| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/02891/И |
| Дугаар | 102/ШШ2022/03584 |
| Огноо | 2022-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/03584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, З овогт Г.О /РД:00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ байрлах, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Цалинтай тэнцэх олговорт 15,507,594 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөөлүүлэх тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч *******нд холбогдуулан цалинтай тэнцэх олговорт 12,167,652 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ажлаас хууль бусаар халагдсан болохыг 3 шатны шүүхээр хянаж тогтоосон. Одоог хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацааны 15,507,594 төгрөгийн цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1 өдрийн цалинг шүүхийн шийдвэрээр тогтоосон 47,320 төгрөгөөр тооцож, нийт 15,507,594 төгрөг болж байгаа гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгд, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний 375 тоот тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар бүтэц орон тоог тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагч орон тоог цомхотгосон. Хоёрт, гурван шатны шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үндэслэлээр Г.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.05-ны өдрийн 966 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.07-ны 1087 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.10.04-ний 622 дугаар тогтоолыг нотлох баримтаар шүүхэд өгсөн.
Хариуцагчаас Монгол улсын Засгийн газрын 2021.12.14-ний 375 дугаар тогтоол, Нийслэлийн*******ын 2022.03.28-ны 01/03 тоот тогтоол, тогтоолын хавсралт, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022.05.20-ны 15/67 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг гаргасан өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажлаас хууль бусаар халагдсан болохыг 3 шатны шүүхээр хянаж тогтоосон. Одоог хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацааны 15,507,594 төгрөгийн цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1 Нэгд, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний 375 тоот тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар бүтэц орон тоог тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагч орон тоог цомхотгосон. Хоёрт, гурван шатны шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үндэслэлээр Г.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.05-ны өдрийн 966 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.07-ны 1087 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.10.04-ний 622 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2021.12.14-ний 375 дугаар тогтоол, Нийслэлийн*******ын 2022.03.28-ны 01/03 тоот тогтоол, тогтоолын хавсралт, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022.05.20-ны 15/67 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.*******ны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Г.О-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 966 тоот шийдвэрээр Г.О-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 54 хоногийн цалин хөлс 2,331,828 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн татгалзахдаа баримталж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021.12.14-ний 375 дугаар тогтоол, Нийслэлийн*******ын 2022.03.28-ны 01/03 тоот тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын албаны бүтэц орон тоог цөөрүүлсэн байгаа боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гарсан тогтоол байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх үндэслэл болохгүй.
7. Иймд шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
8. Талуудын хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж гарсан бөгөөд түүнээс хойшхи ажилгүй хугацааны цалин хөлсний маргаан нь мөн хуулийг үйлчилж байхад үргэлжилсэн байх тул энэхүү цалин хөлсний маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, нэг өдрийн хөлсийг 47,320 төгрөгөөр тооцож, 15,507,594 төгрөгийг шаардаж байна.
10. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 966 дугаар шийдвэрээр ажлын 54 хоногийн цалин хөлс 2,331,828 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй. Шүүхийн шийдвэрээр Г.О-ын нэг өдрийн цалин хөлсийг 2,331,828 : 54 хоног = 43,182 төгрөг гэж тогтоосон байна.
11. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 966 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан тул 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт ажлын 369 хоногийн цалин хөлсөнд 1 хоногийн 43,182 төгрөгөөр тооцож, 15,934,158 төгрөгийг гаргуулахаар байх боловч 15,507,594 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
12. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 15,507,594 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны хууль/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг баримтлан хариуцагч *******наас 15,507,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******наас улсын тэмдэгтийн хураамжид 278,021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ