Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0321/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2503005340633 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1973 оны 12 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэг үзэгч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******нд ачаа вагон хүлээлцэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Ачаа вагон хүлээлцэгч-кассир” мэргэжлээр төгсөөгүй атлаа “Ачаа-вагон хүлээлцэгч-кассир” хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын*******ний ангид ачаа вагон хүлээлцэгч-кассираар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч ******* нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв”-д суралцаж байгаагүй атлаа тус сургалтын төвийн “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2020/*******,******* нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Ачаа вагон хүлээлцэгч-кассир мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх хуурамч мэргэжлийн үнэмлэх авсан. Улмаар уг хуурамч мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс Улаанбаатар төмөр хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******нд ачаа вагон хүлээлцэгч-кассираар томилогдон ажилласан болох нь:

         - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгах тухай илтгэх хуудас /хх-ийн 4/,

         - ...mergejil.mn нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээлэл дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно гэх гэрчы мэдүүлэг /хх-ийн 21-23/,

         - Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны төмөр замын цагдаагийн газрын 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 14-2б/ дугаартай албан бичгийн хавсралтад дурдсан 38 иргэн /24 дүгээрт,*******, 2020/******* /-ий мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn системд бүртгэлгүй талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 196 дугаартай албан бичиг /хх-ийн 52-54/,

         - “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2020/*******,******* нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Ачаа вагон хүлээлцэгч-кассир мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх шүүгдэгч *******ын цэнхэр өнгийн хавтастай мэргэжлийн үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, уг мэргэжлийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 58-63/,

         - Ачаа вагон хүлээлцэгч ******* нь 2017 оны 06 сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаард ачих буулгах хэсэгт оосорлогч дохиочноор ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 21-ний Б/ дугаартай тушаалаар дагалдан ачаа вагон хүлээлцэгчээр томилогдсон. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс, урамшуулал авсан. Нэгэнт хийсэн ажлаа үнэлүүлэн авсан цалинг нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мэдүүлэг /хх-ийн 70-71, 73/,

         - ******* томилогдож ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 05 сарын 22-ны өдрийн хугацаанд 98,971,933.70 төгрөгийн цалин хөлс, урамшуулал авсан байна гэх гэрчгийн мэдүүлэг /хх-ийн 76/,

         - ... /******* /-ийн 2020/******* ... дугаартай мэргэжлийн үнэмлэхийг бүгдийг нь шууд хэвлэн өгч байсан. Эдгээр хүмүүс нь ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Надад тухайн иргэдийг суралцаж байсан болон төгссөн болохыг нотлох ямар ч бичиг баримт байхгүй. Шууд хэлэхэд бүгд хуурамч мэргэжлийн үнэмлэх юм... гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 84-87/,

         - Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******гөөс гаргаж өгсөн шүүгдэгч *******ын ажилд томилогдсон, ажлын байрны өөрчлөлтийн талаарх тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт, цалингийн карт, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******нд гаргасан өргөдөл /хх-ийн 104-130/,

         - Шүүгдэгч *******ын 2015 оны 01 сараас 2025 оны 04 сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 136-140/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв”-ийн 2020/******* дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачаа вагон хүлээлцэгч-кассирын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэх хуурамч нөхцөл байдлыг бий болгож Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******д ачаа вагон хүлээлцэгч-кассираар ажилласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүдэгч *******ыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгээд түүндээ тохирсон цалин хөлс, урамшуулал авч байсан тул Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн*******д хохирол учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

         Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

         2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

         Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

         Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2020/*******,******* нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Ачаа вагон хүлээлцэгч-кассир мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

         Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

         6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Мэргэжлийн үнэмлэх, дугаар: 2020/*******,******* нь Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “******* сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад Ачаа вагон хүлээлцэгч-кассир мэргэжлээр тав сар суралцаж төгсөв” гэх мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсаргасугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

         9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР