Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/02445

 

 

 

 

 

2022 10 31

181/ШШ2022/02445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,108,219 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 4,118,219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч: Х.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв./  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь Х.Б ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,108,219 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 4,118,219 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 320050130010 тоот Зээлийн гэрээ-ээр хариуцагчид 2,899,900 төгрөгийг, сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл ХХК-иас Iphone 11 promax загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1,105,000 төгрөг төлсөн ба 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т Зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлийг хэлнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгуулага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,394,933 төгрөг, төлөх ёстой хүү 1,427,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,548 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 4,118,219 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Тиймээс дээрх төлбөр болох нийт 4,118,219 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,842 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Т " ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,899,900 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай Сайн электроникс ХХК-иас iPhone 11 128GB загварын гар утсыг зээлээр худалдаж авсан болно.

Энэхүү зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хэмээн нийт 4,118,219 төгрөгийг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү зээл 2,899,900 төгрөг, төлөх хүү нь 1,131,023 төгрөг байсан бөгөөд хугацаа хоцорсон зээл, хүүгийн төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагын төлүүлэх хуульд заасан хэмжээгээр буюу 20 хувиас хэтрүүлэхгүйг баримтлан төлөх бүрэн зохицуулалтыг үгүйсгэж байна. Зээлийг төлөхөд мөн хамтран зээлдэгч гэрээний үүрэгтэй байдаг ч зөвхөн надад нэхэмжлэл гаргасан явдал өрөөсгөл байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэн өгөхийг тус шүүхэд уг тайлбартаа тусган оруулж тайлбарыг хүргэж байна. гэжээ.

 

2.1. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зээлээр авсан гар утсыг Б.Бямбацогтод өгсөн бөгөөд уг хүнээс би авлагатай байгаа. Зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зөвшөөрөхгүй байна. ... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, нотариатын үйлчилгээний хөлс, зардал төлсөн баримт, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 320050130010 дугаартай Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбарууд, зээл эргэн төлөх хуваарь, зээлдэгчийн зээл хүссэн өргөдөл, зээлийн анкет, зээл, хүүний тооцоо, зээлийн дансны хуулга /хх 3-20/ зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 320050130010 дугаартай Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь /хх 36-42/ зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,118,219 төгрөгийн зарим хэсгийг буюу 3,800,231 төгрөгийг хангаж, үлдсэн 317,988 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Х.Б ид 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 320050130010 дугаартай зээлийн гэрээгээр 2,899,900 төгрөгийг, сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас IPhone 11 promax загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлдэгчийн зөвшөөрлөөр Хаан банк дахь 5111513488 тоот дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2022 оны 5 дугаар сарын 24ий өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,394,933 төгрөг, зээлийн хүүд 1,427,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 285,548 төгрөг, мөн нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 4,118,219 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.   

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн хүү, алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, бууруулж өгөхийг хүссэн.

Шүүх тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр ...нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү. /хх 34-35/ гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүх түүний хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын үйлчилгээний хөлс, зардал төлсөн баримт, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 320050130010 дугаартай Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбарууд, зээл эргэн төлөх хуваарь, зээлдэгчийн зээл хүссэн өргөдөл, зээлийн анкет, зээл, хүүний тооцоо, зээлийн дансны хуулга гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х.Б нь Т ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 5ы өдөр 320050130010 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний /гар утас худалдан авах/ зориулалтаар 2,899,900 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Х.Б нь зээлдүүлэгч Т ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 5ы өдөр 320050130010 тоот барьцааны гэрээ байгуулан худалдан авч буй IPhone 11 128GB загварын гар утсыг барьцаалсан нь мөн өдрийн барьцааны гэрээ, зохигчийн тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч буюу зээлдэгч Х.Б нь зээлдүүлэгч Т ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 5ы өдөр 320050130010 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,899,900 төгрөгөөр IPhone 11 128GB загварын гар утас худалдан авсан талаараа маргахгүй хэмээн тайлбараа гаргаж байна.

  Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Х.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

  Хариуцагч Х.Б нь 2,899,900 төгрөг зээлж авсан болон доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа маргаагүй болно.

  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. гэж,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Зээлдүүлэгч Т ХХК-ийн зээлдэгч Х.Б той байгуулсан дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Х.Б нь 2020 оны 5 дугаар сарын 5ы өдөр гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш үндсэн зээл 504,967 төгрөг, зээлийн үндсэн хүү 482,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,532 төгрөг нийтдээ 1,105,000 төгрөг төлж, 2022 оны 5 дугаар сарын 24ий өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй.

  Талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 5ы өдрийн зээлийн гэрээний 4.3. Зээлдэгчийн үүрэг:-ийн 4.3.3-т Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу хугацаанд төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх;,

- 4.3.14-т Зээлдэгч гэрээний үүргийг зөрчсний улмаас зээлдүүлэгч шүүх, эвлэрүүлэн зуучлал, арбитрт нэхэмжлэл, өргөдөл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өмгөөллийн хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүргийг хүлээх;,

- 7.2-т Дараах нөхцөлд гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж тооцно. Үүнд:

- 7.2.1-т Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан Зээл эргэн төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, мэдэгдэл хүргүүлсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй;,

- 9.3-т Зээлийн гэрээний хугацаа дуусах нь үүргээ бүрэн биелүүлээгүй зээлдэгч төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөр болон бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. гэж тус тус заажээ.

  Зээлдэгч Х.Б нь гар утсыг бусдад авч өгсөн гэж тайлбарласан бөгөөд зээлийг хэнд шилжүүлсэнээс үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

  1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.,

2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус заажээ.

  Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

  Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 5ы өдрөөс 24 сарын хугацаатай байгуулагдсан ба зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцон нэхэмжилсэн болон төлүүлсэн нэмэгдүүлсэн хүү нийт 117,532 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

  Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд 2022 оны 5 дугаар сарын 24ий өдрөөс доголдол гарсан гэж зээлдүүлэгч тайлбарласан ба ийнхүү доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 7 дугаар зүйлд заасан /гэрээг цуцлах/ арга хэмжээг аваагүй атлаа уг хугацаанаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 1ий өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нийт нэхэмжилж буй хүүгийн төлбөрөөс тодорхой хувийг буюу 200,456 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.Б оос 3,800,231 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 317,988 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,753.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б оос 3,800,231 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 317,988 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б оос 75,753.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН