| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0129/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
2025 01 22 2025/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч М.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И Х овогт М.Аэд холбогдох эрүүгийн ............8 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И Х овогт М.А, регистрийн дугаар .......................,
Монгол Улсын иргэн, ..................... хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ........................... Б.Хтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “тодорхой шалтгаангүйгээр” хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, Б.Хгийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун тохойнд зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...09-13-ны өдөр би ажлаасаа буугаад Хулан дээр очсон. Хүүхэд хичээлдээ явсан байсан. Х найз О орж ирээд тэгээд бид хэд нэг шил архи хувааж уусан. Тэгээд хүүхдэд бэлдээд тависан байсан юм оролдоод байхаар нь би гэрээсээ хөөсөн чинь Хулан чи яахаараа хүн хөөгөөд байдаг юм гээд намайг хөөсөн тэгээд би өндийгөөд хуланг 1 удаа цохьсон, цаашаа газар унасан ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Хгийн “...Би Атэй сүүлийн 3 сар Чингэлтэй дүүргийн 7 хороонд байрлах нийтийн байранд хамтран амьдарч байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны А архи уучихсан согтуу орж ирээд хэсэг байж байгаад хамтдаа 0,33 литрийн Соёрхол архи Сэнгүр 2 литрийн пиво ууж байгаад маргалдаад хоорондоо хэрүүл үүсээд хамар луу нэг удаа цохиод дахиж нуруу цохиод би шууд цагдаад дуудлага өгсөн. Байрны эзэн гэх хүн манайд орж ирээд байж байтал А тухайн хүнийг хөөгөөд байхаар нь чи өөрөө зайл гэж хэлсэн чинь над руу уурлаад байсан. 2023 оны 06 сараас хамт амьдрахаар болоод 3 сар хамт байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 11814 тоот дүгнэлтэд: “Б.Хгийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун тохойнд зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Хохирогчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 105 дугаар тал/,
Шүүгдэгч М.Аийн “...би 2023 оны 09 дүгээр сард би Хулан гэх эмэгтэй болон 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г 11 дүгээр гудамжны 5 тоотод хамт амьдардаг байсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би дэлгүүр ороод хүүхдүүддээ жаахан идэх зүйл болон хамтран амьдрагч Хулантай хамт уухаар хэдэн ширхэг пиво авчраад хамт уусан ба Хулан жаахан уусныхаа дараа над руу түрээсийн байранд амьдарч байхад надад битгий гай бол гэх мэтчилэн үгээр дайраад, хэрүүл өдөөд байсан ба тэгэхээр нь би баруун гараараа Х нүүр лүү нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 44-73 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.А нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-05 тоотод Б.Хтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “тодорхой шалтгаангүйгээр” хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, Б.Хгийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун тохойнд зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Хгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 11814 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Хохирогчийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 105 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун тохойнд зулгаралт, баруун хөлийн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 350.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч М.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч М.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэм бурууд тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “ ... гомдол санал байхгүй ...” /хх 105/ гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Хд төлөх төлбөргүй, хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч М.Аээс 328.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И Х овогт М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Аээс 328.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ