Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0246

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш-

Шүүгдэгч З.Э-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э-д холбогдох эрүүгийн 1725001130033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх З овогт З-ын Э- /РД: хх*******/

 

Шүүгдэгч З.Э- нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг хүүхэд дээрлэхлээ гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч З.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн чих рүү нь цохисон. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Манай дүү уйлчихсан сууж байхаар нь уур хүрээд цохиод авсан. Миний буруу. Хохирол нэхэмжилсэн боловч төлөөгүй. Бага, багаар нь төлье гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Тэр өдөр найзуудтайгаа дэлгүүр яваад ирэхэд энэ ахын дүү нь миний дугуйг эвдэлчихсэн байсан. Тэгээд би загнасан чинь уйлчихсан. Тэгсэн чинь энэ агаа гарч ирээд шууд зүүн талын чих рүү цохисон. Зөндөө цохисон, гомдолтой гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохиролд 300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Чихийг нь эмчлүүлсэний төлбөр юм. Эмчлүүлсэнтэй холбоотой баримт байхгүй, эмнэлгээс аваагүй. Тухайн үед мөнгөгүй байсан тул ээмэг, бөгжөө ломбарданд тавьж хүүгээ эмчилүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 656 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ын толгойн зүүн талын чамархай, чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэгэн хальсанд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байна.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл юм. Хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 21 ху/,

 

-З.Э-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-28 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 15 дугаар сургуулийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг хүүхэд дээрлэхлээ гэж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “Тэр өдөр найзуудтайгаа дэлгүүр яваад ирэхэд энэ ахын дүү нь миний дугуйг эвдэлчихсэн байсан. Тэгээд би загнасан чинь уйлчихсан. Тэгсэн чинь энэ агаа гарч ирээд шууд зүүн талын чих рүү цохисон. Зөндөө цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед толгойн зүүн талын чамархай, чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэгэн хальсанд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 656 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч З.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 300.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч З.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч З.Э-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч З.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА