэгээд сайт хийгээд өг гэсэн. Тухайн үед урьдчилгаа хийх мөнгө байхгүй байсан учир унаж байсан машиныг нь зээлийг өөр дээрээ аван зээлийг нь үргэлжлүүлэн төлж дуусгасан. Анх надад энэ машин 29 саяын үнэтэй гэсэн. Би зөвшөөрөн банк бустай 29 саяын зээлийн гэрээ хийсэн. М ХХК нь Ц ХХК-ийн автомашин худалдаа, орон сууц худалдааны зорилготой 2019 оны 7 сард tsolmonavtocar.mn сайтыг хүлээлгэн өгсөн болно. Уг сайтын нэвтрэх аюулгүйн код 18 ш өгсөн болно. Цаас нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 2 сард Цолмонгоос машин бартераар авахаар болсон. 29 сая төгрөг гэсэн. Вэб сайт хийж төлбөрт тооцохоор болсон. Машин өөр хүний нэр дээр байсан. Урьдчилгаа 5 саяыг нэхэмжлэгч төлөөд үлдэгдлийг намайг зээлд оруулж өгье гэсэн. Эхлээд нэг хүн дагуулж ирээд дахиж өөр хүн дагуулж ирнэ гэсэн боловч ирээгүй. Энэ үед би сайтыг хүлээлгэж өгсөн. Би зугтаасан зүйлгүй. Би сайтыг хийж өгсөн. апп гэж байна. Сайтыг хүлээлгэж өгсөн. Маргаан үүссэн тул апп-г бол хүлээлгэж өгөөгүй. Гэрээний заалтын дагуу шидүүлнэ гэсэн. Миний хажууд 5 саяын талаар яриагүй. Маргаан гарсан тул апп хийж өгөөгүй нь үнэн юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх5-8/, 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гэсэн огноотой нэхэмжлэлийн хуулбар /хх14-15/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01867 дугаар шийдвэрийн хуулбар /хх16-20/, лизингийн зээлийн болон барьцааны гэсэн нэртэй 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2 ширхэг гэрээний хуулбар /хх21-24/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтийн хуулбар /хх90/, Хаан банкны дансны хуулбар /хх91-96/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01867 дугаар шийдвэр /хх35-37/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх38-41/, лизингийн зээлийн болон барьцааны гэсэн нэртэй 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2 ширхэг гэрээний хуулбар /хх42-44, 47-50/, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тайлбарын хуулбар /хх45-46/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь цахим сайт хийх ажлыг гүйцэтгэсэн, ажлын хөлс аваагүй гэж маргасан.

 

Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 92 дугаартай 5,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх5-8/

Гэрээний 3.3.1-д зааснаар ажлыг гэрээ байгуулсан өдөр гүйцэтгэж эхлэх бөгөөд хөлсийг бартер буюу арилжааны журмаар төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү 5,000,000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгчийн худалдан авч байгаа автомашины урьдчилгаа төлбөрийг зээл авах журмаар төлж ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан.

Хэдийгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй боловч зохигчид энэхүү хувь хүнээр хийгдсэн зээлийн гэрээ нь маргаж буй ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралтай гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Цаашлаад хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.М нь 29,000,000 төгрөгийн автомашиныг зээлээр худалдан авсан талаар маргаагүй, зөвшөөрсөн.

Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б.Мтай байгуулсан 3 ширхэг зээлээр худалдах худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус бүр нь 24,000,000 төгрөгийн зээл олгохоор заасан байна. /хх23-24, 42-44, 47-50/

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх21-22/

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 29,000,000 төгрөгийн автомашины урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх гэрээний дагуу зээл авах замаар төлсөн болохыг зөвшөөрсөн.

Иймд дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн хөлс төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж маргасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 1-д зааснаар цахим сайт болон APP хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Улмаар гэрээнд хавсралтаар гүйцэтгэх ажлыг тодорхойлохоор заасан боловч хавсралт үйлдэгдээгүй болох нь зохигчдын төлөөлөгч хэн алины тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байна.

Иймд гүйцэтгэсэн гэх ажлын доголдлыг талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

 

Гэрч Ц.Б нь “автомашин худалдах зориулалттай цахим сайт ажиллаж байсан” гэх агуулгатай тайлбар гаргасан.

Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу сайтыг хийж гүйцэтгэсэн гэж үзсэн бөгөөд харин уг ажлын үр дүнг хүлээн авах нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

 

Цаашлаад APP гэх ажил хийгдээгүй болохыг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрч байна.

Улмаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх 2 ажил тус бүрд холбогдох хөлсийг тусгаарлан заагаагүй байх тул ажлын тал хувийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээнд ажлыг гүйцэтгэж дуусгах хугацааг тодорхойлоогүй байх боловч өнөөдрийн байдлаар APP гэх ажил гүйцэтгэгдээгүй үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

Нэгэнт гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй ажлын хөлс буюу төлсөн төлбөрийн тал хувийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу алданги шаардах эрхгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-с 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНБОЛД