| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 1910010330752 |
| Дугаар | 2021/ДШМ/502 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/502
Ч.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Алтанцэцэг,
яллагдагч Ч.Б-ын өмгөөлөгч Ү.Амарбат, Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/588 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Ч.Б-т холбогдох эрүүгийн 1910 01033 0752 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ч-ийн Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Х” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Ч.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхоны 1 дүгээр хэсэг ... тоот 172 м.кв амины орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны барьцаанд тавьж зээл авч, зээлийн гэрээг дуусгавар болгоогүй байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.Б-д 850 сая төгрөгөөр худалдаж, гэрээний урьдчилгаа төлбөрт Д.Б-ын эхнэр М.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны ... тоотод байх үйлчилгээний зориулалттай 132.74 м.кв талбайтай орон сууц, бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад 270.480.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Яллагдагч Ч.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхоны 1 дүгээр хэсэг ... тоот 172 м.кв амины орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны барьцаанд тавьж зээл авч, зээлийн гэрээг дуусгавар болоогүй байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.Б-д 850 сая төгрөгөөр худалдаж, гэрээний урьдчилгаа төлбөрт Д.Б-ын эхнэр М.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны ... тоотод байх үйлчилгээний зориулалттай 132.74 м.кв талбайтай орон сууц, бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлэн авч залилж бусдад 270.480.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Д.Б-ыг хохирогчоор тогтоосон нь түүний эрх ашиг хэрхэн хөндөгдсөн эсэх нь тодорхой бус байна. Мөн хохирогч Д.Б мэдүүлэгтээ “...эхлээд эхнэр гэрээ байгуулсан. Үүний дараа үнийг нь буулгаж 850.0 сая төгрөгөөр хийхээр болсон. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны ... дүгээр байрны ... тоот, үйлчилгээний 132.71 м.кв талбайтай орон сууцыг 265.480.000 төгрөгөөр зарахаар гэрээ байгуулсан. ...” гэж мэдүүлсэн. Харин, хэрэгт авагдсан гэрчилгээгээр дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн үед М.Э-ын нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байхад М.Э-ын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоох ажиллагаа хийгдээгүй, улмаар хохирогчоор тогтоогдсон этгээд, хэрэгт авагдсан баримтууд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт хоорондоо агуулгын хувьд илтэд зөрүүтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул хохирогчоор тогтоогдох этгээдийг зөв тогтоох шаардлагатай. Мөн Д.Б, М.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхөр гэж тайлбарлах боловч хууль зүйн хувьд үл хөдлөх хөрөнгө яг хэний өмчлөлд байгаагаас хамаарч тухайн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлыг шалгах нь зүйтэй. М.Э болон “А” ХХК-ийн захирал Б.С нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэх баримтад “2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 132.74 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэх” гэсэн байна. Мөн хохирогч Д.Б мэдүүлэгтээ: “...Б-ын хэлснээр “А” ХХК-нд үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулж зарсан. ...Уг объектыг С гэх эмэгтэй тухайн үед худалдаж авсан. ...” гэж, Б.Б гэрчээр мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид” харш, ...-р байрны ... тоот хаягт байрлах 132.74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө объектыг “U” зуучлалын газар өгч заруулсан. Уг объектыг Б.С гэх эмэгтэй тухайн үед худалдаж авсан...” гэж тус тус мэдүүлсэн байна. Иймд Б.Б-т Д.Б /М.Э/-аас шилжүүлсэн гэх үл хөдлөх хөрөнгө нь иргэн Б.С-д ямар шалтгаанаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан эрх шилжсэн талаар тодруулаагүй нь түүний хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болох эсэх, дээрх үл хөдлөх хөрөнгө одоогийн байдлаар хэний өмчлөл, эзэмшилд байгаа болохыг нэг мөр шалган тогтоосны үндсэн дээр хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй.
...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид” харш хотхоны ...-р байрны ... тоот, үйлчилгээний 132.71 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болох талаар өмчлөх эрхийн гэрчилгээ байх ба, яллагдагчийн залилсан гэх хөрөнгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид” харш, ...-р байрны ... тоот хаягт байрлах 132.74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хэргийн баримтаас илтэд зөрүүтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б мэдүүлэхдээ “...орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Монголын залуучуудын холбооны 1 давхарт хийсэн. “U” үл хөдлөх хөрөнгийн компаниар дамжуулан 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 265.480.000 төгрөгийг, үүний дараа 5.000.000 төгрөгийг авсан.” гэж мэдүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдсэнийг, мөн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нотолно гэж заасан байхад тус хэрэгт гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдсэнийг тогтоогоогүй, улмаар тус хэрэгт бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг, эсхүл мөнгөн дүнгээр хохирол учирсан, хөрөнгийн үнэ зэргийг нэг мөр зайлшгүй шалгаж тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.”, 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж хуульчилсан.
Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан /89-90, 92, 93, 111-114, 116-127/ зарим баримтууд нь яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтэд тусгагдсан байх боловч хуулийн шаардлага хангахгүй, хуульд нийцэхгүй хуулбар баримтууд байгааг анхаарч нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсарган ирүүлэх зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдаг. Яллагдагч Ч.Б-ын хувьд анхнаасаа хохирогч Д.Б-тай харилцаж, түүний итгэлийг олж аван, удаа дараа утсаар холбогдох, хэрэгжүүлж буй төслийг холбогдох хүмүүстэй холбож өгөх гэх мэт хуурамч мэдээллээр төөрөгдүүлж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхоны 1 дүгээр хэсэг ... тоотод байрлах 172 м.кв амины орон сууцыг ямар нэг өмчлөх эрхийн зөрчилгуй, зарж борлуулж болно гэж итгүүлэн гэрээ байгуулж, хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох М.Э-ын өмчлөлд байсан орон сууцыг болон бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Харин М.Э-ын хувьд гэр бүлийн харилцаатай хүн болох нөхөр Д.Б-ын бусадтай тохиролцсон гэрээний дагуу өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн байна. Түүнээс М.Э болон яллагдагч Ч.Б нарын хооронд урьдаас төлөвлөсөн, итгэл төрүүлэх харилцаа үүсээгүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э-ын гэрчээр өгсөн “...нөхөр болох Д.Б-тай хамт очиж Ч.Б-ын байрыг үзсэн. ...үл хөдлөх эд хөрөнгө Голомт банкны барьцаанд байсныг мэдсэн бол манай нөхөр юу гэж ийм үйлдэл хийх билээ.” гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ Э-ын өмчлөлд байсан хэдий ч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б-ын хувьд тухайн орон сууцны эзэмшигч гэж үзсэн. Гэвч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэргээлгэх шаардлага шүүх хуралдааны явцад гаргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох эрх нь нээлттэй байна. Өөрөөр хэлбэл энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой.
М.Э-ын нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг Б.С-д ямар шалтгаанаар шилжүүлсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон. Яллагдагч Ч.Б “...би гэрээний төлбөрт өгч байгаа 260 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Рапид харш хотхоны ... дүгээр байрны ... тоотод байрлах 132.74 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг “U” зуучлалын газарт өгч заруулсан. Уг объектыг Б.С гэх хүн тухайн үед худалдаж авсан. Надад дээрх байр зарсан төлбөр дансаар 265.480.000 төгрөг шилжиж орж ирсэн...” гэж, хохирогч Д.Б “Гэрээний урьдчилгаанд манай эхнэр М.Э-ын эзэмшдэг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны ... тоот үйлчилгээний зориулалттай байшинг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “А” ХХК-ийн замын хойд талд байдаг нотариатын газарт Ч.Б нь итгэмжлэл хийлгүүлэн авч явсан. Тэгсэн чинь уг үл хөдлөх хөрөнгийг маргааш нь дээрх үл хөдлөхийн компаниар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарсан байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр Б.С-д үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан Ч.Б нь худалдаж, орон сууцны төлбөрийг Б.С төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд оруулж, захиран зарцуулах эрхийг олж авснаар төгсдөг. Өөрөөр хэлбэл Ч.Б нь хохирогч Д.Б-ыг залилж, түүнээс бэлнээр 5 сая төгрөг болон эхнэр М.Э-ынх нь нэр дээр бүртгэлтэй орон сууцыг өөрийн мэдэлдээ оруулж, “U” зуучлалын газраар дамжуулан иргэн Б.С-д зарж, түүнээс орон сууцны төлбөрт 265.480.000 төгрөг дансаараа шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөн. Мөн хохирогч Д.Б нь орон сууцаа нэхэмжлээгүй, орон сууц зарсан төлбөр болох 265.480.000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 5 сая төгрөг, нийт 270.480.000 төгрөгийг яллагдагч Ч.Б-аас нэхэмжилсэн бөгөөд хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирол бүрэн төлөгдсөн зэргээр энэ хэрэгт Б.С-ийн эрх зөрчигдөх асуудал үүсээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны ... дүгээр байрны ... тоот үйлчилгээний 132.71 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болох талаар өмчлөх эрхийн гэрчилгээ байх ба яллагдагчийн залилсан гэх хөрөнгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 132.74 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж хэргийн баримтаас илтэд зөрүүтэй бичсэн асуудлыг шүүх хуралдааны явцад гэрч, хохирогч, шүүгдэгч нараас тодруулж, зөрүүг арилгах боломжтой юм.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байдаг. Үүнд хохирогч Д.Б “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны ... тоот үйлчилгээний зориулалттай байшинг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “А” ХХК-ийн замын хойд талд байдаг нотариатын газарт Ч.Б нь итгэмжлэл хийлгүүлэн авсан, уг өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Монголын олимпын хорооны гадна бэлнээр 5 сая төгрөг бэлнээр өгсөн” гэж, яллагдагч Ч.Б “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Рапид харш хотхоны ... дүгээр байрны ... тоотод байрлах 132.74 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг “U” зуучлалын газарт өгч заруулсан. Уг объектыг Б.С гэх хүн тухайн үед худалдаж авсан. Надад дээрх байр зарсан төлбөр 265.480.000 төгрөг дансаар шилжиж орж ирсэн. Мөн миний бие Д.Б-аас төлбөрт 3 удаагийн нийт 5 сая төгрөг авч байсан. Он сар өдрөө сайн санахгүй” гэж мэдүүлсэн зэргээс гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой, гэмт хэрэг үйлдэгдсэн газар тогтоогдсон байна. Харин хохирлын хувьд хохирогч Д.Б нь 1 дүгээр хавтас хэргийн 99 дүгээр талд авагдсан өөрийн эхнэр М.Э болон Ч.Б-ын хэлсний дагуу “А” ХХК-ийн захирал Б овогтой С нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр тогтоосон үнэ болох 265.480.000 төгрөгийг, өөрийн бэлнээр өгсөн гэх 5 сая төгрөгийг, нийт 270.480.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд яллагдагч Ч.Б-ын хувьд Б.С-аас 265.480.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, мөн Д.Б-аас 3 удаа нийлээд 5 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн зэргээр хохирол бүрэн тогтоогдсон гэж үзэж байна.
Шүүгчийн захирамжид шаардлага хангахгүй гэж дурдагдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай хотхоны 1 дүгээр хэсэг ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дүгээр байрны ... тоот үйлчилгээний талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг хавтас хэргийн 106-110 дугаар талд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын Хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж хэрэгт дахин хавсаргасан. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулаагүй боловч энэ бусад баримтуудаар тогтоогддог бөгөөд Иргэний хэргийн шүүхийн захирамжтай холбоотой маргаан байдаггүй. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Б-т холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/588 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ч.Б, түүний өмгөөлөгч Э.Туул, Ү.Амарбат нар хамтарч гаргасан хариу тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байна. Яллах дүгнэлтийн 2 дугаар хуудаст гэрч М.Э-ын мэдүүлгийн тэмдэглэлээс буюу “...Би нөхөртэйгөө байрыг очиж үзэхэд газрын гэрчилгээний хамт /жижигхэн/ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байсныг бид хоёр үзүүлсэн...” гэж бичсэн байна. Гэрч М.Э-ын анхны 2019 оны 5 дугаар 01-ний өдөр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн нөхөр Д.Б-ын эсрэг /хохирогчоор тогтоогдсон/ мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлаагүй мэдүүлгийн тэмдэглэлийг яллах нотлох баримт болгосон. Харин М.Э-аас 2 дахь удаа авсан мэдүүлгийн тэмдэглэлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг тайлбарласан буюу гэрчээс 2 өөр байдлаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг нэг болгон дүгнээд, яллах дүгнэлтэд оруулсан. Үндсэн хуульд заасан эрхийг сануулаагүй авсан мэдүүлгийн тэмдэглэл нь нотлох чадваргүй болох бөгөөд прокурор гэрчийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж эсэргүүцлийн үндэслэл болгосон байна.
...Гэрчийн 2 удаагийн өөр мэдүүлгийн тэмдэглэл авагдсан бол “...энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчим үйлчлэх болохоос шүүхийн хийх ажил гэж эсэргүүцэлдээ дурдсаныг хүлээн авах боломжгүй. Хохирогч Д.Б нь өөрийн хөрөнгөөр эхнэр гэх М.Э-ын эд хөрөнгөөр хохирол хүлээсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн байх боловч, маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн дундын өмч хөрөнгө бус М.Э-ын хуваарьт хөрөнгө байна. Гэрлэгчдийн өмч хөрөнгийн эрх нь гэрлэснээс хойш бий болсон тохиолдолд нөхөр, эхнэрийн аль нэг нь дундын өмч хөрөнгө гэж шаардах эрхтэй боловч хавтас хэрэгт гэрлэлтээ хэзээ бүртгүүлсэн болон, ямар шалтгаанаар эхнэр М.Э-ын нэр дээр бүртгэлтэй байгаа зэргийг шалгаж тогтоогоогүй. Үүнийг тогтоохын тулд гэрлэлтийн баталгаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагаа авсны дараа шүүх дүгнэлт хийх боломжтой. Иймд, энэ тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болсон.
2017 оны 04 дүгээр сарын 09-нд гэрч М.Э нь Б.С-тай “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. М.Э нь өөрийн эзэмшлийн дээрх орон сууцыг Б.С-тай 2017 оны 4 дүгээр сарын 09-нд гэрээ байгуулсан байхад Ч.Б 2017 оны 4 дүгээр сарын 18-нд М.Э
-аас итгэмжлэл хийлгэж аваад зарсан нь эргэлзээтэй байгаа бөгөөд Б.С-г гэрчээр оролцуулах шаардлагатай байна. Хэргийн материалд Б.С нь Ч.Б-т төлбөр төлсөн гэсэн прокурорын эсэргүүцэлд бичсэнийг нотлох баримт байхгүй. Яллагдагч Ч.Б нь хохирогч Д.Б-аас 5 сая төгрөгийг авснаар гэмт хэрэг төгссөн бол гэрч М.Э-ын орон сууцны эрхийг хэзээ шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөнийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хохирогч Д.Б-ын мэдүүлэгт: “...2017 оны 4 дүгээр сарын 19-нд буюу маргааш нь 265.480.000 төгрөгийг авсан. Үүнээс 2-3 хоногийн дараа 5.000.000 төгрөгийг надаас бэлнээр авсан...” гэсэн байна. Яллагдагч Ч.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 18-нд итгэмжлэл хийлгүүлээд, 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 265.480.000 төгрөгөөр зараад, 2017 оны 4 дүгээр сарын 21- 22-ны үед 5.000.000 төгрөгийг авсан. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ...” гэж бичсэн. Яллах дүгнэлтэд 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Д.Б, Ч.Б нарын гэрээ байгуулсан өдрийг гэмт хэрэг гарсан цаг хугацаа гэж бичсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ “...захиран зарцуулж /2017.04.19/, эрхийг олж авснаар /2017.04.18/, дансаараа шилжүүлэн авснаар төгсдөг” гэж бичсэн нь яллах дүгнэлтэд бичсэн нь зөрүүтэй байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “...мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр”-ийг яллах дүгнэлтэд бичихийг хуульчилсан байхад 724 дугаартай яллах дүгнэлтэд шүүх хуралдаанд оролцуулах оролцогчийн нэрийг бичээгүй атлаа шүүх хуралдаанаар гэрч, хохирогч нараас тодруулж, зөрүүг арилгах боломжтой” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “өмчлөгчийн эд хөрөнгийг авсан бол” гэж заасан бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... гэрээний урьдчилгаа төлбөрт Д.Б-ын эхнэр М.Э-ын өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн авч залилж...” гэж бичсэн. Яллах дүгнэлтээр “эхнэр М.Э-ын өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн авч залилсан” гэсэн байгаа нь холбогдох хуульд “өмчлөгчийн эд хөрөнгийг” гэж заасантай зөрчилдөж байна.
Яллах дүгнэлтийн яллах нотлох баримтын талаар болон хавсралтад заасан баримтууд нь хуулбар байгаа нь хуулийг шаардлагыг хангахгүй байгаа талаар дурдсан байна. Энэ баримт нь яллагдагчийн үйлдлийг зөвтгөх гол үндэслэл болсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болно. Учир нь, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.Б нь өөрийн гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх орон сууц, газрын хамт Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 568.353.071,21 төгрөгийн үлдэгдлийг 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэмээн талууд хоорондоо тохиролцсон хугацааг баталж, түүнчлэн шүүгчийн захирамжид заасан дээрх хугацаанд Ч.Б буцаан авах нөхцөл болон бусдад худалдан борлуулах эрхийг хангаж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж гарахаас өмнө болон шүүгчийн захирамжид заасан хугацаанд Ч.Б нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхийг хязгаарлаагүй байсан.
Энэ нь хохирогч гэх Д.Б-ыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкнаас “Иргэн Д-ийн Бтанаа” гэсэн албан бичгээр худалдан борлуулахаар тохиролцсон зуслангийн байр, газар нь тус банкны барьцаанд байгааг мэдэгдсэн байна. Хохирогч гэх Д.Б нь анх гэрээ байгуулж байхдаа, дараа нь Голомт банкнаас танилцуулсан дээрх мэдэгдлийг мэдсэн байх бөгөөд яллагдагч Ч.Б түүнээс барьцаанд байгаагаа нуух, хуурах шаардлагагүй байсан нь шүүгчийн захирамжаар тогтоогдоно. Хохирогч Д.Б нь анх гэрээ байгуулах гээд өөрийн танил нотариат Ш.С дээр гэрээнд гарын үсэг зурахдаа бүрдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг 2017 оны 4 дүгээр сарын 05-нд авсан нотлох баримт авагдсан байгаа нь Ч.Б барьцаанд байгаагаа огт нуугаагүй, нуух үйлдэл гаргаагүй байна. Яг энэ өдөр гэрээний урьдчилгаанд өгч буй гэрч М.Э-ын өмчлөлийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг 2017 оны 4 дүгээр сарын 05-нд авсан нотлох баримт хэргийн 1 дүгээр хавтасны 107 дугаар талд авагдсан байна. Нэг цаг хугацаанд яллагдагч, гэрч, хохирогч нар нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг 1 өдөр авсан байна. Энэ нь яллагдагчид бусдыг залилах санаа сэдэлт, зорилго байгаагүй болохыг тогтоож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Яллагдагч Ч.Б-ын өмгөөлөгч Ү.Амарбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос хохирлоо төлсөн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байгааг үгүйсгэж байна. Худалдах, худалдан авах гэрээ нэгэнт биелэгдэх боломжгүй болсон учраас авсан, өгснөө буцаах үйлдэл хийсэн гэдгийг тодотгож хэлье. Мөн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй хэд хэдэн алдаа гарсныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хавтас хэргийн 165-200 дугаар хуудсанд миний гаргасан хэд хэдэн хүсэлтүүд авагдсан байгаа. Эдгээр хүсэлтүүдэд сая яригдсан асуудлыг бүхэлд нь тусгасан. Багцлаад хэлэхэд Э, Б гэх хоёр хүн мэдүүлгээрээ л эхнэр, нөхөр гээд байдаг. Бодит байдал дээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс мөн эсэхийг тогтоож өгнө үү. Мөн гэрчилгээг үзүүлээд явж байсан гэж гэрч нар мэдүүлсэн. Гэтэл Ч.Б гэрчилгээг авч яваагүй байдаг. Банкинд гэрчилгээг барьцаалснаас хойш гэрчилгээ банкинд байсан гэх мэдүүлэг байдаг. Тэгэхээр Улсын бүртгэлээс Ч.Б дахиад гэрчилгээ гаргуулсан уу гэдгийг шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Мөн талууд хамт явж байгаад ТҮЦ машинаас авсан барьцаалбартай гэх дараалсан дугаартай лавлагаа байдаг. Эдгээр лавлагаануудыг хаанаас, хэрхэн, яаж авсан гэдгийг шалгаж өгнө үү гэсэн боловч шалгаагүй. Нотариатч С-тай холбоотой асуудал гарсан. Нотариатч их сонин мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч хангаагүй. Хэргийг нэг мөр шийдвэрлэхэд боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийг зөв дүгнэсэн. Прокурор хэрэг гарсан газар, хугацаатай холбоотой логикийн хувьд ч, хууль зүйн хувьд ч нэг болгож дүгнэх ямар ч боломжгүй дүгнэлт хийсэн. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б, Б нар Сүхбаатар дүүргийн нотариат дээр Санзайн байрыг шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Прокурор яллах дүгнэлтдээ дурдахдаа “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг үйлдэгдсэн” гэсэн. Гэтэл дараа нь эсэргүүцэлдээ захиран зарцуулж эрхийг олж авснаар дансандаа шилжүүлснээр энэ гэмт хэрэг төгссөн байна гэж үзээд зөрүүлж авсан байрыг бусдад шилжүүлэх итгэмжлэл авсан өдөр нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байдаг. Үндсэн гэрээ хийгдсэнээс хойш 4 хоногийн дараа, зарагдсан өдөр нь 4 дүгээр сарын 19-ны өдөр байдаг. Ч.Б гэдэг хүн итгэмжлэл авсан боловч гэрээ Э, С нарын хооронд хийгдсэн. Шүүгчийн захирамжид хаягийг нь буруу бичсэн. Асууж байгаад нөхөн гүйцэтгэнэ гэх боловч энэ нь Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдсан хэлбэр болно гэдгийг шүүх зөв дүгнэсэн. Анхнаасаа Ч.Б гэдэг хүнийг яллах талын мэдүүлэгт тулгуурлан ялласан. Байрыг анх 850.000.000 төгрөгөөр зарсан. 250.000.000 төгрөгийг Хүүшийн аманд баригдаж байсан үйл ажиллагаанд оруулаад дараагийнхаа мөнгийг орж ирэхээр нь “байраа чөлөөлөөд өгнө” гэдэг байдлаар аман тохиролцоо хийсэн. Баталгаажуулж авсан зүйл байхгүй болохоор нотлогдохгүй байгаа. Миний гаргасан удаа дараагийн хууль ёсны хүсэлтүүдийг хангаагүйг анхаарч үзэж хэргийг нэг мөр шийдвэрлэхтэй холбогдуулж хэргийг прокурорт буцааж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийг зөв тогтоох, Э, Б нар гэрлэлтийн баталгаатай эсэх асуудлыг шалгаж тогтоох, мөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авхуулах гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй, заавал эдгээр ажиллагаануудыг хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/588 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, яллагдагч Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэрэг үйлдэгдсэн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.” гэж тус тус заажээ.
Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтойгоос гадна шүүгчийн захирамжид дурдсан баримтууд хоорондын зөрүүтэй байдал, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн зэрэгт анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай гэрчүүдийг оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан асуун хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
“...М.Э болон Ч.Б нарын хооронд урьдаас төлөвлөсөн, итгэл төрүүлэх харилцаа үүсээгүй. М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэргээлгэх шаардлага шүүх хуралдааны явцад гаргавал шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой. ...Б.С-ийн эрх зөрчигдөх асуудал үүсээгүй. ...Шүүх хуралдааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нараас тодруулж, зөрүүг арилгах боломжтой. ...Хохирол бүрэн тогтоогдсон. ...Баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлж хэрэгт хавсаргасан. ...” гэж тайлбарлан дүгнэж, давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт нэгэнт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах, шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх, бусад нотлох баримттай харьцуулах замаар үнэлж дүгнэх зэрэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан тул хуулийн заалтыг чанд мөрдөх замаар Ч.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/588 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ