Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 201722000321 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Н-,

Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Ч.А-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н- нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Ч.А-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь       

Хохирогч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 5 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн хооронд дүүгийнхээсээ гараад ажил руугаа явж байтал М.Н- миний урдаас машинтайгаа ирж явж байсан юм. Тэгсэн чинь М.Н- миний урдаас гараараа зангахаар нь би мөн гараараа адилхан зангасан юм. Тэгсэн чинь М.Н- машинаасаа бууж ирээд шууд хүрч ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Мөн хөл болон хэвлий хэсэг рүү өшиглөж, толгой тархигүй цохиж нүдээд хэл амаар доромжилж янз бүрээр хэлсэн юм. Тэгж байтал ээж нь ирж явсан. Тэгэхээр нь би энэ хоёр хамжаад зодох гэж байна гэж бодоод зугтаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Д.М-н мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-н мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Р.Ням-Осорын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 379 дугаартай

1. Ч.А-гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ч.А-гийн биед баруун, зүүн гуя, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,

Хохирогч Ч.А- нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.Н-гээс 653.030 /зургаан зуун тавин гурван мянга гуч/ төгрөгийн хохирол нэхэмжилснийг бүрэн төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 5 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Н.М.Н-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ч.А- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтай овог М.Н-г бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000321 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ШҮҮГЧ                                          Н.НЯМСҮРЭН