Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/529

 

Г.Э, Х.Г, М.Б,  А.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

яллагдагч Г.Э-ын өмгөөлөгч О.Санчирбал, Б.Зулбаяр

яллагдагч М.Б, А.Ц нарын өмгөөлөгч Н.Болортуул,

яллагдагч Х.Г-ын өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/861 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Э, Х.Г, М.Б, А.Ц нарт холбогдох эрүүгийн 1806 06683 0407 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Э, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С овгийн М-ын Б, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн А-ын Ц, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-д дуудлагаар автомашины түлхүүр, бүргэд хаалганы цоожны үйлчилгээ хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Х овгийн Х-ын Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг нүүрэн тус газар нь цохиж алсан,

А.Ц нь Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг алсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

М.Б нь Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг алсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Х.Г нь Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг алсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б, А.Ц нарыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зориуд худал мэдүүлэг өгүүлж нөлөөлсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Ц, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол байдлыг тогтоогоогүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 1115 дугаартай “...Гэрч нарын аль мэдүүлэг үнэн зөв болохыг лавлан тодруулах, ...Г.Э-ыг хаана байгааг тодруулахаар ...” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан магадлал, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3606 дугаартай захирамжийн тодорхойлох хэсгийн “...хэрэгт тусгагдаагүй баримт сэлт мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно.” гэсэн захирамж бүрэн биелэгдээгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна. Мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг яллах дүгнэлтэд тодорхой тусгахаар заасан байдаг. Гэтэл А.Ц, М.Б нар нь хаана худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн, Х.Г нь хаана худал мэдүүлэг зориуд мэдүүлэг өгөхөд нөлөөлж, хаана үйлдээд байгаа гэх гэмт хэрэг үйлдсэн газар нутгийг яллах дүгнэлтэд тусгаагүй. Хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Г.Э, А.Ц, М.Б, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд яллагдагч Г.Э, А.Ц, М.Б, Х.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1115 дугаартай магадлалд заасны дагуу гэрч нарын 2 зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдлыг хянаж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шийдвэрлэсэн. Прокурорын уг шийдвэрийн үндсэн дээр гэрч нарын мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Г.Э-ыг хэрэг болсон тухайн цаг хугацаанд хаана байсан талаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3606 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг биелүүлэхээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт танилцуулах боломжоор хангахад өмгөөлөгч нар танилцах шаардлагагүй талаар амаар хүсэлт гаргасан. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хүсэлтээр хуульд заасны дагуу явуулсан. Мөн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдсан урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор тайлбар гаргахдаа яллагдагч Г.Э, А.Ц, М.Б, Х.Г нарыг буруутгаж байгаа нотлох баримтад дээрх мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт байхгүй, хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болохыг дурдсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 861 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.Э-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар гурван үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүний нэг үндэслэлийг прокурор дурдсангүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1115 дугаар магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг магадлалын тодорхойлох хэсэгт гэрч Ц /1хх 131-133/, гэрч Н /1хх 137-139/, гэрч Г /1хх 141-143/, гэрч Э /1хх 145-147/, гэрч Э /1хх 135/, гэрч Б /2хх 92-94/ нарын мэдүүлэгт 2018 оны 8 дугаар сарын 10-аас 11-ний өдрүүд буюу хохирогч нас барсан өдөр шүүгдэгч Г.Э-ын хаана байсныг мэдүүлсэн байхад үүнийг няцаасан баримт байхгүй байна. Иймд нэр бүхий гэрч нарын мэдүүлэг үнэн, зөв эсэхийг сайтар нягталж шалгах шаардлагатай гэж дүгнэсэн. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан А.Ц, М.Б нарыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалга гэсэн чиглэлийг агуулгын хувьд өгөөгүй. Дээрх гэрч яллагдагчийн хаана байгааг мэдүүлсэн. Уг мэдүүлгүүдийн үнэн, зөв эсэхийг нягтал гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3606 дугаартай захирамжаар дээрх магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан боловч уг ажиллагааг хийгээгүй. Мөн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд танилцуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан. Гэтэл прокурор дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ захирамжийн биелэлтийг хангаж хэргийн оролцогч нарт гүйцэтгэх ажлын материалыг танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй. Прокурор эсэргүүцэлдээ өмгөөлөгч нарт гүйцэтгэх ажлын материалыг танилцуулах боломжоор хангасан гэсэн байна. Миний хувьд гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцахаар очсон боловч гүйцэтгэх ажиллагааны зөвхөн тогтоолтой танилц гэсэн. Доторх материалтай танилцах гэсэн боловч тийм боломж байхгүй гэсэн учраас зөвхөн тогтоолтой танилцахгүй гэдгээ илэрхийлсэн. Бусад өмгөөлөгч нарт танилцуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нараар баталгаа гаргуулаад гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцуулах боломжтой. Мэтгэлцээний үндсэн дээр гэм бурууг тогтоох ёстой учраас уг нотлох баримтад ямар асуудал тусгагдсан байгаа гэдэгтэй танилцах ёстой. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг мөрдөгч, прокурор заавал дагаж биелүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд А.Ц, М.Б, Х.Г нар хаана гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг нь тусгаагүй. Х.Г нь худал мэдүүлэг өгүүлэхээр хаана нөлөөлсөн, А.Ц, М.Б нар нь хаана худал мэдүүлэг өгснийг огт тусгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Э-ын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Өмгөөлөгч нарын эрхийг хангаагүй. Талийгаач өөр хувцастай гарч явсан гэдгийг түүний ээж нь шүүх хуралдаанд удаа дараа хэлсэн. Энэ талаар тодруулаагүй. Яллагдагч болсон 2 гэрчийн аль мэдүүлэг нь үнэн зөв гэдэг талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр тогтоолд өөрчлөлт оруулаад хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэдгийг нотолдог. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч М.Б, А.Ц нарын өмгөөлөгч Н.Болортуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч нарыг гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцах боломжоор хангаагүй. Удаа дараа хүсэлт гаргаж байсан. Яллагдагч М.Б, А.Ц нарын мэдүүлэг үнэн зөв болохыг нотлохоор чат, мессеж болон интернэт банкны хуулгыг гаргаж өгсөн боловч нотлох баримт гэж үзээгүй. 2 зөрүүтэй мэдүүлгийг үнэлэн яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шөнийн 2 цагт авчраад өглөөний 10 цагт мэдүүлэг авсан байдаг. Жижүүрийн цагдаа нар болон мөрдөгч нар дарамталсан, зодсон. М.Б, А.Ц нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хамт байх үед нь баривчилсан. Архи уусан маршрутаа зааж өгсөн боловч он, сар, өдөр нь тохирдоггүй. 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр биш, эхний байцаалтыг мөрдөгч хөтөлж авсан. Тухайн өдөр дарамт шахалтад орсон байсан.  Дарамт, шахалт үзүүлсэн гэж гомдол гаргаж байсан. Хүний эрхийн Үндэсний комисст албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй.” гэв.

Яллагдагч Х.Г-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүхэд  бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надтай Баянзүрх дүүргийн прокурорын газраас, хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан, түүний туслах ажилтны нэрээр холбогдсон, уулзсан тохиолдол байхгүй бөгөөд хэрэгт авагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны баримттай танилцах боломжоор хангаж байсныг, миний зүгээс нууц баримттай танилцахгүй гэж прокурорт амаар хүсэлт гаргаж, улмаар амаар хүсэлтээ шийдвэрлүүлэн аваагүй. Хуульч, прокурор хүн шүүхийн өмнө зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй. Хяналтын прокурор өөрийн эсэргүүцэлд дурдсан нууц нотлох баримтыг өмгөөлөгч нарт танилцуулах боломжоор хангасан гэх нөхцөл байдлаа баримтаар нотолж мэтгэлцэх ёстой. Х.Г хаана гэрч нарт худал мэдүүлэг өгүүлэхээр нөлөөлсөн нь байдаггүй. Нөлөөлөх гэмт хэрэг нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, сүрдүүлэх, ятгах, шан харамж амлах, өгөх зэрэг шинжүүдтэй. Прокурорын яллах дүгнэлтэд Х.Г нөлөөлсөн гэж бичсэн байдаг. Аль шинжийг нь агуулсан үйлдэл гаргасан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нотолбол зохих байдал нотлогдоогүй. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагагүй, харин дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э-ыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Ц, М.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлж нөлөөлсөн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бичээгүй байна.

Хуулийн дээрх зүйлд яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг тогтоосон бөгөөд тухайлбал, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тогтоох хэсэгт тусгахаар заасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтэд яллагдагч нарыг яллаж байгаа гэмт хэргийн агуулгыг бичихдээ “Яллагдагч А.Ц, М.Б нар нь Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг алсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж товч байдлаар бичсэн ба тэдний гэмт хэрэг үйлдсэн газрыг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтад заасан шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн, “...яллагдагч Х.Г нь Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.У-ийг алсан гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б, А.Ц нарыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зориуд худал мэдүүлэг өгүүлж нөлөөлсөн” гэсэн нь мөн адил дээр дурдсан хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж болох “...өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн. ...” гэсэн үйлдлүүдийн алийг нь хангаж байгаад хууль зүйн дүгнэлт өгөөгүй, энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулж шалгаагүй байна.

Прокурор Т.Мөнх-Амгалан эсэргүүцэлдээ: “...мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг өмгөөлөгч нарыг танилцуулах боломжоор хангахад өмгөөлөгч нар танилцах шаардлагагүй талаар амаар хүсэлт гаргасан. ...” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус баримттай танилцуулах зорилгоор дуудаагүй. ...” талаар тайлбар гаргасан бөгөөд өмгөөлөгч нарт мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд авагдсан нотлох баримтыг танилцуулахаар дуудсан, дуудахад өмгөөлөгч нар татгалзсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Аливаа гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийг нууц баримтаар яллаж болохгүй бөгөөд мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулж, хуульд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасанд  нийцүүлсэн яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж дүгнээд Г.Э, А.Ц, М.Б, Х.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 861 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/861 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ