| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0291/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/435 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/435
2025 02 10 2025/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Д.Аззаяа,
шүүгдэгч Э.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Аад холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э.А, регистрийн дугаар ...............................,
Монгол Улсын иргэн, .............хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б овгийн Э.А /РД:......................../ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ......................................... Б.Бтай маргалдаж улмаар түүний зүүн гарыг шуу хэсэгт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтах гээд хэвтэж байсан. Тэр үед Б гэдэг энэ хүнийг би анх удаа харсан. Тэгээд манай эхнэр миний гурван хүүхдийн аав байгаа юм чамтай танилцах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би танилцъя гээд том өрөөндөө сууж байсан чинь орж ирээд Б нь юм яриад сууж байсан чинь Б заазуур аваад чи манай ахын гэр бүлийг салгалаа гээд дайрсан чинь Б нь болиулаад тэгээд ирээд суусан. Эргээд надтай юм ярьж сууж байгаад намайг энэ хүнийг чинь өмгөөлөх хүн байгаа гээд намайг цохисон. Тэгээд Б нь ирээд хамт суусан. Тэгээд О босож ирээд салгаад суулгаад Б, Б хоёр миний хоёр талд ирж суугаад тэгээд Б нь Отэй юм яриад байсан. Тэгээд Б нь надтай ирээд юм ярьж байгаад тэгээд намайг урд өмнө шорон оронд орсон гэж хэлсэн. Тэгээд би хоёулаа танилууд явъя гэсэн чинь шоронгийн хүнтэй найзлаад байх шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд Б нь над руу дайраад байсан. Тэгээд Б гээд залуу намайг оролдоод байна гээд хутга авах гээд байхаар нь би түрүүлж авсан. Санаатай үйлдэл бол биш. Өөрөө хутга булааж авах гэж оролдоод ийм үйлдэл болсон. Намайг зөрүүлж хутгалсан тэгээд цагдаагийн байгууллага ирээд намайг авч явсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд оруулах гэсэн гэтэл ийм хүн авахгүй гээд намайг дээшээ авч гараад тэгээд орсон чинь байцаагч намайг батлан даалтад гаргасан. Энэ хоёр залуу худлаа мэдүүлж байгаа. Хутга авахад энэ залуу дээрээс дараад дээр дороо орсон. Тэгээд намайг хутгалчхаад энэ залуу буйдангийн нөгөө талд гараад суусан. О түргэн цагдаа дуудсан. Энэ залуу цагдаагийн албан хаагч нарын дэргэд чамайг орцонд чинь хутгалж ална гээд 2 удаа дайрсан ...” гэв.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр заазуур барьсан нь худлаа. Ороход нь ширээн дээр заазуур нэг архины шил байсан. Би тэр заазуурыг нь аваад гэрийнх нь шүүгээнд хийсэн. Тэгээд тэр хутгалсан гэдэг үйлдэл дээр намайг утсаа оролдоод арагшаа хараад сууж байсан бүгдийн чинь ална гээд босож ирээд намайг хутгалсан. Тэгээд О эгч чи хүүхэд хутгаллаа гээд тэгсэн. Тэгээд би эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь миний утас нэгжгүй гээд миний утсаар дуудаад өгөөч гээд дуудсан. Цагдаа ирэхэд энэ хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч өөрөө ирсэн байгаа. Энэ хүнийг хутгалсан зүйл байхгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б “...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнө зүс таних хуурай ах Б уулзсан. Тухайн үед Б ах руу танихгүй эмэгтэй хүн залгаад намайг ирээд авчих намайг зодоод хөөгөөд байна гэсэн чинь Б ах чи салж сарничихаад над руу залгаж яах гээд байгаа юм бэ? гээд утсаа салгасан чинь тухайн хүн дахин дахин залгаад байсан чинь Б ах хоёулаа хамт очоод миний салсан эхнэрийг аваад гэрт нь хүргэж өгөөд хүрээд ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 506 байрны 50 тоотод очоод Б ах салсан эхнэрээ явах уу? гэсэн чинь нөгөөх нь явахгүй гээд Б ах чи тоглоод байгаа юм уу? хөөгөөд зодоод байна үхлээ гээд байсан биздээ гээд гэр лүү нь яваад орсон чинь Б ахын салсан эхнэр нь багын найзтай нь хамтран амьдарч байсныг мэдээд Б ах бид хоёр салсан эхнэр түүний хамтран амьдрагчтай хамт Сэнгүүр нэртэй 2.4л-тэй пиво хувааж уусан цаад талын унтлагын өрөөнд нь танихгүй эрэгтэй хүн унтаж байсан тэрийг сүүлд мэдсэн удалгүй Б ах салсан эхнэрийнхэн хамтран амьдрагч А хоёр хоорондоо эхнэрээ хардаж маргалдаад хоорондоо зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод хоёр удаа Б ахыг Аын гэрээс авч гарсан чинь А гэх хүн Б ахыг дуудсан чинь Б ах надад хэлэх юм байна. Би хэлэх үгээ бүгдийг нь хэлээд гараад ирье гээд буцаж ороод би миний бүх юмыг булааж авсан эхнэрийг минь булаасан гурван хүүхдийг минь өнчрүүлсэн би улаан армиар явсан чи хар армиар явсан ийм хүмүүс найз нөхөд болохгүй хоёулаа холбоогоо таслъя гэсэн чинь А уурлаад бүгдийг чинь ална гээд халааснаасаа хутга гаргаж ирж баруун гартаа барьж над руу далайхаар нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу, хуруу хэсгийг хоёр удаа зүссэн тухайн үед Б ах Аын араас нь тэвэрч аваад цагдаа ирэх хүртэл огт тавиагүй удалгүй цагдаа ирээд араас нь эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Гэрч Ц.Бын “... салсан эхнэр М.О 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу залгаад намайг ирээд авчих гээд байхаар нь би очиж чадахгүй гээд утсаа салгасан чинь удалгүй над руу дахиж залгаад би чамаас гуйж байна намайг ирээд авчих гээд байхаар нь би очиж чадахгүй гэсэн чинь дахин дахин залгаад байхаар нь байхаар нь ямар нэг юм болсон юм болов уу? муу ч гэсэн гурван хүүхдийн минь эх гэж бодоод хаана юм бэ? хаягаа хэл гээд хуурай дүү Б.Б дагуулаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 556 байрны 50 тоотод яваад очсон чинь М.О архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хаалга онгойлгож өгсөн буйдан дээр нэг эрэгтэй хүн сууж байсан тэр хүн миний салсан эхнэр М.Огийн хамтран амьдрагч юм байна гэдгийг тухайн үед мэдсэн буйдан дээр сууж байсан эрэгтэй хүн өөрийгөө Э.А гэж танилцуулсан Э.А, М.О хоёр том пиво уугаад сууж байсан бөгөөд ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би бага зэрэг уугаад ойр зуурын юм ярьж хөөрөөд М.Ог явах уу? гэсэн чинь Э.А би эхнэрийг чинь чамаас салгаж суугаагүй шүү гэхээр нь тийм ээ, М.О бид хоёр салчихсан байсан гэсэн чинь Э.А яасан нөхөрлөх үү гэхээр нь хар улаан хоёр армийн харшлах байлгүй дээ гэсэн чинь манай хуурай дүү Б.Б Э.Аад хандаж чи яагаад манай ахыг өдөөд байгаа юм бэ? Амжихгүй шүү зүгээр байгаарай гэсэн чинь Э.А уурлаад бүгдийг чинь ална гээд сууж байсан буйдангийнхаа тэндээс хутга гаргаж ирээд Б дээрээс далайж хутгалах гэхэд Б.Б гараараа хаасан чинь гарыг нь зүсчихсэн. Тухайн үед би Э.Аын гарыг цохиж хутгыг нь унагаад хойноос нь тэвэрч аваад буйдан дээр дараад унасан энэ үйл явц маш журдан болоод өнгөрсөн нэг мэдсэн чинь цагдаа, эмч ирсэн байхаар нь Э.Аыг тавьсан ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
Гэрч М.Огийн “...Ц.Б танихгүй залуу дагуулж ирсэн тухайн үед миний салсан нөхөр Ц.Б болон Э.А хоёр юм яриад сууж байх үед Ц.Бын дагууж ирсэн залуу над руу уурлаад чамаас бүх юм болж байгаа байхгүй юу? гээд Э.А руу агсараад манай ахыг өдөөд байвал амжихгүй шүү гээд гал тогооны өрөөнөөс заазуур аваад чи миний ахыг эхнэр хүүхдээс нь салгасан байна гээд орилж чарлаад байхаар нь Ц.Б очоод заазуурыг нь булааж аваад буцаагаад шуруулагт хийгээд чи битгий далдагнаад бай айлд байж аятайхан бай гэж хэлээд буцаад буйдан дээр очиж суугаад М.Ог өмгөөлж хамгаалдаг хүн байдаг юм шүү гээд муу ч гэсэн миний гурван хүүхдийн эх шүү гээд Э.Аыг нэг удаа алгадаад ойлгож байна уу? гэсэн чинь Э.А чи 40 хүрсэн хүнд юу ойлгуулах гээд байгаа юм бэ? гэсэн чинь сүүл нэрийг нь мэдсэн Ц.Бын дагуулж ирсэн Б.Б гэх залуу Э.Аын хажууд очсон тухайн үед би Ц.Б хүүхдүүдийн талаар яриад сууж байх үед Б.Б, Э.А хоёр ноцолдоод яг юу болсоныг би харж чадаагүй Б гарнаас цус гараад Б.Б орилж чарлаад байхаар нь гарыхан цусыг алчуураар дарж боогоод 103 яаралтай түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 53 дугаар тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14019 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б зүүн гарын шуун дахь эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсийг бүрэн тасалсан зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/,
Б эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 23-43 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Аын “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ гэр хотхоны 556 байр 50 тоотод хамтран амьдрагч М.Огийн хамт амьдардаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 20-ны шөнө гэртээ хамтран амьдрагч М.О, Ц хамт Агар нэртэй 0,75гр-тай архи хувааж ууж дуусгаад Ц манай унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн би том өрөөний буйдан дээрээ унтаж байх үед манай хамтран амьдрагч М.О намайг сэрээгээд Б чамтай уулзъя гээд хүрээд ирсэн байна гэхээр нь босоод М.Огийн хүүхдүүдийнх нь аав юм байна, хэрүүл маргаан хийлгүй хэдэн үг солиод явуулъя гэж бодоод босоод сууж байх үед манай хамтран амьдрагчийн салсан нөхөр Б, Б гэх залуутай хамт орж ирээд би Б танилцаад Отэй бид хоёр амьдарч байгаа хоёулаа уулзаж ярилцах ёстой хүмүүс байх би Огийн нөхөр нь чи хүүхдүүдийнх нь эцэг гээд ойр зуурын юм ярьж байх үед Б надад хандаж М.Ог өмгөөлж хамгаалдаг хүн гэж байдаг юм шүү, чи ойлгосон уу гэхээр нь чи 40 гарсан хүнд юу ойлгуулах гээд байгаа юм бэ? гэсэн чинь Б хамт орж ирсэн Б гэх залуу манай гэрийн гал тогооны шургуулга онгойлгоод заазуур гаргаж ирээд Быг өмөөөөд манай ахыг өдөөд байвал амжихгүй шүү, надад нас байна шүү гээд агсараад байхаар нь Б очоод заазуурыг нь булааж аваад буцаагаад шургуулагт хийгээд буйдан дээр ирж суугаад би хурандаа цолтой хүн тэтгэвэртээ суучихсан, чи шорон оронд сууж байсан гэлүү гэхээр нь тэгсэн гэсэн чинь чи М.Ог гомдоовол би хүрээд ирнэ шүү гэхээр нь чи өөрөө амьдралаа зохиож чадаагүй байж надад амьдрал заагаад байгааа юм уу? гэсэн чинь Б уурлаад миний шанаа хэсэг рүү нэг удаа цохиод чи ойлгож байна уу? гээд дахиад нэг цохисон тухайн үед Б миний хажууд ирж суугаад чиний хоёр хүүхдээр чинь оролдож чадна шүү гээд ширээний доод талын тавцан дээр байсан хутга руу гар нь явж байхаар нь би тухайн хутгыг түрүүлж авах үед Б над руу дайраад Б бид хоёр ноцолдож байгаад Б гарыг нь зүсчихсэн чинь гарнаас нь маш их цус гараад байхаар нь түргэн дууд гээд яаралтай тусламж дуудсан удалгүй цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд Б гарыг боогоод аваад яваад өгсөн өөр ямар нэг асуудал болоогүй ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлбөрийг барагдуулах болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 83-90 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Б овгийн Э.А /РД:................../ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд .......................... . Б.Бтай маргалдаж улмаар түүний зүүн гарыг шуу хэсэгт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1145600 төгрөг гаргуулах саналтай байна. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх саналтай” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б овгийн Э.А /РД:..................................../ нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ....................... тоотод Б.Бтай маргалдаж улмаар түүний зүүн гарыг шуу хэсэгт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б мэдүүлэг/ хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, Гэрч Ц.Бын мэдүүлэг / хавтаст хэргийн 51 дүгээр тал/, Гэрч М.Огийн мэдүүлэг/ хавтаст хэргийн 53 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14019 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/, Б эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 23-43 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.А нь хохирогчтой маргалдсаны улмаас түүний зүүн гарын шуун дахь эрхий хурууны тэнийлгэгч шөрмөсийг бүрэн тасалсан зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, биеийн эрүүл мэндийн байдал/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй болно.
Шүүхээс, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Э.Ааас 1.145.600 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мөнгөлөг өнгийн метал хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ааас 2.821.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
6. Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мөнгөлөг өнгийн метал хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ