Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1065

 

 

 

 

 

 

 

 

 

 “МИ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00829 дүгээр шийдвэртэй “МИ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ГОГ ” ХХК-д холбогдох “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх   захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЛЖО /LJO / нь “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагчийн өмгөөлөгч К.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ГОГ ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг “МИ ” ХХК, 70 хувийн хувьцааг Их Британийн Виржиний Арлууд Улсын “ГГИИ ” компани тус тус эзэмшдэг. “МИ ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт “ГОГ ” ХХК нь 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Гэтэл Их Британи Виржиний Арлууд Улсын “ГГИИ ” компани нь дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 483 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхээс “МИ ” ХХК нь “ГОГ ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхдээ хууль зөрчөөгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “МИ ” ХХК-ийг “ГОГ ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн бүхэл бүтэн 2 жилийн туршид шүүхдэж, компанийн үйл ажиллагаанд огт оролцуулаагүй Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирсэн. Мөн компанийн үйл ажиллагаатай танилцах, өнгөрсөн хугацааны санхүүгийн тайлан бусад бичиг баримттай танилцаж аудитын байгууллагын шалгалт оруулах боломж олгож байгаагүй бөгөөд гэнэт “ГОГ ” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай” гүйцэтгэх захирлын шийдвэр, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар гэх сканердсан бичгүүдийг манай компанид хүргүүлжээ. “ГОГ ” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай” Гүйцэтгэх захирлын шийдвэр гэх бичиг нь Гүйцэтгэх   захирал нь тус шийдвэрийг гаргаж гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй, сканердсан, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.2.4, 60.2.6, 60.2.7, 60.2.9, 60.4 дэх хэсэгт заасан шалгууруудыг хангаагүй байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар гэх бичигт “ хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийн төслийг хавсаргав ” гэсэн атлаа 1 ч хуудас баримт хавсаргаагүй. Мөн ЛЖО  нь “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах 1 жилийн хугацаа өнгөрсөн, хугацааг сунгасан талаар хувьцаа эзэмшигчдын хурлын ямар ч шийдвэр гаргаагүй тул хууль бусаар ажиллаж байна. Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаа нь дууссан, эрх хэмжээгүй этгээд компанитай холбоотой шийдвэрүүдийг гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ЛЖО нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсаны дагуу “ГОГ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэнтэй холбогдох маргааныг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 483 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэснээр “МИ ” ХХК нь “ГОГ ” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 30 хувийн эзэмшигч болсон. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэг ч удаа компанийн бичиг баримттай танилцах хүсэлт гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй атлаа хуулинд заасан эрхээ эдлээгүй байгаадаа хариуцагч болон түүний хувьцаа эзэмшигчийг буруутгах үндэслэл байхгүй. “ГОГ ” ХХК болон түүний эзэмшигчийн зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагаанд оролцуулаагүй, эрхийг нь хязгаарласан зүйл огт байхгүй. “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай 01/18 дугаартай шийдвэр нь Монгол Улсын Компанийн тухай хуульд бүрэн нийцсэн. Компанийн Гүйцэтгэх   захирал Люкс Жао Онг Амеркийн нэгдсэн улсад ажиллаж байгаа тул уг шийдвэрт гарын үсгээ зурж компанийн факс руу илгээсэн бөгөөд үүн дээр компанийн тамгыг дарсан болно. Ингэж факсаар явуулсан баримтад компанийн албан ёсны тамгыг даран хувьцаа эзэмшигч “МИ ” ХХК-д хүргүүлсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн ямар эрхийг зөрчиж, ямар хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт биш “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай 01/18 дугаартай шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр эсэх нь хурлын зартай хамааралгүй болно. ЛЖО /LJO / нь “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлаар ажиллаж байгааг нь хууль зөрчөөгүй, чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа сунгагдсанд тооцогдоно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр “МИ ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Кампанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 62  дугаар зүйлийн 62.2.3-т заасныг тус тус баримтлан “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн Гүйцэтгэх   захирал ЛЖО хууль бусаар ажиллаж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э  давж заалдах гомдолдоо: Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч нь “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлын 2018 оны 3 дугаар сарны 19-ний өдрийн 01/18 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс маргааны зүйл болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэр нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ... хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа Компанийн Гүйцэтгэх   захирал ЛЖО нь АНУ-д байгаа тул уг шийдвэрт гарын үсгээ зурж компанийн факсруу илгээсэн... ” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Гүйцэтгэх   захирлын шийдвэрийг гарсан гэх үед буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЛЖО нь Монгол Улсад байгаагүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдсон. Гүйцэтгэх   захирал ЛЖО нь гарын үсэг зурсан шийдвэрийг факсаар явуулсан гэдэг хариуцагчийн тайлбараас өер нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд ЛЖО өерөө гарын үсэг зурсан, мөн түүний хүсэл зориг байсан эсэх нь эргэлзээтэй байна. /Нэхэмжлэгчийн зүгээс гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй/ Гэтэл шүүхээс Гүйцэтгэх   захирлын шийдвэр “хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй” гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын конвенцыг тус тус зөрчсөн байна. Компанийн тухай хуульд заасны дагуу Гүйцэтгэх   захирал нь Компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах. мөн хуралдуулах тухай шийдвэрээ хууль ёсны дагуу гаргах үүрэгтэй.  Энэ эрхийнхээ хүрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд энэ тохиолдолд л Гүйцэтгэх   захирал шийдвэр гаргасан гэж үзэх боломжтой.

Иймд ЛЖО нь өөрийн хүсэл зоригоор тухайн шийдвэрийг гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц сканердсан гарын үсэгтэй шийдвэрийг хүчинтэй гэж үзэх боломжгүй бегөөд “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр” гэх бичиг нь хуульд нийцэхгүй. Мөн Төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагад нэгэн адил дагаж мөрдүүлэхээр гаргасан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.4.3-т зааснаар аливаа байгууллагаас гаргах албан бичигт заавал байх бүрдлүүд байдаг бөгөөд үүнд “гарын үсэг” орсон байдаг. Тодруулбал, ямар ч албан бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн үг юм. АНУ-д байгаагаас болоод Монгол улсад өөрийн биеэр ирж гарын үсэг зурах боломжгүй бол тухайн шийдвэрээ хоёр улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар дамжуулан албан ёсоор баталгаажуулан ирүүлэх ёстой. /Хариуцагчаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хувьд ч мөн адил АНУ-д байгаа хүн Монгол Улсад олгосон итгэмжлэлд хэрхэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, түүний гарын үсэг мөн эсэхийг баталгаажуулсан тамга тэмдэг байхгүй байна. Ийм атал итгэмжлэлийг хууль ёсны гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна./ Мөн маргаан бүхий Гүйцэтгэх   захирлын шийдвэр нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.4, 60.2.9, 60.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам, тооллогын комиссын дарга, гишүүдийн мэдээллийг заавал тусгах ёстой байсан боловч тусгаагүй байна.

ЛЖО нь “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлаар 2009 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болно. “МИ ” ХХК нь “ГОГ ” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч болсноос хойш өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх удирдлагын хугацаа сунгах, шинээр томилох шийдвэр  гараагүй бөгөөд ийнхүү хугацаа сунгаагүй байтал Гүйцэтгэх   захирал ЛЖО нь ажилласаар байгаа нь хууль бус гэж ойлгож болно. Тухайлбал, ЛЖО нь Компанийн ажиллах хугацааг өөрөө дур мэдэн сунгасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс нөхцөл байдлыг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь хууль бус болохыг тогтоох эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг анхаарсангүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлагын талаар мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчмуудыг хангааүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор хуульч, өмгөөлөгч Б.Б г өмгөөлөгчөөр сонгосон бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 9 цагт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр товлогдсон шүүх хуралдаантай давхацсан байсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов өмнө нь гарсан байсан учраас “МИ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ГОГ ” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль, эрх зүйн мэдлэг дутмаг учраас шүүх хуралдаан дээр өмгөөлөгчгүйгээр оролцож чадахгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах мэтгэлцэх, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хүсэлт шийдвэрлэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргаж байхад хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь шүүгч энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрүүлсэн гэж үзсэн учир шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгчийн зүгээс “Татгалзал байгаа эсэхийг өмнө нь асуусан, хүсэлт шийдвэрлэсний дараа татгалзалтай холбоотой хүсэлт гаргахгүй” гэх үндэслэлээр хуралдааныг шууд үргэлжлүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу татгалзан гаргах үндэслэл бий болсон бол шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаж болохоор байна.

Мөн хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж” заасны дагуу Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх ёстой байтал хүсэлтийг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2, 92.6 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч МИ ” ХХК нь хариуцагч “ГОГ ” ХХК-д холбогдуулан “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх   захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЛЖО /LJO / нь “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг хууль бус болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“МИ ” ХХК нь “ГОГ ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг, Их Британийн Виржиний Арлууд Улсын “ГГИИ ” компани нь 70 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 483 дугаар тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./1хх-202-204/

Хэргийн 1 дүгээр хавтасын 5-6, 7-8 дугаар талд авагдсан “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэр, уг хурлын зар зэргээс үзвэл хурал хэзээ хаана болох, хэлэлцэх асуудал, хурлын тов, зарыг хэрхэн хувьцаа эзэмшигчид хүргэх, санал тоолох журам, хурлын даргаар гүйцэтгэх захирал эсхүл түүний албан ёсны төлөөлөгч ажиллах болон хуульд заасан  баримт бичигтэй танилцах боломжийн талаар тодорхой тусгасан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

 “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж заасантай нийцсэн. Компанийн дүрмийн долоо дугаар зүйлийн 4-т гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гүйцэтгэх захирал шийдвэрт гарын үсэг зурсан нь эргэлзээтэй, скайнердсан, тухайн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхойлсон байх боловч хариуцагч “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсад байхгүй, тухайн шийдвэрт гарын үсгээ зурж факсаар илгээсэнд компанийн тамгыг дарж баталгаажуулсан талаар хариуцагч тайлбарлан үгүйсгэсэн. Маргааны зүйл болж буй гүйцэтгэх захирлын шийдвэр, уг хурлын зар зэрэг баримтын хэвлэгдсэн, тамга дарагдсан байдал зэргээс үзэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах эрхгүй этгээд зарласан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбар, гомдолд дурдсан үндэслэлээр “гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүх ЛЖО /LJO / нь “ГОГ ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулгаас харахад гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг  тогтоолгохоор шаардсан гэж үзэхээр байна. /1хх-149/

 

Хариуцагч “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулаагүй болох нь хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хуралдуулахаар гаргасан шийдвэр болон зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэжээ.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд гүйцэтгэх захирал ЛЖО -ийн хувьд Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсон гэж үзэх тул хуульд тусгайлан зааснаас бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал ЛЖО нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж хуралдуулахаас өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй,  бусад бүх бүрэн эрх нь дуусгавар болж байгаа учраас нэхэмжлэгчийн энэ шаардлагаас тодорхой хэсгээр хангах үндэслэлтэй.

 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Компанийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн байгааг засч өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид зохих ёсоор, боломжит хугацаанд мэдэгдсэн, тэдэнд эрх үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон болох нь хэрэгт авагдсан хуралдааны тов мэдэгдсэн баримтууд, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжууд зэргээр нотлогдсон. / 1хх-229,244,248, 2хх-4-5/ Шүүх хуралдаан хойшлуулах талаарх удаа дараагийн хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүх шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэж байсан өмнөх  шүүгчийг хэд хэдэн удаа “хүсэлт хангаагүй” гэх үндэслэлээр татгалзан гаргасныг шүүх шийдвэрлэсэн байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдааны явцад мөн “хүсэлт хангаагүй” үндэслэлээр татгалзал гаргасныг хүлээж аваагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. 

 

Хариуцагч “ГОГ ” ХХК нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, тэрээр өөрөө эрх ашиг нь хөндөгдсөн талаар гомдол гаргаагүй, эсэргүүцээгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй./1 хх-18-19, 200,223/ Хариуцагчаас олгосон итгэмжлэл нь хэлцэлд төлөөлөөгүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөн оролцох итгэмжлэл учир нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 183/ШШ2019/00829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасныг баримтлан “ГОГ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/18 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гүйцэтгэх захирал ЛЖО ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсон болохыг тогтоосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж  өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                    ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                         Б.НАРМАНДАХ