Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/587

 

 

 

 

 

     2021           6              8                                       2021/ДШМ/587                                    

                                                                                                            

 

Т.Мхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Т.Мхолбогдох эрүүгийн 1902008640383 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Дархан уул овогт Т.М, 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто-инженер мэргэжилтэй, “Баянгол тариалан” ХХК-ийн уурхайн захирал ажилтай, ам бүл 1, ............тоотод бүртгэлтэй боловч одоо ............. тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ы агууламж бүхий гялгар уутны хамт 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин’’-ы агууламжтай байж болзошгүй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ат өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод 200.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, 0,3 грамм орчим жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.М500.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А, У.М нарт худалдаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила 2” зочид буудлын В2 давхарт хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос Г.Ат 200.000 төгрөгөөр, У.М750.000 төгрөгөөр тус тус худалдаалахыг завдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Т.М холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай байж болзошгүй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ат 200.000 төгрөгөөр худалдсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Дархан уул овогт Төмөрхүрээгийн Мийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Т.Мийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мийн цагдан хоригдсон 229 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №74 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн Т.Мийн өмчлөлийн 77-00 УАЕ улсын дугаартай “Мерседес бенз жи-55” тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар уутны хамт 0,9531 грамм жинтэй, цэвэр жин нь 0,7747 грамм цагаан өнгийн талстлаг зүйл, шар өнгийн тагтай, тагны гол хэсэгт 2 цоолсон нүхтэй, 2 ширхэг гуурс шургуулсан шилэн сав, цагаан өнгийн тагтай, цэнхэр өнгийн хуванцар сав /дотроо 3 давхар тасалгаатай/, уг саванд байсан №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл, Waterproof гэсэн бичиглэлтэй резинээр боосон гялгар ууттай  цагаан өнгийн нунтаг, OG four 2.0 гэсэн бичиглэлтэй резинен сав, Лидокаин гэсэн бичиглэлтэй, толгой хэсэг нь хагарсан 2 ширхэг тарианы усны шил, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, тайрсан, цоолсон гуурс мэт зүйлс 10 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл, саарал өнгийн тагтай, тагны хэсэгт саарал өнгийн гуурс мэт зүйлтэй сав, 2 талдаа хөвөнтэй мод 1 ширхэг, толгой хэсэг нь эвдэрсэн дөрвөлжин шоо бүхий дүрстэй асаагуур гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.250.000 төгрөгийг шүүгдэгч Т.Мийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.М миний бие хуулийн хариуцлага хүлээн хоригдлоос хойш 300 орчим хоног боллоо. Өөрийн тэнэг үйлдлийн улмаас өндөр настай эцэг, эх, бага хүүгээ өнчрүүлэн ийнхүү хар торны цаана сууж байгаадаа ихэд гутаж гэмшиж байна. Би тэр бодисуудыг зарж ашиг олох ямар ч зорилго байгаагүй. Харин хадгалсан, өөрөө хэрэглэж байсан минь үнэн. Гэрч Атэй хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Энэ хэргээс болоод одоо цаашид зам нийлэхгүй болсон. Ат холбогдох асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Харин Мын хувьд гэрчээр орохдоо сүүлд худлаа ярьсан байсан. Уг нь намайг хоёулаа хамтран ажиллаж, бизнес хийе гэх мэтээр ярилцаж надаас тус авч явсан. Надаас бэлнээр мөнгө зээлсэн ба түүнийгээ бага багаар нэхэж авч байсан. М 1.500.000 төгрөгийг надаас аваад өгөхгүй байсан нь зорилготой байж. Хүнд туслах гэж хичээснийхээ үүднээс би өөрөө буруутан болоод сууж байна. Хүнээс мөнгө аваад түүнийгээ өгөхгүй дээрээс нь бас намайг ингээд худлаагаар гэрчлэн ял хүндрүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа бодис хэрэглэсэн нь миний түмэн буруу, харин Мд зарж ашиг олох санаа бүр ердөөсөө ч байгаагүй. М бол олон жилийн хэрэглэгч, тэр ял авахаасаа айн цагдаагийнхантай хамтран ажилласан нэрийдлээр намайг хэрэгт унагаж байгаа байх гэж сүүлийн үед бодох боллоо. Чи яагаад худлаа ярьж намайг буруутгаж худал мэдүүлэг өгсөн болохыг нь утсаар ярьж асуухад мөрдөгчөөс айгаад Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн, чамайг ч шалгана гэхээр нь тэгээд хэлчихсэн шүү гэсэн. Би цагдаад баригдаад хэрэглэснээ нуугаагүй, гэртээ аваачиж хаана нууснаа хэлж зааж өгсөн. Мансууруулах бодисыг бас өрөндөө авснаа хэлсэн. Би уурхайн захирлаар ажиллаад цалин хөлс гайгүй авдаг байсан. Яагаад ч мансууруулах бодис зарж, ашиг олох санаа байгаагүй. Хотод ирэхээрээ мансуурдаг байснаа хэлсэн. Хэнээс худалдаж авснаа ч хэлж өөрийнхөө бүх мэддэг зүйлсийг цагдаад хэлсэн. Надад зардаг байсан хүмүүс баригдаад ялаа аваад явсан. Шинжилгээгээр надаас кокайн гараагүй шүү, би тэрийг хэрэглэдэггүй байсан. Аав ээж хоёртой минь миний бага хүү амьдардаг. Би тэр гуравтайгаа амьдардаг байсан. Хөдөө ажилладаг тул бас хааяа хотод ирэхдээ ээж аавдаа үр хүүхэддээ олигтой санаа тавьдаггүй байжээ. Одоо бодох нээ үе мөчний өвчнөө дарах гэж хэрэглэж байна хэмээн өөрийгөө өмөөрөн мансууруулах бодис хэрэглэж мансуурч тэнэглэж явсандаа ихээр харамсаж байна. Би цаашид засран, нэр төртэй амьдрахаа та бүхэнд амлая. Өндөр настай аав ээж минь хорих газар ирж хүүгээ эргэхэд нь хаашаа орохоо мэдэхээ байх юм. Бас эх нь хаяад явсан найман настай хүүгээ сайн хүн болгож өнчрүүлэхгүй амьдармаар байна. Надад худалдаж ашиг олох зорилго байгаагүй. Намайг бас өмнө нь ял эдэлж байсан гээд битгий хүндрүүлээрэй. Би автын ослын хэргээр олон жилийн өмнө ял эдэлсэн. Надад гэмт хэрэг хийх санаа бодол байгаагүй. Энэ хэрэгт нөлөөлөх вий гэж санаа зовж байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Б.Гүнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга тогтвортой” мансууруулах бодис худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь “байнга тогтвортой үйлдсэн” гэж үзэх тохиолдол нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг байнга үйлдсэн байх. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон байхыг хэлдэг. Байнга тогтвортой гэдэг шинжээр мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэсэн хэрэгт дээрх шинжийг шаардаж, зүйлчилж шийдвэрлэсэн УДШ-ийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 112 дугаар тогтоолд “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй үйлдлийг ойлгохоор хуульчлагдсан. Гэтэл шүүгдэгч Д.У-ын үйлдэл нь тооны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хэлбэрийн талаас хангаж буй боловч тэрээр хууль бусаар олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн, түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна” гэжээ.  Эндээс үзвэл байнга тогтвортой гэдэг нь хэлбэрийн хувьд харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон байхыг ойлгох талаар хууль хэрэглээний практик тогтжээ. Харин шүүгдэгч Т.Мийг зөвхөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үйл баримтыг дүгнэн ялласан нь “байнга тогтвортой” гэх шинжийг хангахгүй байна. Шүүгдэгч Т. Мгэрч У.Мыг бэлнээр надаас 1.500.000 төгрөг зээлж авсан ба зээлсэн мөнгөө авъя гэдэг утгаар нэхсэнийг мансууруулах бодис зарсан гэж буруутгаад байна гэж тогтвортой мэдүүлдэг.

2. Гурваас дээш гэх удааширсан үйлдэл болгоныг нотлох шаардлагатай.

УДШ-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 684 дугаар тогтоолд “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно” гэж заажээ.

Гэтэл гэрч У.Мын мэдүүлгээр үйлдэл нь хэзээ болсон нь тодорхойгүй, ямар бодис хэрэглэсэн тодорхойгүй, худалдах зорилго байсан уу, эсхүл худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн үү, ямар хэмжээтэй байсан гэдэг нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байна.  Улмаар гэрч У.Мын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “би ажлынхаа орлогоос 500.000 төгрөг аваад, “Төрөө ахад дүүд нь 500.000 төгрөг байна, та өрөндөө 280.000 төгрөг аваарай. 220.000 төгрөгт жаахан юм олдох уу” гэхэд “250.000 төгрөг нэмээд өгчих, ах нь зохицуулъя” гэсэн нь шүүгдэгч 1.500.000 төгрөг өмнө нь бэлнээр зээлдсэн байснаа авах гэж утасдсан үйлдэл ба 750.000 төгрөг шилжүүлсэн нь зээлсэн мөнгөө авах гэж хичээсэн үйлдэл юм. Харин байрны дунд уулзаж, мөс өгсөн гэх үйлдэл нь зөвхөн гэрчийн зөрүүтэй худал мэдүүлэг юм. Өмнө нь хамтарч ажиллах гээд нэг удаа 100.000, дараа нь 400.000 өгсөн, Төрөө ах хүүхэддээ хувцас авах гээд мөнгө шилжүүлээч гэсэн гэж мэдүүлж ирсэн ба ингэж зөрүүтэй мэдүүлэг өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх нөхцлийг бүрдүүлж байна.

Гэртээ хадгалж байсан, гэрээсээ аваад биедээ авч явж байсныг 2019 оны 12 дугаар сарын 17-нд хурааж авсан, шүүгдэгч гэртээ хаана байгааг өөрөө тэр өдрөө зааж өгөн, хураалгасан үйлдлийг тус тусдаа үйлдсэн гэмт хэрэг мэтээр анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх буруу ойлгон хэрэглэжээ. Энэ нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг юм, тиймээс нэг үргэлжилж байгаа үйлдлийг хоёр тасдаад шийтгэж болохгүй, гурваас дээш гэх удааширсан үйлдэлд хамруулах нь буруу юм. Ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчмыг зөрчиж байна.

Шүүгдэгч өөрөө гэртээ хаана байгааг зааж өгөн, илрүүлэх үйл ажиллагаанд тусалсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй байна.

3. “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ” гэсэн хууль зүйн дүгнэлтүүдийг УДШ хэд хэдэн шийдвэртээ хийжээ.

Шүүгдэгч Т.М нь алтны уурхайн захирал ажилтай, аав, ээжтэйгээ бага хүүтэйгээ амьдардаг ба мөн тусдаа дахин байр түрээсэлдэг. Үүний хажуугаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тансаг хэрэглээний 77-00 УАЕ дугаартай, мерседес бэнз автомашин эзэмшдэг. Ямар ч байдлаар харсан харсан алтны уурхайн захирал ба унаж эдэлж буй автомашиныг нь харсан ч 1.250.000 төгрөгөөр мансууруулах бодис зарж, түүгээр өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгодог гэж үзэх үндэсгүй. Шүүхээс ажил эрхлэлтийн байдлыг нь харгалзаж үзээгүй байна. Мөн ганцхан гэрч У.Мхудалдаад амьжиргаагаа залгуулаад байсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

Гэрч У.Мын өгсөн мэдүүлэг тогтворгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байгаа ба мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх нөхцлийг бүрдүүлж байна.

Шүүгдэгч анх 3 жил 6 сараар хорих ял оноосныг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргаж, магадлалаар Нийслэлийн прокурорын газарт буцааж байхад, анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ “чи гомдоод байгаа бол май чи, ингээд 6 жил ав” гэж байгаатай адилхан сонсогдож байна. Манай үйлчлүүлэгч прокурор Бямбадагваас яагаад прокуророос “ял нэмж” байгааг асуухад, “Чи өөрөө давсан шүү дээ” гэж хариулж байсан байна. Монголын төр иргэндээ ийнхүү хандаж болохгүй, хууль журмын дагуу гэм бурууг тогтоож, түүнд тохирсон ял оногдуулах ёстой билээ.

5. Т.Мийн үйлдсэн гэх гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан бол “Шангрила” дээр ирээд өвсийг борлуулах үйлдэл хийх эсэхийг тогтоосны дараа илрүүлэх ёстой байсан боловч, түүнийг бусдын эзэмшилд ямар нэгэн зүйл шилжүүлээгүй байхад худалдах гэж завдсан хэмээн хийсвэрээр дүгнэж болохгүй юм.  Хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хянан хэлэлцээд худалдан борлуулаагүй гэж үзэх нь зүйтэй байна. Учир нь УДШ-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолд “мансууруулах бодисыг эзэмшилд нь бүрэн шилжүүлсэн бол” худалдах үйлдэл төгссөн гэж үзнэ гэж шийдсэн. Гэтэл завдалтаар үйлдэл нь төгссөн гэж анхан шатны шүүх үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Т.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Мийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.  Иймд тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Т.Мийн Г.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 83  дугаартай прокурорын тогтоолоор магадлалд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн тогтоолд заасны дагуу хийж гүйцэтгэхийг мөрдөгчид даалгасан байтал мөрдөгч 90 хоногийн хугацаанд ажиллагаа хийлгүйгээр У.Мын зөрүүтэй ганцхан мэдүүлэг, Г.Атэй утсаар холбогдож чадаагүй гэх утга бүхий мөрдөгчийн 2 тэмдэглэлийг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүнд зүйл хэсгээр ял сонсгож, 6 жил хорих ял оногдуулаад байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан "Нотолбол зохих байдал'”-ыг огт тогтоогоогүй. Мөн хуулийн 16.3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байхад хэрэг шалгах бүхий л хугацааны явцад 3 өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч У.Мын мэдүүлгээр хүндрүүлэн ял халдааж байгаад гомдолтой байна. Учир нь У.М нь 2014 оноос хар тамхи хэрэглэсэн талаараа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлдэг ба олон жил хар тамхины хамааралтай, хэрэглэгч болох нь харагдаж байх тул үнэн зов мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй, мөн яллах баримт болгосон У.Мын гэрчийн мэдүүлэгт хар тамхи худалдаж авсан гэх мөнгөн дүнгүүдийг дурдсан боловч мөнгөний эх үүсвэрийг тодруулах ажиллагааг огт хийгээгүй ба тухайн шилжүүлсэн мөнгө болох 500.000 төгрөг, эхнэрээсээ авсан гэх 250.000 төгрөг, найз Манлайгаас авсан гэх 500.000 төгрөгүүдийг ямар эх үүсвэрээс орж ирсэн, ямар зорилготой У.Мшилжүүлсэн, У.М нь Т.Мшилжүүлсэн талаар У.Мын эхнэрийн найз Манлай нараас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх ажиллагааг хийснээр магадлалын 3 дахь заалт болох Г.А, У.М нар нь Г.Мөөс мансууруулах бодис худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатайн дээр Т.М У.Ммөнгө зээлүүлсэн эсэхийг тогтоож болох юм. Т.Мийн хувьд У.Маас өөрийн авлагыг авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдаанд тогтвортой мэдүүлсэн байдаг бөгөөд Т.Мийн хувьд тогтмол орлоготой алтны уурхайн хувь эзэмшдэг сарын 20.000.000 төгрөгөөс доошгүй орлоготой болох талаарх баримтыг өгсөн болно.

Гэрч У.Маас шилжүүлсэн 750.000 төгрөгийн галаар үндэслэлгүй дүгнэлт хийж сэтгэцэд нөлөөлөх бодис авахаар шилжүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээс ял оногдуулахдаа ямар шалтгааны улмаас шилжүүлсэн талаар баримт байхгүй байгаа бодит байдлын талаар болон эдгээр цагаатгах талын нотлох баримтууд болон энэ үйл баримтууд хэрхэн яаж үгүйсгэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар хуульд тавьсан шаардлагыг хангаагүй байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс эхлээд хэдий хугацаанд ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байгааг, худалдаалах зорилготой, зорилгогүй байсан эсэх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй нь Т.Мийн ял өөрчлөн сонсгосон тогтоол болон мэдүүлэг аваагүй зэргээс харагдаж байна. Магадлалын дээрх заалтыг биелүүлэхэд Т.Мөөс зайлшгүй мэдүүлэг авсан байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж заасан атал уг ажиллагаа огт хийгдээгүй, яллагдагчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн нотолбол зохих ажиллагааг хийлгүүлэх, яллагдагчийн эрх зүйн байдал дордуулсан талаарх прокурорын тогтоолыг эс зөвшөөрсөн, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар гомдлоо өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 21-нд гаргасан ба маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр прокуророос яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан байдаг. Уг гомдлын хариуг одоо хүртэл өмгөөлөгч миний гар дээр өгөөгүй. Миний үйлчлүүлэгчийн хүсэлт гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн заалтыг зөрчиж зөвхөн ял хүндрүүлж, яллах талыг баримтлан зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгч байгаа гэрчийн ганцхан удаагийн мэдүүлгийг нотлох баримт болгож, шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Мөн Т.Мийн завдсан гэх 2 үйлдлийг оролцуулан байнга тогтвортой худалдаалсан гэж хүндрүүлж зүйлчилж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2.8.1-д “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж үзнэ гэж хуульчилсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Т.Мийн  амьдарч буй орон байр, өөрийн биеэс нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрч улмаар бусдад мөнгөөр худалдаж байсан, худалдах гэж байсан, худалдахаар хадгалж байсан болох нь нотлогдсон гэж хийсвэр байдлаар дүгнэлт хийж түүний үйлдлүүд нь тогтворжиж 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуурыг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон.

Мөн нөгөө талаар завдсан гэх үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. Гэтэл Мнь Маас өөрийн авлагаа авахын тулд хар тамхи хэрэглэх хүсэл хэрэгцээг ашиглаж хуурч өөрийн мөнгийг авсан талаараа хэлдэг. Эндээс дүгнэхэд сүүлийн завдсан гэх үйлдэл нь өөртөө тусалсан шинжтэй байж болохоор байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалд заасан ажиллагаануудыг хийх шаардлагатайн дээр гэрч У.Мын үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах. хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэрч нар болох Мын эхнэр, найз Манлай нарыг гэрчээр асуулгах, Мөөс ял хүндрүүлэн сонсгож байгаа зүйл хэсэгтэй холбогдуулан мэдүүлэг авахуулах, завдсан гэх үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг шалгаж тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурор буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй. Т.М үйлдэлдээ харамсаж байгаа сэтгэхүйн хандлага, биеэ авч явж байгаа байдал, боловсролтой, мэргэжилтэй хүн зэрэг нь ял шийтгэл оногдуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.М нь Эрүүгийн хуулиар хориглосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай “сөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ы агууламж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалж, ашиг олох зорилгоор бусдад хэрэглүүлж, хариу төлбөр авдаг үйл баримт нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нь өвчтэй, хөл муу учраас хэрэглэдэг гэсэн тайлбарыг өгч байгаа хэрнээ яагаад бусдад хэрэглүүлж, мөнгө авч байна вэ. Өмгөөлөгч Б.Гүнбилэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг тайлбарлахдаа амьдралын эх үүсвэр болгохыг байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгохтой хольж ярьж байна. Хулгайлах, залилах гэмт хэргүүд нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжтэй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт амьдралын эх үүсвэр болгосон гэдэг шинж байхгүй. Зөвхөн “байнга үйлдсэн” гэх шинж бий. Тиймээс амьдралын эх үүсвэр болгосон болон байнга тогтвортой үйлдсэн хоёр ялгаатай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш хугацаанд үйлдэж амьдралын хэвшил болгосон бол” гэх шинжийг харгалзсан. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас нийгэм болон олон нийтэд учруулах хор уршиг, хор хөнөөл, гэмт үйлдэлдээ хандаж байгаа үйлдлийн хэв шинж, тухайн хүний зан үйлийн байдал зэрэг бүгд цогцоор нийлж байж энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх шинжийг хангана. Түүнээс биш Т.М тодорхой хэмжээний орлоготой, “Мерседес бенз жи-55” загварын автомашинтай, хаусанд амьдардаг, алтны уурхайтай гэдэг үндэслэлээр энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж болохгүй. Түүнчлэн энэ хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд  байнга тогтвортой үйлдсэн эсэхийг шалгах, яллах дүгнэлтэд орон байранд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдлийн зорилгыг бичээгүй прокурорын алдаа зэрэг 3 үндэслэлээр хэргийг буцаасан. Улсын яллагчаас гаргасан алдаануудаа засахад давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байнга тогтвортой үйлдсэн гэх шинж тодорч гарч ирсэн гэж үзсэн. Мөн давж заалдах шатны шүүх А, М нарын олж авсан үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоо гэсэн. Энэ гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэх шинжийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ы өдрөөс орсон нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг илэрч шалгагдаж байх хугацаанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэх шинж гэмт хэрэгт тооцогддоггүй байсан. Тиймээс магадлалын дээрх 3 заалтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байна. Т.М давж заалдах гомдолдоо “М цагдаагийн байгууллагатай хамтран ажилласны улмаас энэ гэмт хэрэг илэрсэн” гэсэн байсан. Гэтэл М цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан зүйл байдаггүй. Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсаны эцэст гэмт үйлдлийг таслан зогсоосон. Энэ хэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан 3 үйлдэл, завдсан үйлдлүүд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Энэ заалтыг үндэслэж үйлдлүүдийг нь тус тусад нь биш, нэг гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл, завдсан 2 үйлдэл нь төгссөн 3 үйлдэлдээ багтсан гэж дүгнэж, бүгдийг нь нэгтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. Үүнд ямар нэг алдаа гарсан гэж үзэхгүй. Мөн өмгөөлөгч Г.Батцэцэг “гэрч М үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа 1 жилийн хугацаанд явагдсан бөгөөд энэ хугацаанд мөрдөгч, прокурорын зүгээс Мын сэтгэцийн байдалд эргэлзэх ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй. Түүний мэдүүлэг яаж зөрсөн нь тодорхойгүй. Нэг үйлдлийн талаар олон удаа мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлэгтэйгээ үг, үсэг бүр нь нэг бүрчлэн ижил байна гэж байхгүй, ерөнхий утга агуулга нь дотроо агуулагддаг. Мөнгөн дүнгийн хувьд эхнэрээсээ авсан уу, найз Манлайгаас авсан уу гэдгийг тогтоогоогүй гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан Мын дансны хуулгаар эхнэр нь “хань” гээд Мд мөнгө шилжүүлсэн. Дараа нь 500.000 төгрөг зээлж авсан Манлай “Манлайгаас” гээд мөнгө шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд мөнгөн дүнг тодруулах зорилгоор шүүх хуралдаан даргалагч шүүгч дансны хуулгатай тулгаж, мөнгөн дүн таарсан болохыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Кокайн /cocaine/-ы агууламж бүхий гялгар уутны хамт 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, 0,3 грамм орчим жинтэй, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.М500.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А, У.М нарт худалдаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила 2” зочид буудлын В2 давхарт хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос Г.Ат 200.000 төгрөгөөр, У.М750.000 төгрөгөөр тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар авч биедээ хадгалсан гэмт хэрэг  тус тус  үйлдсэн болох нь:

гэрч Э.Аийн “...2019 оны 5 дугаар сард Мтэй Улсын их дэлгүүрийн дэргэд уулзаад зочид буудалд орж мөс хэрэглэсэн анхны удаагийн уулзалт... Энэ өдрөөс хойш 7 хоногт нэг удаа холбоо барьж уулзаад мөс хэрэглэдэг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүний гэрт уулзаж мөс сорсон. Мөс сорсоны дараа би тэндээс гараад найз охин А найз эмэгтэй Учралын гэрт очоод дэмий цаг нөхцөөж байгаад оройны 19 цагийн үед М утас руу найз   91916252 дугаарын утсаар залгаад “мөс байгаа юу” гэж асуутал М“байгаа” гэхээр нь “надад 200.000 төгрөг байна. Мөс авъя” гэтэл М“Их дэлгүүр дээр уулзъя” гэхээр нь би зөвшөөрөөд уулзахаар болсон. Тухайн үед миний мөнгө хүрэхгүй байсан учраас найз А өөрийн хэрэглэж байсан Айфоне-7 загварын гар утсыг барьцаанд тавиад хариуд нь 200.000 төгрөг бэлнээр авсан. М дугаарт залгатал “Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо байна” гэхээр нь найз А хамт яваад очтол цагдаа нар барьсан. ...” /1 хх 169-170/,

            гэрч У.Мын “...Би Төрөө буюу Мтэй найзаараа дамжуулан танилцаад удаагүй байхад надад “ийм юм байна” гээд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис үзүүлсэн. “Чи тал мөнгийг нь гаргачих хоёулаа хэрэглэе” гэхээр нь би “яг одоо надад мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл дараа өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад өчигдөр гэнэт над руу залгаад “нөгөө мөнгөө яасан бэ, би хүүхдийн зууд явж байна” гэхээр нь очиж 200.000 төгрөг өгсөн. ...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “нөгөө мөнгөө гүйцээж өг, ахад нь мөнгөний хэрэг байна, үлдэгдэл 280.000 төгрөгөө хэзээ өгөх гэж байна, яаралтай өгвөл сайн байна” гэж хэлэхээр нь би ажлынхаа орлогоос 500.000 төгрөг аваад “Төрөө ахад дүүд нь 500.000 төгрөг байна, та өрөндөө 280.000 төгрөг аваарай, 220.000 төгрөгт жаахан юм олдох уу” гэхэд “250.000 төгрөг нэмээд өгчих, ах нь зохицуулъя” гэж хэлэхээр нь эхнэрээсээ “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа 250.000 төгрөг шилжүүлээч” гэсэн чинь манай эхнэр миний Хаан банкны 5003722552 тоот данс руу шилжүүлсэн байсан. Би Төрөө буюу Махтай утсаар яриад “мөнгөө олчихлоо” гэсэн чинь Хаан банкны 57-оор эхэлсэн данс мессежээр явуулахаар нь тэр данс руу нь 750.000 төгрөг шилжүүлсэн. Би Төрөө ахын данс руу мөнгөө шилжүүлчихээд хэлэхэд “Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын байран дунд уулзъя” гэсэн. Төрөө ах дээр очиход гялгар уутны ёроолоор нэг мөс өгсөн. Би авахдаа жинлэж үзээгүй, нүдэн баримжаагаар 0,3 грамм орчим байсан байх. Ганц, хоёр сороод дуусчихаар нь би Төрөө ах руу дахиж залгаад “дахиад байна уу” гэсэн чинь “750.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би найз Манлайгаас 500.000 төгрөг зээлээд Төрөө ах руу өөрийнхөө данснаас шилжүүлэхэд Төрөө ах өөрөө надад мөс авч ирж өгнө гээд таг болчихсон. ...” /1хх 172-175, 4хх 223-224/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №174 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Төмөрхүрээ МЧЕ96112810” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/, метамфетамин /methamphetamine/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” /1хх 217-218/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №168 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” /1хх 227-228/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 178 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж хаягласан мөс мэт зүйл, дотроо цайвар болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, улбар шар өнгийн гуурс 1 ширхэг, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон нарийн төмөр 1 ширхэг, урт резинэн гуурс мэт зүйл 1 ширхэг, саарал өнгийн тагтай тагны хэсэгтээ саарал өнгийн гуурс мэт зүйл хийсэн дээд, доод хэсэгтээ цоолж резинен гуурс хийсэн сав, ногоон өнгөтэй богино гуурс мэт зүйл, улаан цагаан шар өнгөтэй алаг урт гуурс мэт зүйл, улаан цагаан алаг өнгөтэй гуурс мэт зүйл улаан өнгөтэй гуурс мэт зүйл, 2 тал нь бохирлогдсон модон иштэй хөвөн мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Улбар шар өнгийн тагтай резинин савнаас делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “waterroof” гэсэн бичиглэл бүхий резинээр боосон цагаан өнгийн нунтаг бодисоос кокайн /Cocaine/ илэрч байна.  Шинжилгээнд илэрсэн кокаин /Cocaine/ нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтдаг болно. ...”/1хх 247-250/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Т.Мийн оршин суух Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 41-52/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-98/, У.Мын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 176-178/, У.Мын “Хаан” банкны дансны хуулга /1хх 176-177, 3хх 145/, Т.Мийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 43-53/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 122-125/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой ба Т.Мийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Мийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ат 200.000 төгрөгөөр худалдсан гэх үйлдлийг гэрч Э.Аийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Т.Мийн тус үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг нь буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Б.Гүнбилэг Т.Мийн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэх, өмгөөлөгч Г.Батцэцэг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч Т.Мийн үйлдлийг прокуророос “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг байнга тогтвортой...” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн, мөн анхан шатны шүүх тус зүйлчлэлээр зүйлчилсэн байх боловч “байнга тогтвортой” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Учир нь, энэ гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдсэн”  гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх хууль зүйн ойлголт юм.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэл нь тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийн үйлдэл нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл хууль бус  дээрх аргаар ашиг олж, амьжиргааны болон эдийн засгийн эх үүсвэр болгосон байдаг, харьцангуй тогтвортой үйлдэл байдаг.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1229 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан  үндэслэл болох Т.Мийн сэтгэцэт нөлөөт бодисыг худалдах үйлдлийг байнга тогтвортой үйлдэж байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн  нотолж чадаагүй байна.

 

Гэрч Э.Аийн “...М утас руу найз А 91916252 дугаарын утсаар залгаад “мөс байгаа юу” гэж асуутал М“байгаа” гэхээр нь “надад 200.000 төгрөг байна. Мөс авъя” гэтэл М“Их дэлгүүр дээр уулзъя” гэхээр нь би зөвшөөрөөд уулзахаар болсон. Тухайн үед миний мөнгө хүрэхгүй байсан учраас найз А өөрийн хэрэглэж байсан Айфоне-7 загварын гар утсыг барьцаанд тавиад хариуд нь 200.000 төгрөг бэлнээр авсан. ...” /1 хх 169-170/, гэрч У.Мын “...Би Төрөө ахын Хаан банкны 57-оор эхэлсэн данс руу нь 750.000 төгрөг шилжүүлсэн. Төрөө ах дээр очиход гялгар уутны ёроолоор нэг мөс өгсөн. Би авахдаа жинлэж үзээгүй, нүдэн баримжаагаар 0,3 грамм орчим байсан байх. Ганц, хоёр сороод дуусчихаар нь “дахиад байна уу” гэсэн чинь “750.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би найз Манлайгаас 500.000 төгрөг зээлээд Төрөө ах руу өөрийнхөө данснаас шилжүүлэхэд Төрөө ах өөрөө надад мөс авч ирж өгнө гээд таг болчихсон. Би Төрөө ахыг хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад утсаа авахгүй байхаар мессеж бичсэн. ...” /1хх 172-175, 4хх 223-224/, шүүгдэгч Т.Мийн яллагдагчаар өгсөн: “...Өсөхөө гэх залуугаас мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд бодис авч ганцаараа хэрэглэж байсан. Манай гэрт эмийн саван дотор нэг шар савтай Каннабис ургамлын тос байсан юм. Каннабис ургамлын тосыг эмчилгээний журмаар хэрэглэдэг гэж сонссон болохоор хөлнийхээ өвчинд эмчилгээ болох байх гэж бодоод хэрэглэж үзсэн. Он сарыг нь санахгүй байна. Жавга над руу залгаад мөнгөний хэрэг болоод байна боломжтой бол 1.000.000 төгрөг шилжүүлээч, би оронд нь юм олоод өгье гэхээр нь эхлээд 1.000.000 төгрөгийг Жавгагийн өгсөн данс руу нь шилжүүлсэн.” /2хх 76-81/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Мийн гэрч У.М сэтгэцэт нөлөөт бодисыг худалдсан, гэрч Э.Ат худалдахыг завдсан болохыг нотлож байгаа ч тухайн гэмт хэргийг “байнга тогтвортой” үйлдсэн үйл баримтыг нотлохгүй байх тул Т.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар “хадгалсан, худалдсан” гэсэн шинжийг агуулсан байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

 

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд Т.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхэд түүнд оногдуулсан 6 жилийн хорих ял нь тохирсон байх ба хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.  

 

Иймд өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Дархан уул овогт Т.Мийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Дархан уул овогт Т.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ