2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1939

 

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

Улсын яллагч Б.Өнөбат,  

Хохирогч Э.У ,

Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 2509012920815 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.У г “...хардалтын улмаас...” мөрдөн мөшгөж, ... улсын дугаартай “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл дотор Car Easy Plug-in ODB2 төрлийн DC9-36V вольтын цахилгаан эх үүсвэр бүхий байршил тогтоох төхөөрөмж болон “EVISTR L357” загварын дуу хураагуурын төхөөрөмжийг байршуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Г  нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.У г “...хардалтын улмаас...” мөрдөн мөшгөж, ... улсын дугаартай “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл дотор Car Easy Plug-in ODB2 төрлийн DC9-36V вольтын цахилгаан эх үүсвэр бүхий байршил тогтоох төхөөрөмж болон “EVISTR L357” загварын дуу хураагуурын төхөөрөмжийг байршуулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 4 дүгээр тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 дугаар тал/,

 

“Lenovo” маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-27 дугаар тал/,

 

Хохирогч Э.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр анх 2024 оны 9 дүгээр сарыг 09-ний өдөр байршил тогтоогч хийгээд яваад байгаа талаар мэдээд тэрийг нь олоод өөрт нь өгсөн. Тэгтэл уучлаарай, дахиж тэгэхгүй гэж хэлсэн ба тусдаа байсан үедээ юу хийсэн талаар итгэхгүй байсан юм гэж хэлсэн. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 20-н хэдний өдөр манай нөхөр Б.Г  гаднаас шөнө 3 цаг гэж согтуу орж ирээд “чамд явалддаг хүн байгаа юу” гэж хэлээд муухай хараад байсан. Тэгээд “писда эхнэр нь өөр хүнтэй шаалцаад яваад байхад би одоо юу хийчхэв дээ” гэж хараагаад байхаар нь би хүүхэд сэрээлээ гэж хэлтэл хараагаад байсан. Манай нэг гэр бүлийн найз байдаг юм. Би нөхөртэйгөө суухаас өмнө нэг хүнтэй харилцдаг байсан. Тэр хүн маазраад “хоёулаа уулзъя л даа” гэж хэлээд байхаар нь би “за чи балайраад бай” гэж хэлсэн. Дараа нь манай нөхөр чи юу балайраад бай гэж хэлээд байгаа юм гэж хэлсэн. Би өмнө нь Б  гэх хүнтэй үерхдэг байсан юм, над руу уулзъя гэж чат бичээд өмнө болсон зүйлсийн талаар хэлээд би уулзахгүй гэж хэлсэн. Дараа нь би нөхрийнхөө хажууд ярьж чадахгүй, харин машин дотроо найзтайгаа ярьсан. Б  ингээд тэгээд, бүтэн сайн өдөр гадагшаа явна гэж хэлсэн, уулзъя гэхээр нь би уулзахгүй гэж хэлсэн. Манай охин Тэрэлжид сургуульд сурдаг юм. Бид хоёрын тухтай уулзаж юм ярьдаг газар бол машин. Нэг өдөр охиноо авч байхад манай охин надад аавыгаа мэдсэн гэж хэлсэн. Манай нөхөр манай охиныг байлгахгүй гэж Тэрэлжид сургаж байгаа юм. Тэгээд манай хүүхэд аавыгаа мэдээд ямар хүн бэ гэх талаар асуугаад, дараа нь манай охин уулзаад сургалтын төлбөрөө асуугаад үзье гэж надад хэлж байсан, тэр талаар бас сонссон байсан. Бас нэг настай нэг хүн байсан юм. Тэр манай хуурай нэг эгчийн танил бөгөөд би нөхрөөсөө тусдаа байх үедээ тэр хүнтэй уулзъя гэж хэлээд уулзсан. Учир нь надад ажил хэрэгтэй байсан ба тэр хүн надаар байраа заруулах болсон. Дараа нь манай хүүхэд хатги гараад ургамал авах гээд явж байх үед тухайн хүн над руу залгаад надад нэг байр байна, мөн зуслангийн газар байна, чи зараад өг, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надтай уулзахаар болсон. Тэр хүний зун л ажиллуулдаг гэх газар очиж уулзсан. Тэгээд юм ярьж байтал тэр хүн “тэндээс хүн хараад байна” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр цонхоор харж байсан. Тэгээд намайг 300,000 төгрөгийн янхан гэж хэлсэн. Учир нь би аппликэйшний зээлтэй байсан ба төлөх өдөр нь тулчхаад мөнгө хэрэгтэй байсан болохоор би тэр танил хүнээсээ зээлээд авчихсан. Машиндаа ороод найзтайгаа ярихад дараа нь намайг тэгж хэлээд байгаа юм. Манай нөхөр намайг ажил хийлгэдэггүй, гэртээ бай гэж хэлээд байдаг. Мөн манай том охин Тэрэлжид сурдаг болохоор төлбөрийг нь бид хоёр хувааж төлөх болсон. Манай нөхөр миний машин дотор байршил тогтоогч байрлуулсан байсан. Яаж мэдсэн бэ гэхээр Доктор дээр очоод машинаа шалгуултал нэг залгуурыг салгасан байсан. ...Дараа нь би тэрийг байршил тогтоогч байсан гэдгийг мэдээд өөртөө байлгаж байгаад буцаагаад өгсөн. Манай нөхөр 2024 оны 12 дугаар сарын 20-н хэдний өдөр шөнө согтуу орж ирээд намайг хараагаад, дайраад байсан. Тэгээд надад миний ярьсан яриаг сонсгохоор нь би мэдсэн. Тэгээд үе үе надад хэлдэг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...Намайг ...  дугаар байранд эгчийндээ байж байхад манай нөхөр Б.Г  миний байгаа газрыг олоод хүүхдүүдээ ав гээд хоёр хүүхэд дагуулаад ирэхээр нь би миний машинд байршил тогтоогч ямар нэгэн зүйл байрлуулсан байна гэж бодоод Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт очтол миний араас дагаад ирсэн. ...гомдол гаргаад шалгуултал миний машины жолооч талын эсрэг талын суудлын дэрний ард дуу хураагуур байрлуулсныг цагдаагийн алба хаагч нар олж тогтоосон. 2016 оны 01 дүгээр сард танилцаад 11 дүгээр сараас үерхэж эхлээд 2016 оны сүүлээр нэг гэрт амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас 2020 онд анхны охин төрсөн. 2022 онд 2 дахь охин төрсөн бөгөөд би нөхөр Б.Г тэй суухдаа нэг охинтой байж байгаад суусан. Миний анхны хүүхэд 2010 онд төрсөн. Одоо Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх байрлаж сурдаг сургуульд сурдаг. Манай нөхөр зодож цохиод байдаггүй ч гэсэн байнгын хэл амаар доромжилж, нүүрний тосны мөнгө ч өгдөггүй. Нөхөр Б.Г  гэр бүлийн санхүүгээ өөрөө хариуцаж, намайг байнга санхүүгийн хараат байлгадаг. Би 2024 оны 12 дугаар сарын 24-нд гэртээ байж байхад нөхөр шөнө согтуу орж ирээд намайг янхан гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд орилж байгаад 4 цагт утсан дээрээсээ нэг видео сонсгосон. Тухайн видео нь миний машин дотроо найзуудтайгаа би нэг залуугийн талаар ярьж байсан яриаг утсан дээрээсээ үзүүлсэн. Тухайн яриа миний хуучин үерхэж байсан Б  гэх залуугийн талаар хоёр найздаа Б тэй үерхэж байхад гоё байжээ, биеийн массажинд хүртэл цуг ордог байсан гэх яриа өгүүлэл гаргаж байсныг утсан дээрээ бичсэнээ үзүүлээд Б.Г  намайг “одоо чи Б тэйгөө янхандах гэж байна” гээд тухайн өдөр орилж чарлаж байгаад унтаад өгсөн. Тухайн өдрийн маргааш найзуудтайгаа гадуур уулзаж оройн хоол идчихээд грашдаа машинаа байрлуулчхаад байж байхад нөхөр над руу хаана байна гээд залгахаар нь би гэр лүү орж байна гэж хэлэхэд нөхөр машинаа байрлуулж байна гэж хэлчхээд араас ирэхгүй байхаар нь граш руу буцаад очиход Б.Г  миний машиныг түгжээд байж байхаар нь миний машины түлхүүрийг хувилуулсныг мэдсэн. Тухайн өдөр чи миний машины түлхүүрийг хувилуулсан юм уу гэхэд үгүй гэж гүрийгээд гаргаж өгөхгүй байж байгаад сүүлд хэрүүл хийж байгаад хувилуулсан түлхүүрээ буцаан өөрөө авсан. 2024 оны 9 дүгээр сарын эхээр машинаас буугаад явахаар миний дохиолол дуугараад байсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн Доктор сервист очиж үзүүлэхэд таны машин зүгээр байна гэж хэлсэн. Тухайн засвараас хөдлөөд явж байхад миний машины шалан дээр нэг залгуурт залгадаг юм байсан. Би тухайн төхөөрөмжийн дээд хэсэгт жижигхэн онгойдог хэсэг байхаар нь онгойлгоод үзэхэд Мобикомын сим байсан ба интернэт ороод үзэхэд тухайн төхөөрөмж нь байршил тогтоогч байсныг мэдсэн. Тэгээд би нөхөр Б.Г тэй уулзаад энэ чинийх мөн үү гэж хэлэхэд тийм гээд надаас авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 9 дүгээр сараас эхлээд байршил тогтоох төхөөрөмж тавьсан байсныг би өөрөө олоод, дараа нь чагнах төхөөрөмж тавьсныг нь  цагдаа хайж олсон. Тэгээд би гомдол гаргасан. Гэрийн үүдэнд ирээд шөнийн цагаар 2-3 цаг суугаад байдаг байсан. Одоо ирэхээ больсон. Энэ тэндээс гэнэт, гэнэт гарч ирдэг. Манай хүүхэд 24,000,000 төгрөгийн төлбөртэй сургуульд сурдаг байсан. Би ганцаараа тусдаа амьдарч байгаа учраас төлбөрийг нь төлж чадахгүй болоод хүүхдээ сургуулиас нь гаргасан байсан. Хоёулаа хуваагаад төлье, хүүхдээ сургуульд нь оруулчих гэчхээд төлөөгүй. Хүүхдийн сургууль тарсан, хувийн хэргийг нь авч чадахгүй явна. Эднийхээс явахдаа би зөвхөн өмссөн хувцастайгаа 3 хүүхдээ дагуулаад явсан. Төлнө гэсэн төлбөрөө төлөөд өгөөч гэж хэлмээр байна. 3 хүүхдээ тэжээхийн хажуугаар ийм өрөнд ороод хэцүү байна. Дээрээс нь сэтгэл зүйн стресс үүсгэдэг. Сая 10 хоног хоригдож ирээд тэрнээс хойш л намайг тайван байлгасан. Өмнө хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж би гаднаас хоол ч идэж чаддаггүй байсан. Намайг явсан газраар минь тагнаад, шүүгээд явдаг. Тийм болохоор энэ хүнийг надад ойртуулахгүй хориг тавиулмаар байна. Дээрээс нь төлнө гэсэн 24,000,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг төлөөд өгөөч. Би хүүхдийнхээ бичиг баримтыг сургуулиас нь авч чадахгүй байна. Сэтгэл зүйгээрээ маш их хохирсон. Энэ хүнийг надаас хол байлгах л хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 11, 12 дугаар сарын хавьцаа Э.У  нь бид хоёр кафед юм яриад сууж байхад манай нөхөр Б.Г  намайг хаана байгааг мэдээд байх юм гэхээр нь тэгвэл чиний машинд байршил тогтоогч суурилуулсан юм биш үү гэж би хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин бид хоёр уулзаад байж байхад Э.У  миний машинд ийм сим ордог жижигхэн хар юм байна гэхээр нь наадах чинь байршил тогтоогч юм биш үү гээд бид хоёр интернэт ороод Google-с хайж үзэхэд яг тэр төхөөрөмж нь байршил тогтоогч байсан. Тэгээд Э.У гийн машинд Б.Г  нь байршил тогтоогч суурилуулсан байсныг мэдсэн. Мөн энэ оны өмнө Э.У  над дээр ирээд манай нөхөр миний машины түлхүүрийг хувилуулаад миний машинд дуу хураагуур байрлуулаад намайг машин дотроо хүнтэй ярьж байхыг хүртэл согтуу орж ирээд сонсгоод хэрүүл хийсэн, би хэрэлдэж байгаад Б.Г эс хувилуулсан түлхүүрээ авсан гэхэд надад хувилуулсан түлхүүрийг өгсөн. Тухайн түлхүүр надад байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0225/591 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн “EVISTR L357” загварын дуу хураагуур нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “EVISTR L357” загварын дуу хураагуур нь Хятадын Гуандун мужид байрлах “Dongguan Kinghal Electronic Technology Co., Ltd.” компанид 2024 оны загварын шинэчлэгдэн үйлдвэрлэгдсэн төхөөрөмж байна. 3. Шинжилж буй “EVISTR L357” загварын дуу хураагуурын системийн тохиргоог шинжилж үзэхэд ямар нэгэн нэмэлт зүйл суурилуулаагүй буюу агуулагдаагүй байна. 4. Шинжилж буй “EVISTR L357” загварын дуу хураагуурт “20250130022242.mрЗ”, “20250131053920.mр3” гэсэн дуу авианы бичлэгүүд хадгалагдаж байх бөгөөд хөрвүүлэн авч DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 52-55 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0225/621 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн Car Easy Plug-in ODB2 төрлийн хар өнгийн төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Car Easy Plug-in ODB2 төрлийн хар өнгийн төхөөрөмжийг хэзээ, хаана, ямар улсад үйлдвэрлэсэн тодорхойлох боломжгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Car Easy Plug-in ODB2 төрлийн DC9~36V вольтийн цахилгаан эх үүсвэрээр тэжээгдэн GSM сүлжээ ашиглан GPS байрлалын дохио илгээдэг төхөөрөмж байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн Car Easy Plug-in ODB2 төрлийн хар өнгийн төхөөрөмжийг задалж үзэх боломжгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн Car Easy Plug-in ODB2 төрлийн хар өнгийн төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн ОDВ2 оролт/гаралтад залгадаг өөр дээрээ санах ойгүй GSM сүлжээ ашиглан GPS байрлалын мэдээллийг шууд дамжуулах үүрэгтэй тээврийн хэрэгслийн байршил тогтоогч байна. 6.Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмж нь сим картын тусламжтай сүлжээнд холбогдон дохио илгээдэг бөгөөд тээврийн хэрэгслийн цэнэг хураагуураас тэжээл авч 24 цаг асаалттай үедээ Android/iOS үйлдлийн системтэй ухаалаг хөдөлгөөнт /гар утас, таблет/ төхөөрөмжид сүүлийн 180 хүртэлх өдрийн байрлалын мэдээллийг илгээх хүчин чадалтай төхөөрөмж байна. Уг төхөөрөмжийн тээврийн хэрэгслийн 0ВD2 оролтод залган iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утасны утасгүй холболт /Bluetooth/-ын аргаар хайлт хийхэд илрээгүй, төхөөрөмжтэй холбогдохгүй байх тул техникийн мэдээллийг шалгах боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх- ийн 62-64 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байж хууль бус гэдгийг мэдлээ. Эхнэрээ хардаж хууль бус ийм үйлдэл гаргаж, гэмт хэрэгт тооцогдоно гэж мэдсэнгүй. Миний гаргасан үйлдэл гэр бүлээ бүтэн байлгах санаа зорилготой байсан. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г эс: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Г  нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.У г “...хардалтын улмаас...” мөрдөн мөшгөж, 93-00 УНБ улсын дугаартай “Lexus 470” маркийн тээврийн хэрэгсэл дотор Car Easy Plug-in ODB2 төрлийн DC9-36V вольтын цахилгаан эх үүсвэр бүхий байршил тогтоох төхөөрөмж болон “EVISTR L357” загварын дуу хураагуурын төхөөрөмжийг байршуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс энэхүү гэмт хэрэгтэй холбоотой эдийн болон эдийн бус байдлаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй байгууллагыг нэрлэн заасан бөгөөд тухайн байгууллагад ажилладаг эрх бүхий албан тушаалтан нь уг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрхтэй.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа өөрийн эхнэр Э.У г “...хардалтын улмаас...” мөрдөн мөшгөж, ... улсын дугаартай “Lexus” маркийн тээврийн хэрэгсэл дотор Car Easy Plug-in ODB2 төрлийн DC9-36V вольтын цахилгаан эх үүсвэр бүхий байршил тогтоогч болон “EVISTR L357” загварын дуу хураагуурын төхөөрөмжүүдийг байршуулан хянасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Уг гэмт хэрэг нь бусдыг мөрдөн мөшгөсөн үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Шүүгдэгч Б.Г  нь хохирогч Э.У гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Lexus” маркийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч, дуу хураах төхөөрөмж тус тус байрлуулснаар гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж заасан байдаг.

Шүүгдэгч Б.Г  болон хохирогч Э.У  нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан бөгөөд үүний улмаас хохирогчийн Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах сэдэлт зорилго бүхий үйлдлийг хийсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоосон байна.

Дээрхээс нэгтгэн дүгнээд, шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Э.У  нь тус гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүнээс: “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс хязгаарлалт тогтоож өгөөч гэсэн санал гаргасан. Өнөөдрийн гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд дотор Б.Г ийн өөрийн эзэмшлийн компанийн бичиг баримтууд явж байгаа. Энэхүү компанийн үйл ажиллагааг явуулахтай холбогдуулаад банк болон ББСБ-аас зээл авсан баримтууд харагддаг. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус компанийн дэлгэрэнгүй дансны хуулга байгаа. Эдгээр баримтуудаас юуг харах вэ гэхээр шүүгдэгч Б.Г ийн эрхэлдэг үйл ажиллагаа нь өөрөө дан ганц Баянгол дүүргээр хязгаарлагдахгүйгээр нэлээн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, ... гээд компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний хүрээнд тодорхой ажил гүйцэтгэх гэрээгээ барьцаалаад зээл авсан. Зээлүүд нь эхнээсээ төлөгдөж дуусч байгаа. Зарим нь төлөгдөж эхэлж байгаа зэрэг нөхцөл байдалтай байна. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлуудыг анхаарч үзэх нь зүйтэй байх гэж миний хувьд үзэж байна. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзвэл Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээр хязгаарлалт тогтоож өгөөч. Шүүгдэгчийн зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр  хороонд байрладаг юм байна. Хүүхдүүдээ авахдаа зуслангийн байшиндаа очиж амардаг гэсэн тайлбарыг шүүгдэгчийн зүгээс хэлж байсан. Хохирогчоос гаргасан саналтай холбогдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэхээр хуульчилсан. Тиймээс энэ зүйл заалт хэрэглэгдэх юм болов уу гэж миний зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.  Энэ заалтын 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн…” гэж хуульчилсан нь шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тохирч байгаа. Иймд хохирогчийн хүсэлтийг хангах юм бол хорих ял оногдуулахгүйгээр 03 жил хүртэлх хугацаанд тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тодорхой газарт очих, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах гэсэн хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэглэж болохоор харагдаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр 6 сар хүртэлх хугацаагаар тэнсэж, хохирогч  Э.У тай харилцахыг хязгаарлаж хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 111-112 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/,  Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 114 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 115 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Иймд шүүгдэгч Б.Г ийг дээрх хугацаанд байнга оршин суух болон байнга үйл ажиллагаа явуулдаг ажлын газрын дүүрэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш, 1 ширхэг дуу хураагуур, 1 ширхэг байршил тогтоогч зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг байнга оршин суух болон байнга үйл ажиллагаа явуулдаг ажлын газрын дүүрэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш, 1 ширхэг дуу хураагуур, 1 ширхэг байршил тогтоогч зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У  нь тус гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТСАЙХАН