Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0320/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518003590458 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1989 оны 08 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “******* ” эмийн санд жор баригч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2025 оны 05 сарын 08-ны 12:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” хүнсний дэлгүүрийн орчмоос хохирогч*******ын эзэмшлийн Huawei nova-11 pro загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: Гар утас олсон нь үнэн. Буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-6/,

         Хохирогч*******ын: 2025 оны 05 сарын 08-нд дүүгийн төрсний гэрчилгээ болон өөрийн гар утсыг гартаа бариад явж байгаад гар утсаа өмднийхөө арын халаасанд хийсэн. Тэгээд дүүгийн төрсний гэрчилгээг канондуулах гэж байхдаа гар утас байхгүй байгааг мэдсэн. Гар утас руугаа залгахад дуудаж байсан ба гэртээ ирээд ээжийн утсаар залгахад холбогдохоо больсон. Гар утсаа 2024 оны 12 сард 2,300,000 төгрөгийн лизингээр худалдаж авсан. Ногоон өнгийн артай, дэлгэц нь бага зэрэг хагарсан,*******, имей кодтой гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

         “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн ТХҮ-025- дугаартай: Huawei nova-11 pro загварын гар утас 450,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-18/,

         “******* имей кодтой утсандгийн дугаар ашиглагдсан байна” гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2025 оны 05 сарын 26-ны 4/ дугаартай албан бичиг /хх-ийн 24-25/,

         Шүүдэгч *******ээс Huawei nova-11 pro загварын цайвар ногоон өнгийн артай гар утас гаргаж өгснийг хүлээн авч, хохирогч*******д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 26-27/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь хохирогч*******ын гээгдүүлсэн Huawei nova-11 pro загварын гар утсыг олж аваад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” дэлгүүрийн орчмоос*******ын гээсэн 450,000 төгрөгийн үнэ бүхий Huawei nova-11 pro загварын гар утсыг олоод ашигласан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь бусдын гээсэн эд хөрөнгийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь буцааж өгөх санаачилга гаргахгүйгээр өөртөө авч ашиглан 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 450,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь өөрийн гар утсыг биет байдлаар буцаан авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч*******ын мэдүүлэг, шүүгдэгчээс гар утас хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдвал зохино.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбогдуулан тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР