Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 143/ШШ2022/00225

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч:Ц.М

 Хариуцагч: З Д

Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4 449 991.24 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М******* би 2005 оноос эхлэн Х******* сумын ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сард төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд тус сургуулийн захирлын албан тушаалд томилуулах тухай төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан боловч сумын з******* Б.Г******* нь Авлигатай тэмцэх газар руу миний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тодорхойлолт гаргуулахаар хүсэлтээ явуулахгүй удааж, ажилд томилох захирамжаа гаргахгүй байсаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилсон.

Тухайн үед би яагаад 3 сарын хугацаатай томилж байгаа юм бэ гэхэд зөвшөөрөхгүй байгаа бол ажиллахгүй байж болно гэсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байр учраас хугацаагүй байгуулах ёстой гэж бодоод гэрээгээ байгуулъя гэхэд байгуулахгүй гэж явсаар 2021 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Ингээд гэрээ байгуулахдаа З******* 2021 оныг дуустал гэрээ байгуулна, 2022 он гарахаар шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр гэрээ шинэчилнэ гэж хэлсэн. Ингээд ажлаа хийж байтал 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамж гарган ажлаас чөлөөлснийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагын и-оффис программаар хүлээн авч мэдсэн. Тус захирамжид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл дурдагдсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5.10 дугаар зүйлд заасан зөрчлийг би гаргаагүй бөгөөд уг зөрчлийг гаргасан гэх шалтгаанаар надад өмнө нь 2 ч удаа буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ны А/170 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл, 2021 оны 12 дугаар сарын 23-ны Б/19 дүгээр захирамжаар 1 сарын хугацаагаар цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Гэтэл сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэх хуулийн заалтыг зөрчиж надад 3 удаа үйлдээгүй зөрчлийн улмаас сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халж буйд гомдолтой байна.

Мөн сумын З******* Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь үндэслэлгүй учир хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдал үүсээгүй бөгөөд миний хувьд ердөө 7 сарын хугацаатай л захирлын албан тушаалд ажиллахаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцоогүй, цаашид сургуулийн захирлаараа ажиллах хүсэл зоригтой байсан. Цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар сумын З*******тай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Би 2022 он гарснаас хойш ямар нэгэн цалин аваагүй, ажиллаагүй хугацааны цалин 1 015 759 төгрөг болно. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гээд уг зүйлийн 2.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

Маргаан бүхий тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэхэд хариуцагч нь сумын З******* байгаа учир боломжгүй гэж үзэж шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 015 759 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд миний хувьд 2021 оны 12 дугаар сарын цалингаа авснаас хойш цалин хөлс аваагүй. Би сард 1 015 759 төгрөгийн цалин хөлс авдаг байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-т зааснаар миний нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 48 369.47 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацааны 92 өдөрт тооцоход /2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцсон/ 4 449 991.24 төгрөг болж байгаа тул өмнө гаргасан 1 015 759 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3 434 232 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анх Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Дараа нь Төрийн албаны зөвлөлөөс энэ хүн хамгийн өндөр оноо авсан байна, ажилд томил гэсэн албан бичиг ирүүлсэн боловч уг албан бичгийн дагуу сумын З******* Г******* намайг ажилд томилохгүйгээр 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүлээлгэсэн. Энэ хугацаанд яагаад хүлээлгэсэн бэ гэвэл Авлигатай тэмцэх газар руу явуулдаг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бичгийг гаргаж өгөхгүй удаасаар байгаад 05 дугаар сарын 03-ны өдөр анх намайг томилсон. Анх ажилд томилсон захирамж нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилох тухай гэж гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ надтай байгуулаагүй. Би хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэсэн боловч за яах вэ гээд явсаар байгаад 09 дүгээр сард намайг дуудаад хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 05 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгууллаа гэсэн. Яагаад ингэж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа вэ? гэхэд 01 дүгээр сар гараад Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэнэ. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээгээ дахиж хийнэ гэсэн тайлбар өгсөн.

Гэхдээ анх намайг ажилд авахдаа 05 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар 3 сарын туршилтын хугацаагаар гэж ажилд авсан. 3 сарын туршилтын хугацаа нь дуусахад би даргатай холбогдох гэсэн боловч тухайн үед амралтаа аваад эзгүй байсан. Тэгээд 08 дугаар сарын 31-ний өдрийн үед суман дээр З*******тай уулзаад миний 3 сарын хугацаа дууссан байна. Би яах вэ? гэхэд за яах вэ, цаашаа ажиллаж бай гэсэн. Тэгээд 12 дугаар сарын 31-ний өдөр түр гэрээ байгуулсан.

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг З******* өрөөндөө дуудаж уулзахдаа цаашдаа хамтарч ажиллаж чадахгүй нь, чамайг ажлаас чөлөөллөө гэсэн. Тэгэхээр нь би ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгаа вэ? гэхэд надад тодорхой хариулт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж нэг тайлбар өгсөн. Аудитаас өгсөн дүгнэлтийн дагуу дараагийн арга хэмжээ авч байна гэсэн зүйл хэлсэн. 12 дугаар сарын 14, 24-ний өдөр 2 удаа санхүүгийн хяналт шалгалт хийгээд дүгнэлтээрээ надад арга хэмжээ тооцчихсон байсан. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд надад нэг их юм хэлээгүй. Үндэслэл нь юу юм бэ? гэж би асуусан. Би цаашид ажиллах нь тодорхой байсан. Харин З******* намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж би үзэж шүүхэд гомдол гаргасан. Үүнийхээ дагуу би өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааныхаа цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Өмнөговь аймгийн Х******* сумын З******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаараа Ц.М*******ыг ажлаас чөлөөлсөн ба уг захирамжийн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хөдөлмөрийн гэрээний 5.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй учраас ажлаас нь чөлөөлж байна гэдэг.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлийг үйл баримтаар тогтоогдоогүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан. Тодруулбал тус зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалт хүртэл дагалдангаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгэдэг гэх мэт хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хуулийн хэрэгжилтээс үүдээд Ц.М*******ын хөдөлмөрийн гэрээ нь хууль талаас харахад хугацаагүй хөдөлмөрийн гэрээ болчихсон байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх нөхцөл байдлуудыг ямар нөхцөл байдал гэж ойлгох вэ гэхээр дээр дурдсан 51 дүгээр зүйл хэсэгт заасан хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний хувьтай адилтгаж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, туршилтаар ажиллах хугацааны туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байлаа гэж үзэхэд тухайн гэрээний хугацаа нь дууссанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Зөвхөн хугацаа дууссанаар тухайн хөдөлмөрийн гэрээ дуусах үндэслэл тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл хууль тогтоогч цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь уг гэрээ сунгагдахгүй болсон, эсхүл ажилтан хөдөлмөрийн гэрээний алдаа дутагдал гаргаж байсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа гаргасан, мөн хоорондоо хэлэлцэн тохиролцоод цаашдаа энэ хөдөлмөрийн гэрээгээ сунгахгүй байх тохиролцоо нөхцөлд хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашаа сунгагдахгүй болсон гэсэн нөхцөл байдлыг үндэслээд 78.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас нь чөлөөлж болно.

Гэтэл болсон үйл баримтыг үзэхэд хариуцагч талаас 01 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Тэгсэн хэр нь маргаан бүхий акт 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж Ц.М*******ыг уг өдөр ажлаас нь чөлөөлөөд дараа нь захирамж гаргасан. Таныг ажлаас нь чөлөөлөх гэж байна гэж сонсгол хийснийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхээр 01 дүгээр сарын 03-ны өдөр нэгэнт захирамжаа гаргачихсан юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар цаашид сунгагдахгүй болсон талаар ямар нэгэн байдлаар 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө Ц.М*******тай уулзаад гэрээгээ дүгнээд цаашаа сунгагдахгүй болсон шүү гээд албан ёсоор уулзаад тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******аас хамгийн сүүлд ирүүлсэн нэмэлт тайлбартаа ...Ц.М*******ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Гэхдээ энэ хүний цаашдын ажил, амьдралыг бодоод Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан гэж тайлбарладаг. Энэхүү тайлбараас үзвэл зөвхөн сахилгын шийтгэл ногдуулсан биш хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Гэхдээ сахилгын шийтгэл зөрчсөн гэж үзэж байгаа бол өмнө нь 2 удаа зөрчил гаргасан байх бөгөөд 2 удаа Ц.М*******т сануулах болон 1 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулчихсан. Хөдөлмөрийн тухай хуульд нэг зөрчилд нэг л удаа сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн заалттай. Тэгээд урьд нь сахилгын шийтгэлийн талаар Ц.М******* өөрөө маргаж байгаагүй. Гэхдээ хэрвээ урьд нь хүнийг сахилгын шийтгэл ногдуулчхаад дахиад Хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасантай зөрчилдөж байна.

Тийм учраас маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, цаашид гэрээ сунгагдахгүй болсон нөхцөл байдлыг тодорхойлоогүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд нийтдээ 4 449 991 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талын зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн гэж үзээд 01 дүгээр сард ажлын өдөр 21 хоног, 02 дугаар сард ажлын өдөр 17 хоног, 03 дугаар сард ажлын өдөр 22 хоног, 04 дүгээр сард 21 хоног, шүүх хуралдаан болох 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 11 ажлын өдөр. Ингээд нийтдээ 92 ажлын өдрийн цалингаа авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ц.М*******аас Өмнөговь аймгийн Х******* сумын З*******д холбогдуулан Сумын Засаг даргын 2022 оны Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөх төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын орон тоо суларч, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.2, 23.2.2 дахь заалтыг үндэслэн Ц.М*******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сургуулийн захирлын албан тушаалд томилон ажиллуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор харилцан тохиролцсон тул Ц.М*******ыг ажлаас чөлөөлсөн. Байнгын ажлын байран дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиолцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан байх тул дээрх хөдөлмөрийн гэрээг хуульд нийцэж байгуулагдсан гэж үзэж байна.

Ажил олгогчийн зүгээс Ц.М*******ыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан байдалд дүгнэлт хийж, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт хийсний үндсэн дээр маргаан бүхий шийдвэр болох сумын Засаг даргын 2022 оны Б/01 дугаар захирамжийг ерөнхий боловсролын захирал нь төсвийн шууд захирагч болохын хувьд Төсвийн тухай хуульд заасан тодорхой эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргын 2021 онд баталсан 29 дугаартай удирдамжийн дагуу Х******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд баримт шалгалтыг хийж гарсан зөрчлийг арилгах дахин гаргахгүй байхад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.М*******т хариуцлага тооцох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар албан бичгийг хүлээн авч холбогдох шийдвэрийг гаргасан.

Иймд нэхэмжлэгч Ц.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарласнаар Ц.М******* нь 2021 оны 01 дүгээр сард болсон төрийн үйлчилгээний албан тушаалтан шалгаруулах албан тушаалд орж тэнцээд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х******* сумын Засаг даргын захирамжаар Х******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдож ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд ажиллахдаа тодорхой хэмжээний зөрчлүүд гаргаж арга хэмжээ авагдсан. Тухайлбал, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд хяналт шалгалтынхаа танилцуулгыг аймгийн З*******ас ажил олгогчид сумын З******* нарт танилцуулаад зөрчил дутагдлыг арилгах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, гаргасан зөрчлийн үр дагаврыг арилгах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Үүний дагуу Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар албан бичгээр Х******* сумын З******* буюу Б.Г*******оос санал явуулсан.

Х******* сумын сургуулийн захирал нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн учраас сургуулийн захиралд арга хэмжээ тооцуулах саналыг хүргүүлсний дагуу Х******* сумын З*******ас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А/170 гэх захирамжаар сануулж сахилгын шийтгэл ногдуулсан. 7 сарын хугацаанд ажиллахдаа ийм л үр дагавар гарсан. Дараа нь мөн энэ санхүүгийн аудитын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар албан бичгээр бас хяналт шалгалттай холбоотой саналыг Ц.М******* захиралд хүргүүлсэн байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр танай сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д*******, нярав С*******, сахиул О******* гэдэг хүмүүс Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, эдгээр хүмүүстээ арга хэмжээ тооц гэдэг саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд Ц.М******* захиралд явуулсан. Ц.М******* захирал Санхүүгийн хяналт аудитын албаны санал хүргүүлэх тухай албан бичигт юу гэсэн хариулт хүргүүлдэг вэ гэхээр өнгөрсөн оны 12 дугаар сард 13-ны өдрийн 39 дүгээр албан бичиг байгаа. Манайх энэ саналд хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж байна гэсэн албан бичгийг тус албанд хариу болгоод хүргүүлсэн. Уг нь шалгуулагч байгууллага нь өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Албан хаагчдад хариуцлага тооцуулах санал хүргүүлээд үүнийг татгалзсанаар дахиад энэ хүн зөрчил гаргачихсан. Үүнд нь дахиад Санхүүгийн хяналт, аудитын албанаас Б.Г******* даргад бичиг оруулсан. Танай захирал хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан хаагчдаа хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн татгалзаж байна. Энэ нь өөрөө дахиад санхүүгийн зөрчил болж байна. Энд нь арга хэмжээ аваач гээд Б.Г******* даргад дахиад албан бичгийг явуулж байгаа юм. Үүний дагуу ажил олгогч Б.Г******* нь 12 дугаар сарын 23-ны өдөр Б/19 гэдэг захирамжаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа. Өмнө нь сануулах сахилгын шийтгэл тооцуулчихсан. Ингээд үндсэндээ 9 хоногийн дараа дахиад сахилгын шийтгэлтэй байхад сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингээд тус тусдаа гаргасан зөрчилдөө 2 удаа арга хэмжээ авагдсан байгаа. 1 сахилгын зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж байна. Энэ нь 1 зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулаад байгаа зүйл байхгүй. Нэг нь хуулийн зөрчил гаргасантай нь холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан. Нөгөө нь Санхүүгийн хяналт, аудитын албаны албан бичгийн хэрэгжилтийг хангаагүй гэдэг бие даасан зөрчил байгаа. Ингэж 2 удаа арга хэмжээ авсан байгаа юм.

Мөн Ц.М******* 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа дахиад зөрчлүүд гаргаад байсан байдаг. Энэ нь хэрхэн нотлогдож байна вэ гэхээр 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн аймгаас ажлын хэсэг Х******* сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Дээрээс нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны албан даалгавар хэрэгжилтийг хангуулахаар дандаа дутагдлууд илэрдэг. Энэ нөхцөл байдлууд тогтоогдсон. Эдгээр баримтууд хэргийн материалд авагдсан байгаа учраас нотлох баримт шинжлэн судлахад тодруулаад хэлээд явъя. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн маргаан бүхий захирамжийг гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захирамж гаргаад 01 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийгээд байгааг ойлгохгүй байна гэж байна. Энэ нь нэг талаараа үндэслэлтэй. Ингээд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Ц.М******* гэдэг хүний ажил олгогчтойгоо харилцаж буй харилцаа туйлын бүрхэг тодорхойгүй болсон. Х******* сумын З*******ас хүнээр дуудуулдаг, ирдэггүй, залгахаар утсаа салгаад алга болчихдог, ийм л нөхцөл байдалтай 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл явсан байдаг. Мөн 01 дүгээр сарын 05-ны өдөр уулзсан гэж ярьж байна. Тэр талаар нь би мэдэхгүй байна. Яагаад гэвэл надад өгсөн баримт нь 01 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн байдаг. Гэхдээ сонсох ажиллагааг 01 дүгээр сарын 07-ны өдөр хийхэд маргаан бүхий захирамж гараагүй байсан. Тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр дуудаж ирүүлээд тухайн сумын иргэдийн хурлын дарга А*******, Засаг даргын орлогч И нар байлцаад сонсох ажиллагаа хийсэн байдаг. Энэ дээр тодорхой зүйлүүд яригдсан байгаа. ...Миний хувьд ажлаа өгөхгүй гэх зүйл байхгүй гэж сонсох ажиллагааны тэмдэглэл дээр тэмдэглээд албаны хүмүүс нь гарын үсэг зураад баталгаажуулчихсан ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учраас сонсох ажиллагаа явуулсан нь 01 дүгээр сарын 07-ны өдөр, маргаан бүхий акт 01 дүгээр сарын 03-ны өдөр гарсан баримт байгаа.

Хөдөлмөрийн гэрээн дээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэсэн, хугацаатай хөдөлмөрийн гэрээ юм. Дээрээс нь маргаан бүхий актыг гаргах болсон нэг үндэслэл нь төрийн үйлчилгээний албан тушаалтан нь буюу сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт гээд үндсэн бичиг баримт үйл ажиллагаанд нь хэрэгжээд явдаг, баримталж ажилладаг. Төсвийн тухай хууль зөрчсөн, ёс зүйгээр манлайлаад явж яддаггүй, байгууллагын эв зүйг хангаад явж чаддаггүй, төсвийн буюу хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж чадахгүй ийм нөхцөл байдал тогтоогдсон учраас цаашид хөдөлмөрийн гэрээг сунгаад ажиллуулах юм бол нийтийн эрх ашиг хохирох юм байна. Ц.М******* үндсэндээ ажлын байранд тавьсан шаардлага хангахгүй, төсвийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж чадахгүй. Дээрээс нь энэ байгууллагад их хохиролтой албан шаардлага тавьж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгах боломжгүй гэсэн шийдвэрийг сумын З******* гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсгийг заасан нь үндэслэлгүй гэлээ. Тэгэхээр уг хуулийн 78.1.3 дахь хэсэгт заасан заалт бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл. Сонсох ажиллагаанд тэмдэглүүлсэн. Тэгээд энэ үндэслэлээр нь цуцлаад явсан. Өмнөх тайлбартаа сахилгын шийтгэлтэй байх хугацаанд нь дахиад сахилгын шийтгэл ногдуулаад шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх боломж байсан хэдий ч цаашдын ажил хөдөлмөрт нь гэх юм уу, эрх зүйн байдал нь дордоод явдаг учраас энэ харилцан тохиролцооны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн шийдвэрүүд гаргаад явсан.

Ц.М******* захирлыг ажилд томилсон тушаал дээр 3 сарын хугацаагаагаар томилсон. Энэ нь өмнөх Хөдөлмөрийн тухай хуулиараа туршилтын хугацаа гэсэн зохицуулалтыг үндэслэж 05 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон. Тэгэхээр үндсэндээ туршилтын 3 сарын хугацаагаар бол туршилтын хугацаанд ажлаас чөлөөлөв гээд цаашаа үргэлжлээд явсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаагаар Ц.М*******ын гэрээний хугацааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоосон эрх зүйн актууд байгаа. Хөдөлмөрийн гэрээнийхээ хугацааг баримтлаад чөлөөлсөн байгаа шүү. Эдгээр үндэслэлээр Ц.М*******ыг цаашид сургуулийн захирлаар ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Нийтийн ашиг, сонирхол хөндөгдөх юм байна дээрээс нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтүүдийг хийсний үндсэн дээр маргаан бүхий актаар чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар Ц.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар Ц.М*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар Сахилгын шийтгэх хүлээлгэх тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дугаар Хариуцлага тооцох тухай захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас: Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар Ц.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар Сахилгын шийтгэх хүлээлгэх тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дугаар Хариуцлага тооцох тухай захирамж, Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №112 албан тоотыг Х******* сумын ерөнхий боловсролын захирал Ц.М*******т танилцуулсан тухай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4/А дугаартай Зөрчил гаргахгүй байх тухай албан шаардлага, Өмнөговь аймгийн Х******* сумын З******* болон Ц.М******* нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70, 71 дугаартай Санал хүргүүлэх тухай, мөн албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг, Өмнөговь аймгийн Х******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай албан бичиг, Х******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.М*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай сонсгол 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, мөн албаны улсын ахлах байцаагчийн акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ын хүсэлтээр Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Өмнөговь аймгийн Х******* сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажилласан ажлын тайланг /24 хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас чөлөөлөх захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул захирамжийг хүчингүй болгуулж, Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4 449 991.24 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжилсэн.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор харилцан тохиролцсон тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн Ц.М*******ыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан байдалд дүгнэлт хийж, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт хийсний үндсэн дээр маргаан бүхий захирамжийг гаргасан. Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар аймгийн Засаг даргын 2021 оны 29 тоот удирдамжаар Х******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалтыг хийж тус сургуулийн захирал Ц.М*******т хариуцлага тооцох саналыг хүргүүлэх албан бичгийг хүлээн авч холбогдох шийдвэрийг гаргасан гэж тайлбарладаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын захирамжууд зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.М*******ыг Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай томилж, талууд мөн өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, ажилтантай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц.М*******ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан, гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээрх захирамжийн үндэслэлийг хариуцагч тал ажилтантай харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг. Талууд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар маргаж байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор, мөн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. гэжээ.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно. гэж заасан ба Ц.М******* нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж захирлын албан тушаалд томилогдсон талаар талууд маргахгүй байгаа энэхүү нөхцөлд ажил олгогч дахин юуг, хэрхэн яаж шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоосон нь тодорхойгүй, түүнчлэн ажил олгогчийн ажилд томилсон захирамжийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацаа нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг тусгасан тохиолдолд түүгээр тодорхойлогдох үндэслэл бүхий тохиролцоо болох юм.

Иймд ажил олгогч өөрийн байгууллагын дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй, тодорхой үндэслэл, шаардлагын улмаас туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр гэрээг цуцалж дуусгавар болгосон ажил олгогчийн захирамж Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцэхгүй байна.

6. Түүнчлэн, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан дараагийн үндэслэлийн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг, мөн хуулийн 80 дугаар зүйлд уг харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг тус тус зохицуулсан байна.

Ц.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/01 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх атлаа ажилтантай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц.М******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний Тав. Хяналт, хариуцлага хэсгийн 5.10-т Төсвийн тухай хууль болон хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 6 дугаар зүйлийн 6.4.1 болон бусад хууль дүрэм мөрдөж ажиллах, хандив тусламж өөрийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах бөгөөд холбогдох хяналтын байгууллага, улсын байцаагчаар хяналт дүгнэлт зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно гэжээ.

Гэтэл Ц.М*******ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ойлголт боловч маргаан бүхий захирамжид энэ талаар заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

7. Иймд Ц.М*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байх тул Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.М*******ыг Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж ажил олгогчийн хүлээх хариуцлагыг тусгажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу Ц.М******* нь 2021 оны 10, 11, 12 дугаар сард тус бүр 1 015 759 төгрөгийн цалин авч байсан байх ба ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс нь 48 369.47 төгрөг /1 015 759:21=48 369.47/, үүнийг ажилгүй байсан хугацааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ажлын 92 өдрөөр /1, 4-р сар 21, 2-р сар 17, 3-р сар 22, 5-р сар 11/ тооцоход 92x48 369.47=4 449 991.24 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4 449 991.24 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэгэнт нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүнийг ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэн дээрхи шаардлагыг хангаж, ажил олгогчоор төлүүлэх нь зүйтэй.

  8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 028 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.М*******т буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Х******* сумын З*******ас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Х******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар Ц.М*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М*******ыг Х******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Х******* сумын З*******ас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 4 449 991.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М*******т олгож, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Өмнөговь аймгийн Х******* сумын З*******д даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 028 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.М*******т буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Х******* сумын З*******ас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНСҮРЭН