Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0245

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Ц.Идэрмөнх

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

         Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201714000261 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-8, аав, эгч, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 8-4 тоотод оршин суудаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 18 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, Боржгон овогт Ганбаатарын Ган-Эрдэнэ РД:/ФМ 87120295/,

 

          Г.Ган-Эрдэнэ нь 2017 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 2-28 тоот хашаанд байх нийтийн зориулалттай байрны 4  тоот өрөөнд оршин суух Т.Дашзэвгийн гэрт нэвтэрч түүний эзэмшлийн HP загварын зөөврийн компютерыг залгуурын хамт, 2 грамм хэмжээтэй эмэгтэй монетон гинж 1 ширхэг, үүргэвч цүнх 1 ширхэг, 7 дугаар сургуулийн эзэмшилд ашиглагддаг i3 CPU-тэй Lenovo  загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, i5 CPU-тэй Lenovo  загварын зөөврийн компютер 1 ширхэг, цүнх, залгуур, хулганы хамт хулгайлж 1.318.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалты шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирлоо төлж барагдуулсан. Хулгайлсан эд зүйлээ буцаагаад хохирогчийн гэрийн гадаа аваачиж тавьсан. Үлдсэн 135.000 төгрөгийн хохирлыг шүүх дээр ирсэн хойноо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Тухайн хулгайлсан эд зүйлээ гэртээ аваачиж тавьсан. Гэвч нойр хүрэхгүй хэцүү байсан. Тэгээд найз Бат-Очиртоо энэ тухайгаа хэлээд буцааж айлд нь аваачиж өгье гээд явсан. Уг нь гэрт нь оруулж өгөөд уучлалт гуйя гэж бодож байсан боловч чадаагүй. Тэгээд гэрийнх нь үүдэнд орхиод холоос харж байсан. Тэгтэл айлын хүн нь үүрээр гарч ирээд компютероо аваад орсон. Монетон гинжийг аваагүй, гэхдээ төлбөрийг нь төлсөн. Хийсэн хэргийнхээ хувьд маргахгүй. Хориход байхдаа ээжийгээ алдсан. Одоо аав минь надад байна. Цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж аавдаа тус дэм болж амьдрахыг хүсч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад дахин нэг боломж олгохыг хүсч байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Дашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өглөө сэрээд хартал манай өрөөний үүдний хэсэгт газар тавьчихсан байсан Lenovo маркийн Core i5 CPU-тэй нотебүүк 1 ширхэг, цүнх болон залгуур хулганатай нь HP маркийн Celeron /энгийн/ CPU-тэй нотебүүк 1 ширхэгийг залгууртай нь болон эхнэр бид хоёрын унтаж байсан орны хажууд мөн шалан дээр байсан Lenovo маркийн Core i3 CPU-тэй нотебүүк 1 ширхэг, үүдний хэсгийн ширээн дээр байсан манай эхнэрийн 2014 онд Орхон аймгаас 135.000 төгрөгөөр худалдан авч байсан /2 грамм/ монетон хүзүүний гинж зэрэг зүйлс алга болсон байсан. Ингээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа өглөө босоод бие засах гээд гэрээсээ гарахад манай гэрийн гадаа миний алдсан цүнхтэй зөөврийн комьпютерүүд байж байсан. Тэгэхээр нь би авч гэртээ оруулаад ямар нэг байдлаар задалж үзэж гар хүрэлгүй байж байгаад хэрэг болох үед манай гэрт ирж байсан намхан нуруутай махлаг биетэй надаас анх тайлбар авч байсан цагдаагийн ажилтан руу утсаар яриад болсон зүйлийн талаар хэлж түүнд нөгөө комьпютеруудаа хүлээлгэн өгсөн. Миний бие 2016 оны 03 сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хангайн бүс худалдааны төвөөс 25.000 төгрөгөөр худалдан авч өөрөө хэрэглэж байсан, үүргэвчтэй 3 хэсэг тасалгаа бүхий цахилгаантай цүнх алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21, 122 ху/

 

-Хохирогч Л.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Багш Дашзэвгэ нь өөрийн эзэмшлийн зөөврийн комьпютеруудыг сургалтанд ашиглаж байх явцдаа гэртээ байлгаж байгаад гэрээсээ хулгайд алдсан байсан. Энэ комьпютеруудыг 2015 оны 11 сарын 20-ны өдөр БСШУСЯ-наас хүлээн аваад тухайн өдрөө сургуулийн захирлын 2015 оны 11 сарын 20-ны өдрийн А/27 дугаартай тушаалаар байгууллагын хөрөнгөд бүртгэж авсан байна гэсэн мэдүүлэг /хх 24, 123 ху/,

 

-Гэрч П.Намуундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний гинж нарийн нимгэн хийцтэй 2 грамм монетон гинж байсан. Манай гэрт яах аргагүй тэр гинж маань байсан. Би орой унтахдаа тайлаад ширээн дээр тавьсан юм. Өглөө босоод ирэхэд алга болсон байсан гэсэн мэдүүлэг / хх 51 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Х.Долгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ган-Эрдэнэтэй Баянбулаг багийн Гок Гарден хотхоны хажууд уулзсан юм. Ган-Эрдэнэ Бүжингийн амьдардаг нийтийн байрны хажуугийн өрөөнөөс цүнхтэй зөөврийн комьпютер хулгайлсан, одоо яах вэ гэж байсан. Тэгээд хаана байгаа юм бэ гэж Бат-Очирыг асуухад энүүхэн энд байгаа гээд цааш явж Булаг багийн Хаан банкны зүг рүү яваад цүнхтэй зүйл барьчихсан ирсэн юм. Бат-Очир түүнд наадахаа буцааж аваачиж өг бид 2 гар хүрэхгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 58 ху/,

 

-Гэрч Э.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэрээр урьд нь надтай хамт Мягааг хайж байгаад салсан өдөр Бүжингийн амьдардаг байрны хажуугийн өрөөнөөс цүнхтэй зөөврийн комьпютер хулгайлсан, одоо яах вэ гэж байсан. Би түүнд буцаж аваачиж өгөх юм уу нэг бол миний буруу гэж хэлээд уучлалт гуйгаад өг гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 59 ху/,

 

-Шинжээч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Энэ хоёр зөөврийн комьпютеруудаас Core i5 CPU-тэй Lenovo маркийн 4 GB-ийн рамтай зөөврийн комьпютер нь дагалдах хэрэгслүүд болох тэжээлийн залгуур, цүнх, хулганы хамт үнэлсэн гэсэн мэдүүлэг /хх 135 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 35-38,  125-127 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 ху/

-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол / хх 97-103 ху/

-Г.Ган-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 111-115 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2017 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 2-28 тоот хашаанд байх нийтийн зориулалттай байрны 4  тоот өрөөнд оршин суух Т.Дашзэвгийн гэрт нэвтэрч түүний эзэмшлийн HP загварын зөөврийн комьпютерыг залгуурын хамт, 2 грамм хэмжээтэй эмэгтэй монетон гинж 1 ширхэг, үүргэвч цүнх 1 ширхэг, 7 дугаар сургуулийн эзэмшилд ашиглагддаг i3 CPU-тэй Lenovo  загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, i5 CPU-тэй Lenovo  загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, цүнх, залгуур, хулганы хамт хулгайлж 1.318.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Дашзэвгийн “Lenovo маркийн Core i5 CPU-тэй нотебүүк 1 ширхэг, цүнх болон залгуур хулганатай нь HP маркийн Celeron /энгийн/ CPU-тэй нотебүүк 1 ширхэгийг залгууртай нь болон эхнэр бид хоёрын унтаж байсан орны хажууд мөн шалан дээр байсан Lenovo маркийн Core i3 CPU-тэй нотебүүк 1 ширхэг, үүдний хэсгийн ширээн дээр байсан манай эхнэрийн 2014 онд Орхон аймгаас 135.000 төгрөгөөр худалдан авч байсан /2 грамм/ монетон хүзүүний гинж, 2016 оны 03 сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хангайн бүс худалдааны төвөөс 25.000 төгрөгөөр худалдан авч өөрөө хэрэглэж байсан, үүргэвчтэй 3 хэсэг тасалгаа бүхий цахилгаантай цүнх алга болсон байсан зэрэг зүйлс алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Намуундарь /хх 51/, насанд хүрээгүй гэрч Х.Долгор /хх 58 ху/, Э.Бат-Очир /хх 59 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар баривчлах ял оногдуулж, уг баривчлах  ял нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хасагдсан тул түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Хохирогч Т.Дашзэвгэ нь “хохирлыг барагдуулсан, монетон гинж нэхэмжлэхгүй” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Боржгон овогт Ганбаатарын Ган-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 6 /зургаа/ сарын баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА