| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/1809/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2011 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2011
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Л.Солонго,
хохирогч **********,
шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2408 04661 1094 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, ********** ресторанд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, дүү, үеэл эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Орбитын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********,*********,*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн мэдүүлгийг би сайн уншаагүй байсан. Энэ хүн анх надаас дүү маань осолд орчихлоо гээд 3-4 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би өмнө нь энэ хүнээс 200,000 төгрөг зээлсэн байсан. Тэрийгээ авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би аппликейшний зээлээ хаагаад өгье гэж хэлээд 450,000 төгрөг авсан. Буцаад 650,000 төгрөг шилжүүлсэн. Төд удалгүй дахиад мөнгө хэрэгтэй байна гээд би тоглож өсгөөд нэг сая болгоод өгсөн. Тэгээд би мөнгө зээлж тус болсон болохоор надад бас тусална гэсэн. Тэгээд мөнгө авч тоглож алдаад бага багаар авсаар байгаад нэг мэдсэн чинь хорь гаран сая төгрөг болсон байсан. Хүнээр цалингийн зээл авхуулаад тэр хүнийхээ цалингийн зээлийг давхар төлөөд өгье гэж хэлсэн. Тэр хүний цалингийн зээлийг төлөөд чиний мөнгийг өгөхөөр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байна гэж хэлж байсан. Би хүнээс 15,000,000 төгрөг аваад өгье цагдаагаас өргөдлөө авчих гэж хэлсэн. Цагдаа, шүүхээр яваад нэг ч төгрөг олохгүй гэж хэлээгүй...” гэв.
хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт: “...хэдэн цагийн дараа эсхүл хэдэн минутын дараа өгчихнө чи гялс хүмүүсээс авчих гэж хэлээд авдаг байсан. Мөнгө зээлж өгөөд байсан чинь нэг мэдсэн 20 гаран сая төгрөг болсон байсан....” гэв.
Эрүүгийн 2408 04661 1094 дугаартай хэргээс:
Улсын яллагч: хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), хохирогч ****** 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19 дэх тал), хохирогч ***** 2025 оны 05 дугаар сарын 24-ний мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), хохирогч ****** 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)
Хаан банк дахь хохирогч ********* эзэмшлийн **** тоот дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 47-62 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ****** ашиглаж байсан гэх Хаан банк дахь гэрч ********* тоот дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 64-118 дахь тал),гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2408046611094 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилж оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь хохирогч ***** 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим орчинд “One X Bet” мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавьж бооцоотой тоглоом тоглох зорилгоор аппликейшны зээл хаагаад буцаагаад дор нь гаргаад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 119 удаагийн үйлдлээр нийт 25,393,000 төгрөгийг өөрийн төрсөн эх болох ********* эзэмшлийн Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******** “...Би ******* гэх залуутай 2023 оны 10 сард танилцаад харьцаж байгаад 2024 оны 10 дугаарын 10-аас тухайн ******** гэх найз надад мөнгөний хэрэг гараад байна би аппликейшн зээл дараад буцаагаад аппликейшн зээл аваад өгье гээд над руу чат бичээд гуйгаад байхаар нь би тухайн ******* Хаан банкны ********** тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цувуулаад нийт 27,190,000 төгрөг өгсөн тэгээд тухайн залуу хааяа миний Хаан банкны ****** тоот данс руу 4,760,000 төгрөг буцаагаад цувуулаад явуулсан тэгээд сүүлийн мөнгөө өгөхгүй миний зээл болохгүй байна гээд байхаар нь би өгөхгүй бол цагдаад хандана гээд цагдаад өгсөн..., ... аппликейшн зээл дараад буцаагаад өгнө гээд хааяа надаас цувуулаад өдөрт 500,000 мянга 600,000 төгрөг зээлж байгаад хэд 10 хоноод ч юм уу хэд хоноод над руу буцаагаад 1,000,000 төгрөг ч юм уу буцааж явуулдаг байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)
- 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “...Тухайн дансыг ******овогтой ******* гэх надтай харьцаж байсан залуу эзэмшдэг байсан. Би анх тухайн дансыг хэний данс болох талаар асуухад. Манай ээжийн данс байгаа юм. Миний данс барилттай байгаа юмаа гэж надад хэлж байсан..., ... Хамгийн анх 2024 оны 10 сарын 10-ны өдөр ****** нь надад хандаж би аппликэйшний зээлээ хаах хэрэгтэй байна гээд надаас 450,000 төгрөг аваад буцаагаад 600,000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн үед би ****** мөнгө өгөх юм бол буцаагаад егчих юм байна гэж бодож байсан. 2024 оны 10 сарын 14-ний өдөр надад Би таньдаг ахаараа хадгаламж барьцаалсан зээл авхуулах гэж байгаа юм. Миний дансанд Евро мөнгөөр хадгалсан мөнгө байгаа, би тухайн мөнгөө Монгол мөнгө рүү шилжүүлэх гэсэн боловч надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө авч байсан. 2024 оны 10 сарын 24-ний өдөр Би аав, ээжийнхээ аппликэйшний зээлийг хаах хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө авч байсан. 2024 оны 10 сарын 25-ны өдөр Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизанд байдаг газрынхаа бичгийг банк бус санхүүгийн байгууллагад тавиад чиний мөнгийг өгье гэж хэлээд надаас мөнгө авч байсан. Мөн надад банкны эдийн засагчтай холбогдсон, би банкны ажилтантай холбогдож байна гэж надад хэлж "Facebook" чатаар харилцсан хүмүүсээ "Screenshot" хийж харуулдаг байсан ба одоо мөнгө өгвөл зээл бүтэх гээд байна, би чиний мөнгийг өгөх гээд байна гэх зэргээр надаас мөнгө авдаг байсан..., ... Би 2024 оны 10 сарын 10-ны өдрөөс 11 сарын 15-ны өдөр хүртэл ******* гэгчид нийт 27,358,000 мянган төгрөг өгч залилуулсан бөгөөд ****** миний шилжүүлсэн мөнгөнөөс надад буцааж 4,760,000 төгрөг над руу буцааж хийсэн. Би ******** гэгчээс үлдэгдэл мөнгө буюу 24,390,000 нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19 дэх тал)
- 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “...Би ******* фэйсбүүкээр чат бичдэг байсан бөгөөд 2024 оны 10 сарын 10-ны өдөр чатаар ****** над руу түр зээлэх мөнгө байна уу ? Аппликейшний зээл хаагаад буцаагаад өгье гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ****** чатаар явуулсан ********* тоот дугаарын ****** гэсэн данс руу 450.000 төгрөг шилжүүлж байсан. Тэгтэл удалгүй миний данс руу буцаагаад 600.000 төгрөг шилжүүлсэн Илүү мөнгө шилжүүлэх болсон шалтгаан нь би хэзээ гэдэг он сар болон ******* явуулж байсан дансыг санахгүй байна. Ямар ч байсан 200.000 төгрөг мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь зээлж байсан. Тэр мөнгөө надад нэмж өгч байна гээд 600.000 төгрөг шилжүүлж байсан. Тэгсэн ээ за буцаагаад шилжүүлчих өөр аппликейшний зээл дараад буцаагаад шилжүүлье гээд надаас тухайн өдөр 520.000 төгрөг авсны дараа зээл удаасан тул гарахгүй байна нэмээд мөнгө олоод өгөөч гэж гуйж байсан. За одоо буцаагаад шилжүүллээ надад тийм мөнгө хэрэгтэй байна 5-10 минутын дараа шилжүүлье гэхээр нь би анх шилжүүлсэн мөнгөө авах санаатай хэлсэн мөнгө болгоныг нь хүнээс зээлээд шилжүүлж байсан. Тэгээд би мөнгө өгөхдөө өөрөө аппликейшнээс зээл авч шилжүүлж байсан бөгөөд ******* надад чатаар хэлэхдээ аппликейшний зээл хаагаад буцаагаад шилжүүлье гэж хэлж аваад зээл нь гарахгүй байна нэмээд мөнгө зээл тэгвэл мөнгийг чинь яг шилжүүлэх гэж байна яаралтай олоод өгөөч гээд байдаг байсан Мөн сүүлдээ над руу чатаар 22.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй дансны хуулга явуулаад энэ миний дансанд байгаа мөнгө, миний дансыг барилт хийчихсэн байгаа тул 25.000.000 төгрөг болгочихвол барилт цуцлах юм байна тэгээд чиний мөнгийг өгье гэхээр нь би аппликейшн болон хүнээс мөнгө зээлж нэмж явуулж байсан. Олдож байгаа нь энэ л байна гээд бага багаар шилжүүлж байсан. Тэгээд би дунд нь за нөгөө барилт чинь цуцлах болж байна уу? би зээлсэн мөнгөө авах хэрэгтэй байна гэтэл нөгөө барилт чинь дансны үлдэгдэл нь 30.000.000 төгрөг болчихвол барилт нь цуцалж гүйлгээ хийж болно гэж байна гээд дахиад л мөнгө нэхэхээр нь чи өөрөө ч гэсэн мөнгө олоорой би хүнээс асуугаад боломжоороо явуулъя тэгээд чиний дансны барилтыг цуцлуулаад би мөнгөө авч хүмүүсийг өрийг дарахгүй бол хэцүү байна шүү гээд чадах ядахаараа мөнгө олоод ****** руу шилжүүлж байсан. Бас би ганц нэг удаа хүн мөнгөө нэхээд над руу уурлаад байна гэж хэлтэл ******** над руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Мөн банкны эдийн засагчид мөнгө өгнө, хүнтэй уулзана, болохгүй бол түр зуур хүнээр аппликейшны зээл авхуулна, аав ээжээрээ малчны зээл авхуулна, ахаар хадгаламж барьцаалсан зээл авна гээд юу ч хамаагүй хэлээд л мөнгөө авмаар байгаа бол яаралтай мөнгө олоод өг тэгж байж л миний барилт хийсэн дансыг цуцалж чиний мөнгийг гаргаж өгөх болно гээд надаас мөнгө авсаар байгаад зээлсэн мөнгө нь ойролцоогоор 28.000.000 төгрөг болж байсан..., ...Би ******* хамгийн сүүлд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахдаа л тааралдсан. Тэрнээс хойш тааралдаагүй, ******* нь миний фейсбүүк чат хаяг руу цагдаад гаргасан өргөдлөө гомдол саналгүй гээд хаалгачих. Тэгвэл 15,000,000 төгрөг олж өгье өөр мөнгө алга гэж байсан. Тэгэхээр нь би бас хүнээс мөнгө зээлсэн, үлдэгдэл мөнгийг нь яах юм гэтэл өөр мөнгө олдохгүй ээ. Гомдол санал байхгүй гэж цагдаагаас хэргээ татаж авахгүй бол өгөх мөнгө юу ч байхгүй, эсвэл шүүхээр шийдвэрлэе, тэгвэл чамд нэг төгрөг ч олдохгүй байх шүү гэж байсан..., ...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагаас дуудаж байна гээд ******* надтай холбогдоод байгаа нь 1,000,000 төгрөг байна гээд миний данс руу шилжүүлж байсан. Цагдаа дээр очиж уулзлаа чи гомдолгүй гээд хэргээ хаалгах үгүйгээ өөрөө мэдээрэй. Хэргээ хаалгачихвал 15,000,000 төгрөг өгөх л байсан юм даа гэж байсан. Би зөвшөөрөөгүй тул надтай дахиж холбогдоогүй. Одоо би ******** над руу чатаар явуулж байсан 22,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй данс нь барилт хийгдсэн байна гэсэн дансны хуулганд эргэлзэж хуурч мэхэлсэнд нь гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
- 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...******** над руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 4,110,000 төгрөг буцаан шилжүүлсэн..., ...Би одоо ********** гэх хүнээс 19,383,000 төгрөг буцаан авах ёстой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* “...******* нь миний төрсөн хүү байгаа юм..., ...Мөрийтэй тоглоом тоглодог эсэх талаар би мэдэхгүй юм байна. Сүүлд надад хэлэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, гэхдээ ямар учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа хэлээгүй..., ...Би олон жилийн өмнө өөрийн нэр дээр Хаан банкны ******* тоот дугаарын дансыг нээлгэж, Засгийн газраас иргэн бүрд олгосон хувьцааны мөнгөө авсан. Тэрнээс хойш тухайн дансыг ашиглаагүй, манай хүү ********** ашиглаж байсан юм..., ...ашиглахгүй байгаа тул тухайн дансаар хийгдсэн орлого, зарлагын гүйлгээний талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)
Хаан банк дахь хохирогч ***** эзэмшлийн ***** тоот дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 47-62 дахь тал)
мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч ***** ашиглаж байсан гэх Хаан банк дахь гэрч ***** эзэмшлийн ******* тоот дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 64-118 дахь тал),
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
|
|
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч ******* нь хохирогчтой 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд One X Bet мөрийтэй тоглоом тоглох зорилгоор, зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгье, хадгаламж барьцаалсан зээл авах гэж байгаа, банкны дансны барилт цуцлахаар мөнгийг чинь буцаагаад өгье, аав ээжээрээ малчны зээл авхуулах гэж байгаа, апплейкшний зээл авах гэж байна гэж удаа дараа хохирогчийг хуурч, дансанд мөнгө байгаа мэтээр 22,000,000 төгрөгийн дансны барилт харуулан төөрөгдөлд оруулж нийт 25,393,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тусгайлан заажээ.
Харин энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэх, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь ******** өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд ******* үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч ******** 119 удаагийн гүйлгээгээр нийт 25,393,000 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд 8 удаагийн гүйлгээгээр 6.010,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 19,383,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох...” гэх байр суурь илэрхийлсэн.
Эрүүгийн 2408046611094 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* 25,393,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь 6,010,000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж хохирогч тус тус мэдүүлсэн байх тул (хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал) үлдэгдэл 19,383,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ******** олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс хохирогч талд олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг тодруулахад шүүгдэгч, нь “...эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэх...” санал гаргасныг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байхын зэрэгцээ гэмт этгээдийг цээрлүүлэх төрийн албадлагыг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц шинжийг агуулсан байж гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Эрүүгийн хуулийн зорилго хангагдах учиртай.
Гэтэл бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж 119 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 25.393.000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байхад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд харшилна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн арга, давтамж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 ( зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 6 ( зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 6 ( зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****** 19,383,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ