Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0122

 

 

 

 

 

 

   2023         02          03                                       128/ШШ2023/0122

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Тус хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Баярцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай “С*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/719 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1178 дугаар захирамжаар “С*******” ХХК-ийн маргаан бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн билээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо илэрхийлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ