Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/03728

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр .., И... овогт Д...ын Ц..., 

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр .., Н.. овогт Ж...гийн О...,

Нэхэмжлэлийн шаардлага:14 731 900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Ц..., өмгөөлөгч Д.Г..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц... нь хариуцагч Ж.О...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 731 900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Ж.О...т 7 500 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлсэн.Зээлдэгч нь гэрээний нөхцөл зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч хүү, алданги болон үндсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй, эхний сар 500.000 төгрөг төлөх, үлдсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээгээ байгуулан нотариатаар баталгаажуулсан.Надад хүүд 2 200 000 төгрөгийг төлсөн.

Үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 3 481 900 төгрөг гэрээнд заасны дагуу алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 3 750 000 төгрөгийн алданги тооцож нийт 14 731 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Ц..., хариуцагч Ж.О... нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1835 дугаар ээлийн гэрээ байгуулсан.Талууд тус гэрээгээр 7 500 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэх, зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 3 481 900 төгрөг, алданги 3 750 000 төгрөг нийт 14 731 900 төгрөг нэхэмжилж байгаагийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Учир нь: Үндсэн зээл, хүүгийн хүлээн зөвшөөрөхгүй хэсгийн тухайд:

Талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар Зээлийн гэрээний 3.3-т Зээлийн хүү сарын 3.5 хувь”, 3.6-д “Эргэн төлөх нөхцөл: эхний сар 500 000 төгрөг төлнө, хугацааны эцэст үлдсэн мөнгийг бөөнд нь төлнө” гэж заасан байх ба энэ нь зээлийн хэмжээ болох 7 500 000 төгрөгийн нэг сарын 3.5 хувийн хүү нь 262 500 төгрөг, 2 сарын хүү нь 525 000 төгрөг болохоор тохиролцсон байна.

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн хүүд 3 481 900 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дээрх заалтуудаас харахад зээлийн хүүд нийт 525 000 төгрөгийг зээлдүүлэгч шаардах эрхтэй байна.Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ надад хүү 2 200 000 төгрөгийг төлсөн гэх ба энэ нь талуудын гэрээгээр тохиролцсон нийт хүү 525 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаас гадна үндсэн зээлд үлдэгдэл 1 675 000 төгрөг төлөгдсөнийг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн хүүг бүрэн төлсөн ба үндсэн зээлээс 1 675 000 төгрөгийн төлөлт хийж 5 825 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болж байгаа, иймд үндсэн зээл 7 500 000 төгрөг нэхэмжилж байгаагаас 1 675 000 төгрөгийн хэсгийг эс зөвшөөрч, мөн зээлийн хүү 3 481 900 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Алдангийн хүлээн зөвшөөрөхгүй хэсгийн тухайд-Талуудын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1835 дугаар зээлийн гэрээний 3.1-д Гэрээний хугацаа 2020.10.30 өдрөөс 2020.12.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, мөн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаанд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус заасан байх ба энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд алданги тооцох зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл нь 5 825 000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу алданги 2 912 500 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.Иймд нэхэмжлэгчийн алданги 3 750 000 төгрөг нэхэмжилж байгаагаас 2 912 500 төгрөгийг зөвшөөрч, 837 500 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгуул, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1835 дугаар зээлийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2020.10.30 өдрөөс 2020.12.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар олгов, 3.3-т зээлийн хүү сарын 3.5 хувь гэж заасан байна.

Иймээс нэхэмжлэлийн дүн 14 731 900 төгрөгөөс 8 737 500 төгрөгийг зөвшөөрч, 5 994 400 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, зээлийн гэрээ, Хаан банкин дах дансны хуулга, Д... ББСБ, ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй./хх 3, 4, 5-6, 29-36/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц...гийн нэхэмжлэлээс 8 737 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5 994 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 3 481 900 төгрөг, алданги 3 750 000 төгрөг, нийт 14 731 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Хариуцагч нь 7 500 000 төгрөг зээлж аваад, эргүүлж 2 200 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 5 825 000 төгрөг, алданги 2 912 500 төгрөг нийт 8 737 500 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 3 481 900 төгрөг, алданги 3 750 000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байхад хариуцагч нь үндсэн зээл болон зээлийн хүүд 2 200 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 5 825 000 төгрөг, алданги 2 912 500 төгрөг төлнө гэх үйл баримтад маргаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Д.Ц... нь Ж.О...т 7 500 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлийг тохирч зээлдүүлсэн, зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтад маргахгүй байна.

Зээлдэгч Ж.О... нь Д.Ц...д 2 200 000 төгрөгийг эргүүлж төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацааг талууд 2 сар гэж тохирсон, энэхүү хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд талууд тухайн гэрээний хугацааг сунгасан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацааны зээлийн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд түүний төлсөн 2 200 000 төгрөгийг зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5 825 000 төгрөг, алданги 2 912 500 төгрөг, нийт 8 737 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 994 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ж...гийн О...ээс 8 737 500 /найман сая долоон зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Д...ын Ц...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 5 994 400 /таван сая есөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН