Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1026

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/01026

 

 

 

 

 “ДЭ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183ШШ2019/00861 дүгээр шийдвэртэй “ДЭ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ё.М, Ё.Х нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 54 582 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С ,  хариуцагч Ё.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ДЭ ББСБ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-15/67 тоот зээлийн гэрээ болон ФГ-15/67-1 тоот барьцааны гэрээ, ФГ-15/67 тоот барьцааны гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай Ё.Х-т зээлдүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 812 000 төгрөгийн зээлийн хүүг Ё.Х-ийн ах Ё.М төлсөн. Ё.Х зээл авсан өдрөөс хойш бидэнтэй нэг ч удаа холбогдоогүй биднийг залгахад утсаа авахгүй байсан. Зээлдэгч Ё.Х нь зээлийн гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээл, хүүгээ бүрэн төлж барагдуулах байсан боловч төлөөгүй. Иймд гэрээний дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны 23 сарын зээлийн хүүд 27 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 092 000 төгрөг, нийт 54 582 200 төгрөгийн 14 582 200 төгрөгийг хариуцагч Ё.Х-ээс , 40 000 000 төгрөгийг хариуцагч Ё.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “ДЭ ББСБ” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авч, өөрийн төрсөн ах Ё.М-д өгсөн ба би захиран зарцуулаагүй нь үнэн болно. Энэ үед “ДЭ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б хамт байлцсан ба тэрээр энэ талаар сайн мэдэж байгаа ба зээлийн эргэн төлөлт болох 5 812 000 төгрөгийг Ё.М төлсөн. Ё.Х-ээс  нэхэмжилж байгаа 14 582 200 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Ё.М шүүхэд гаргасан тайлбартаа: Өөрийн төрсөн дүү Ё.Х-р “ДЭ ББСБ” ХХК-иас зээл авахуулсан нь үнэн тул энэ зээлийг төлнө. Эвийн журмаар шийдэж өгнө үү. “ДЭ ББСБ” ХХК-ийн зээлийг төлөхөд  бэлэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ё.Х-ээс 14 582 200 төгрөгийг, хариуцагч Ё.М-аас 20 405 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ДЭ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 594 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЭ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 430 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ё.М-аас 259 979 төгрөгийг, хариуцагч Ё.Х-ээс  230 861 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ДЭ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-15/67 тоот зээлийн гэрээг Ё.Х-тэй байгуулсан бөгөөд гэрээний төлбөр 54 582 200 төгрөг болсон. Хариуцагч Ё.Х ч үүнийг зөвшөөрдөг бөгөөд гагцхүү зээлийг ах Ё.М авсан би төлөх боломжгүй гэдэг. Гэвч бид зээлийн гэрээг зөвхөн Ё.Х-тэй байгуулсан тул зээлийн гэрээний төлбөрийг түүнээс шаардсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байсан 2 автомашиныхаа нэгийг нь өөрөө буцааж авсан бөгөөд харин нөгөөг нь түүний төрсөн ах Ё.М авсан. Хуульд заасан журам болон шударга ёсны үүднээс зээлдэгч Ё.Х-ийн 40 000 000 төгрөгийн үнэ бүхий 4251 УБӨ улсын дугаартай STEYR маркийн автомашиныг Ё.М авсан тул зээлдэгчийн зээлийн төлбөрөөс мөн үнийн дүнгээр зээлийг хасч үлдэх 14 582 200 төгрөгийг Ё.Х-ээс  шаардсан юм. Харин хариуцагч Ё.М нь 40 000 000 төгрөгийн үнэ бүхий дээрх автомашиныг нэхэмжлэгч байгууллагын итгэлийг олж авах замаар авч улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөн хэмжээгээр хангах боломжгүй болгон хохирол учруулсан тул автомашины үнэ 40 000 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардсан ба хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч хоёр иргэд хооронд зээлийн гэрээ байгуулсан мэтээр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон. Улмаар “зохигчдын хоорондын маргаагүй зүйлийг үндэслэн, маргааны хүрээнээс хальж нэхэмжлэгч байгууллагыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь нотлогдохгүй байна” хэмээн үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107. 2, 107.3 дахь хэсэгт заасан мэтгэлцэх үндсэн зарчмыг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн дээрх зарчимд тулгуурлан явагдах ёстойг хуульчилсан. Хэрэв хариуцагч зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй гэж маргасан бол нэхэмжлэгчээс түүнийг үгүйсгэн мэтгэлцэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч няцааж чадаагүй бол шүүхээс дээрх дүгнэлтийг хийн хэргийг шийдвэрлэх зүй ёсны асуудал юм. Гэвч шүүх хэргийн оролцогчийн хэнийх нь ч маргаагүй, хөндөөгүй зүйлийг үндэслэл болгож буй бөгөөд хэрэв шүүх өөрөө энэхүү нөхцөл байдалд эргэлзсэн бол үүнийг шүүх хуралдаан дээр асууж тодруулах, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан.

Шүүх энэ талаар шүүх хуралдаан дээр нэг ч асуулт асуугаагүй атлаа ийнхүү шийдвэрлэж буй нь хариуцагч талыг завших боломж олгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн, нэхэмжлэгчийг мөн хохироож, маргааны үнэн мөнийг тогтоох үндсэн чиг үүргээсээ зайлсхийж буй нь шударга ёсонд нийцэхгүй байхын зэрэгцээ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд харшилж байна. Хэрэв нэхэмжлэгч байгууллага нь зөвхөн ашиг сонирхол, мөнгө олох гэсэн зүйлд хөтлөгдсөн бол 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1 жил 3 сарын хугацаан дахь хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 21 688 000 төгрөгийг ч нэхэмжлэх боломжтой байсан ч хүн ёсоор хандаж нэмээгүй, улмаар зээлийнхээ төлбөрийг төлөх боломж олгож машиныг нь хүртэл буцаан өгч итгэж байхад хариуцагч ах дүү 2 нийлж увайгүй зан гаргаж байна.

Түүнчлэн, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг нийтэд ил тод зарладаг төрийн эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хаяг болох http://www.frc.mn (Банк бус санхүүгийн байгууллага гэсэн цонхон дахь жагсаалтын 49-д) “ДЭ ББСБ” ХХК нь банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр №1/338 дугаар шийдвэрээр авсан болох нь нийтэд ил тод мэдээлэгдсэн байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байсан юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ДЭ ББСБ” ХХК нь хариуцагч Ё.М, Ё.Х нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 54 582 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ё.Х эс зөвшөөрч, хариуцагч Ё.М эвлэрэн хэлэлцэх тайлбар гаргажээ.

“ДЭ ББСБ” ХХК нь Ё.Х-тэй 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-15/67 тоот зээлийн гэрээ болон ФГ-15/67-1 тоот, ФГ-15/67 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-6,12-15 дугаар тал/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар гомдлын агуулгаас үзэхэд хариуцагч Ё.М-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан эсхүл зээлийн болон фидуцийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол шаардсаны аль болох нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэхэд  хамаарах хуулийн зохицуулалтуудыг оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 42-51 УБӨ улсын дугаартай STEYR маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлсэн ч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн эсэх талаар маргаж, нэхэмжлэгч “уг эд хөрөнгийг хариуцагч нар буцаан авсан” гэж, хариуцагч “нэхэмжлэгч барьцааны хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн” гэж уг гэрээ хэрхэн хэрэгжсэн талаар зохигчид өөр өөрөөр тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн үйл баримтыг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна. Хэрэгт энэ талаар эргэлзээгүй нотолсон баримтгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх өдөр нэхэмжлэлээ тодруулсан шаардлагыг гаргаж өгсөн ба хариуцагч тус бүрт хариуцуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг заасан. Тэрээр энэхүү шаардлагын үндэслэлийн талаар тодорхойлоогүйгээс гадна шүүх хариуцагч Ё.М-д энэ талаар танилцуулсан гэж үзэх боломжгүй, үндэслэл нь тодорхой бус, зохигчид мэтгэлцээгүй шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх энэ асуудлыг нөгөө талд танилцуулах, хариу тайлбар гаргах, няцаалт хийх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй байна. /хх-ийн 166, 168-169 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй эсэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, маргааны зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183ШШ2019/00861 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 255 921 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ