Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03824

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... өөрийн байранд байрлах, регистр ...., Г... ХХК,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Б...ийн С...,

Нэхэмжлэлийн шаардлага:2 011 410 төгрөг, 75 мөнгө гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Г... ХХК нь хариуцагч Б.С...д холбогдуулан гэрээний үүрэгт 2 044 410 төгрөг 75 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Б.С... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г...тай ЗГ/.... тоот кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.Б.С...аас зээлийн үндсэн төлбөр 1 559 453 төгрөг, зээлийн үндсэн хүү 309 325 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 104 612 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 38 019 төгрөг, нийт 2 011 410 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Г...ны Б.С...тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан кредит картын гэрээ, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Эрх олгох тухай” ... дүгээр тушаал, зээлийн картын тооцооллын хүснэгтийг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Кредит картын гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 1 559 453 төгрөг, зээлийн үндсэн хүү 309 325 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 104 612 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 38 019 төгрөг нийт 2 011 410 төгрөгийг Б.С...аас гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г...ны Б.С...тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан кредит картын гэрээ, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Эрх олгох тухай” 734 дүгээр тушаал, зээлийн картын тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Кредит картын гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүссэн байх бөгөөд бэлэн бус гүйлгээнд 2 хувийн, бэлэн гүйлгээнд 3,5 хувийн хүүг сард тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэлд нийцсэн байна. 

Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг, үндсэн зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй  байх тул зээлийн үндсэн төлбөр 1 559 453 төгрөг, зээлийн үндсэн хүү 309 325 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээний 2.1-т “зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 хувь”, “зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 2 хувь” гэж тохирсон байна.

Зээлийн картын тооцооллын хүснэгтээс үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул зээлийн хугацаа хэтрүүлсний, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрийг төлөх үндэстэй байна.

Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариу тайлбараа шүүхэд өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд Б.С...аас 2 011 410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 133 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т  заасныг баримтлан Б...ийн С...аас 2 011 410 /хоёр сая арван нэгэн мянга дөрвөн зуун арван/ төгрөгийг гаргуулан Г...анд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН