| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/274 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/274
2025 01 23 2025/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.Ганхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Нт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ................, хэрэг хариуцах чадвартай,
Г овогт Б.Н, регистрийн дугаар ..............................,
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч Б.Н нь “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ..................... “Үнэгүй.мн” сайтад “партизанд байрлалтай фирм” зарна гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г хуурч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 33-ын а, б, в, г, д хаягт байх 5 айлын газар, түүний дээр байх хөрөнгийг өөрийн өмч мэт итгэл төрүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Г 38,053,164 төгрөгний хохирол учруулж залилсан ...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н нь
“...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн” сайтад “партизанд байрлалтай фирм” зарна гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г хуурч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 33-ын а, б, в, г, д хаягт байх 5 айлын газар, түүний дээр байх хөрөнгийг өөрийн өмч мэт итгэл төрүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Г 38,053,164 төгрөгний хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Хэлэх зүйлгүй ...” гэв.
Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хаалганы асуудал дээр Этэй очиж уулзсан. Энэ хаалганы асуудлыг одоо хэн төлөх эсэхийг мэдэхгүй байна. Мөн энэ хэргээс болж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилж байгаа гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Д.Гын “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн дээр “Үхрийн фирм зарна” гэж байхаар нь тухайн зар тавьсан хүнтэй эхнэрийн хамт уулзахад Партизаны сангийн аж ахуй дээр очиж тухайн зар тавьсан хүнтэй эхнэрийн хамт уулзахад 5 айлын 0.7 га газартай 30 үхрийн фирм байсан бөгөөд тухайн фирмээ 90.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд тэр фирмийг үзэхэд их таалагдсан бөгөөд их хөдөлмөрч хүмүүс байгуулсан сайхан фирм байсан. Тэгээд худалдан авахаар тохироод тэр зарах гэж байгаа хүн өөрийгөө Н гэж танилцуулаад “Би 3 жилийн өмнө өөрийн гараар барьж байгуулсан бичиг баримт бүх юм нь бүрэн фирм байна. Бэлэн мөнгөөр худалдаж авах юм бол 80.000.000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тухайн үедээ надад “энэ 5 айлын газар байгаа 3 айл нь эзэмших эрхийн зөвшөөрөлтэй 2 айлын газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэ 2 айлын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад жаахан удах байх” гэж хэлсэн. Тэгээд би эхний ээлжид урьдчилгаа 60.000.000 төгрөг өгөөд 2 айлын газрын эзэмших эрхийн гэрчилгээний асуудал шийдэгдээд бүх газрыг шилжүүлж аваад үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгнө гэж тохироод салцгаасан. Тэгээд утсаар холбогдож байгаад 2021 оны 7 сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны .......... гэж данснаас 5.800.000 төгрөгийг Б гээд Нийн эхнэрийн данс руу Ард кино театрын хажуугийн Хаан банкны АТМ-ээс ................ гэсэн эхнэрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Их дэлгүүрийн хажуугийн Гандирс хотхоны салбар дээрээс 41.000.000 төгрөгийг, мөн эхнэрийн Голомт банкны данснаас 15.000.000 төгрөгийг Голомт банкны компьютер ландын хажуугийн салбар дээрээс шилжүүлсэн ... Түүнээс хойш хэд хоногийн дараа надад фирмийг суллаж өгсөн бөгөөд 2021 оны 8 сарын 10-ны үеэр фирм дээр нүүж очоод үхэр малаа авч ирэх ажлаа явуулж байхад надад Н “ах би таны иргэний үнэмлэхийг гээчихлээ. Уучлаарай. Та иргэний үнэмлэхээ дахиад захиалаадхаач би мөнгө төгрөгийг нь өгье гэсэн ... үүнээс хойш удаагүй намайг фирм дээрээ байж байтал Хэнтий аймгийн Дадал сумаас яваа Э гэж хүн байна. Энэ фирм минийх байгаа юмаа” гээд утсан дээрээсээ баримт бичиг баримтыг нь үзүүлэхэд тухайн газар нь Э гэж хүний эхнэр хүүхэд гээд 5 өөр хүний нэр дээр байдаг. Энэ Э гэж хүний өмч болж таарсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
Гэрч Ч.Эгийн “... би 2018 оны 7 дугаар сард Нт 60 сая төгрөгөөр зарсан ... нийт 24 сая төгрөг би Наас аваад байгаа. Үлдэгдэл 36 сая төгрөгийг би авч чадаагүй байгаа. Энэ мөнгөө авах гээд залгахаар утсаа авахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21/141 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1 хавтаст хэргийн 162-190 дүгээр тал/,
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21/560 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 250 дугаар тал/,
Гэрч Ц.Болортолийн Хаан банкны дансны хуулга /1 хавтас хэргийн 215-217 дугаар тал/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтас хэргийн 37-38 дугаар тал/,
Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас хэргийн 36 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Нийн “...2018 оны 07 дугаар сард Э анх хэлэхдээ надад энэ 5 айлын газар бүгд өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа, энэ фирмийг ажиллуулах юм бол жилдээ багадаа 20.000.000 төгрөгийн ашиг олно гэж хэлсэн. Чи энэ газар хашаа байшин, фирмийг 60.000.000 төгрөгт ав 3 жилийн дотор жил болгон 20.000.000 төгрөгөө аваад эхний 2 газрын гэрчилгээг шилжүүлж өгнө, дараагийн 20.000.000 сая төгрөгт 1 газрын гэрчилгээ, сүүлийн 20.000.000 төгрөгт 2 газрын гэрчилгээг миний нэр дээр болгож өгнө гэж хэлсэн. Энэ хашаа байшин нь өвөл хүн амьдрах нөхцөл байгаагүй, би дээвэр, дотор засал, 1 км зайнаас тог татуулсан мөн 00 угаалгын өрөө гээд нийт 33.201.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Эд машин тэрэг болон бэлэн мөнгө болон дансаар нийт 30.000.000 төгрөг өгсөн. Эгээс болоод би нийтдээ 63.201.000 төгрөгөөр хохироод байгаа. Энэ хугацаанд би Эгээс газрын гэрчилгээг хэзээ миний нэр дээр болгож өгөх вэ гэж маш олон удаа нэхэхэд би газрын албатай ярьчихсан байгаа, түр хүлээж бай эсвэл хөдөө байна гэх зэргээр надад гэрчилгээг гаргаж өгөөгүй. Би тухайн газруудын гэрчилгээг 2020 онд анх удаа харсан. Тэгэхэд 5 өөр хүний нэр дээр байсан. Тэгээд би таны нэр дээр байдаггүй юм уу бас яагаад дандаа эзэмших эрхийн гэрчилгээ байгаа юм бэ надад хэлэхдээ өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэсэн биз дээ гэж Эгээс асуухад манай ах дүү нарын нэр дээр байгаа асуудал байхгүй чам руу шилжүүлэхээр бол би газрын албаны даргыг нь таньдаг чам руу шилжүүлэх үедээ өмчлөх болгоод өгч болно гэсэн. Тэгээд би ядаж нэг газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгож авмаар байна гэхэд чи мөнгөө төлчих гээд байсан. Тухайн үед би Эд 10 гаран сая төгрөг хэрэгтэй байна гээд 1.000.000 төгрөг манай аав Б дансаар шилжүүлэн авч байсан. Би Эгийн үгэнд итгэж энэ газар, хашаа байшин, фирмийг миний өөрийн өмч хөрөнгө боллоо гэж ойлгоод Замын-Үүд байсан 3 өрөө байраа зараад ачаа зөөдөг байсан том тэргээ зараад хүүхдүүдээ сургуулиас нь шилжүүлээд эхнэр хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод нүүж ирсэн. Надад газрын гэрчилгээг үзүүлж байсан болохоор найдвартай юм байна гээд Д.Г газрыг зарсан. 2021 онд Э надаас волкес вагн загварын тээврийн хэрэгслийг 5 дахь өдөр аваад 1 дэх өдөр гэхэд надад 2 газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэхээр нь тээврийн хэрэгслийг Эгийн эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн. Би 3 дахь өдөр нь Гүрбазараас иргэний үнэмлэхийг нь авчихсан байсан. Тэгээд Эгээс 2 газрын гэрчилгээг авахдаа өөрийнхөө нэр дээр биш Д.Гын нэр дээр шилжүүлж өгнө гэж бодож байсан. Тухайн үед Гүрбазараас авах байсан үлдэгдэл 20.000.000 төгрөгөө аваад дээрээс нь аавын тэтгэврийн зээлийг нэмээд Эгийн үлдэгдэл мөнгийг төлөөд гэрчилгээг нь Гүрбазарт бүрэн шилжүүлж өгнө гэж бодож байсан. Эгийн надад үхрийн фирм ашигтай байдаг гэж хэлсэн шиг ашигтай байж чадаагүй. Үхэрнүүдээ буцаагаад хямд үнээр зарсан мөн цагаан идээ зараад ч ашиг олоогүй маш их алдагдалтай байсан болохоор зарахаар шийдсэн. Би 15.000.000 төгрөгөөр нь машины сэлбэг авсан мөн Эд өгсөн машины мөнгийг төлсөн. Болортоль үлдсэн 45.000.000 төгрөгийг зарцуулсан гэхдээ би юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. Би Д.Гын хохирлыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны үед төлөөд дуусгана ... ” / 1 хавтаст хэргийн 225 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 201 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хавтаст хэргийн 46 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар / 1 хавтаст хэргийн 203-206 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Н нь “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн” сайтад “партизанд байрлалтай фирм” зарна гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г хуурч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 33-ын а, б, в, г, д хаягт байх 5 айлын газар, түүний дээр байх хөрөнгийг өөрийн өмч мэт итгэл төрүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Г 38,053,164 төгрөгний хохирол учруулж залилсан ...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.Н нь “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн” сайтад “партизанд байрлалтай фирм” зарна гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г хуурч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 33-ын а, б, в, г, д хаягт байх 5 айлын газар, түүний дээр байх хөрөнгийг өөрийн өмч мэт итгэл төрүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Д.Г 38,053,164 төгрөгний хохирол учруулж залилсан ...” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна ...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “ ... Хохирлын хувьд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан 5.000.000 төгрөг энэ гэмт хэрэг үүссэнээс болж гарсан хохирол байгаа. Мөн хаалганы 650.000 төгрөг хувьд бас энэ гэмт хэргийн улмаас болж манай үйлчлүүлэгч хохирсон байгаа. Иймд энэ хохирлыг гаргуулах саналтай байна ...” ,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хохиролд 60.000.000 төгрөг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн өмгөөлөгч хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар тооцох боломжгүй байгаа. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоорондоо тохиролцож байж энэ гэрээг байгуулдаг. Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлсөө барагдуулах боломжгүй байгаа. Хаалганы асуудал дээр танид бүрэн байр хүлээлгэж өгсөн. Хаалгыг солисон гэдэг асуудлыг мэдэхгүй. Тэр хаалга Эд очсон. Энэ байр худалдаж авснаар энэ хүн бас хохироод явж байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа иргэний журмаар нэхэмжлэх гэж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 38.053.164 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Энэ хэрэг нь ялын хувьд сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харгалзан үзээд мөн хувийн байдлыг харгалзан үзээд 500.000 төгрөг торгож өгнө үү “ гэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд, шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчид 59 819 500 төгрөгийг хохирогч Д.Гын Хаан банкны ............. дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг /2 хх 8-9/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс өмгөөллийн төлбөр 5.000.000 төгрөг, хаалганы 650.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид...” төлөх зардлаас бүрдэнэ,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана...”
Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулах хуул зүйн үндэслэлгүй байна.
Мөн хохирогчийн нэхэмжилсэн 650.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 38.053.164 төгрөгний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн 5 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ