Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03894

 

 

 

 

 

 

                                2022       09          28

                   101/ШШ2022/03894

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Э” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  У. А /рд:/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн алдангид 1,192,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК болон иргэн У.А нар нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №91 тоот түрээсийн гэрээний үүрэгт 5,410,473 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “Э” ХХК болон иргэн У.А нар нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн түрээсийн гэрээг 91 хоногийн хугацаатай байгуулсан.

Гэрээний дагуу манай компани нь 242 ширхэг барилгын хэв хашмалыг хүлээлгэж өгөн 1 сарын хугацаатай түрээслүүлэх, У.А нь дээрх эд хөрөнгийг хүлээн авч, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн түрээслэгч нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 1,200,000 төгрөгийг урьдчилж төлсөн.

Манай компанийн зүгээс гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 1 сарын түрээсийн төлбөр нь 2,256,600 төгрөгт тооцогдох 242 ширхэг хэв хашмалыг иргэн У.Ад гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хэв хашмалыг 1 сарын хугацаатай түрээслэх байсан ч хариуцагчийн зүгээс гэрээний хугацаагаа сунгаж, бидний хүлээлгэж өгсөн хэв хашмалыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ашиглаж, энэ өдөр эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгсөн. Хэв хашмалыг 2021.07.24-ний өдрөөс 2021.11.04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нь 5,372,400 төгрөг болсон бөгөөд үүнээс 1 сарын түрээсийн төлбөр болох 2,250,600 төгрөгийг 2021.10.08-ны өдөр төлж, үлдэх 3,121,800 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Үүнээс барьцаанд урьдчилж төлсөн 1,200,000 төгрөгийг хасч тооцоход 1,921,800 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2, 6.5-т тус тус заасны дагуу хэв хашмалыг түрээслэгчээс хүлээн авах үед бидэнд 242 ширхэг хэв хашмалыг бүрэн бүтэн хүлээлгэж, эвдрэл гэмтэлтэй бол засах зардлыг, алга болгосон түүний төлбөрийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагчийн зүгээс 229 ширхэгийг бидэнд хүлээлгэн өгч, үлдэх 13 ширхэгийг алга болгож, үрэгдүүлсэн байсан. Талууд 2021.11.04-ний өдөр хэв хашмалыг хүлээлцэх үед хэв хашмалыг засварлах зардалд 1,620,000 төгрөг, алга болгож үрэгдүүлсэн гэх 13 хэв хашмалын үнэ 676,000 төгрөг болсон бөгөөд нийт 2,296,000 төгрөгийн засварын зардал гарсныг талууд баталгаажуулж хэв хашмал хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ төлбөрийг мөн өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлсөнгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.7-д заасны дагуу 2021.11.04-ний өдрөөс 2022.06.22-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөр, засварын зардал төлбөрөөс алданги тооцоход 1,192,673 төгрөг бодогдсон байна.

Хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу төлөгдвөл зохих түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,921,800 төгрөг, хэв хашмалын засварын зардал 2,296,000 төгрөг, алдангид 1,192,673 төгрөг буюу нийт 5,410,473 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч бидний тавьсан шаардлагыг огт биелүүлсэнгүй.

Иймд хариуцагч У.Агээс талуудын хооронд 2021.07.24-ний өдөр байгуулагдсан 91 тоот түрээсийн гэрээний дагуу нийт 5,410,473 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Түрээсийн гэрээний дагуу төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүссэнээс хойш хариуцагч нь 4 217 800 төгрөгийг төлсөн. Алдангийг төлөөгүй байгаа тул 1 192 263 төгрөг гаргуулна. Гэрээ нь 2021 оны 7 сард байгуулагдсан. Гэрээний 5.7, 7.2-т зааснаар нэхэмжилж байгаа юм. 2022 оны 9 сард үндсэн төлбөр төлөгдсөн тул алданги гаргуулна. 2021.8.24-2021.11.4-ний өдөр хүртэл алдангийг тооцож байгаа юм. 1 хоногийн түрээс нь 72 600 төгрөг байсан юм. 74 хоногоор алданги тооцсон юм. 1 хоногт 16 117.2 төгрөгийн алданги тооцогдож байгаа юм гэв.

 

Хариуцагч У.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрөө зөвшөөрөөд төлсөн. Алдангийг зөвшөөрөхгүй. Бид барьцаа гэж 1 200 000 төгрөг үлдээсэн. Цар тахлаас болж төлбөрийг удаасан. Нэхэмжлэлийг 8 сарын 31 өдөр гардаад компани мөнгөтэй болсон өдрөө л төлсөн. Манайх цар тахлаас болоод ажил муу явж төлбөр төлөх боломжгүй байсан. Бид засвар дээр хангалттай мөнгө өгсөн. Түрээсийн зүйлийг буцааж өгсөн огноог мэдэхгүй байна. Харин төлбөрийг 2022.9.1-ны өдөр төлсөн. 242 пум авснаа зөвшөөрнө. Барьцаа 1 200 000 төгрөг нь үндсэн төлбөртөө тооцогдсон. 9 сарын 1-нд 4 217 800 төгрөг төлсөн. Засварт 2 296 000, үндсэн төлбөрт нь 1 921 800 төлсөн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх6-8/, бараа хүлээлцсэн баримт /хх9/, орлого, зарлагын баримтын хуулбар тус бүр нэг ширхэг /хх11/, бараа материал түрээслэх №91 гэсэн баримтын хуулбар /хх12/-г нотлох баримтаар ирзүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 1,921,800 төгрөг, түрээсийн гэрээний зүйлийн засварын зардалд 2,296,000 төгрөг, алданги 1,192,673 төгрөг, нийт 5,410,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар үндсэн төлбөр болон засварын зардал төлөгдсөн гэх үндэслэлээр алдангид 1,192,263 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.

 

Хариуцагч нь үндсэн төлбөр болон засварын зардлыг төлсөн тул алданги төлөхгүй гэж маргасан.

 

Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 91 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх6-8/

Түрээсийн гэрээний зүйл нь 242 ширхэг барилгын ажлын туслах материал байх бөгөөд гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байна. /хх9/

Улмаар гэрээ байгуулагдаж, 242 ширхэг эд зүйл хүлээлгэн өгөх үед хариуцагч нь 1,200,000 төгрөгийг барьцаа болгон нэхэмжлэгчид олгосон болох нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараар тогтоогдосон.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Түрээсийн гэрээний нийт үнэ нь гэрээний 4.1-т зааснаар 2,250,600 төгрөг тул барьцаа болгож төлсөн 1,200,000 төгрөгийг хасвал үлдэх төлбөр нь 1,050,600 төгрөг юм.

Гэрээний 5.7-д зааснаар хариуцагч гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хоногт 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс гүйцэтгээгүй үүрэгт ногдох алдангийг тооцвол хоногт 3,151.80 /1,050,600*0.3%/ төгрөг юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алдангийг 74 хоногоор тооцно гэж тайлбарлаж байх тул нийт 233,233:20 төгрөгийн алданги тооцогдоно.

Улмаар үндсэн төлбөр дээр алдангийг нэмбэл 1,283,833.20 төгрөг юм.

 

Цаашлаад хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр үндсэн төлбөрт 1,921,800 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй, зөвшөөрсөн.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь дээрх 233,233.20 төгрөгийг төлсөн бөгөөд 871,200 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна.

Гэвч алдангийн талаар хуульд заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах бөгөөд харин төлбөр төлөгч буюу хариуцагчийн төлөх эрхийг хязгаарлахгүй.

Иймд хариуцагч нь энэ шийдвэрийг үндэслэж илүү төлбөрийг буцаан шаардах эрхгүй. Учир нь хариуцагч өөрийн хүсэл зоригоор илүү алданги төлсөн байна.

 

Түүнчлэн хэдийгээр нийгэмд цар тахал тархсан нь нийтэд илэрхий үйл баримт боловч энэ нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,192,673 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Харин 4,218,210 төгрөг төлөгдсөнөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй. Мөн илүү төлсөн төлбөрийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У.Ад холбогдох түрээсийн гэрээний үүргийн алдангид 1,192,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаар 41,223.12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.Г