| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0160/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/527 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/527
2025 02 18 2025/ШЦТ/527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав,
Хохирогч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ц.Тд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Ц.Т, регистрийн дугаар ......................,
Монгол Улсын иргэн, .......... ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Ц.Т /РД:................./ нь ........................ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим .................. маркийн ....... УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж Тоёота приус маркийн .......... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч, хохирогч Л.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “УЕО улсын дугаартай Приус 30 маркийн машиныг жолоодон ээж Б урд суудалд суулган Багшийн дээдээс Хөдөө Аж ахуй чиглэн зүүнээс баруун тийш чиглэн замын 3-р эгнээгээр явж байгаад дохио өгөөд 2-р эгнээ рүү шилжиж орсон юм. Тухайн үед машины толинд харахад машин ирж байгаа харагдаагүй тэгэхэд гэнэт л саарал өнгийн приус 20 маркийн машин гарч ирээд шүргэлцсэн. Би машинаа шүргэлцээд тоормос гишгээд байрандаа зогссон тэгэхэд нөгөө машин миний өөдөөс эргэж хараад зогссон. Тэгээд цагдаа иртэл би ээжийнхээ хамтаар хөдлөхгүй хүлээж байсан тэгээд М гэх цагдаа ирээд хэмжилт хийхээр хаана шүргэлцсэн юм гэж асуухад нь тухайн үед хаана шүргэлцсэн газраа шоконд орсны улмаас хэлж чадаагүй тухайн үед яаж анх мөргөлдсөн цэгийг тогтоосныг нь бол мэдэхгүй байна. Манай ээжээр метрийн үзүүр бариулаад чи тийшээ яв тэнэг минь мангар минь гэх үг ашиглаж бороо орж байхад л хэмжилт хийж байсан. Тэгээд л оч гэсэн газар метр бариад явж байсан. Тухайн үедээ бол би ямар ч тайлбар тавихгүйгээр цагдаагийн үгэнд орж байсан. Тэгээд хэмжилт хийж дуусаад цагдаа машиндаа намайг дуудсан тэгээд би машинд нь яваад ортол А гэх эмэгтэй миний жолооны үнэмлэх, бичиг баримтыг барьчихсан сууж байсан. Тэгэхэд цагдаа нь танай машин даатгалгүй юм байна танай 100 хувь буруу шүү, мөргөсөн машиныхаа хохирлыг барагдуулаад өгчих гэж хэлж байсан. Тухайн үед бол би хүн бэртэж гэмтээгүй юм чинь машины хохирол барагдуулах юм чинь гэж бодоод тайван байсан. Тэгээд цагдаа явсны дараа А гэх эмэгтэй манай нөхөр хүүхэд хараад гэртээ байгаа Вьетнам засвараар засуулмаар байна гээд гэр рүү яваад өгсөн. Бид хоёрыг цайзад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2 Цайзад очоод нөгөө А гэх хүн болон түүний нөхөртэй уулзаад Вьетнам засварын газар очно Монгол засварт өгөхгүй гэсэн. Тэгээд нэг Вьетнам засварын газар ороод 700.000 төгрөгөөс 600.000 төгрөгөөр засуулахаар болоод ярьж тохироод мөнгө төгрөгөөр очоод шилжүүлчихье гээд буцаад явж байхад ардаас залгаад дахиад 20.000 төгрөг өгчих гэсэн тэгэхээр нь би бага сагаар нэхээд яагаад байгаа юм бол гэж бодоод буцаад очоод дахиад өөр нэг Вьетнам засварын газар очсон. Тэгээд сүүлийн Вьетнам засвар дээр очоод сайн ярьж хэлээд тохиролцоод 400.000 төгрөгөөр 2 хаалгыг нь засуулаад бусад сэвүүдээ засуулахаар болоод нөгөө хүмүүс бас хуучин сэвээ янзлуулахаар болоход 200.000 төгрөг гэж хэлж байсан тэгээд сайн ярилцаад тохиролцсон. Би ээжтэйгээ буцаад явсан. Тэгээд тэр өдрийн орой 22-23 цагийн хооронд замын цагдаад очоод нөгөө хүнийг дуудуулаад бэлнээр 260 000 дансаар 140.000 төгрөгийг шилжүүлээд хохирол барагдуулсан, гомдол саналгүй гэсэн бичиг үйлдээд цагдаадаа өгөөрэй гээд явсан. Ингээд асуудал дуусчихлаа гэж бодоод явсан. Тэгсэн 3 хоногийн дараа 8 сарын 10-ны өдөр манай ээж рүү Мөнгө дутуу байна гэсэн мессеж явуулж байна гэж ээж надад хэлсэн. Тэгэхээр нь би ээждээ 400.000 төгрөг өгөөд хохирол төлбөрийг чинь барагдуулсан байгаа гэж мессеж биччих гэж хэлсэн. Тэр өдрийн үдээс хойшоо манай ээж над руу хаалганы мөнгө 380.000 төгрөг Вьетнамчуудтайгаа ирээд уулз гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрсдөө Монгол засвараар засуулахгүй Вьетнам засвараар засуулна гэсэн тэр өдөр өөрсдөө сайн ярьж асууж тодруулсан байж гэж хэлээрэй гээд орхисон. Тэгээд 6 сарын 13-ны өглөө манай ээж рүү ажлын газрын хүн болон 0784 УЕС машины эзэн нь залгаад манай эмээ рүү 72001234 дугаараас залгаад танай машин хүн мөргөөд зугтаасан гэж ярилаа та тэгээгүй биздээ гэж хэлсэн байсан. Тэр өдрөөс хойш нөгөө машины жолооч А эмнэлэг дээр байна хөдөлж алхаж чадахгүй байна хурдан эмнэлэг дээр тэгэхгүй бол цагдаа руу очно гэж хэлсэн байсан. Тэгээд ээж надад хэлэхээр нь би тухайн үедээ тохирч явчихаад одоо тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Бас нөгөө цагдаа М нь манай ээж рүү залгаад тэр хүмүүсийн хохирол хаалганы мөнгө төгрөгийг нь өгөөч охиныг чинь эрэн сурвалжлууллаа гэж хэлээд залгаад орилоод хашигчаад байсан гэж хэлж байсан. Тэгээд би эрэн сурвалжлуулахаар юу хийв мөн тухайн үедээ хохирол төлбөрийг нь бүрэн барагдуулсан байхад тухайн осол болсон өдөр биед нь ямар ч өвдсөн шинжгүй зөвхөн машиныхаа хохирлыг ярьж байсан сүүлд нь ингэж гомдол гаргаад эрэн сурвалжлуулна барина гээд цагдаагаас дарамтлаад байгаад нь бас их гайхаж байна. Би тухайн ослын улмаас тэр хүний эрүүл мэндэд ямар ч гэмтэл учруулсан зүйл байхгүй Тухайн үедээ ч тэр эмэгтэй хайраа энээ тэрээ гээд л веб тамхи татаад л хайраа гээд л гүйж байсан. Энэ хүний нөхөр нь надтай шантаалжилж харицсан. Замын цагдаа дээр би мэдүүлэг өгсөн. Би гадаад улсад тэтгэлэг болзол хангасан байсан. Энэ бүхэн надад сэтгэл санааны байдал хүнд туссан. 8 сарын 17-нд инээж надтай тохироод, тэгээд 7 хоног дараа 4 дүгээр эмнэлэгээр явсан байсан. Би энэ хүнд хохирол учруулаагүй” гэв.
Хохирогч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бороо ороогүй. Цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Би 2024 оны 08 сарын 07-ны өдөр би нөхрийн нэр дээр бүртгэлтэй Приус 20 маркийн 8359 УНЯ улсын дугаартай машиныг жолоодон Хөдөө аж ахуйн яамнаас Офицер чиглэлтэй баруунаас зүүн зүгт чиглэн Хөдөө аж ахуйн яамны харалдаа автобусны буудал бага зэрэг өнгөрөөд охиныхоо хамтаар замын 2-р эгнээнд явж байтал зүүн талд явж байсан Приус маркийн машин миний машины зүүн хойд хэсэгт мөргөсөн тэгтэл миний машин савж эргээд эсрэг зүг рүү хараад зогссон. Тэгээд би гадаа бороо ширүүн орж байсан болохоор машинаасаа буулгүй цагдаа дуудсан юм. Тэгээд М гэдэг цагдаа ирээд хэмжилт хийгээд зураг дараад явсан. Тэгээд тэр цагдаа ирж үзчихээд эгнээ байраа сольж байсан нөгөө машины буруу байна гээд нөгөө машины жолоочийг даатгалаа дууд гэхэд даатгалгүй хүний машин барьж яваа гэж хэлж байсан. Тэгээд би нөхөртэйгөө яриад гэрийнхээ ойролцоох Чулуун овооны засвар оръё гээд би түрүүлээд явсан. Уг нь бол араас дагаад яваарай гэхэд алга болчихсон. Тэгээд дараа нь таксигаар офицерт манай гэрийн тэнд ирээд манай машинд суугаад манай нөхөр машинаа бариад нөгөө машины жолооч болон ээжтэй нь цуг засварын газар уу явсан. Тэгээд нэг Вьетнам засварын газар ороод 700.000 төгрөгөөр тохироод машинаа үлдээгээд явъя гээд нөгөө машины жолооч ээжтэйгээ яваад өгсөн таагаад засварын газрын засварчин нь кирло нь хонхойчихож 20000 төгрөгөөр засаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө машины жолоочийн ээжийнх нь дугаар руу залгаад хэлэхэд яахаараа 20.000 төгрөг өгдөг юм энээ тэрээ гээд уурлаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь өөр засварын газар орж үзье гээд өөр нэг Вьетнам засварын газар руу орсон. Тэгээд нөгөө машины жолооч нь тэр Вьетнам засварын газрын хүнтэй уулзаад 400.000 төгрөгөөр тохироод яваад өгсөн. Тэгээд орой нь 22 цаг өнгөрч байхад цагдаа М залгаад нөгөө хүмүүс чинь ирээд хохирлыг чинь барагдуулах гээд ирсэн байна та заавал ирж намайг хохирлоо аваад хохирол гомдолгүй гэсэн гарын үсгээ зур гэж хэлээд байсан. Тэгээд заавал ирж шалгах шаардлагатай гээд дуудаад байхаар нь би очиход тэр хүмүүс бэлнээр 260.000 төгрөгийг бэлнээр 140.000-г дансаар өгсөн. Тэгээд тэр цагдаад би хандаж хэлэхдээ би машин тэргээ засуулж авсныхаа дараа болон биеийн байдлаа харж байгаад гомдол саналгүй гэдгээ бичиж өгмөөр байна гэж хэлэхэд тэр цагдаа нь намайг загнахад гомдол саналгүй болгоод хохирлоо барагдуулж авдаггүй юм уу гэж хэлээд загнаад байхаар нь би мөнгө авсан гэдгээ бичээд гарын үсэг зурсан. Тэгээд маргааш нь манай нөхөр Вьетнам засварын газар очоод тооцоогоо хийчихээд буцаад 2 хоногийн дараа машинаа авахаар очиход 2 хаалга солиогүй байсан уг нь бол анх өгөхдөө 2 хаалгыг нь Вьетнам засварын газрын хүн өөрсдөө гаргаж тавиад засаж өгнө гэж хэлж байсан тухайн үед бол манай нөхөр болон нөгөө машины жолооч, ээжтэйгээ бүгд сонссон тэр Вьетнам засварын газрын хүнтэй бол нөгөө машины жолооч нь анх ярьж тохиролцоод өөр нэг Монгол хэл мэддэг хүнтэй уулзаад урд засвар чинь 700.000 гэсэн танайх 400.000 гэж байна үнэн үү гэж хэлээд бид нар салаад явсан байсан юм. Тэгээд машинаа авах гээд очиход нэмж 2 хаалга худалдаж авч ир гэсэн тэгэхээр нь би машинаа ч аваагүй Вьетнам засварын газар нь үлдээгээд явсан. Тэгээд цагдаа Мтой залгаж ярихад нөгөө хүмүүстэйгээ ярьж учраа ол гэж хэлэхээр нь нөгөө хүмүүс рүү залгаад хэлэхэд юу яриад байгаа юм бэ хохирлоо барагдуулаад гомдол саналгүй гээд гарын үсэг зурсан биздээ гэж хэлээд салгасан тэгээд утсаа аваагүй. Тэгээд М цагдаа дээр очиж гомдол гаргаж өгсөн юм. Тэгээд осол болсны дараа 4 хоногийн дараагаас миний нуруу бага зэрэг хатгаад өвдөөд байсан. Тэгээд 5 дахь хоногоос нь миний нуруу хатгаад хөдөлж чадахгүй болохоор нь тэр өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгэхэд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн. Тэгээд ГССҮТ-д очиж үзүүлэхэд толгойн MRI, нурууны MRI хийлгээд ир гэж хэлж байсан. Тэгээд дөрөвдүгээр эмнэлэг дээр очиж MRI шинжилгээ өгсөн юм. Тэгээд М цагдаатай утсаар яриад ингээд миний биед ийм гэмтэл учирсан байна гэж хэлсэн. Тэгэхэд та шүүх эмнэлэгт үзүүлээд дүгнэлтээ гаргуулаад яв гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч үзүүлсэн юм. Тэр үед биед ямар нэгэн өвдөлт мэдрэгдсэн эсэхээ анхаарах байгаагүй. Тэгээд хэд хоног бол биед ямар нэгэн өвчин мэдрэгдээгүй тэгээд бүтэн сайн өдрөөс буюу осол болсноос 4 хоногийн дараагаас миний нуруунд зовуурь орж эхэлсэн. Би осол болсны дараа миний биед ямар нэгэн зовуурь надад мэдэгдээгүй байсан учраас хэлээгүй. Тэгээд бүтэн сайн өдрөөс бие өвдөөд байхаар нь М цагдаа руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд өөрийн биеэр очиж ахлахтай нь уулзаж байгаад өргөдлөө өгсөн. Тэгээд нуруу өвдөөд гэмтэл дээр очоод үзүүлээд өгөөч гэсэн ямар ч хариу өгөөгүй алга болсон. Эмч нь авто ослын дараа илэрдэг гэж хэлсэн. Одоо нийт баримтаар 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би энэ хүнээс илүү мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Энэ хүнээс эмний мөнгө, таксины мөнгөө нэхэмжлээгүй байгаа” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Аийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би нөхрийн нэр дээр бүртгэлтэй Приус 20 маркийн 83-59 УНЯ улсын дугаартай машиныг жолоодон Хөдөө аж ахуйн яамнаас Офицер чиглэлтэй баруунаас зүүн зүгт чиглэн Хөдөө аж ахуйн яамны харалдаа автобусны буудал бага зэрэг өнгөрөөд охиныхоо хамтаар замын 2-р эгнээнд явж байтал зүүн талд явж байсан Приус маркийн машин миний машины зүүн хойд хэсэгт мөргөсөн. Тэгтэл миний машин савж эргээд эсрэг зүг рүү хараад зогссон. Тэгээд би гадаа бороо ширүүн орж байсан болохоор машинаасаа буулгүй цагдаа дуудсан юм. Тэгээд М гэдэг цагдаа ирээд хэмжилт хийгээд зураг дараад явсан. Тэгээд тэр цагдаа ирж үзчихээд эгнээ байраа сольж байсан нөгөө машины буруу байна гээд нөгөө машины жолоочийг даатгалаа дууд гэхэд даатгалгүй хүний машин барьж яваа гэж хэлж байсан. Тэгээд би нөхөртэйгөө яриад гэрийнхээ ойролцоох Чулуун овооны засвар оръё гээд би түрүүлээд явсан. Уг нь бол араас дагаад яваарай гэхэд алга болчихсон. Тэгээд дараа нь таксигаар офицерт манай гэрийн тэнд ирээд манай машинд суугаад манай нөхөр машинаа бариад нөгөө машины жолооч болон ээжтэй нь цуг засварын газар руу явсан. Тэгээд нэг Вьетнам засварын газар ороод 700.000 төгрөгөөр тохироод машинаа үлдээгээд явъя гээд нөгөө машины жолооч ээжтэйгээ яваад өгсөн. Тэгээд засварын газрын засварчин нь кирло нь хонхойчхож 20.000 төгрөгөөр засаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө машины жолоочийн ээжийнх нь дугаар руу залгаад хэлэхэд яахаараа 20.000 төгрөг өгдөг юм энээ тэрээ гээд уурлаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь өөр засварын газар орж үзье гээд өөр нэг Вьетнам засварын газар руу орсон. Тэгээд нөгөө машины жолооч нь тэр Вьетнам засварын газрын хүнтэй уулзаад 400.000 төгрөгөөр тохироод яваад өгсөн. Тэгээд орой нь 22 цаг өнгөрч байхад цагдаа М залгаад нөгөө хүмүүс чинь ирээд хохирлыг чинь барагдуулах гээд ирсэн байна. Та заавал ирж намайг хохирлоо аваад хохирол гомдолгүй гэсэн гарын үсгээ зур гэж хэлээд байсан. Тэгээд заавал ирж шалгах шаардлагатай гээд дуудаад байхаар нь би очиход тэр хүмүүс бэлнээр 260.000 төгрөгийг бэлнээр 140.000-г дансаар өгсөн. Тэгээд тэр цагдаад би хандаж хэлэхдээ би машин тэргээ засуулж авсныхаа дараа болон биеийн байдлаа харж байгаад гомдол саналгүй гэдгээ бичиж өгмөөр байна гэж хэлэхэд тэр цагдаа нь намайг загнаад гомдол саналгүй болгоод хохирлоо барагдуулж авдаггүй юм уу гэж хэлээд загнаад байхаар нь би мөнгө авсан гэдгээ бичээд гарын үсэг зурсан. Тэгээд маргааш нь манай нөхөр Вьетнам засварын газар очоод тооцоогоо хийчихээд буцаад 2 хоногийн дараа машинаа авахаар очиход 2 хаалга солиогүй байсан. Уг нь бол анх өгөхдөө 2 хаалгыг нь Вьетнам засварын газрын хүн өөрсдөө гаргаж тавиад засаж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед бол манай нөхөр болон нөгөө машины жолооч, ээжтэйгээ бүгд сонссон. Тэр Вьетнам засварын газрын хүнтэй бол нөгөө машины жолооч нь анх ярьж тохиролцоод өөр нэг Монгол хэл мэддэг хүнтэй уулзаад урд засвар чинь 700.000 гэсэн танайх 400.000 гэж байна үнэн үү гэж хэлээд бид нар салаад явсан байсан юм. Тэгээд машинаа авах гээд очиход нэмж 2 хаалга худалдаж авч ир гэсэн. Тэгэхээр нь би машинаа ч аваагүй Вьетнам засварын газар нь үлдээгээд явсан. Тэгээд цагдаа Мтой залгаж ярихад нөгөө хүмүүстэйгээ ярьж учраа ол гэж хэлэхээр нь нөгөө хүмүүс рүү залгаад хэлэхэд юу яриад байгаа юм бэ хохирлоо барагдуулаад гомдол саналгүй гээд гарын үсэг зурсан биз дээ гэж хэлээд салгасан. Тэгээд утсаа аваагүй. Тэгээд М цагдаа дээр очиж гомдол гаргаж өгсөн юм. Тэгээд осол болсны дараа 4 хоногийн дараагаас миний нуруу бага зэрэг хатгаад өвдөөд байсан тэгээд 5 дахь хоногоос нь миний нуруу хатгаад хөдөлж чадахгүй болохоор нь тэр өглөө нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгэхэд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн. Тэгээд ГССҮТ-д очиж үзүүлэхэд толгойн MRI, нурууны MRI хийлгээд ир гэж хэлж байсан. Тэгээд дөрөвдүгээр эмнэлэг дээр очиж MRI шинжилгээ өгсөн юм. Тэгээд М цагдаатай утсаар яриад ингээд миний биед ийм гэмтэл учирсан байна гэж хэлсэн. Тэгэхэд та шүүх эмнэлэгт үзүүлээд дүгнэлтээ гаргуулаад яв гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч үзүүлсэн юм. Тэр үед биед ямар нэгэн өвдөлт мэдрэгдсэн эсэхээ анхаарах сөхөө байгаагүй. Тэгээд хэд хоног бол биед ямар нэгэн өвчин мэдрэгдээгүй тэгээд бүтэн сайн өдрөөс буюу осол болсноос 4 хоногийн дараагаас миний нуруунд зовуурь орж эхэлсэн. Би осол болсны дараа миний биед ямар нэгэн зовуурь надад мэдэгдээгүй байсан учраас хэлээгүй. Тэгээд бүтэн сайн өдрөөс бие өвдөөд байхаар нь М цагдаа руу өргөдлөө өгсөн юм. Би тухайн үед 2-р эгнээнд явж байсан юм. Зүүн талын 2 хаалга зурагдаж хонхойсон, арын кирло их бие хэсэг, зүүн урд гупер, кирло зурагдсан байсан. Тухайн үед ямар нэгэн үнэлгээ хийлгэсэн зүйл байхгүй цагдаа ч тэг гэж хэлээгүй. Дараа нь үнэлгээ хийлгэх гэхэд засвар хийлгэсэн учраас үнэлгээ хийх боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Гэрч Ө.Бийн “...Тухайн өдөр буюу 2024 оны 08 сарын 07-ны өдөр би охин Тын хамтаар 0784 УЕО улсын дугаартай Приус 30 машиныг эзэнд хүргэж өгөхөөр охиноороо жолоодуулан би өөрөө жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан юм. Тэгээд Багшийн дээдээс Хөдөө Аж ахуй орох гээд явж байхдаа манай охин Т замын 3-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжиж орох гээд машиныхаа урд хэсгийг 2-р эгнээ рүү дохио өгөөд оруулахад гэнэт л тас түс гэх чимээ гарсан яг юу болсныг ойлгоогүй. Хэсэг зуур шоконд орсон тэгээд Т бид 2 машиндаа сууж л байсан гадаа бол маш хүчтэй аадар бороо орж байсан юм Тэгээд надад бэлэн 260.000 төгрөг байсан тэгэхээр нь тэрийгээ өгөөд үлдсэнийг нь шилжүүлээд гомдол саналгүй гэсэн бичгээ авъя гээд буцаад Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү очсон тэгээд цагдаа Моор нөгөө жолоочийг дуудуулаад 1 цагийн дараа ирсэн. Тэгээд 260.000 төгрөгийг тоолоод 140.000 төгрөгийг шилжүүлээд гомдолгүй, хохиролгүй гэсэн бичгээ өгөөд салаад явцгаасан юм ... Тухайн машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй. Манай охин Т барьж явж байсан. Тухайн үед Т нь замын 3-р эгнээнээс баруун тал руугаа дохио өгөөд 2-р эгнээ рүү шилжиж орсон юм. Гэхдээ тухайн үед гадаа бороо орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би тэр машиныг хараагүй. Нөгөө машины жолооч нь хүүхэдтэйгээ явж байсан. Биеийн байдал нь зүгээр бид нарыг загнасан байдалтай явж байсан. Жолооч талын гэрлүүд хагарсан, гуперны доод хэсэг нь зурагдсан жолоочийн эсрэг талын гупер нь салж хонхойсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,
Гэрч А.Мын “...Би тухайн үед Хөдөө аж ахуйн яамны зүүн урд замд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн ослыг 17 цаг 22 минутад дуудлагыг хүлээн авч 17 цаг 50 минутын орчимд тухайн осол болсон газарт очсон. Намайг очих үед 0784 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байдалтай зорчих хэсгийн 1-2-р эгнээг голлон зогссон, 3350 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун зүгт харан зорчих хэсгийн 2-3-р эгнээг голлосон байдалтай зогсож байсан. Тухайн үед 2 тээврийн хэрэгслийн жолоочийг байлцуулан анх мөргөлдсөн А цэг буюу тухайн тээврийн хэрэгслүүд хоорондоо анх мөргөлдсөн цэгийг тогтоож хэмжилт хийсэн юм. Тухайн үед ослын үзлэг хийж байхад гадаа маш ширүүн бороо орж байсан болохоор машины эвдрэлүүдийг харж чадаагүй юм. Би тухайн үед гэрэл зургийн аргаар бэхжүүлэн аваагүй. Дуудлага мэдээлэл хүлээн авдаг таблетаар зураг дарж цахимаар тухайн дуудлага мэдээлэлд очсон гэдгээ баталж зураг оруулж байсан санагдаж байна. Одоо тухайн үеийн зураг нь байхгүй байгаа юм. Хугацаа нь өнгөрсөн болохоор устчихсан юм шиг байна. Тухайн 2 жолоочид зөв бурууг нь Замын хөдөлгөөний дүрмийн дагуу танилцуулж 0784 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн буруу байна Замын Хөдөлгөөний дүрмийн 10.4 гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байна гэдгийг тайлбарлаж өгөөд хоорондоо тохиролцоод болно бүтнэ гэвэл явж болно болохгүй гэвэл би санд бүртгээд шалгах гэж байна гэж хэлээд явуулсан. Тэгээд орой нь 22 цагийн үед ажил дээрээ очоод өдөр нь хүлээн авсан ослын хүмүүстэй холбогдоод ажил дээрээ дуудсан юм. Тэгээд яахаар болсон бэ цагдаагаар шалгуулаад явахаар болсон уу хоорондоо учраа олсон уу гэхэд бид нар засварын газар дээр очоод 400.000 төгрөгөөр засна гэсэн тухайн мөнгөн дүнгээр нь тохиролцсон гэж хэлсэн. Тэгээд А гэх жолооч нь засварын газарт засуулахад энэ мөнгө хүрэхгүй бол яах юм бэ гэхэд нь би цаашид шалгуулах юм уу шалгуулахгүй юм уу шалгуулна гэвэл би бүртгэлд оруулаад байцаагчид шилжүүлэх журамтай юм гэдгийг нь тайлбарласан тэгэхэд тэр хүмүүс гараад коридорт хоорондоо ярилцаад эргэж орж ирээд бид хоёр 400.000 төгрөгөөр тохиролцчихлоо гэж хэлээд А гэх хүн 400.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ бичиж өгөөд явсан юм. Тухайн үед тийм яриа гарсан эсэхийг одоо сайн санахгүй байна. Тухайн мөнгө авсан өдрөөс хойш 3 билүү 4 хоногийн дараа миний дугаар руу А гэх хүн залгаад миний авто машины засварын мөнгөнд гэж авсан 400.000 төгрөг хүрэхгүй байна 200.000 төгрөг дутаад байна гэж нөгөө жолоочтойгоо холбогдоход юу яриад байгаа юм бэ тухайн үедээ тохиролцоо биздээ гээд өгөхгүй байна гэж байна гэхээр нь би нөгөө машины жолоочийн ээж нь гэх хүнтэй утсаар ярьсан. Тэгэхэд бид нар тэр өдрөө мөнгө төгрөгөө өгч авалцаад гомдолгүй гэдгээ бичээд салсан биздээ бид нар одоо мөнгө төгрөг өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаагаад А гэх хүнтэй ингэж байна гэдгийг хэлэхэд А нь миний бие хаа өвдөөд байна толгой тархи өвдөөд бараг босож чадахгүй байна. Би өргөдөл өгч шалгуулна гэж хэлж байсан. Тэгээд 2024 оны 08 сарын 12-ны өдөр өргөдөл гаргаж 13-ны өдөр надад цохолттойгоор ирсэн. Тэгээд би өргөдлийг хүлээн аваад прокуророос зөвшөөрөл авч Ууганбаатар хошуучаар шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдүүлэн тухайн А гэх хүнд өгч явуулсан. Тэгээд зөрчлийн хэрэг нээгээд байж байтал шинжээчийн дүгнэлт гарч ирээд хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байхаар нь харьяаллын дагуу шилжүүлсэн юм. Тухайн осол болсон өдөр бол ямар нэгэн байдлаар тийм өвдсөн шинж тэмдэг байсан эсэх гадна харагдах байдлаар бол мэдэгдээгүй. Тухайн үедээ бол машины хохирлоо яах уу гэдэг талаар л ярьж байсан. Сүүлд 2024 оны 08 сарын 13-ны өдөр уулзаж мэдүүлэг авах үед миний хамаг биед өвдөөд байна гэж хэлээд нуруу хэсэгтээ гараа тулсан байдалтай явж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Т ...Миний машины баруун урд гэрэл хагарсан, урд талын гупер зүүн талдаа хонхойсон, баруун талдаа зурагдсан байсныг Баянмаа эгч болон охин Т нь засаж өгсөн байгаа гомдол санал байхгүй. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Би хохирол төлбөр нэхэмжлэхгүй Бусдад учирсан хохирлыг би төлж барагдуулахгүй буруутай этгээд нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61, 63-64 дүгээр тал/,
Иргэний нэхэмжпэгч С.С “... Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Бын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 10983 дугаартай “...Л.Аийн биед бүсэлхийн 3,4,5-р нугалмын фиброзон цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүсэх байх боломжтой ...” дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Ч, Б.Д, Б.Д нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 1046 дугаартай “... Шинжээч эмч Э.Бын гаргасан №10983 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Л.Аийн биед бүсэлхийн 3/4 , 4/5-р нугалам хоорондын мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх гэмтэл үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-94 дүгээр тал/,
Шинжээч Б.Дгийн “...Л.Аийн биед учирсан гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд гэмтэл авсны дараа нуруугаар өвдөх зовиур эхэлнэ. Мөн хүчтэй өвдөлт илрэхгүй байж болно. Бага зэрэг өвдөлт зовиур өгч байгаад өвдөлт зовиур нэмэгдэж болно. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтлийг авсны дараа нуруугаар өвдөх зовиур өгөх боловч идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж байгаа болохоор тухайн хүн нарийн шинжилгээ өгөөгүй тохиолдолд уг гэмтлийг мэдэхгүй байж болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дугаар тал/,
Шинжээч С.Чийн “...Дээрх дүгнэлтэд дурдсан гэмтлийг авсан үед нуруугаар өвдөх, бүсэлхий гуя руу дамжиж өвдөх шинж илэрч болно. Зовиур нь гэмтэл авсан тухайн үеэс илэрч эхэлнэ. Хүнд зүйл өргөх биеийн хүчний ажил хийхгүй байвал өвдөлт нэмэгдэхгүй байж болно. Алхах, суух, босох, хэвтэх гэх мэт энгийн хөдөлгөөнийг хийж болно. Зовиур огт илрэхгүй байна гэж байхгүй. Өвдөлтийн хэмжээ их бага гэж байж болно. Гэмтэл авсан тухайн үеэс л илэрч эхэлнэ ...” зам тээврийн ослын улмаас битүү доргилтоос үүдэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 811182 дугаартай “...Toyota маркийн prius загварын 07-84 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна, холын гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангаж байна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-79 дүгээр тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 1890 магадлагаанд “...Жолооч Ц.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана 10.4.Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан болсон байна. Жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна ...” гэжээ /хавтаст хэргийн 105-108 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албанд бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал “...уг зам нь асфальт, шулуун тэгш, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар бороотой эсрэг хөдөлгөөнтэй, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байв ...” гэх /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Тын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 08 сарын 07-ны өдөр 16-17 цагийн хооронд 0784 УЕО улсын дугаартай Приус 30 маркийн машиныг жолоодон ээж Б урд суудалд суулган Багшийн дээдээс Хөдөө Аж ахуй чиглэн зүүнээс баруун тийш чиглэн замын 3-р эгнээгээр явж байгаад дохио өгөөд 2-р эгнээ рүү шилжиж орсон юм. Тухайн үед машины толинд харахад машин ирж байгаа харагдаагүй тэгэхэд гэнэт л саарал өнгийн приус 20 маркийн машин гарч ирээд шүргэлцсэн. Би машинаа шүргэлцээд тоормос гишгээд байрандаа зогссон. Тэгэхэд нөгөө машин миний өөдөөс эргэж хараад зогссон. Тэгээд цагдаа иртэл би ээжийнхээ хамтаар хөдлөхгүй байж байсан. Тэгээд М гэх цагдаа ирээд хэмжилт хийхээр хаана шүргэлцсэн юм гэж асуухад нь тухайн үед хаана шүргэлцсэн газраа шоконд орсны улмаас хэлж чадаагүй. Тухайн үед яаж анх мөргөлдсөн цэгийг тогтоосныг нь бол мэдэхгүй байна. Манай ээжээр метрийн үзүүр бариулаад чи тийшээ яв тэнэг минь мангар минь гэх үг ашиглаж бороо орж байхад л хэмжилт хийж байсан тэгээд л оч гэсэн газар метр бариад явж байсан. Тухайн үедээ бол би ямар ч тайлбар тавихгүйгээр цагдаагийн үгэнд орж байсан. Тухайн үедээ бол би ямар ч тайлбар тавихгүйгээр цагдаагийн үгэнд орж байсан. Тэгээд хэмжилт хийж дуусаад цагдаа машиндаа намайг дуудсан. Тэгээд би машинд нь яваад ортол А гэх эмэгтэй миний жолооны үнэмлэх, бичиг баримтыг барьчихсан сууж байсан. Тэгэхэд цагдаа нь танай машин даатгалгүй юм байна танай 100 хувь буруу шүү мөргөсөн машиныхаа хохирлыг барагдуулаад өгчих гэж хэлж байсан. Тухайн үед бол би хүн бэртэж гэмтээгүй юм чинь машины хохирол барагдуулах юм чинь гэж бодоод тайван байсан ... Ослын газарт ирсэн цагдаа М тухайн үед зураг дарж авч байсан мөн орой нь гомдол саналгүй гэх бичгийг хийлгэж авч байсан. Орой нь цагдаагийн өрөөнд ирэхэд ч ямар нэгэн өвчин зовлонгийн талаар тэр өдрөө цагдаад болон надад хэлэх байсан болов уу гэж бодож байна гэтэл тийм зүйл огт яриагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 138 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Т /РД:........../ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны зүүн замд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Toyota Prius маркийн 07-84 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж Тоёота приус маркийн 83-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч, хохирогч Л.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/, гэрч Ө.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/, гэрч А.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Т мэдүүлэг /хавтаст хэргийн 61, 63-64 дүгээр тал/, иргэний нэхэмжпэгч С.С мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Бын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 10983 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Ч, Б.Д, Б.Д нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 1046 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 91-94 дүгээр тал/, Шинжээч Б.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дугаар тал/, Шинжээч С.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар тал/, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 811182 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-79 дүгээр тал/, Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 1890 магадлагаа /хавтаст хэргийн 105-108 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албанд бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч Ц.Тын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3., 10.4, дэх заалтуудыг зөрчиж Тоёота приус маркийн 83-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч, хохирогч Л.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн саналтай холбоотой хэлэхэд миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн хохирол төлбөрийг барагдуулсан байгаа. Миний хувьд хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогч сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн зүйл байгаагүй. Иймд хохирол төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Миний үйлчүүлэгчийн хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сурдаг. Улс оронд визний асуудал байдаг. Виз мэдүүлэхэд ял шийтгэлийн байдалтай байх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байгаа. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хуульд заасан ялын үндсэн зорилго нь цээрлүүлэх зорилготой байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд гадаад руу 3 сард явах гэж байгаа. Иймд нийтэд тустай ажил хийх боломжгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон хохирол төлбөрөө төлсөн төлөхөө илэрхийлж байгаа мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /оюутан/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Ц.Тыг чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол 978.000 төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас төлөх талаар хүсэлт гаргасан.
Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 978.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,
дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: дөрөвдүгээр зэрэглэл: Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 15-30%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гуравдугаар зэрэглэл /хх 180/-ээр тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэт учирсан хохиролын хэмжээг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хавсралтаар буюу 3 дугаар зэрэглэлд заасан “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжэг 13 дахин нэмэгдүүлнээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоох...” гэснээс энэ тогтоолын 3.8-д заасан үндэслэлийг харгалзан 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, мөн уг зэрэглэлээс хамаарч түүний хувь хэмжээг 15 хувиар тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүх хохирогчид учирсан хохирлыг харгалзан түүнд учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 8 580 000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ц.Таас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж хохирогч Л.Ат олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Ц.Т нь иргэний нэхэмжлэгч С.С нэхэмжилсэн 485.268 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.Аийн Хаан банкны 5075208122 дугаар данс руу андуурч шилжүүлснийг гаргуулан Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт хавсаргагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 978.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн жолооны үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Ц.Тыг чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Таас хохирогчийн сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохирол 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ат олгосугай.
4. Шүүгдэгч Ц.Т нь иргэний нэхэмжлэгч С.С нэхэмжилсэн 485.268 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Л.Аийн Хаан банкны 5075208122 дугаар данс руу шилжүүлснийг гаргуулан Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт хавсаргагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 978.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн жолооны үнэмлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ