2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар  2025/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

   2025       02         05                                    2025/ШЦТ/391

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч М.Ариунцэцэг,

  шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  хохирогч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Оод холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.О, регистрийн дугаар ............................................,

Монгол Улсын иргэн, ....................урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б ургийн овогт Б.О нь ............................................ “Одод карго” ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Б.Дтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар ньх цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн 1-р шүдний булгаралт /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Хэргээ хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Намайг зөрүүлээд гомдол гаргачих гэж манай дарга хэлсэн. Энэ хүн хашаа давж орж ирээд мод чулуу бариад дайраад байсан. Тэгэхээр нь нэг цохисон ...” гэв.

Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хашааны наана цаана маргасан. Хашаан дээр зогсож байхад цохисон байгаа. Дүү уугаагүй эрүүл саруул байсан. Одоо хохирлоо барагдуулж авмаар байгаа. Дүүтэй уулзаад 1.500.000 төгрөг өгчвөл гомдолгүй гэж хэлсэн” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Дын “...би 2024 оны 8 дугаар сарын 16-ны шөнө найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ харих замдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг төрсөн дүү болох П гэрт шөнө 3 цагийн үед очиход дүүгийнхээ хашаан дотор дүүтэйгээ юм яриад зогсож байтал баруун талын хамар хашаанаас гэнэт тоосго нүүлгээд дуугүй байцгаа пизда нараа гээд орилоод байсан ... та нар яаж байна гэж асуухад өөдөөс үл таних 2 залуу ирээд намайг газар унагаад нүүр хэсэгт 2-3 удаа цохисон ... миний хоёр нүд тагларсан, үүдэн дээд ясан шүд хугарч унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9  дүгээр тал/,

Гэрч Б.Б “...Б.Оод зодуулсан гэх залуу Б.Оыг мод чулуу барьж хөөгөөд байсан ... Б.О тэр хоёр хүний нэгэнтэй нь маргалдаж зодолдсон юм шиг байна лээ. Эхнэр нь гэх хүмүүс хохирогчийн шүд нь унасан байна гэж байсан ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  12-13 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 10984 тоот дүгнэлтэд: “ ... Б.Дын биед зүүн 1-р шүдний булгаралт /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн дээд 1-р шүдний булгарал /уналт/ гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна ... “ гэжээ /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Оын “...Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Одод каргод ажилладаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг найз Б, Д, Н нарын хамт ажлын байрандаа амарч байсан. Д, Н бид гурав 2 ширхэг 2.5 литрын пиво хувааж уусан. Бид гурав дуулаад байж байсан чинь манай хажуу айлын эрэгтэй нэг ах /Б.Д/-ын хамт “пиздануудаа чимээгүй бай” гээд орилоод ороод ирсэн. Би тэр хоёртой маргалдаад “гэртээ байгаа бид нар яаж байсан яадын” гэж хөрш залуутай маргалдсан. Би хөрш залуутай маргалдаж нэг удаа цохисон чинь цагдаад дуудлага өгнө. Нэг нь ч гарахгүй шүү гээд байсан. Энэ үед Б.Д нь хутга гаргаж ирээд агсараад, манай байшингийн үүдэнд байсан сүхээр цонх хагалаад байсан. Хөрш залуу хүртэл ахыгаа боль гээд байхад болихгүй байсан. Би тэр ах нь гэх Б.Дд хандаж боль гэхэд хоёулаа гараад үзье гээд байхаар нь зөвшөөрөөд байшингаас гарсан. Харин дүү нь манай хоёр дүүг “та хоёр хөдлөхгүй шүү, чи манай ахтай үз” гээд намайг Б.Дтай гаргасан. Манай хоёр дүүг гэрт аваад үлдсэн. Би Б.Дыг дагаад хашаанаас гараад хар зам дээр гарсан. Б.Д миний урд явж байгаад эргэж хараад шууд цохисон. Би Б.Дын нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон чинь газарт унасан. Б.Д “больё ах нь барахгүй юм байна” гэхэээр нь би болиод газраас босгосон. Б.Д газраас босонгуутаа газраас чулуу аваад шидээд байхаар нь би зугтаад явсан. Би шөнө 05:00 цагийн үед гэртээ ирж унтсан. Намайг ирэхэд цагдаа ирээд явсан байсан. Би тэр залуутай зодолдож байхад үүдэн шүд нь унасан. Маргааш нь эхнэрүүд нь гээд хүмүүс орж ирээд загнаад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б ургийн овогт Б.О нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одод карго” ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Б.Дтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн 1-р шүдний булгаралт /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Дын мэдүүлэг /хавтаст хэргийн 9  дүгээр тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн  12-13 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 10984 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь үл ялих зүйлээс шалтаглан хохирогчийн биед зүүн 1-р шүдний булгаралт /уналт/, буйланд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун хөмсөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгч нь цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүхээс шийтгэх тогтоол гарах хүртэл түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож бичгээр гаргасан хүсэлтдээ “...миний бие Б.Д нь 1.700.000 төгрөгний хохирлыг Б.Ооос гаргуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ