| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 182/2019/0058/и |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2019-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1027
| 2019 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2019/01027 |
Б.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00588 дугаар шийдвэртэй Б.О-гийн нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох, гэм хорын хохиролд 4 368 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагч Л.Д , түүний өмгөөлөгч Ж.Б-т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мед травила эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус эмнэлэгт өрөө түрээслэн суудаг эмч Л.Д нь таарамжгүй харилцааны улмаас үгээр дайрч, доромжлон, зодож танхайран эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 576 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Д г гэм буруутайд тооцсон. Л.Д гийн үйлдсэн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас Б.О нь бие эрүүл мэндээрээ хохирч уруул нь сэтэрч, шүд нь хөдөлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хөдөлсөн шүд нь унасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 497 дугаар зүйлд “... бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. Иймд Л.Д гээс эмчилгээний зардалд буюу уруулын хэлбэр засах мэс заслын төлбөрт 1 200 000 төгрөг, имплант суулгах 2 660 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, үзлэг хийлгэсэн 8 000 төгрөг, нийт 4 368 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Эмчилгээний зардалд нийт 4 368 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шийдэхдээ хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэсэн бөгөөд бодит зардал гарсан уу гэсэн асуудал яригдана. Бодит зардал гарсны дагуу нэхэмжлэл гаргаж болно гэсэн. Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1.3-т “Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө гэж” заасан. Энэ нь эмчлүүлээд гарсан зардлаа төлүүлнэ гэж ойлгогдож байгаа юм. Нэхэмжлэгч эмчлүүлсэн баримт хэрэгт ирүүлээгүй. Түүнчлэн “50 гарсан настай хүнд ясны сийрэгжилт явагдаж эхэлсэн” гэж инплант шүд суулгадаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Л.Д гээс 2 660 000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгож, нэхэмжлэгчийн 1 708 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 57 510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 84 854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг шүүхийн захирамжаар шинжээчээр томилогдсон “К ” ХХК-ийн “Монсей шүдний эмнэлгийн эмчийн дүгнэлтээр шүдний дэлгэмэл рентген зураг авах, үүдэн шүдний имдлант, хиймэл яс, мембраны нийт эмчилгээний 3 830 000 төгрөг” гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч шүдний имплант суулгах зардлыг 2 660 000 төгрөг гэж нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.” гэж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 253 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №2416 тоот албан бичгээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд дээрх тогтоолыг хүргүүлсэн байдаг. Нийслэлийн шүд эрүү нүүрний төв нь “имплантын хагалгаа болон косметик оёдол хийдэггүй тул үнийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу болон Чингэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9835 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамж гаргасан тухай хариуцагч, түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгчид мэдэгдэхгүй оролцуулахгүй нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 284 дугаар тогтоолоор хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шинжээчээр “ Т ” ХХК -ийн Туж мишээл шүдний эмнэлгийг томилсон байсан. “ТМ” ХХК нь “шинжээчээр ажиллах боломжгүй байна” гэсэн хариу тайлбар өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 2766 тоотоор Нийслэлийн эрүүл мэндийн газарт “Уг гэм хорын хохирлыг тогтооход шинжээч томилох шаардлагатай болсон тул нүүр амны нөхөн сэргээх зардлыг тодорхойлох боломжтой эмч эмнэлгүүдийн жагсаалтыг манай шүүхэд яаралтай ирүүлнэ үү” гэсэн албан тоот хүргүүлсэн. Эрүүл мэндийн газар 2018 оны 12 дугаар арын 06-ны өдөр № 11091 тоотоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн бүртгэлийг хүргүүлсэн болон анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 10913 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 323 дугаар тогтоолоор хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээчээр “К ” ХХК-ийг томилж хууль зөрчсөн. Гэтэл Монсей шүдний эмнэлэг нь эмчийн магадалгаа гаргаж шүүхэд ирүүлсэн. Шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дугаар 11548 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” шүүгчийн захирамж гаргасан байсан. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй эмчийн магадлалыг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан. Шүүхийн тогтоолоор шинжээчээр “К ” ХХК-ийг томилсон байхад Монсей эмнэлгийн эмч Ж.О эмчийн магадалгаа гаргаж Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх шинжээчийн дүгнэлт гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 4 368 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Л.Д нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр таарамжгүй харьцааны улмаас Б.О-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохисноос уруул нь язарч, дээд баруун 2 дугаар шүд нь хөдөлж түүнд хөнгөн хохирол учруулсан болох нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 576 дугаар шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 8-10 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч имплант шүд суулгуулах болон уруулын косметик хагалгаанд ороход ямар хэмжээний зардал гарах талаар шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00323 дугаар тогтоолоор “К ” ХХК-ийг шинжээчээр томилж, уг компанийн “Монсей” шүдний эмнэлгийн эмч Ж.О дүгнэлт гарган ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн “#12” шүд байхгүй, хэсгийн шүдгүйдэл оноштой, имплант шүд хийлгэх зардал 3 830 000 төгрөг болох талаар тогтоожээ. /хх-ийн 94-95, 102-103 дугаар тал/
Шинжээчээр томилогдсон “К ” ХХК нь өөрийн эмнэлгийн ажилтан Ж.О-ыг шинжээчээр ажиллуулан дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байх ба тухайн баримт нь “Эмчийн магадалгаа” нэртэй боловч шүүхийн тавьсан асуултад хариулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулж, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулан шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 99-103 дугаар тал/
Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд болон шинжээч томилсонтой холбоотой шүүгчийн захирамж, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцсан болох нь хэргийн 104, 108 дугаар талд авагдсан хэрэг танилцуулсан тухай баримтаар нотлогдож байх тул шинжээч томилсон болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, сэргээсэн захирамжтай танилцуулаагүй, шүүхээс томилсон шинжээч дүгнэлт гаргаагүй гэх түүний тайлбар, гомдол үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн имплант шүд суулгуулах зардлыг түүний шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах, уруулын хэлбэр засах мэс заслын болон үзлэгийн зардал нь нотлох баримтгүй, өмгөөлөл, эрх зүйн туслалцааны хөлс төлснийг зайлшгүй зардалд тооцохгүй гэх үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хийхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх гэм хорын хохиролд хариуцагчаас 2 660 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасантай нийцнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байх бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд хариуцагч нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсаны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 302 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.НАРМАНДАХ