2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар    2025/ШЦТ/294

 

 

 

 

 

 

 

   2025        01           24                                 2025/ШЦТ/294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Н.Түвшинбаяр,

  шүүгдэгч Х.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Х.Гэд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Х.Г, регистрийн дугаар ...................,

Монгол Улсын иргэн, ...................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 50 минутын  үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-5 дугаар байрны гадаах авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Ч.О ...... УБО улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг машин таглаж тавьсан гэх шалтгааны улмаас зурж 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед тархиндаа хоргүй хавдар гэсэн оноштой байсан. Тархины уур бухимдал тэрхэн үедээ илэрээд тэгээд тэр хүний машиныг зурсан байсан. Тэр үед уур бухимдлаа бариагүйдээ маш их харамсаж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.О “...би өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 40 минутын үед өөрийн эзэмшлийн 6912 УБО улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 загварын машинаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 8-5 дугаар байр буюу Пийс Бьюлдинг барилгын гадаах авто зогсоол дээр байрлуулсан. Машинаа байрлуулаад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү орсон байсан. Гэтэл 09 цаг 33 минутаас 09 цаг 51 минутын хооронд миний ......... дугаар руу ............ дугаараас 18 удаа залгасан байсан бөгөөд 19 дэх дээр нь би утсаа аваад ярихад машин гаргая гэж хэлсэн. Би машинаа зогсоолд тавьсан байсан машинуудын ард давхар тавьчихсан байсан юм. Тэгэхээр нь би эхнэрийгээ машинаа холдуучих гээд гаргасан. Тэгээд манай эхнэр гараад машинаа холдуулчихаад ажил руугаа буюу Пийс Бьюлдинг руу орсон байсан. Тэгээд буцаад 11 цагийн үед манай эхнэр над руу машины зураг явуулаад машин тойруулаад зурчихсан байна гэсэн. Тэгэхээр нь Пийс Бьюлдинг барилгын гадна камерыг шүүж үзэхэд 2475 УЕВ улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын хар өнгийн машины жолооч над руу залгасныхаа дараа миний машины урд дугаарыг хөлөөрөө өшиглөөд газраас юм аваад машиныг тойруулаад зурж байгаа нь харагдаж байсан. Энэ машины жолооч бол над руу машин гаргая гэж залгасан ........... дугаартай хүн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна ...урд улсын дугаарын хүрээ нь хугараад тогтохооргүй болсон байна лээ. Баруун хойд хаалга, баруун хойд крыло, хойд багажны хаалга, зүүн талын урд, хойд хаалган дээр зурсан байсан. Гурван талыг нь тэр чигээр нь зурчихсан байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Гэрч Д.С “...Би тухайн өдрийн өглөө 09 цагийн үед түрүүлээд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр оччихоод байж байсан. Харин манай нөхөр О хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд машинаа тавьчихаад араас ирсэн. Эмнэлэг дээр байхдаа манай нөхөр утасныхаа дууг хаачихсан байсан. Тэгтэл .............дугаараас манай нөхөр рүү олон удаа залгачихсан байсан. Тэгээд манай нөхөр намайг машинаа холдуулчих гэхээр нь би эмнэлгээс гарч гүйгээд машинаа тавьсан байсан манай ажлын  газрын гадаа буюу Пийс Бьюлдинг барилгын машины зогсоол дээр ирэхэд манай машин зогсоол дээр байрлуулсан машинуудын ард нь байрласан байсан. Тэгээд намайг очиход 2475 УЕВ улсын дугаартай хар өнгийн HiLux загварын машинтай ах гарах гээд хүлээж байсан. Тэр ах намайг ерөөсөө загнаж уурлаагүй. Би холоос гүйж ирэхдээ бас айгаад “уучлаарай эмнэлэг дээр байсан болохоор утасныхаа дууг хаачихсан байсан байна. Машины эзэн нь өөрөө эмчид үзүүлж байгаа шүү” гэж хэлсэн. Харин надад “утсаа авахад яадаг юм” гэж хэлсэн санагдаж байна. Өөрөөр уг нь уурлаж загнаагүй юм. Тэгээд би машинаа ухрааж нөгөө машиныг гаргачихаад буцаж эмнэлэг рүү гүйж очоод эмнэлэг дээр удалгүй буцаж гараад хүүхдээ авах гэж явах гэж байсан. Тэгтэл машиныг тойруулаад зурчихсан байсан. Машинаа угаагаагүй шороотой байсан болохоор зурсан нь илт мэдэгдэж байсан. Хадаас шиг иртэй, юмаар зурчихсан байх шиг байсан. Би тэр үедээ “Хүүхдүүд л зурчихсан юм шиг байна” гэж бодсон. Мөн урд дугаар хазайчихсан байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж хэлчихээд машинтайгаа хөдлөөд явсан. Намайг Сүхбаатарын талбайн ард явж байхад манай нөхөр над руу залгаад “Машинаа хөдөлгөхгүй байж байгаад цагдаа дуудахгүй яасан юм” гэж хэлсэн. Манай машиныг зурсан гэх хүн нь саравчтай малгайтай, хар өнгийн хувцастай л эрэгтэй хүн байсан. Хувцсыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хүн 2475 УЕВ улсын дугаартай HiLux загварын машинтай хөдлөөд явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2365 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,

Шүүгдэгч Х.Гийн “би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг өнгөрч байхад гэрээсээ эмнэлэг рүү явах гээд гарсан. Өмнөх өдрийнх нь шөнө нь би машинаа Пийс Бьюлдинг барилгын зогсоол дээр байрлуулсан байсан. Тэгээд 24-ний өдрийн өглөө машин дээрээ иртэл миний машины ард 6912 УБО улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгсэл зогсчихсон, гарах боломжгүй байсан. Тэгэхээр нь машины урд байсан ............ дугаар руу 09 цаг 20 минутын үед залгасан чинь утсаа авахгүй байсан. Үүнээс хойш 09 цаг 50 минут хүртэл бараг 19 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд л уурлаад бухимдаад газраас модны хугархай мөчир аваад хаалгануудыг нь зурчихсан. Бүдүүн сөрдгөртэй мод байсан ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 50 минутын  үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-5 дугаар байрны гадаах авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Ч.О 6912 УБО улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг машин таглаж тавьсан гэх шалтгааны улмаас зурж 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх” хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.О мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/, гэрч Д.С мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2365 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... шүүгдэгч Х.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүх шүүгдэгч Х.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэх үндэслэлээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Од 1.290.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 18/-р тогтоогдсон.

Шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Ч.О 5720924256 данс руу нь 1.315.000 төгрөгийг, 81.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 40-41/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ