| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/01051/И |
| Дугаар | 101/ШШ2022/04358 |
| Огноо | 2022-10-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/04358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Ш******* овогт Жиналисийн М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,******* тоот хаягт оршин суух, Харчин овогт Жаргалсайханы М,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , тоот хаягт оршин суух, Зэвэг овогт Эрдэнэчимэгийн Х нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 35,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанханд, иргэдийн төлөөлөгч С.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Намайг иргэн Ж.М, Э.Х нар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14 дүгээр цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр зодож, миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан.
Ж.М, Э.Х нар нь миний биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэнгийн хугарал, эрүүний хоёр талын үе мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын далд ясны хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд учруулсан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 5 шүдний булгарал нь хөдөлмөрийн чадварыг 15 хувь хэмжээгээр алдагдуулсан, хазах зажлах үйл ажиллагаа нь дунд зэрэг алдагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тус тус алдагдуулсан байна гэж үзсэн.
Дээрх гэмтлээс болж олон сар хоол идэж чадахгүй, шингэн зүйл шахаж иддэг болж, их хэмжээгээр турсан, ходоодны өвчтэй болсон. Хүүхдүүд хүртэл аваасаа ичиж байна гэх болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмж хоёр шүд унасан. Бусад шүднүүд ч хөдөлгөөнд орсон, эрүүл хүн шиг хоол унд идэж чадахгүй болсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний төлбөр улам л нэмэгдээд байгаа. Шүдний эмнэлгүүд эмчлүүлэхгүй бол үнэ ханшийн талаар мэдээлэл өгдөггүй юм байна. Ю би дент шүдний эмнэлэгт үзүүлэхэд нэг шүд 2,500,000 төгрөгийн үнэтэй хийгдэх болно гэж тодорхойлолт хийж өгсөн бөгөөд шүдээ эмчлүүлэхэд 22,500,000 төгрөг шаардлагатай байна. Энэ мөнгө одоо эмчилгээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй л байна.
Хэрэг гарах үед Д.Х гэх хүнтэй гэрээ байгуулж нэг өдрийн 60,000 төгрөг буюу сарын 1,800,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж эхэлж байсан. Гэмтэл авч үргэлжлүүлж ажиллаж чадахгүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж үзэж 12,600,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 35,100,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж.М миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сан гудамж 24 тоот хаягт байна. Оршин суудаг гэжээ.
Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.Х миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ж.М, Э.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанхад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нар нэхэмжлэгчийг зодсон гэх үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг үгүйсгэх боломжгүй тул гэм буруу дээр маргахгүй.
Эмчилгээний зардалд 22,500,000 төгрөг гарна гэж үзэж байгаа нь эргэлзээтэй. Нэг эмчийн бичгээр ийм зардал гарна гэж дүгнэх боломжгүй. Бидний хувьд эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг хариуцах ёстой. Эрүүгийн хэрэгт энэ эмнэлгийн бичгийг нотлох баримт гэж хангалттай үзэхгүй гэж байсан.
Нэхэмжлэгч 9, 10 шүдний хохирол нэхэмжилж байна. Хариуцагч нар ийм олон шүд гэмтээгээгүй байдаг.
Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд ороод хэдхэн хоносон байхад цаашидаа ийм хэмжээний цалин аваад явна гэдэг нь эргэлзээтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Бодит хохирлыг тооцож, нөхөн төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Хариуцагч нарын гэм буруутай үйлдэл байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс Юу би дент эмнэлгийн нэхэмжлэл, Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 04-ний өдрийн 202/ШШТ/95 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 44 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн 506 дугаартай тогтоол, Ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ, тодорхойлолт, Х.Энэрэлийн Хаан банкны дансны хуулга, оршин суугаа газрын тодорхойлолт, Ж.*******ийн өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт, хяналтын хуудас ,хагалгааны өмнөх болон дараах гэрэл зураг, Юу би дент эмнэлэгийн эмч Б.Бямбасүрэнгийн тодорхойлолтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Э.Х, Ж.М нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 35,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагч Э.Х, Ж.М нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 7 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14 дүгээр цэцэрлэгийн баруун талын автобусны зогсоол дээр иргэн Ж.*******ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 4-8 дугаар тал/
2.Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Ж.Мухаммедийн биед эрүүний ооч болон хоёр талын үений сэртэн дайрсан зөрөөтэй хугарал, эрүүний хоёр талын үений мултрал, хоншоор ясны хугарал, дээд үүдэн голын дөрвөн шүдний хоншоор ясны түүшингийн хугарал, үүдэн таван шүдний булгарал, хамрын ясны далд хугарал, уруулд няцарсан шарх, тархи доргилт, эрүүнд няцарсан шарх гэмтлүүд учирсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 04-ний өдрийн 202/ШШТ/95 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 44 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн 506 дугаартай тогтоол, Ж.*******ийн өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт, хяналтын хуудас, хагалгааны өмнөх болон дараах гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-12, 22-42 дугаар тал/
3. Нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 22,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Энэ шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч Э.Х, Ж.М нарт холбогдуулан эрүүгийн журмаар гэм хор учруулсны хохирол арилгуулна гэж тодорхойлсон.
4.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 04-ний өдрийн 202/ШШТ/95 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 44 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор Э.Х, Ж.М нар нь гэмт хэргийн улмаас бусдад гэм хор учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Иймд хариуцагч нарт хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, учруулсан хохирол-г тодорхойлохдоо, хохирол бодитой учирсан буюу нотлогдсон байх, тухайн хохирлыг гэм буруутай этгээд учруулсан байх шинжүүдэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Учир нь, зөрчигдсөн эрхийг сэргээхдээ учирсан хохирол бүрийг арилгуулах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.4.4-т заасан аргаар гагцхүү гэм буруутай этгээдээс учруулсан хохирлыг арилгуулах журамтайг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтаас дүгнэхэд бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, зардал байдлаар гаргуулахаар зохицуулсан байх бөгөөд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд эмчилгээ оношилгооны зардлыг оруулаагүй байна.
Иймд тухайн заалтын дагуу эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг гаргуулах эсэх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлээр зохицуулсан гэм хор арилгуулах эрхийн нийтлэг зохицуулалттай харьцуулах шаардлагатай байна.
6.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 228.3 дахь хэсэг, 228.4 дэх хэсэгт эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах болон эмчилгээний зардлыг хэрхэх талаар зохицуулсан зохицуулалтын зорилго агуулгаас үзэхэд гэм хорыг арилгах журмыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хязгаарлаарлаагүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1. дэх хэсэгт заасан зохицуулалтад дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт, Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж зохицуулсан байна.
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хувьд зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэх боломжгүй тул хуульд зааснаар гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох зохицуулалтын дагуу эмчилгээнд хэрэглэгдэх зардлыг мөнгөөр тооцон шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эрүүл мэндийн карт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн дээд үүдэн 4 шүд, дээд хойд 1 араа, доод үүдэн 4 шүдэнд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь нотлогдож байна /хх-ийн 22-42 дугаар тал/.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
Юу би дент ХХК-ийн 22,500,000 төгрөгийн нэхэмжлэх, эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар Ж.Мухаммедийн эмчилгээнд 22,500,000 төгрөгийн зайлшгүй зардал гарах нь нотлогдож байх тул зардлыг гэм буруутай этгээдүүдээс хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагчаас эмчилгээний зардалд 22,500,000 төгрөг ирээдүйд гарах эсэх нь эргэлзээтэй, нотлогдохгүй байна гэж маргаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Иймд тухайн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан ...сувиллын зардал...-д хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, иргэн Д.Хтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өдрийн 60,000 төгрөгийн хөлс авч байсан гэж тодорхойлж, сарын 1,800,000 төгрөгийн цалин хөлстэй байсан гэж үзэж нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар дутуу авсан цалин хөлс, нөхөн төлбөр шаардах эрхтэй ч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон баримтгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг тооцоолж энэ талаар гаргасан шаардлагыг хангах боломжгүй байна.
Мөн хэрэгт авагдсан ...Д.Х миний бие ... 2019 оны 6 сарын 10-аас 2020 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл Ж.Мухаммедийг ажилд гаргаж байна гэх агуулга бүхийн гэрээ, тодорхойлолт, Х.Энэрлийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтаар хариуцагч нар 12,600,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас 22,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.М, Э.Х нараас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э.Х, Ж.М нараас 22,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.ЭНХЖАРГАЛ