| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04757/И |
| Дугаар | 101/ШШ2022/04254 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/04254
| 2022 10 14 | 101/ШШ2022/04254 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Эргэл овогт С.Д /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Ламын гэгээн гүйдэг овогт Х.М /рд:00/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-О, хариуцагч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Д нь өөрийн бизнесийг эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд барилгын зураг төслийн зөвлөх мэрэгжилтэн олох мөн тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхэд туршлагатай хүн хэрэгтэй байсан учир 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өмнө нь барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан гэх Ц.Г гэдэг хүнтэй танилын шугамаар уулзаж дээрх ажилд зуучлуулахаар амаар тохиролцож тухайн өдрөө ажлын хөлсөнд 14,000,000 төгрөгийг Ц.Гын данс руу шилжүүлсэн. Гэтэл Ц.Г нь 5 дугаар сарын эхээр Х.Мыг дагуулан миний оффис дээр ирж уулзахдаа би чиний өгсөн ажлын хөлсийг энэ хүнд өгсөн одоо чиний ажлыг Х.М хийнэ гэж надад хэлсэн. Гэвч Х.М нь 5 сарын дунд үед надруу холбогдож би чиний ажлыг хийж чадахгүй боллоо гэж хэлсэн. Би Х.Мтай 2022 оны 5 сарын 28-нд уулзахад би чиний ажлын хөлсийг 14 хоногийн дотор эргүүлэн өгнөө гэж хэлээд надад өөрийн гараараа баталгаа бичиж өгсөн. Гэвч одоог болтол ямар ч ажлын гүйцэтгэл байхгүйн дээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг миний данс руу хийгээгүй байгаа учир миний бие өөрийн компанийн үйл ажиллагаатай холбоотой зардал учир яаралтай Х.Маас буцаан авах хүсэлтэй байна. Иймд Х.М-аас 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие урьдын танил Ц.Г-ын гуйлтаар бусдыг ажилд зуучилж туслахаар тохиролцож, Ц.Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11,000,000 төгрөгийг бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг С.Д биш С.Г миний данс руу шилжүүлсэн юм. Би тухайн ажлыг бүтээхээр нэлээд хөөцөлдсөн боловч ямар ч боломжгүй болсон тул энэ тухайгаа мэдэгдсэн. Гүйцэтгэх байсан ажлын журманд өөрчлөлт орж, хугацаа алдаад, нэхэмжлэгч тал хүлээх боломжгүй гэсэн шаардлага тавиад гэрээг цуцалсан. Гэтэл С.Д нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр уулзаад 14,000,000 төгрөг авсан болон буцаан төлөх тухай бичиг бичүүлж авсан. Энэ талаар Ц.Г-оос асуухад зөрүү мөнгийг дунд зуучилсан хүн авсан, буцааж өгнө гэсэн. 14,000,000 төгрөгөөр нь бичээд өгчих гэсний дагуу нэхэмжлэлд хавсаргасан бичгийг бичиж өгсөн. Иймээс миний бие нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөөс 11,000,000 төгрөгийг төлнө. Зөрүү 3,000,000 төгрөгийг би аваагүй, энэ асуудлыг би мэдэхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Х.Маас бичсэн мөнгө хүлээн авсан талаарх баримт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар,
3.2 Хариуцагчаас гаргасан дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Х.Мд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Гоор зуучлуулан барилгын зураг төсөл, тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож ажлын хөлс 14,000,000 төгрөгийг өгсөн. Ц.Г нь Х.Мтай намайг уулзуулж чиний өгсөн мөнгийг энэ хүнд өгсөн ба ажлыг энэ хүн хийнэ гэж Х.Мыг танилцуулсан. Х.М нь тохиролцсон ажлыг хийж өгөөгүй, ажлын хөлсийг маань ч буцааж өгөөгүй гэж,
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Өөрийн танил Ц.Гоор дамжуулан С.Дийн ажлыг хийж өгөхөөр тохиролцсон. Гэвч би ажлыг нь хийж өгч чадахгүй болсон. Би ажлын хөлсөнд 11,000,000 төгрөгийг авсан тул энэ мөнгөө буцааж төлнө гэж тус тус тайлбарлаж, маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
3.1 Нэхэмжлэгч С.Д нь Ц.Г гэх иргэнээр дамжуулан хариуцагч Х.Маар барилгын зураг төсөл, тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлс 14,000,000 төгрөгийг Ц.Гын дансаар дамжуулан шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулгын баримтаар тогтоогдсон. /хх-5/
3.2 Хариуцагч Х.М нь нэхэмжлэгч С.Дтэй уулзаж, барилгын зураг төсөл, тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх, Ц.Гоор дамжуулан ажлын хөлсийг хүлээн авсан талаараа мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
3.3 Зохигчдын хэн аль нь гүйцэтгэгч Х.М нь ажлын үр болох барилгын зураг төсөл, тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж захиалагч С.Дт хүлээлгэн өгөөгүй үйл баримтын талаар маргаагүй, тайлбарласан.
4. Хариуцагч Х.М нь ажлын хөлсөнд 11,000,000 төгрөгийг хүлээн авсан тул уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр буцаан төлнө, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
4.1 Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтад ...Би Х.М /рд:0/, 0 регистрийн дугаартай С.Дээс Ц.Гоор дамжуулан ажил зуучлах хөлс болгон 14 сая төгрөг урьдчилан авсан болно. Уг ажил амжилтгүй болсон тул Ц.Гоор дамжуулан урьдчилан авсан 14 сая төгрөгийг 14 хоногт багтаан С6Д-т буцаан олгохоо үүгээр баталгаажуулж байна, 2022.05.28, Х.М гэжээ.
4.2 Уг баримтыг хариуцагч Х.М өөрөө бичсэн үйл баримтын талаар маргаагүй, харин дээрх баримтыг Ц.Г-ын гуйлтаар бичиж өгсөн тул нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.
4.3 Хариуцагч Х.Мөнхзул нь ажлын хөлсөнд авсан 14,000,000 төгрөгийг буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлж бичгээр үйлдэж, уг хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж гарын үсгээ зурсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
5. Ажил гүйцэтгэгч Х.М нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч тодорхой үр дүн гараагүй байх тул захиалагч С.Д нь ажлын хөлсөнд шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, үндэслэлтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Маас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ